Мэдээллийн зарим хэрэгслээр “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Засгийн газрыг залилсан хэргээр шалгуулж байна” хэмээн ноцтой мэдээлэл цацагдав.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хүрээлэлд хамрагддаг гэх Н.Мөнхбат гэгч залуу Монгол Улсын хөгжлийг тодорхойлолцох үүрэгтэй энэ томоохон банкны захирлаар гэнэтхэн л томилогдсон.
Сүүлийн үед энэ засагт үлдэхгүй нь тодорхой боллоо гэгдэж буй Н.Батбаяр сайдын байдал улам л базаахгүй болж байгаагаас түүний гол санхүүжүүлэгч Н.Мөнхбат захирлыг онилсон шуугиан дэгдэж эхэллээ.
Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор банк байгуулах шийдвэр гарч, УИХ-аас “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталснаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн дэд бүтэц, уул уурхайд түшиглэсэн, нэмүү өртөг шингэсэн, боловсруулах аж үйлдвэр, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дунд, урт хугацаатай, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан нь тодорхой. Түүний тухайд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар 2013-2014 оны заагаар “Самурай” бондыг Монгол Улсад гаргаж, бондын зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог Японы иенийн зах зээлийг анх удаа оруулж ирж байсан. Давтамжтайгаар хэд хэдэн удаа бондоо гаргаж, эхний ээлжинд 30 тэрбум иенийг гаргаснаар Хөгжлийн банк цаашид аливаа бүтээн байгуулалтын ажлыг хүний царай харалгүй санхүүжүүлээд явах боломжтой болж монголчууд хэсэгтээ л уужуухан амьсгаа авч эхэлсэн.
Харин тун удалгүй монголчуудын тамын тогооны үлгэр эхэлж “Самурай” бондын хөрөнгө оруулагчдад төлөх хүүг жилд 3.5 хувь байх нь гэж хэсэг шуугиулсан удаатай. Харин үнэн хэрэгтээ “Самурай” бондын хөрөнгө оруулагчдад жилийн хүү нь 1.52 хувь гэж хоёр тал тохиролцсон юм билээ. Японы төрийн эзэмшлийн банк нь “Самурай” бондын нийт эрсдлийн 95 хүртэл хувийг өөр дээрээ авснаар Монгол Улсад оруулж ирсэн бонд нь 24.3 тэрбум иен буюу ойролцоогоор 400 тэрбум төгрөг болсон. Энэ нь бондын зах зээлд төдийлөн туршлагагүй монголчуудын хувьд санхүүгийн тун давгүй сайн нөхцөлтэй бонд гэдэг нь тодорхой.
Цаашдаа 10 жилийн хугацаатай авсан бондын хүүд 1.52 хувийг л төлөх юм билээ. Энэ нь эцсийн эцэст монголчуудын халааснаас жил бүр гарах зардлыг л ихээхэн хэмжээгээр бууруулах нь ойлгомжтой. Шинэ тутам бондын зах зээлд тун боломжийн эхлэл тавьсан Н.Мөнхбат захирлыг ангуучлах довтолгоон энэ оны дундуураас улам хүчээ авч “Энэ ч бас л үйлтэй албан тушаал юм даа” хэмээн толгой сэгсэрч явсан дуулдсан.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболд нарыг АТГ-ынхан өнгөрсөн хавраас шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ анхааралдаа аван шалгаж эхэлснийг өнгөрсөн тавдугаар сард тус газрынхан мэдэгдэж байсан бөгөөд тэр асуудал тэгсгээд сураг алдарсан билээ.
Хориодхон хоногийн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг ямар үндэслэлээр шалгах болсон талаар тодруулахад “Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан.
Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” ХХК-д шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан.
Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна” гэжээ.
Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь аливаа бүтээн байгуулалтын санхүүжилтийг дур мэдэн ганцаараа шийдэх ямар ч боломжгүй, Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонхын саналаар хуваарилан шилжүүлдэг юм билээ.
Ийнхүү асуудал Засгийн газрын түвшинд яригдаж бодлого шийдвэр гардаг нь тодорхой атал банкны салбарт зоригтой ажил эхлүүлж, алдаж онож яваа залууг чухам аль газраас шидсэн чулуу байн байн нэрмэж, урам зоригийг нь мохоогоод байгаа нь сэжигтэй. Магадгүй энэ асуудлын цаана Н.Батбаяр сайдын хүрээлэлд хүчтэй цохилт өгч засгаас гаргах, Хөгжлийн банкыг гартаа авахыг улайрах хүсэгчдийн явуулга байхыг ч үгүйсгэж болохгүй.
Тэгээд ч Хөгжлийн банкны дүрэмд “Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад санхүүжилт олгохдоо улс орны хөгжилд шинэ дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг анхаарахын сацуу үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхыг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгох замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, ашиг харахыг урьтал болгодоггүй” гээд заачихсан байна.
Ийм л нэг залуу захирал орчин цагийн хилс хэрэгт гүтгэгдэж, тодорхой хүмүүс энэ ажлыг хэрэгжүүлэхээр ханцуй дотроо “наймаалцаж” байгаа гэх яриаг холбогдох газрууд анхааралдаа авах ёстой.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (September 19, 2014 9:49:31 am )
Мөрөөрөө ажлаа хийж байгаа залуучуудыг улс төрийн хэнээтэнгүүд оролдохоо болиоч ээ. Үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг ажлыг нь тайван хийлгэх хэрэгтэй шүү дээ.
Харин ч их юм амжуулж байгаа. Ер нь зоригтой юм шийдээд хийж байгаа Батбаяр мэтийн хүмүүсийг ажлыг нь дуустал нь хийлгэх хэрэгтэй. -
ZOCHIN (September 19, 2014 7:03:52 pm )
zvgeer hatyy vg sonsoj um um vzej bj er hvn bolno
-
zochin (September 20, 2014 11:15:19 am )
ard tumnee yumnii uchriig medehgui meteer basamjilj hudal medee zazdag uls torchdiin shavhruug dolooj goloo zogoodog avilgach medeelliin heregsluud, setguulch mergejliig gutaagchid hol yavahgui ee
3 Comments