Газрын баялгийг цөлмөгч гадныхан монгол хүнээс 100 дахин илүү цалин авдаг аж
Гадны мэргэжилтэн гэхээр бүхнийг чаддаг, онцгой мэдлэгтэй гэсэн ойлголт “соц” нийгмийн үеэс уламжлагдан ирсэн байх юм. Тийм ч учраас гадны мэргэжилтэн биднээс илүү цалин хөлс, хангамж эдэлсээр ирсэн. Одоо ч эдэлж байгаа билээ.
Дээд тэнгэрээс заяат Монгол хүний мэдлэг боловсрол, оюун ухаан дэлхийд хосгүй гэдэг атлаа Францаас ирсэн нэг муухан мэргэжилтнээс дор цалин авдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд шүү.
Үүнд төр засгийн цалин, урамшууллын тогтолцоо нөлөөлдөг байж болох ч гадаад мэргэжилтнүүд төрийн тэргүүнээс илүү эрх ямба эдлэх юм.
Энэ эрх ямбаны үр дүн, өр төлөөс Монгол Улсын өр болох учраас үүнийг бичиж байгаа юм. Франц улсын хөрөнгө оруулалт бүхий “Арева Монгол” компанийн захирал Терри гэдэг нөхөр бий. Энэ хүн барилгын инженер мэргэжилтэй ч Монгол төрийн эрхмүүдтэй ураны хайгуулын талаар яриад сууж байдаг.
Франц улсын иргэн Терри хэмээх энэ эрхэм Казахстан улсад ажиллаж байсан намтартай ч уул уурхай, ураны талаар ном хаялцах мэргэжилтэн биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цалин гурван сая орчим байдаг Терри 70-80 мянган ам.долларын цалин авдаг. Үүнээс Их тэнгэрт найман сая төгрөгийн байр (Номингийнх гэж байсан) түрээсэлж сууна. Жолооч, тогооч, гэрийн үйлчлэгчтэй. Аяга тавагны байрлал буруу тавилаа гээд гэрийн үйлчлэгчээ зандарч байх жишээтэй.
Жилдээ 5-6 удаа Франц улс руу дээд зэрэглэлийн суудлаар ниснэ. Энэ бүх зардал Францаас гарч байгаа мэт боловч Монгол Улсын өр болон үлдэнэ. Барилгын инженер Терри Монгол Улсын Их хурлын гишүүдийг үл тоомсорлон харьцана. Тэр ч бүү хэл Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргыг өрөөнд нь зандарч, загнаж байх жишээтэй. Өөрийгөө Франц гээд ойлгочихсон нэг нөхөр байх юм.
“Арева Монгол” компанийн орон нутгийн монгол ажилтнууд 450 мянган төгрөгийн цалин авдаг. Харин Франц улсаас ирсэн дадлагын оюутан 3000 ам.долларын цалин аваад буцаж байх жишээтэй. Тэнгэр газар шиг ялгаатай цалингийн зөрүү, гадны хөрөнгө оруулалт бүхий компаниуд дээр ажиглагдана.
Монголын баялгаас дэлхийн тэрбумтнууд болсон “Бороо гоулд” компанийн мэргэжилтнүүд монголчуудаас 10-20 дахин илүү цалинтай байсан юмдаг. Монголчуудын мэдлэг боловсрол, бүтээмж 10-20 дахин бага гэж үү.
Ард түмний мэдэлд байдаг байгалийн баялгийг хуу хамахдаа уугуул иргэдийг нь өөрсдийн зиндаанд харж үзэж болмоор. Оюутолгойн уурхай дээр ч гэсэн монгол хүний үнэлэмж, зэрэглэл дэндүү ядуу. Нэгдүгээрт шар толгойтой нөхдүүд уурхайн гүнд өрөмдлөгө хийнэ. Хоёрдугаарт япон, солонгосчууд тоног төхөөрөмж, лабортори дээр ажиллаж байгаа юм. Гуравдугаарт хятадууд барилга байгууламж барьж байгуулах ажил хийж байх жишээтэй.
Харин монголчууд түлээ хагалах, ус түгээх, хог түүх, зам заагч гэсэн ажил хийнэ. Шар толгойтой нөхөдтэй адил дээд боловсролтой залуу 800 мянган төгрөгийн цалинтай түлээ хагалах ажил хийгээд явж байна. Энэ бол монгол хүний мэдлэг боловсролын үнэлэмж юм.
Гадныхан биднийг ингэж л үнэлж байна. Зарим францчууд илэрхий арьс өнгөний үзэл гаргахгүй ч “Монголчууд хоолны соёлгүй” гэх мэтээр тэрхүү санаагаа цухалзуулдаг байх юм. Гадны хөрөнгө оруулалттай гэх уул уурхайн компаниуд биднийг хэрхэн үнэлж буйг нь цалин, хөлснөөс илэрхий харагдана.
Харин монголчууд гадныхан гэхээр гар хөлөө хугалчих дөхнө. Эрдэнэс-Таван толгой компанийн гадаад захиралд 30 сая төгрөгийн цалин өгдөг байлаа. Засгийн газраас томилогдсон захиралд болохоор 15 сая төгрөгийн цалин өгч байх жишээтэй.
Бид гадныхныг болохоор ингэж үнэлж “хаданд” гаргадаг. Хуучин Бороо гоулд буюу зүсээ хувиргасан Сентра гоулд компанийн босс л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзана гэж нисч ирэх жишээтэй.
Уул уурхай сул хөгжсөн, хууль эрхзүйн орчин ойлгомжгүй, авлигал хөгжсөн улс орны баялгийг үндэстэн дамнасан томоохон корпорациуд дэлхийг тойрон “намнаж” явдаг.
Өнгөрсөн жил хөрөнгө оруулагч нар Монголыг орхин Мозамбик улс руу явчихлаа гэсэн мэдээ гарсан. Энэ бол бодит үнэн юм. Дэлхийн 30, 40 улсад салбартай гэх уул уурхайн компаниуд нутгийн иргэдийг залилан мэхлэх, шилний цаанаас чихэр долоолгох аргаар баялгийг нь цөлмөсөөр ирсэн түүхтэй.
Хэдэн жилийн өмнө Хятад улсад “Монгол хүн болон нохой оруулахгүй” гэсэн хаяг байдаг тухай бичиж байсан санагдана. Түүн лугаа адил Улаанбаатар хотод “Монгол хүнийг оруулахгүй” гэсэн канад, австрали, франц ресторанууд нээгдэхэд гайхах зүйлгүй болж.
Монгол Улсын баялгаас завшиж дэлхийн тэрбумтнууд болж буй гадныхантай эн тэнцүү цалин авдаггүй юм аа гэхэд тахир дутуу улс шиг үргэлж хөөрхийлүүлсэн, шавхруу долоосон байдлаас хэзээ ангижирч болох вэ.
“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” гэдэг шиг гадны хөрөнгө оруулагч бүхэн бүтээн байгуулагч нар биш. Тэд нарын арга эвийг олох гэж төр засаг байдгаараа хичээж байгаа билээ. Гадны мэргэжилтнийг хэт шүтсэн байдал монголчуудаа дорд үзэх явдлыг дэвэргэсээр байгаа юм. Төмөр замын ТЭЗҮ-ийг Монголын эрдэмтэд бид хийе гэсэн санаачилга гаргасан.
Гэтэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд нь гадны хэдэн луйварчинд 6.5 сая ам.доллар аваачаад өгчихөж байна шүү дээ. Тэгэхээр монголчуудыг гадныхан доош нь хийлгүй ч яахав дээ.
Т.Цогт-Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
hana (October 17, 2014 2:21:54 am )
Saihan unenees unen Mongolchuudiin zurhend hureheer haramsaltai unen zuil bichsen baina. Uneheer unen gehees oor heleh zuil alga baina daa. Bi tsagaan aristanuudiig ih shuteheer tsaashdaa gazar nutagaa aldan daa. Indianchuudiin araas oroh bii dee. Manai Mongol uls. Hytaduud ch bas ayultai.
1 Comment