Өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нартай уулзаж, тодорхой асуудлаар чиглэл өглөө.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч : “Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй.
УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Миний оруулах хууль бол Засгийн газрын гишүүн болгон УИХ-ын гишүүн байх шаардлагагүй, энэ хоёр ажлыг хавсарч болохгүй гэсэн байр суурьтайгаар оруулна. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Би ч Ерөнхий сайдаар өмнө нь ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн биш байсан. Тэгж ажиллаж болдог. Бид өмнө нь явж байсан нөхцөл байдлуудаа харж дүгнэж байгаад ерөнхий зарчим ярих ёстой.
Манай зарим дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Байгаа хуулиараа явна. Түүгээрээ шийднэ” гэж байгаа. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж хэрэгжүүлээд явъя. Ийм боломж байгаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт болохгүй хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай холбоотой мэдээллээ хийгээд Засгийн газрын шинээр томилогдох гишүүн УИХ-ын гишүүн биш байх талаар бүлгүүд өнөөдрийн дотор багтаж байр сууриа илэрхийлээч гэсэн ийм хүсэлтийг би тавьж байгаа юм. Та бүхэн бүлгүүдээ хуралдуулж энэ асуудлыг яриагүй нь яриад илэрхийлэх хэрэгтэй. Бүгдээрээ дахин дахин ярилцаад шийдье. Нэмж хэлэхэд шинээр томилогдох сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар надад УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ч ярьсан зүйл бий. Тийм учраас “Энэ бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөнхийлөгч энэ талаар ярьсан байхад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын гишүүдээ уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах боломжтой” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаас бусад сайд нарыг дахин шинээр томилуулж, Засгийн газрыг бүхэлд нь өөрчлөх боломжийг ч тэрээр бий болгов.
Үүнтэй зэрэгцэн АН-ын удирдлагуудад МАН-тай хамтрах уу? МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй үргэлжлүүлэн хамтрах уу? гэсэн асуулт дахин тавигдаж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
Мөн өчигдөр орой телевизийн захиалгат нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН Засгийн газарт орох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд сонирхолтой хариу өгөв.
С.Бямбацогт: “Хэрэв АН-ынхан үнэхээр алдаагаа засъя, ажил хийе гэсэн санал тавих юм бол…” гэж зөвтгөсөн тайлбар хийгээд “МАН-ын бага хурал л шийдэх байх даа” гэх нь тэр.
Үүнээс өмнө МАН-ын удирдлага үргэлж л манай нам Засгийн газарт хамтрахгүй гэдэг байсан билээ.
Тодруулбал :
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 1 сарын 27, 4 сарын 9, 4 сарын 17-нд , МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Мөнхбат 10 сарын 13, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол 1 сарын 27-нд тус тус МАН Засгийн газарт орохгүй хэмээн албан ёсоор мэдэгдэж байв.
Гэсэн ч яг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр ярих энэ цаг үед өмнөх бүх мэдэгдлээ үгүйсгэн, Засгийн газарт орохоос татгалзахгүй гэдгээ ийн зарлалаа.
Э.Мягмардорж
Эх сурвалж: www.sonin.mn
Холбоотой мэдээ
-
ok (October 09, 2014 10:00:10 am )
Улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой том том үйл явдлууд өрнөх гэж буй бөгөөд, хууль эрхзүйн хүрээнд шинэчлэл явагдаж буй энэ мөчид Хамтарсан Засгийн Газар байгуулах нь зөвөө. Хэдий болтол намчирхан талцаж, нэг тойрог дотор эргэлдэж явах юм. Нам болгон шилдэгүүдээ төрд илгээж Монголын АВРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ цаг болсон байна.
-
Зочин (October 09, 2014 12:55:28 pm )
Үхсэн духынх нь хуулийн шинэчлэл. Харин ч самарч байна. Та нар боддоо. Жишээ нь эрүүгийн анхан шатны шүүх хурлыг Увс аймагт хийгээд Давж заалдах хурлыг нь Ховдод очиж хийж байна. Бүх аймагт тийм болсон. Ямар их зардал шарч байгааг ойлгож байна уу.Хоригдож байгаа шүүгдэгчийг хуяглан хүргэх, улсын яллагч, өмгөөлөгч нарын зардал, томилолт, хохирогч нарт учирч байгаа дарамт гэх мэт. Цагдаагийн шинэчлэл гээд 2 жил самарлаа одоо цагдаад ажил хийж байгаа хүн байна уу, цагдаад ямар шинэчилэл хийв. 2 уилд хичнээн дарга нарыг нь хольж солив,Юу өөрчлөгдөв. Гандаж цайсан хар хувцастай л болсон өөр юу ч өөрчлөгдөөгүй.
-
njutynjuty (October 09, 2014 4:31:05 pm )
МАН-ынхан эрх мэдэл эд хөрөнгөнд л хүрэх гэж зүтгээд байгаа болохоос өөр юм хийх бүтээх гэсэн санаа хүсэл эрмэлзэл байхгүй шүүдээ,тэгээд одоо засагт өөрчлөлт орох болохоор ичихэч үгүй хамтрана гэж байгаа нь тэр,эд нартай хамтрана гэвэл нохойн хүзүүнд мах зүүнэ гэдэг л болно
3 Comments