antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

БҮСГҮЙ ХҮНИЙ БУРХАН БОЛ ЕРДӨӨ Л ХАНЬ НЬ

нийтлэсэн Admin

Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяаг “Бямбын ярилцлага” буландаа урилаа.

-Бидний ярилцлагыг бүсгүйчүүд маань амралтын өдрөө тухтайхан уншиж, мэдэхгүй зүйлээ мэдэж, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Тиймээс хоёулаа эр нөхрөө хэрхэн татах, гэр бүлээ аз жаргалтай байлгахад гэргий хүний үүргийн талаар, амьдралынхаа ханийг сонгох гэж байгаа бүсгүйчүүддээ зөвлөгөө өгвөл ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан санаа байна.

-Ханиа хэрхэн сонгох талаар ярилцлагаа эхэлье. Бүсгүйчүүд маань сонголтоо буруу хийснээс амьдралдаа алдаад байх шиг?

-Тийм шүү. Хаана, хэн, юу хийж байхад хэн танилцуулсан гэх мэт чухал асуудал байдаг. Танилцаад жил усаа мэдэлцэх хэрэгтэй. Нэг насны амьдралаа хамтдаа өнгөрөөх гэж байгаа хүмүүс ивээл жилтэй байх нь чухал. Харш жилтэй гэр бүл надаас зөвлөгөө авахаар ирж байсан. Тэд 13 хүүхэд төрүүлсэн ч есөн хүүхдээ нэг нас хүргэлгүй алдаад, одоо яах билээ гээд явж байсан. Танилцаад дор хаяж нэг жил, бүр болдоггүй юм гэхэд дөрвөн сар бэлгийн харилцаанд оролгүй үерхэх хэрэгтэй. Эмэгтэй хүний нэг зан чанар байна л даа. Бэлгийн харилцаанд орсны дараа тухайн хүнийхээ муу, муухай зан чанарыг үл ойшоодог. Харин гэр бүл болсон хойноо анзаарч, яах тухай бодож эхэлдэг. Бэлгийн харилцаанд орохгүй бол найз залуу маань гомдчих болов уу гэж бүсгүйчүүд маань боддог. Үгүй шүү, харин ч бүр эсрэгээрээ. Хэр зэрэг удна, төдий чинээ хүндэтгэл, хайр өөрт чинь ирнэ.

Өнөөдөр танилцаад маргааш өврөө нээх нь өөрийн чинь үнэ цэнэ, хайрлах хайрыг унтраадаг юм. Хайрын асуудал хүний амьдралын хамгийн нандин зүйл. Манай залуучууд гаднын орны амьдрал, хайрын тухай уран бүтээл, киног үзээд даган дуурайх гээд байдаг. Монгол хүний амьдралын хэв маяг, хайрын тухай ойлголт тэс өөр учир дуурайх хэрэггүй л дээ. Монгол эрэгтэй хүн өөрт нь өөрийгөө зориулж байгаа хүнийг ариун нандин гэж боддог. Тэр хүнээ алдаа дутагдал гаргасан ч уучилж, гуч дөчин жил амьдрах сэтгэл зүйтэй хүмүүс. Харин барууныхан тэс өөр. Тэд бол гуч, дөч хүртлээ олон бүсгүйчүүдтэй үерхэж, хамтран амьдарч байгаад үхэл нь ойртож буйг мэдрээд үр удмаа үлдээх тухай бодож, гэр бүлээ сонгодог. Монгол эмэгтэй хүн 20, эрэгтэй нь 25 настайдаа гэр бүл болох нь зохимжтой. Харин одоо ажилтай, орлоготой болъё гэсээр яваад энэ нас таван жилээр хойшилсон. Хүмүүс гаднах байдалд илүү анхаарч, сонголтоо хийдэг болсон цаг үед бид амьдарч байна. Гэхдээ л XXI зуун, бумбын эрин үед амьдарч байгаа бүсгүйчүүд дотоод төлөвшлөө олсон хүнд 20 настай байхдаа, өөрийгөө зориулчих хэрэгтэй.

-Тэр сонголт нь алдаа байвал яах вэ. Одоогийн 20 настай бүсгүйчүүд хүний хань, гэр бүл авч явах нь байтугай өөрийгөө гүйцэд таниагүй, ойлгож мэдрээгүй байх шиг?

-Тийм байна л даа. Монголд гэр бүлийн боловсрол алдагдсан нь эндээс харагдаж байгаа юм. Эцэг эхээс гадна хүмүүжлийн эрхлэгч гэдэг хүн хүүхдүүдэд гэр бүлийн анхан шатны мэдлэг олгож, суурь хүмүүжлийг нь тавьж байх ёстой юм. Хэдэн насандаа, ямар хүнтэй танилцах тухай ямар ч ойлголтгүй яваа бүсгүйчүүдэд муусайн эрчүүд, ажилгүй, цалингүй, мөнгөгүй, архичин гэсэн ойлголт өгчихдөг. Бусдаас ялгарах зүйлгүй ч дотоод төлөвшлөө олсон залуу арван жилийн дараа өндөр боловсролтой, хүчирхэг эр хүн байх нь уу, архичин, өөртөө итгэлгүй хүн болох уу гэдгийг бүсгүйчүүд л тодорхойлдог. Бүсгүйчүүд маань шударга байх ёстой. Гэргий эхнээсээ л аав, ээжтэйгээ жиг жуг хийгээд юу ярьснаа нөхөртөө хэлэхгүй бол тэр хүн ч бүх зүйлээ нууж, өөрийг чинь хуурч эхэлдэг. Та гэр бүл болъё гэж шийдсэн бол нөхрийнхөө ааш занг хурдан судалж, тохируулан амьдарч, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Дараа нь нөхөртөө бүх талын сэтгэл ханамжийн баталгаа өгч сур.

-Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн ч адил байх ёстой бус уу?

-Эмэгтэй хүн эхлээд сэтгэл ханамж өгч байж дараа нь хайр энхрийллийг амсаж, ханиа харцаараа хөдөлгөж, хүссэнээрээ байлгана. Эрэгтэй хүнд байгалиас бэлгийн энерги хуримтлагдсан байдаг учраас сайхан эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Харин эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлж өсгөөд, хаашаа ч явдаггүй нөхөртэй байхыг хүсдэг. Тэгэхээр эр, эм хүний хүсэл өөр байгаа биз. Хүссэн хүсээгүй 43 нас хүрээд эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл хумигдаад ирнэ. “Дөч хүрсэн эр дөнгөнд орж ирдэг” гэдэг үг ийм учиртай. Тэр болтол нь эмэгтэй хүн нөхрөө хэрхэн татаж, аз жаргалтай байх талаар гэр бүлийн боловсрол олж, эртхэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүс машин барьж суръя гээд мөнгө төлөөд байна даа. Яг тэрэн шигээ амьдралаа хэрхэн жолоодох талаар сурч, хэрэгжүүлэх ёстой юм.

-Залуус бие биенээ сонгоод, гэр бүл болох шийдвэр гаргалаа. Одоо аз жаргалын тухай бодож эхэлнэ. Аз жаргал гэдгийг эд хөрөнгө гэж ойлгосноос гэр бүл салалт ихэсч байгаа нь анзаарагддаг?

-Амьдралд эд хөрөнгө хэрэггүй гэж хэн ч хэлэхгүй байх. Үүнийг хэрхэн яаж бүрдүүлэх ёстой юм бэ. Монгол залуучууд маань амьдралаа өөд нь татаад явъя, эхнэр хүүхдээ юугаар ч дутаахгүй байлгая гэж хичээдэг. Эрчүүдийн хамгийн гол алдаа нь мөнгөнд шунахгүй, эдийн засгийн эрх чөлөөг бий болгож чадахгүйд байгаа юм. Харийн нэг хүн ирээд сардаа 200 сая төгрөг олоод байгааг харахаараа өөрийгөө голдог. Эрэгтэй хүн бүсгүйн хайртай хань, сайн эцэг байхын тулд би яах ёстой вэ гэдгээ ойлгож, тэмцэхгүй байгаагаас нь бүсгүйчүүддээ гологдоход хүрдэг. Зарим хүмүүс эр, эм хүний хийх ажил, үүрэг нь солигдсон гэж шүүмжилдэг. Энэ үнэн шүү дээ. Эрэгтэй хүн гаднахаа, эмэгтэй хүн доторх асуудлаа зохицуулдаг байх ёстой байтал эрэгтэйчүүд шалаа угааж, хогоо шүүрдэн, хүүхдийнхээ хувцсыг угааж, арай л хөхүүлэх нь холгүй байна. Хөхтэй бол хөхүүлэх нь ээ. Эр хүний нэр хүндийг өргөж, хайрлан дээдэлж, хийсэн хөдөлмөрийг нь үнэлдэг, цалин хөлс нь ар гэрээ тэжээх боломжтой байх ёстой ч, тийм биш байна.

Хотоор дүүрэн ажилгүй залуучууд байна. Харин одоо Оюутолгой, Тавантолгойн орд гээд овоо өндөр цалинтай ажлын байр бий болж байх шиг. Тэнд ажиллагсад тараад ирэхэд хайртай хань, үр хүүхэд нь хажууд нь байхгүй, хүйтэн хөнжлөөс өөр зүйл алга. Мөнгөтэй юм чинь наргиж цэнгэнэ, цэнгэсэн хүн архи ууна, архи уусан хүн эрүүл бус сэтгэхүйгээр эхнэртээ ханддаг. Үүнээс болж гэр бүл салж болзошгүй. Эрдэнэт, Дарханд том үйлдвэрийг дагасан хот байгуулсан нь ямар ашиг тустайг одоо ч бид харж байна. Дэлхийд толгой цохиж байгаа орд газраа түшиглээд хот байгуулахгүй бол эргээд үзүүлэх хор уршиг нь асар их шүү. Гэр бүл хамт байхгүйгээс салж, хүүхэд өнчирдөг.

Арван жилийн долдугаар ангийн хүүхэд “Гэр бүл гэж юу юм бэ. Аз жаргал гэж байдаг юм уу” гээд намайг шоолж байна. Алдаатай бодлогын улбаа хэдэн үе дамжих аюултайг бодож үзэхгүй байгаад харамсах юм. Төр засаг эрчүүдээ гутаасан бодлого явуулж, ар гэрээ тэжээх боломжгүй цалин яагаад өгөөд байгаа юм бэ. Яагаад гадаадын байгууллагын эрх ашгийг дээдэлсэн бодлого явуулдаг юм бэ. Эрүүл саруул, аз жаргалтай гэр бүлтэй хүний ажлын бүтээмж ч сайжирдаг. Тэгээд ч улс орны оршин тогтнох үндэс нь гэр бүл гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй байх.

-Эр хүний үнэлэмж буурсан нь олон шалтгаантай байх. Эрчүүдийнхээ нэр хүндийг өсгөж, үнэлэмжийг нь дээшлүүлэхэд бүсгүйчүүд бид яах ёстой юм бол?

-Төр засаг минь, бурхан багш минь эрүүл энх аз жаргалтай байлгаач гээд мөргөөд залбираад байдаг, манай бүсгүйчүүд. Шашин шүтэж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Төр засаг, шүтээд байгаа бурхан чамд хайртай гэж хэлэхгүй, чиний төлөө нөхөр шиг чинь гүйхгүй. Бүсгүй хүний бурхан бол ердөө л хань нь. Ханиа дээдэлж шүт л дээ. Тэгвэл аз жаргал, хайр халамж чам руу урсана. “Чи чадна, чи ухаантай, бүхнийг хийж чадна” гэж нөхөртөө итгэл өгөх хэрэгтэй. “Архичин минь хаана байна, хурдан ир. Хэнтэй, хаана яваад байна” гээд байвал хэн тань руу тэмүүлж, хайртай гэж хэлэх юм бэ. Хүчирхэг эрчүүдийн ард ямагт ухаантай, уужуу сэтгэлтэй бүсгүйчүүд байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

-Мөнгөнөөс гадна архидалт залуу гэр бүлийг зовоосон асуудлын нэг болжээ?

-Амьдрах хүсэл, сонирхолг үй, жаахан ч гэсэн гэрэл гэгээ мэдрэхгүй болохоор архи уудаг, эрчүүд. Бас л буруутай бодлогын үр дагавар энэ. Хятад хүнээс дорд үзээд байхаар яаж ажиллаж, амьдрах юм бэ. Архи уугаад байгаа хүнийг энэ өнцгөөс хараасай гэж би боддог. Хүний хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ дэндүү ялгаатай байна. Зарим нь 200 сая төгрөг олж байхад зарим нь хамаг ажлыг нь хийгээд 200 мянган төгрөг авах жишээтэй. Хийсэн ажлыг нь тэнгэр, газар мэт ялгаатай үнэлээд байхаар эр хүн яаж эхнэрийнхээ өөдөөс эгц харах юм бэ. Шууд гутраад архи ууна, архи уугаад амьтны авир гаргана. Ингээд л өөрийгөө тойруулаад баахан уйлсан хүн бий болгочихдог. Судалгаанаас харахад нэг дүүрэгт жилдээ 12 мянган эрэгтэй хүн нас бардаг юм байна. Үүний найман мянга нь 40-45 насны эрчүүд байгаа нь үнэхээр харамсалтай.

-Эмэгтэйчүүд, тэр дундаа 30-аас доош насныхан гэр бүлийн халуун тогоон дахь асуудлаа ээждээ, аавдаа, эгчдээ хэлчихдэг. Энэ нь бүсгүйчүүдийн алдаа гэж боддог, зөв үү, буруу юу?

-Нэгэнт айл гэр болоод өрх тусгаарласан бол асуудлаа өөрсдөө зохицуулах ёстой. Хэн нэгнээс аврал эрж, нөхрийнхөө бурууг хэн нэгэнд нялзаах нь буруу. Маргаан үүслээ гэхэд эхлээд нөхөртэйгөө сайн ярилц, бүр болохгүй бол ээжид чинь хэлнэ гэж хэл. Хамгийн эцсийн арга бол ээжид нь хэлэх. Тэрнээс биш өөрийнхөө ээж, аавд хэлэх хэрэггүй.

-Нөхөртөө хэлж чаддаггүй асуудлаа бүсгүйчүүд хоорондоо ярих нь бий. Олон жил амьдарсан хэрнээ таашаал авч үзээгүй гэх бүсгүйчүүд байдаг. Энэ асуудлыг нөхөртэйгөө хэрхэн ярилцаж, зохицуулах ёстой вэ?

-Эр хүн нэг удаа таашаал авч байхад эмэгтэй хүн хэдэн ч удаа таашаал авч болдог, чаддаг. Тэр бүсгүй нөхрийнхөө хайр энхрийллийг мэдэрч чадвал эр хүний хүссэн харцнаас хүртэл таашаал авч чаддаг онцлогтой. Гагцхүү мэдрэмж л хэрэгтэй. Үнэхээр дургүй байсан бол тэр бүсгүй аль эрт салчихна. Харин дуртай, нөхрөөсөө таашаал авч байгаа болохоор салалгүй олон жилийг хамт өнгөрөөдөг. Харин би таашаал авахгүй байна гэх бодол өөрийг нь хүнд байдалд оруулчихдаг.

-Хардалт гэр бүлийн хамгийн хүнд асуудлын нэг байдаг бололтой?

-Тийм ээ, олон эрчүүд, бүсгүйчүүд хардалтыг яаж арилгах талаар асууж зөвлөгөө авдаг. Тухайн хүн өөрийгөө үнэлэхгүй, хэн нэгнээс дор гэж боддог тул бусдад хайртай хүнээ алдчих вий гэхдээ эхнэр, нөхрөө харддаг. Хардалтыг зогсоох хамгийн энгийн арга нь итгэл юм шүү дээ. “Чи хамгийн сайхан, ухаалаг залуу. Чи надад заяасан ганцхан эр хүн” гэж хэлж бай.

-Эмэгтэй хүн эр нөхрөө яаж үдэж, ажлаас нь ирэхэд ямар байдалтай байх ёстой вэ. Бүсгүйчүүд маань уншаад, сураг.

-Би хэлж өгье. Өглөө ажилдаа явах гэж байхад нь хоол хийж өгч амждаггүй. Гэсэн ч яг гутлаа өмсөөд гарах гэж байхад нь тэвэрч үнсээд “Ажлын амжилт хүсье, хайртай шүү“ гээд хэлчих. Өдөр нь утасдаад “Эрт ир, мөнгө олж байна уу” гэж асуулгүй “Миний хайр өлсөөгүй биз, өдрийн хоолоо идсэн үү” гээрэй. Ингэсэн байхад нөхөр чинь ажлаа тараад өөрийн эрхгүй чам руу тэмүүлнэ. Ирэнгүүт хувцсыг нь аваад хөлийг нь угааж өгөөд, үнс.

-Хөлийг нь угаагаад, үнсэнэ гэдэг жүжиглэсэн, хиймэл санагдахгүй юү?

-Амьдрал гэдэг тайзан дээр та айлын гэргий гэдэг дүрд тоглож байгаа шүү дээ. Хүний хөл хамгийн цэвэрхэн эрхтэн. Хамгийн бохир хацар, уруулыг нь үнсэхээр хөлийг нь үнсчих л дээ. Гэр бүл судлалаар 15 жил ажиллахдаа олон мянган гэр бүлтэй, бүсгүйчүүдтэй уулзаж байлаа. Үүнийг зуршил болгосон олон бүсгүйчүүд гэртээ ирэхгүй, гадуур яваад байсан нөхрүүдээ өөрийн болгож, гэр бүлээ элэг бүтэн авч үлдэж чадсан юм шүү.

-Гэр бүл судлаач олон ч зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах нь ховор байх юм. Та өдөртөө хэдэн гэр бүлтэй уулзаж байна. Зөвлөгөө авахад ямар үнэтэй байдаг юм бэ?

-Ломоносовын их сургуулийг 1988 онд төгсөөд гэр бүл судлаач, эрх зүйч мэргэжилтэй болсон. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ төрийн байгууллагад ажиллаж байгаад 1998 оноос Дархан хотын Гэрлэх ёслолын ордны даргаар ажилласан. Хүүхдийн төлөө газарт 2004 оноос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаад 2006 онд “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-өө байгуулаад ажиллаж байна. Өдөртөө дөрвөн гэр бүл хүлээн авч, зөвлөгөө өгдөг.

Х.ОЮУНСҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car