-Түүний араас Ц.Батбаяр, Н.Болормаа болон зарим шүүгчид баривчлагдаж магадгүй-
Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг баривчилсан нь олны анхаарлыг татаад зогсохгүй, араасаа олон асуудал дагуулж эхэлсэн. Хамгийн гол нь түүнийг Н.Энхбаяртай холбогдуулан баривчилсан, үгүй өөр хэргээр гэх мэдээлэл тэнүүчилж эхэлсэн юм. Тэгвэл түүнийг АТГ захирамж гаргасны дагуу баривчилсан гэдгийг баттай эх сурвалж хэллээ. Тиймээс албан эх сурвалжийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга, ахлах комиссар Д.Наранбаатар хэлэхдээ “Иргэн Б.Тулга нь бусадтай бүлэглэж нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр төрсөн дүү Б.Хуягтай хуйвалдан завшсан.
Мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан учраас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 22-ны 18.40 цагт баривчлах тогтоол гаргасан” хэмээсэн. Тиймээс Б.Тулгыг Сүхбаатар дүүргийн шүүх “үндэслэлтэй” хэмээн үзэн хэвээр баталж түүнийг баривчилжээ. Б.Тулга нь Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт “Дун өргөө“ хамтарсан компани байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр төрсөн дүү Б.Хуягийг захирлаар томилон нэг гишүүнтэй нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Хар дун” ХХК гэгчийг байгуулсан байдаг. Тэрбээр эдгээр компаниудыг үүсгэн байгуулсанаар нийслэлийн өмчийг дур мэдэн завших боломжийг өөртөө бий болгожээ. Учир нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр “Ремиф” ХХК гэгчийг үүсгэн байгуулж, Э.Батшугарыг захирлаар нь томилсоны дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Ремиф” компанийн охин компани болгон “Хар дун” ХХК гэгчийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, төрсөн дүү Б.Хуягийг захирлаар нь томилсон байдаг аж.
Ингээд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нийслэлийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан “Дун өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргасан гэнэ. Улмаар тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярын 55 тоот захирамжаар “Дун өргөө” ХХК-ийг 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргажээ. Иймээс түүнийг баривчлаад байгаа гэнэ. Тэгэхээр энэ хэрэг нь ганцхан Б.Тулгаар дуусахгүй бололтой. Түүний дараагаар хотын мэр асан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, ИТХ-ын дарга асан Н.Болормаа нар ч байцаалт өгөх нь мэдээжийн хэрэг гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Магадгүй тухайн үеийн хотын удирдлагыг шахсан байж магадгүй хэмээн хардагдаж байгаа Н.Энхбаяр ч байцаалт өгөх бөгөөд зарим шүүгчид ч шалгагдах аж.

Холбоотой мэдээ
-
Anonymous (November 25, 2011 8:43:27 pm )
MONGOL SHORON BOLOH NI UU? kHUN BOLGONIG HORIH UU?
-
Anonymous (November 25, 2011 8:44:48 pm )
NYAMDORJOO BOLIOCH? eNE OROND HUNII ERH GEJ BAINA UU?
2 Comments