Монголчуудаас анх удаа Швейцарийн банкин дахь офшор данс нь илэрч, тэр ч байтугай албан ёсоор “Хятадын Монгол” гэж дуудуулж үзсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт “Монгол тулгатны 100 эрхэм” гэгч зартай нэвтрүүлэгт оролцож, хөөрхөн ёс зүй ярьчихдаг юм байна.
Мань эрийн тухайд монголчууд социализмын материал техникийн баазыг хариугүй барьж дуусах шахаад байсан 1980-аад оны сүүлчээр МАХН-ын ирээдүйтэй залуу халаа гэгдэн хуучнаар ЗХУ-ын дээд сургуульд сурч ирээд МАХН-ын дайчин залуу халаа МХЗЭ-ийн Төв хорооны дарга хүртэл хийгээд үзсэн “улаан хувьсгалч” байв.
Харин тун удалгүй төрөл арилжиж, хөв хөх ардчилагч болж 23-хан насандаа хамгийн залуу АИХ-ын депутат болж, 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцахаас эхлээд өнөөх гайтай Швейцарийн банктай нэр холбогдох хүртлээ даргын суудлаас ховхорч үзээгүй нэгэн билээ.
Долоон жил Монголын залуучуудын холбооны тэргүүнээр ажилласан тэр БОЯ, Сангийн сайдын суудалд ч заларч үзсэн адтай толгой. 1989 онд Москвагийн УИС-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр тэртээ хойно ардчилагчид гудамжинд гарсан үеэр Колумбын их сургуулийг дүүргэж амжсан яах аргагүй манайдаа л толгой цохих эдийн засагч, хууль тогтоогч гэдэгтэй маргах хүн цөөхөн болов уу. Ер нь энэ бүхнээс харвал С.Баярцогт хий багатай улстөрч.
Харин Швейцарийн банкин дахь нууц данс нь илэрч УИХ-ын дэд даргын суудлаас сайн дураараа огцрох үед нь хүмүүс “Төрийн хариуцлагатай, томоохон албан тушаалуудад заларч үзсэн энэ залуу тун ёс зүйгүй хүн” гэлцэж байсан.
Мань эр ч тэр үед “Миний нэр дээр 2008 оны таван сараас хөрөнгө оруулалтын нэг компани бүртгэлтэй байгаа гэж тайлбарлаж байв. Тухайн үед гадаадад данстай хөрөнгө оруулалтын компанийн дансанд яахаараа гуравхан сая төгрөг байдаг хэрэг вэ. Яаж ч бодсон саяас доошгүй ам.доллартай байж гэмээнэ л хөрөнгө оруулалтын тухай ярих хэрэгтэй бус уу, хэмээн дээр дооргүй шуугилдаж байснаа тэгсгээд офшор дансны дуулиан замхарсан түүхтэй.
Харин тэгсэн чинь Н.Алтанхуягийн засаг шилгээж, шинэ сайд нарын эрэлд хатаж байгаа эгзэгтэй цаг үед С.Баярцогт гэнэтхэн гарч ирээд “Төрийн хүний ёс зүй, шударга ёс” ярихад олон их ихэд гайхаж, бас эргэлзэж “Баярцогт яг одоо төрийн хүний ёс зүй ярих нь ариун явдал мөн үү” гэлцэж байна. Х.Баттулга, П.Анужин хоёртой зэрэгцэж суугаад ёс зүй ярьж байгаа УИХ-ын гишүүн С.Баярцогт яг энэ л өдрүүдэд төрийн хүний ёс зүйг айхтар сүрхий ойлгож, Монгол төрийг өнөөдрийн булингар, эрх ашгийн төлөөх бохир нэгдлээс цэвэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн юм болов уу.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Saihanbileg (October 16, 2014 11:56:22 am )
Noen urvaach, nohoi sharvaach gej, Mongoloos oor ulsad bol ene Bayartsogt ali hetiin tsaazaar avahuulsan baigaa, Mongold yaj hudlaa es zuitei talaar yariad l…..Mongolchuud nomhon yum daa…
1 Comment