БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийж буй албан ёсны айлчлалын талаар хоёр хөрш болон гуравдагч хөршийн хэвлэлүүдэд хэрхэн бичсэнийг тоймлон хүргэж байна. Түүнд бичсэнээс үзвэл, Си Зиньпиний энэ удаагийн цуврал айлчлал нь домогт Торгоны замын дагуу эдийн засгийн цагираг үүсгэх зорилтыг хангах чухал алхам болж байгаа аж.
South china morning post: Төв Ази дахь нөлөөгөө өсгөх боломж
Өмнөд хөршийн мэдээллийн том эх сурвалжийн нэг scmp.com айлчлалыг “Эрчим хүч, дэд бүтцийн” хэмээн тодотгожээ. “БНХАУ-ын дарга Си Зиньпингийн Монголд хийх айлчлалын үеэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт олон чухал гэрээнд гарын үсэг зурна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.
Гадаад хэргийн дэд сайд Лю Жянчяогийн мэдээлснээр, БНХАУ эртний Торгоны замын дагуу эдийн засгийн бүс үүсгэх замаар Төв Ази дахь нөлөөллөө өргөжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд пүрэв, баасан гарагт болох айлчлал үүнд чухал үүрэгтэй юм. БНХАУ эдийн засгийн өсөлтөө хангахын тулд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах шинэ эх үүсвэр хайх шаардлага гараад байгаа бөгөөд Монголд хийх айлчлал энэ чиглэлд амжилт дагуулж магадгүй байна.
Монгол Улсын хувьд, дэд бүтцээ сайжруулах сонирхол давамгайлж байгаа нь Энэтхэг, Японтой хөгжүүлж байгаа харилцаанаас харагдаж буй. Мөн ОХУ, БНХАУ-аас цааш гарч, бусад орнуудтай харилцах сонирхолтой байгаагаа өнгөрсөн сард Японтой байгуулсан чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээгээрээ нотолсон юм. “Хил дамнасан тээврийг идэвхжүүлэх талаар тавьсан саналыг нь бид анхаарч байгаа.
Энэ тал дээр монголчуудад туслахаар ажиллах болно” гэж Лю Жянчяо мэдэгджээ. Хил дамнасан тээврийн гэрээг байгуулснаар Монголоос олборлосон нүүрс болон бусад түүхий эд, бараа материал БНХАУ болон бусад улсуудад очих боломж бүрдэх юм”.
Ройтерс: БНХАУ Монголд худалдааны зам гаргаж өгч, харилцан ашигтай хамтарна
БНХАУ, Монгол Улс аль аль нь энэ удаагийн айлчлалыг хоёр улсын харилцааг бүх талаар дээд төвшинд гаргах чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгааг “Ройтерс” агентлаг онцолсон байна. “Дэлхийн банк саяхан гаргасан илтгэлдээ “Монгол Улс илүү тойруу, үнэтэй учраас хойд хөршөөрөө дамжуулан экспорт хийх талаар хэзээ ч бодож байгаагүй” хэмээн бичсэн нь үнэнд нийцэхгүй. Гэхдээ тэдний хувьд БНХАУ-аар дамжуулан урагшаа зүглэж далайд гарах нь илүү ашигтай гарц. Тиймээс Си Зиньпиний Улаанбаатарт хийх хоёр өдрийн айлчлалын үеэр энэ асуудал яригдах юм байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жянчяо Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдээлэлдээ “Монгол бол далайд гарцгүй орон гэдгийг бүгд мэднэ, тиймээс Хятадаар дамжин гуравдагч улс руу тээвэр хийнэ гэдэг монголчуудын хувьд тун чухал асуудал юм. Манай улс ч үүнийг нь бүрэн дүүрэн ойлгож байгаа. Тиймээс монголчуудад тусалж, тээвэр хийх нөхцлийг нь хөнгөвчлөхийн тулд боломжтой бүхнийг хийнэ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Хоёр тал энэ асуудлыг хэлэлцэж байгаа” гээд цааш ярихаас татгалзжээ.
БНХАУ-ын эрэлтэд тулгуурласан түүхий эдийн экспорт нь Монголын хувьд эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж бөгөөд нийт экспортын 90 хувийг нь БНХАУ-д нийлүүлж буй нүүрс эзэлдэг. Гэхдээ нөгөөтэйгүүр, БНХАУ-ын эдийн засгийн сонирхол Монголын эрх баригчдын болгоомжлолыг төрүүлж байгаа бөгөөд энэ нь “Чалько” компани “Өмнийн говийн элс” компанийн хувьцааны хяналтын багцыг худалдаж авсны дараа Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар тод илэрсэн.
Монголын хувьд БНХАУ-ын коксжих нүүрсний гол ханган нийлүүлэгч болох сонирхолтой тул, Тавантолгойгоос холгүй орших том ордыг хяналтаасаа гаргаж түвдээгүй юм. Тэд бас нүүрсэнд нь хэтэрхий бага үнэ тогтоолоо гэж нүүрс тээвэрлэлтээ зогсоож байсан удаатай. Гэвч ноён Лю одоо дээрх үл итгэлцэл алга болж, Монгол Улс БНХАУ-ын бизнест нааштай хандах болсон гэж хэлж байна.
Эрчим хүч, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжуудыг талууд маш идэвхитэйгээр судалж байгаа. Нүүрсний уурхай, төмөр болон авто замын салбарт төсөл хэрэгжүүлэх яриа хэлэлцээр явагдсаар байна. Монгол Улс авто зам, төмөр зам, ОХУ-тай холбосон дамжуулах хоолойн асуудлыг хэлэлцэхээр ажлын хэсэг томилж БНХАУ-д ажиллуулахаар тохирчээ.
Gbtimes.com: БНХАУ Монголын хувьд том боломж юм
Gbtimes.com айлчлалын талаарх нийтлэлээ Си Зиньпиний хэлсэг үгнээс сэдэвлэн “хоёр тал хоёулаа хожих айлчлал“ хэмээн гарчигласан байна. Мөн Монголын албаны эх сурвалжаас авсан яриаг оруулжээ. Хоёр тал аль, аль нь айлчлалаас их зүйл хүлээж байна. Монголоос БНХАУ-д суух Элчин сайд Ц.Сүхбаатар Си Зиньпиний айлчлал хоёр орны харилцааг бүх талаар дэвшилт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэрбээр “Ерөнхийлөгч Сигийн айлчлал хоёр орон стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чухал айлчлал болно. Мөн Ази Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад ач холбогдлоо өгнө. Монгол-Хятад хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаагаа цаашид хөгжүүлэх учиртай. Дэлхийн эдийн засаг уналтын үедээ байхад БНХАУ өсөлтөө хадгалж чадаж байна.
Энэ нь Монголын хувьд том боломж юм. Хятад бол манай коксжих нүүрс, зэс, төмрийн хүдрийн гол худалдан авагч. Зах зээлд дээр үнэ ханш унаснаас болж нүүрсний экспорт сүүлийн үед багасч байгаа нь үнэн. Гэхдээ хоёр улс энэ асуудлыг шийдэхээр чармайж байна. Энэ бол цаг хугацааны л асуудал” хэмээн ярилаа. Монголын эдийн засгийн өсөлтөд БНХАУ чухал үүрэгтэй болохыг Ц.Сүхбаатар онцлон тэмдэглэсэн юм.
cctv.cntv.cn: Монгол бол БНХАУ-ын чухал хөрш
Мэдээллийн энэ хуудсанд Монгол, Хятадын харилцаа нягт байх ёстой гэдгийг газар нутгийн байршлаар нь дамжуулан илэрхийлжээ. “Монгол бол БНХАУ-ын чухал хөрш. БНХАУ Монголтой 4710 км буюу бусад хөршүүдээсээ хамгийн урт замаар хиллэдэг.
Хоёр улс БНХАУ-ыг байгуулагдсан жил буюу 1949 оноос дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүнээс хойш зөвхөн энх тайвнаар зэрэгцэн оршоод байсангүй, хамтын ажиллагааг бүх салбарт өрнүүлж ирлээ.
2003 онд хоёр улс харилцан итгэсэн найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон бол үүнээс долоон жилийн дараа харилцаагаа стратегийн болгож өргөжүүлсэн билээ. Чэзяний худалдааны танхимын Монгол дахь салбарын захирал Сюе Хуадун “Бид Монголд 10 гаруй жилийн өмнө ирсэн. Түүнээс хойш Монгол орон танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Олон барилга байшин баригдаж, хүмүүсийн өмссөн хувцас хунар нь өмнөхөөс сайжирсан” хэмээн өгүүлжээ.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
БУУРАЛ (August 22, 2014 11:02:04 am )
ХАРИН Ч ХЯТАДУУДЫН ӨМССӨН ХУВЦАС ӨӨРЧЛӨГДСӨН БАЙХ ШҮҮ. 10 ЖИЛИЙН ӨМНӨ ХЯТАДУУД ХӨХ ЭСВЭЛ НОГООН ХУВЦАСТАЙ ЯВДАГ БАЙСАН ШҮҮ
1 Comment