Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тэнсэнт 100 хоногоос 32 хоног үлдлээ. Энэ 32 хоногийн дотор юу амжуулж болох вэ. Лав төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөллийн өөдрөг төсөөлөл харагдахгүй байна. Тэгээд ч 100 хоногийн талаас хойшхи хугацаанд эрх баригчид “Энэ бол 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ” гэсэн үг биш хэмээн мэдэгдэж эхэлсэн. Яг 100 дахь хоногийн босгон дээр шахам УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг зарлах төлөвтэй байна. Ээлжит бус чуулган бараг л хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдэд зориулагдаж байгаа гэх “хошин шог”-ийн цаана Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах нүсэр “ажиллагаа”-г аль болох цэвэр зохион байгуулахаар зэхэж буй нь тодорхой болсон.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр хамгийн өндөр амбицтай, идэвхтэй ажиллаж байгаа гишүүд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Баярцогт нараас гадна Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар гэнэ. Хууль зүйн сайдын хувьд Засгийн газрын “даалгавраар” уг хуулийг Өршөөл үзүүлэх хуультай яаралтай “хольж” эдүгээ батлуулахаар зүтгэж буй.
Энэ хуулиас эмээх шалтгаан нь юу вэ гэвэл юуны өмнө төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн өрийг хаах тухай заалт уг хуульд багтсан аж. Өөрөөр хэлбэлөрийн данс шатаах аргаар авлигачдыг хаацайлна гэсэн үг. Тэгэхээр тэдний өр зээл, нууц данс, гадаад дахь офшор данс зэргийн тухай ярихаа больж нэр төрийг нь цэвэрлээд өгчихөөр манай улсын эдийн засаг эрчимжчих юм байх. Тэр ч байтугай төрийн өндөр албан тушаалтнуудын тэрхүү өр зээл, гадаад дахь дансны асуудал зэргийг сөхөж ярьсан этгээдийг эхний удаад 50 сая төгрөгөөр, дараагийн удаад эрүүгийн хариуцлага тооцох тухай уг хуульд тусгасан гэнэ. Тэр “этгээдүүд” нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байж таарах нь.
Ингээд цаашид Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт холбогдсон, С.Баярцогт офшор данстай гэхчлэн ярьж, бичээд байвал эхлээд 50 саяар торгуулж дараа нь бичсэн, ярьсан этгээдүүд гэмт хэрэгтэн болох нь л дээ. Ийм учраас Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг нууцлаад байсан аж. Тэгээд ч Өршөөл үзүүлэх тухай хуультай хамт нууцаар хэлэлцэгдэн батлагдах нь бараг тодорхой болчихсон.
Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүн УИХ-д цөөнгүй. Гэвч тэднийг “далайлган сүрдүүлэх хүч” хууль санаачлагчдад бас байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “дайсагнасан” зарим заалтыг ихээхэн эсэргүүцэж буй. Харин “Нэг ардчилал” фракцийнх нь гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг хэтрүүлж хэлэхэд харцаараа айлгаад байгаа юм байх. Тэр ч байтугай байнгын хорооныхоо зарим хуралдаанд оролцон өөрийнхөө үзэл бодолтой тэрсэлсэн санал өгснөөс ямар нэг шалтгаанаар хуралдаанаас чөлөө авах нь дээр байдаг бололтой. Ийм л ардчилал дунд бид эдийн засгаа эрчимжүүлэх гээд сууж байна даа. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын бодсоноо шулуухан хэлчихдэг заримыг адалж, ааглаж, айлгаж янз бүрээр муйхарладаг байна. Ер нь УИХ-ын гишүүд бэл бэнчин, хүч нөлөөгөөр өрсөлдөх бусдыгаа дарамтлах өнгө аяс аль эртнээс ажиглагдах болсон. Гэвч азаар барьцаалагдах гэм хийгээгүй, аваа өгөөний өр ширгүй цөөн боловч улстөрч бий. Тэд УИХ дахь ашиг сонирхлын элдэв зөрчил, өөхөнд боосон хор мэт гоё үгээр далдалсан бусармаг заалтуудыг олон нийтэд хүргэх ёс зүйтэй, эр зоригтой, бас тэгэх үүрэгтэйгээ ухамсарласан гэдэгт итгэж байна.
Хамгийн сонирхолтой нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг барьж явсан тэр нэгэн гишүүн уг хуулийн төслийг хувилж авахыг хүсэхэд зөвшөөрөх нь байтугай зугтаад, эгээтэй л өмдөндөө хийчихэлгүй нуугаад гүйчихэв. Сонин байгаа биз. Тэгэхээр тун “аюултай” хуулийн төсөл байж магадгүй юм биш үү. Хуулийн төсөл санаачилчихаад, түүнийгээ сурталчилж тайлбарлан ярьж болоод байгаа хэрнээ нарийвчлан үзэж болохгүй ээ гээд аваад зугтчихаар сэтгүүлч хүн улам үзмээр санагдана биз дээ. Тиймээс хэрэв элдэв “но” байхгүй л бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөө олон нийтэд дэлгээч. Энэ бол нууж болдог сэдэв биш ээ!
С.Чулуун
Холбоотой мэдээ
-
зочин (July 17, 2014 6:07:50 pm )
Тэнсэн нь ял болох нь дээ.
-
зочин (July 18, 2014 7:42:53 am )
энэ баярцогт оюутолгой хууль баталсан хүн байна
-
irgen (July 19, 2014 10:19:04 am )
oppshor dansnaasa munguu avcgraad dotoodin bankind hadgaluulval urshuuj boloh l yum.
-
Yenny (August 08, 2014 10:44:04 pm )
Woah nelly, how about them apselp!
4 Comments