Мөрөөдөл биш шүү. Энэ бол бодит төлөвлөгөө. Улаанбаатар хотод метроны үйлчилгээ нэвтрүүлэх ажлын судалгааны багийнхан хотын даргад ажилаа танилцуулахдаа ингэж хэлсэн юм. Тус судалгааг хоёр жилийн туршид хийжээ. Нийслэлийн 1,3 сая иргэний 60-аас илүү хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох нь Японы “Жайка”-гийн судалгаагаар тогтоогджээ. Энэ байдлаас харахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг зайлшгүй шинэчлэх шаардлагтай болсон байна. Дан ганц нийтийн тээврийн ачааллыг бус шинэчлэл хийхийн тулд хөрөнгө оруулалтыг хаанаас татах талаар ч судалгаа хийснээ мэдэгдлээ. Тэдний хэлснээр, заавал төсвийн хөрөнгөөр гэлтгүй олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, тэдний дэмжлэгтэйгээр метротой болох боломж ч бий гэнэ. Иймд нийслэлд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх ажлын бүтээн байгуулалтыг 2013 оноос эхлэх болсон гэдгийг хотын дарга мэдэгдлээ. Метроны замыг эхний ээлжинд нийслэлийн зүүн захаас эхлэн хотын төвөөр дайруулан хотын баруун зах хүртэл тавих гэнэ. Хотын төвөөр өнгөрөх хэсгийг газар доогуур явуулахаар судалж үзээд боломжтой болохийг нь тогтоожээ. Газар доогуурх хэсэгт нь ямар нэгэн томоохон үйлчилгээний төвүүд байх ба зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл газар доогуур явуулахад тохиромжтой гэнэ.
Дэлхий нийтийн жишгээс харахад замаа өргөсгөснөөс түгжрэл, ачааллыг бууруулдаггүй, нийтийн тээврийн оновчтой шийдэлд хүрсэнээр иргэдэд тухтай ажиллаж амьдрах боломж бий болдгийг нэгэнт тогтоосон байдаг.
Дашрамд өгүүлэхэд, саяхан Азийн хөгжлийн банкнаас метро, хөнгөн төмөр зам, тусгай замын автобус гэсэн гурван чиглэлээр судалгаа хийж өртөг багатай, богино хугацаанд байгуулж болох нь гуравдугаар хувилбар буюу тусгай замын автобус гэдгийг санал болгожээ.
Өөрөөр хэлбэл, нэг км метро барихад 45-100 сая ам.доллар шаардагдах юм. Ингэхдээ хамгийн багадаа нэг шугамд дунджаар арван жил зарцуулах аж. Харин тусгай замын автобусны нэг шугам барихад дунджаар 1.8 жил зарцуулах юм байна.
Нийтдээ 299 сая ам.доллар шаардагдах энэ төсөл нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдэх аж. Үүнд, багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ салбарт бодлогын шинэчлэл хийгдэх гэнэ. Хэдийгээр богино хугацаанд, бага өртөгтэйгээр нийтийн тээврийн асуудлыг шийдэж болох гарц нь тусгай замын автобусны шугам тавих аж. Хөрөнгө санхүүгийн тухайд ч метроноос хамаагүй бага өртөгөөр баригдах тооцоог гаргасан байлаа. Гэвч нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлд метроны үйлчилгээг явуулахаар одоогоор тогтоод байна. Улаанбаатарчуудын хүсэн хүлээсэн зүйл бол нийтийн тээврийг шинэчлэх хэмээн хотын мэр Г.Мөнхбаяр онцоллоо. Ингээд метро барих ажил 2013 оноос эхэлж 2020 он гэхэд дуусаж бэлэн болно гэдгийг судалгааны багийнхан дурдлаа. Тэгэхлээр ойрын ирээдүйд их хотын нийтийн тээвэрт асар том өөрчлөлт шинэчлэлт гарах нь.

Холбоотой мэдээ
Comments are closed.