О.Магнай дарга аа Зар сурталчилгааны тухай хуулийг ноцтой зөрчсөн нэгэн компанид хариуцлага тооцож өгөхийг олон нийт танаас хүсч байна.
Тодруулбал “Нийслэлийн автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн ажлыг 2012 оны наймдугаар сард эхлүүлж өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байгаа. Энэ ажил хэт их ачаалал, түгжрэлтэй байсан замыг бага ч болов эмх цэгцэнд нь оруулсан. Тэгвэл энэ хууль журмыг зөрчсөн нэг мэдээлэл олныг алмайруулав. Тухайлбал өнгөрсөн хоногт “Монгол хьюндай автомотив” ХХК нийслэлчүүдийн чихийг дэлдийлгэсэн хачирхалтай рекламыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж иргэдийг гайхшируулсан гэсэн үг.
Ийн хэлэхийн учир нь тус компани энэ онд шинээр орж ирсэн тансаг зэрэглэлийн гэх тодотголтой “Соната-8” маркийн автомашиныг худалдаж авсан иргэдэд “дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” гэх хүн үнэмшмээргүй сонин зар сурталчилгааг явуулж иргэдийг төөрөгдөлд оруулж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл нийслэлчүүд бидний мөрдлөг болсон дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө гэсэн нь иргэдийг төөрөгдүүлж багагүй шүүмжлэл дагуулж, байгаа юм. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй бүхий л хууль дүрэм иргэд болон аж ахуйн нэгжүүдэд адилхан үйлчлэх ёстой.
Гэтэл тэд өөрсдийн ашиг орлогоо харж иргэдийг ийнхүү төөрөгдүүлж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажлыг шаварт хутгаж түүнээс дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ харуулсан явдал болж байна.
Бид “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн 99905503 дугаарын утас руу холбогдож худалдан авагч мэтээр машины үнэ ханш болон дугаарын хязгаарлалтын талаар асуухад дараах тайлбарыг өгсөн юм.
“Шинэ загварын “Соната-8” автомашин худалдаж авсан хүмүүст дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулах боломж байгаа. Бид дугаарын хязгаарлалтад өртөхгүй байх гарц болон зохицуулалтыг нь хийчихсэн. Тиймээс та үнэхээр машин худалдаж авах гэж байгаа бол даруйхан бидэнтэй ирж уулзаарай” гэсэн тайлбар өгөв.
Юутай ч албаны хүний хэлж буйгаар тэд аль хэдийнэ дугаарын хязгаарлалтад өртөхгүй байх боломжийг хайж олсон бололтой юм. Тиймээс тэд утсаар асуусан хүн болгонд энэхүү хариултыг өгч байгаа нь улам ихээр анхаарал татаж байна.
Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд зөрчиж зар сурталчилгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийнхүү цацаж байгаа нь ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн анхаарлыг өөрийн эрхгүй татмаар юм. Тиймээс тус газрын албан хаагчид өчигдөр тус компанийн захирлуудыг дуудаж торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.
Тухайлбал зар сурталчилгааны тухай хуулийн 1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино”.
Мөн эл хуулийн 7.1.-д “Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заасан байдаг.
Ямартай ч “Монгол хьюндай автомотив” ХХК нь Зар сурталчилгааны тухай хуулийг илтэд зөрчиж иргэдийг төөрөгдөлд оруулсан нь дээрх хуулийн заалтаас тод томруун харагдаж буй юм.
Хэдийгээр тус компани шинэ загварын автомашинаа иргэдэд борлуулах гэж ийм алхам хийж байгаа ч олон нийтийг ингэж төөрөгдөлд оруулж, тархийг нь угааж болохгүй баймаар юм.
Хэрвээ тус компани ийнхүү дээрх автомашинаа дугаарын хязгаарлалтад өртүүлэхгүй гэвэл дахиад л нөгөө хуурамч дугаар олноор бий болж, хэн дуртай нь тусгай албанд хэрэглэгддэг дуут дохиог хэрэглэнэ гэсэн үг.
Тиймээс тэдний энэхүү хууль бус зар сурталчилгаанд Хотын дарга Э.Бат-Үүл анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол нийслэлээр дүүрэн ижил дугаартай машин сүлжилдэн явахад ойрхон байна.
Ж.Энхбат: Иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгааг цаашид хийхгүй байх сануулга өгсөн
Ингээд бид тус компанийн зар сурталчилгааны талаар НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбатаас асуухад “НЗД-ын гаргасан нийтээр дагаж мөрдөх улсын дугаарын хязгаарлалтыг иргэн аж ахуй нэгж байгууллага ямар ч тохиолдолд даган мөрдөх үүрэгтэй. “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн борлуулалтын менежертэй энэ асуудлаар холбогдоход тухайн автомашиныг худалдан авсан иргэнд дугаарын хязгаарлалттай өдөр өөр автомашин гаргаж өгч үйлчлэх нөхцөлтэйгөөр, худалдан авагчийг татах маркетингийн хүрээнд энэ сурталчилгааг явуулсан гэж тайлбарлаж байна.
Манай албанд энэ талаар хандсан зүйл байхгүй.
Энэ сурталчилгааг цаашид хийхгүй байх талаар сануулга өгсөн. Мөн ШӨХТГ-т энэ асуудлыг шалгаж өгөх талаар манай албанаас хандсан байгаа” гэв.
Ямартай ч “Монгол хьюндай автомотив” ХХК автомашин худалдан авсан иргэдэд болон албаны хүнд зөрүүтэй хоёр мэдээлэл өгсөн нь өөрсдийнхөө борлуулалтыг нэгдүгээрт тавьж түр зуур хууран мэхэлсэн байж болзошгүй тул холбогдох байгууллагууд даруйхан арга хэмжээ авах цаг болжээ. Ер нь иймэрхүү асуудлаас үүдэлтэй шударга бус өрсөлдөөн, Зар сурталчилгааны үнэн бодит байдалд тодорхой хяналт, өндөр шаардлага тавих цаг болсныг нотлон харуулж байна.
Түүнчлэн өнгөрсөн жил буруу талдаа хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн санал гаргахад тус компанийн оруулж ирдэг ихэнх машин буруу талдаа хүрдтэй байдаг учраас энэхүү саналд ихэд нөлөөлж саналыг зогсоосон гэх яриа ч гарч байсан. Гэтэл одоо тус компанийн машинд хууль үйлчлэхгүй нь бололтой.
Тус компани “Соната-8” загварын авто машиныг ихээхэн онцгой эрхтэйгээр оруулж ирэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж зарласан нь “Авлига, хээл хахууль дагуулжээ” гэх хардлагыг ч төрүүлж байна.
Мөн тус компанийн боссууд Монголын хуулийг ийнхүү завхаруулж байгаа нь хэтэрхий эрээ цээргүй авирладаг бизнесмэнүүдийн нэг үйлдэл гэдгийг ч нотолж буй хэрэг юм.
Ямартай ч бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс албаны гурван эх сурвалжийн түвшинд энэхүү нийтлэлийг бичлээ.
Үргэлжлэл бий..
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Уншигч (September 20, 2014 9:52:51 pm )
Улсын хилээр дандаа цоо шинэ машин оруулдаг болчихвол болоо юм бишүү. Хүн болгон хуучирсан ямбий машин унаж агаар, байгал орчин бохирдуулж , замын түгжрэл үүсгэж байсанд орвол мөнгөтэй нь үнэтэй машинаа унасан шиг дугаарын хязгаарлалт гэх зүйлгүй давхиж явахгүй юу. Зөв санаа гаргасан гоё л реклам байна ш дэ
-
BOOGII (September 21, 2014 2:03:23 am )
Shunaliin muusain tulamnuud!Hed dahin nugalj zaraad uchnuun ih ashig olj baij yasan handaggvi yum?
2 Comments