Нэгэнтээ “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” нэртэй үндэсний чуулган болсон билээ. Уг чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга архи, спирт үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвших эрхийг нь хязгаарлах алдарт саналаа гаргасан юм.
Тэр ч бүү хэл энэ төрлийн хуулийн төсөл санаачилж, Байнгын хорооны хуралдаанаар өргөн барьсан ч энэ хуулийн төсөл Байнгын хорооны босго ч давж чадаагүй.
Уг хуулийг Х.Баттулга эртнээс Г.Батхүү нарт зориулж бэлдсэн ч төслийг гацаасан. “Архи, тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тухай” хуулийн төсөл. Нэр нь хүртэл эвгүй.
Тус хуулийн төсөл эртнээс эхтэй. Х.Баттулга ийм хууль санаачилснаараа зөвхөн Г.Батхүүг ч “нухах” гэсэн хэрэг биш. Намынхаа дарга Н.Алтанхуягт ч давхар хаягласан нь лавтай. “Алтан гадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийг “Алтан гадас” хэмээх архи үйлдвэрлэдгийг тэр ямар мэдэхгүй байв гэж. Ялангуяа Г.Батхүү архиныхаа буянаар сонгуульд ялж байсан түүх ч бий. Баримт сөхвөл 2004 оны УИХ-ын сонгуулиар “АПУ” компанийн үйлдвэрлэсэн “Ерөөл” архийг Өвөрхангай аймагт чиргүүлтэй “Зил-130” машинаар тараасан гэдэг. Тэгэхээр Г.Батхүү үйлдвэрлэсэн архиа тойргийнхоо иргэдэд үнэгүй тарааж, тэр үнэлэмжээрээ УИХ-д ард түмнээ төлөөлжээ гэсэн үг.
Энэ хуулийн төсөл яригдаад л унаад байгаагаас харвал манай УИХ-д энэ төрлийн бизнес эрхэлдэг олон байгааг төвөггүйхэн гэрчлээд өгөх байх. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баттулга энэхүү хуулийнхаа төслийг айсуй чуулганаар өргөн барих аж. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “женко” хуулийн төслөө чуулганы босгоор давуулж батлуулах багаа бүрдүүлсэн байна. Тодруулж хэлбэл Г.Батхүүгийн эсрэг 60-аас дээш хувийн санал цуглуулж хууль батлуулах хэмжээний гишүүдийг өөрийн болгожээ гэсэн үг. Мэдээжийн хэрэг сөрөг хүчин бол энэ тал дээр уухай хадаагаад дэмжинэ. Мөн “Бие даагчдын зөвлөл” ч дэмжинэ. Тэгэхээр Х.Баттулга хуулийнхаа төслийг дэмжүүлэхд АН-аас арав гаруй гишүүн элсүүлсэн бололтой.
А.Гал
Эх сурвалж: www.unen.mn
Холбоотой мэдээ
-
сар (September 04, 2014 10:15:13 am )
архиар ер нь юу хийхэв дээ
1 Comment