Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын 41-р олимпиад буюу багийн төрлөөр явагддаг хамгийн том тэмцээн хагас сар үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 177 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг түрүүлж, Унгар, Энэтхэгийн багууд удаалсан бол манай улсын шатарчид зургаа хожиж, тав хожигдон нийт 12 оноотойгоор 177 багаас 69 дүгээр байрт шалгарлаа. Их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Баянхонгор аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар”спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин Их мастер Ц.Батчулуун, Завхан аймаг, Баянгол дүүргийн тамирчин Их мастер Б.Хатанбаатар, “Хангарьд” спорт клубын тамирчин ОУ-ын мастер Н.Баттулга, Өвөрхангай аймаг, Үндэсний шигшээ баг, “Шунхлай” группын тамирчин Их мастер Б.Гүндаваа, Өвөрхангай аймгийн тамирчин ОУ-ын мастер Г.Мөнхгал нарын бүрэлдэхүүнтэйгээр Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдсөн юм.
Харин Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатараар удирдуулсан эмэгтэй баг долоо хожин, нэг тэнцэж, гурав хожигдсоноор 15 оноотойгоор 136 багаас 16 дугаар байр эзэллээ. Мөн эмэгтэй шатарчид B /A, B, C, D, E гэсэн хэсэгт хуваадаг/ хэсэгт түрүүлж алтан медалийн эзэд болцгоожээ. Багийн бүрэлдэхүүнд Завхан аймаг, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин эрэгтэй ОУ-ын мастер, Их мастер эмэгтэй Б.Мөнгөнтуул, Үндэсний шигшээ баг, “Мончесс” клуб, “Сүлд” спорт хорооны тамирчин Их мастер эмэгтэй Т.Батчимэг, Ховд аймаг, “Нью Прогресс” группын тамирчин Спортын мастер эмэгтэй Б.Баярмаа, Говь-Алтай аймаг, “Хан Алтай” шатрын клубын тамирчин ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн, Архангай аймаг, “Мобиком корпорац”-ийн тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Б.Анхчимэг нар багтаж, оюуны ухааны цэц сорьсон билээ. Уг ангилалд ОХУ-ын баг тамирчид 20 оноогоор түрүүлж, БНХАУ, Украйны багууд 18 оноотойгоор дараах байруудад шалгарсан байна.
Түүнчлэн нэгдүгээр ширээнд орон орны шилдэг шатарчидтай өрсөлдсөн Б.Мөнгөнтуул 10 өргөөс 8 хожин, 2 тэнцэж 4-р байрт шалгарч маш том амжилтыг үзүүлжээ. Харин тавдугаар ширээнд тоглосон Б.Анхчимэг 10-р байрт шалгарсан байна. Тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдадаа баяр хүргэе.
Холбоотой мэдээ
-
z (August 15, 2014 10:14:05 pm )
bayar hurgey. Ulam ih amjilt gargaarai
1 Comment