МХЕГ-ын байцаагчид хийсэн хоёр шалтгалтынхаа дүнд үндэслэн эмч нарыг шалгуулахаар болсон байна
ГССҮТ-ийн эмч нар улсын эмнэлгээр бизнес хийж хувийн эмнэлэгтээ их хэмжээний ашиг олдог болжээ. Энэ тухай ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр зургаан сар ажилласан Ц.Энхбаяр эмч ийнхүү хэлж байсан юм.
Тэрбээр “Гэмтлийн эмнэлгийн хамаг эрх мэдэл хэдхэн эмчийн гарт орчихсон, түүнийг нь илчлэх гэхээр намайг зайлуулж байгаа юм. Эмч болгон хувьдаа эмнэлэгтэй. Түүгээрээ өвчтөнд үйлчилж ашиг олдог” гэж хэлж байсан удаатай.
Тэгвэл түүний хэлж байсан энэхүү үгийг МХЕГ-ын байцаагчид шалгалтаар тогтоосон байна. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт МХЕГ-ынхан бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд шалгалт хийхэд өнгөрсөн зургаадугаар сард гарч байсан алдаа дутагдал дахин ГССҮТ-д илэрчээ.
Өөрөөр хэлбэл нэр бүхий эмч нар улсын эмнэлгээр бизнес хийж байсан нь илэрсэн гэсэн үг. Уг нь ЭМЯ-нд гарсан зөрчил дутагдлын талаарх мэдээллийг хүргэж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүйгээр нэр бүхий эмч нарыг улам ч ихээр өөгшүүлсэн байх юм. Ингээд тус газрынхан хийсэн хоёр шалтгалтынхаа дүнд үндэслэн эмч нарыг АТГ-т шалгуулахаар болсон байна.
Тус эмнэлгийн мэс заслын эмч Өлзийбаяр, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан Мөнхбаяр, Батзориг нар гэр бүлийнхээ компаниас эм хангамж нийлүүлээд зогсохгүй, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийлгүйгээр хиймэл үе, имплант хэрэглэдэг байсныг нь МХЕГ-аас тогтоосон юм.
Түүнчлэн тэд үе суулгах хагалгаа хийхдээ хоёр өөр үнээр хийдэг байжээ. Өөрөөр хэлбэл тэд эмнэлгийнхээ нэг давхарт 4600ам.доллараар хийдэг бол нөгөө давхартаа 3600 ам.доллараар хийж байжээ. Даварсаар, даварсаар Дагвын оронд гэгчээр тэд хагалгаа хийдэг өрөөнүүдийг хүртэл хувийн мэдэлдээ авч улсад орлого оруулах биш зөвхөн өөрсдийнхөө халаасыг түнтийлгэдэг байсан нь ийнхүү тэднийг АТГ-т шалгуулах үндэслэл нь болсон байна.
Харин АТГ-аас хагалгаа болон хагалгаанд ашиглагдсан гэх эд зүйлсийн тооцоог гаргаж ирэхийг шаарджээ.
Дээрх эмч нар Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1.дэх заалтыг, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баталсан Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны 496 дугаар тушаалыг зөрчиж байна гэсэн үг. Тухайлбал тус эмнэлэг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн энэ оны зургаадугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд 357 хүнд түнхний болон өвдөгний үе солих хагалгаа хийжээ. Үүнд гэмтлийн гаралтай, өвчний улмаас түнхний үе солиулсан 129, гэмтлийн гаралтай бус өвчний улмаас хамааралтайгаар 228, үүнээс түнхний 10, өвдөгний үе солих хагалгааг 218 хүн хийлгэсэн гэсэн мэдээлэл бий.
Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 184 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаар үений протезийн үнийн жагсаалтыг батлахдаа хиймэл түнхний үе зургаан сая, хиймэл өвдөгний үений үнийг таван сая төгрөгөөр баталж Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог юм байна.
Хэрвээ Н.Удвал сайд хувийн бизнесээ цэцэглүүлж буй дээрх эмч нарт доривтойхон хариуцлага тооцсон бол өнөөдөр нэр бүхий эмч нар улсын эмнэлгийг ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлэхгүй байсан нь ойлгомжтой.
Түүнчлэн эмч нар хяналт шалгалт хийсэн нэр бүхий МХЕГ-ын байцаагч нарыг элдвээр доромжлон баалсан байдаг. Энэ талаарх мэдээллийг тус газрын байцаагчдаас авах гэсэн боловч “Биднийг гэмтлийн эмнэлгийн эмч нар хангалттай доромжилсон. Тэгээд ч бид энэ тухай мэдээллийг өгсөн учраас дахин ярих нь илүүц байх” гэж цааргалсан юм.
Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Үе суулгах хагалгаа бизнес болжээ” гэж бичиж байсан боловч үүнийг ГССҮТ-ийн эмч нар маш ихээр үгүйсгэдэг байсан юм. Тэгвэл одоо тэдний хууль бус үйлдэл нь ил болж хуулийн байгууллагад шалгагдах боллоо. Товчхондоо хувийн бизнесээ дампуурна гэж бодсон хэсэг эмч нар “шинэ захирал хүлээн авахгүй дотроосоо захирлаа сонгоно” хэмээн үхэн хатан зүтгэж байсан нь үүнтэй холбоотой аж.
Үнэн хэрэгтээ гэмтлийн эмнэлгийг тойрсон олон жижиг хувийн эмнэлгүүд бүгд эндхийн эмч нарынх. Тэд ГССҮТ-өөс арай бага өртөгөөр хагалгаа, эмчилгээ хийж хөөрхөн хэдэн төгрөг тоншчихдог арга ихтэй хүмүүс.
Хатуухан хэлбэл гэмтэж бэртэж, яарч сандарсан, өвчиндөө шаналсан хүмүүсийн зовлонгоор халаасаа түнтийлгэх нь тэдний сонгомол нэг арга гэж хэлж болно.
Ард иргэдийнхээ өвчин зовлонгоор бизнес хийсэн эмч нарын балгаас болж одоогоор үе, түнхний мэс засал хийхийг зогсоогоод байгаа.
Тиймээс энэ мэтчилэн улсын эмнэлэгт ажилладаг эмч нарын хувийн бизнесийг төр засаг анхааралдаа авах цаг нь аль хэдийн иржээ. Уг нь Эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч нар Төрийн байгууллага болон хувийн хэвшилд зэрэг ажиллаж болохгүй гэсэн журам гарч байсан ч мөнгөтэй эрхмүүдэд үйлчлэхгүй байсаар байгаа юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
БУУРАЛ (October 14, 2014 10:51:57 am )
ХУГАРСАН ГАРТАА ГИПС ТАВИУЛСАН ЧИНЬ ЭМЧ НЬ 40.000 ТӨГРӨГИЙГ НЬ ШҮҮД ӨӨРӨӨ АВЧИХААР НЬ ГАЙХААД ӨНГӨРСӨН. ТЭГЭЭД УЛСАД ОРОХ МӨНГИЙГ НЬ ӨӨРСДӨӨ АВААД БАЙСАН БАЙНА Л ДАА. САЙН ШАЛГААД ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
-
зочин (October 14, 2014 11:52:33 am )
наад Батзориг эмч чинь өвдсөн хүнээр бизнес хийж хөлжсөн нөхөр. Нүгэл нүдээрээ гэж үр хүүхэд нь л зовох байхдаа бурхан харж байгаа гэдгийг яагаад ойлгохгүй бнааа
2 Comments