antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 1 comment

“MCS” вант улсын эзэд

нийтлэсэн Admin

“MCS”-ийн Ж.Оджаргал азанд итгэдэг. Газар хэвтэж байгаа товчуудыг олж харсандаа баярладаг байсан жаал  хүү ирээдүйд нийгмийн тогтолцоо солигдохыг үзэж, энэ чөлөөнөөр өөрийн гэсэн вант улсаа байгуулж чадсан. Түүнийгээ ч бас “аз” хэмээх ойлголттой холбон тайлбарлах нь бий.

Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа  хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Энд тэнд хэвтэж байгаа товчуудыг цуглуулж эмээдээ аваачиж өгөх дуртай байсан тэрбээр юм ховор байх үед гадны шошготой пичень, ундааг хараад баярладаг байжээ. Тэгж явахдаа ирээдүйд өөрийн гэсэн вант улсаа байгуулах юм гэж зүүдлээ ч үгүй байсан нь мэдээж. Харин ангийнхаа хүүхдийн дурсгалын дэвтэр дээр өндөр барилгууд, “Кока Кола”-ийн эмблем зурж өгч байсныгаа нэлээд хожим санаж, түүнийгээ байн байн ярих дуртай гэх. Магадгүй энэ нь олон нийтэд “Тэр угаасаа л бизнесмэн болох заяатай төрчихсөн хүн” гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн оролдлого ч байж мэднэ. Цахилгаан хөгжим, гитар тоглох дуртай байсан сурагч Ж.Од­жаргал нийслэлийн 33 дугаар сур­гуулийг 1983 онд төгсжээ. Зүгээр ч биш бүр ЗХУ руу явж, хүссэн сургуульдаа орох эрхтэйгээр төгссөн байна. Хаалттай нийгэм бүхий Монголд гадны гэх юм бүхэн шинэ содон, гоё байдаг байв.

Энэ жишгээр Ж.Оджаргалд “кибернетик” гэсэн га­даад үг таа­лагдсан учир тэр Киевийн По­литехникийн дээд сургуулийн Ца­хилгаан схемийн кибернетикийн ангид оржээ. Гэхдээ тэр хичээл хий­хээс өөрийг мэддэггүй, 60 руб­лийн тэтгэмж харж амьдардаг ядарсан оюутан байхыг хүссэнгүй. Дамын наймааг үзэн ядах сэтгэлгээг төлөвшүүлдэг байсан социализм зад­раагүй байхад Ж.Оджаргал хэдийнэ наймаа хийгээд эхэлчихжээ. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, там­хины цаа­сыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн байна. Анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар Ж.Оджаргал одоо ч бахархах дуртай гэсэн.

Сургуулиа төгссөнийхөө дараа тэрбээр 1989 онд Төвийн эрчим хүчний системд инженерээр орж, 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцыг босгох Азийн хөгжлийн банкны төслийн багт ажиллажээ. Энэ үеэс “Consulting service” буюу “Зөвлөх үйлчилгээ”-г сонирхох бол­сон байна. Тэр үед түүний хийх гэж буй ажлыг олон хүн шоолж байсан гэдэг. Гэсэн ч тэрбээр 1993 онд “Mongolian Consulting Service” буюу “MSC” компанийг байгуулав.

Ж.Оджаргал нэгэн ярилцлагадаа “Юу хийвэл хамгийн үр дүнтэй, дээр нь олон нийтийн дэмжлэгийг авч чадах вэ гэдгийг байнга ажигладаг” тухайгаа дурьдсан байна. “MCS”-ийн анх­ны бизнес оргилуун дарсны най­маа байсан бол дараа нь Дэлхийн банкны таван мянган ам.долларын санхүүжилттэй төслийг авах ажил руу оржээ. “Урт цагаан”-ы тэнд тү­рээ­сэлдэг жижигхэн өрөөндөө гадны төлөөлөгчидтэй уулзахаас ичиж, Ста­тистикийн төв газарт ажилладаг найзынхаа оффисыг царайчлаад сууж байсан үе түүнд бий. Ажил дээр нь ширээ, компьютер хэрэгцээтэй байснаас санаа авч, Сингапураас сандал ши­рээ оруулдаг “Анун” төвийг бай­гуулав. Сингапурт явж байхдаа та­нилцсан шинэ түнштэйгээ хамтран “Интерпрэсс” хэвлэх үйлдвэрийг бай­гуулж, 1997 оноос өмч хувьчлалын хоёр дахь үе шат эхлэнгүүт “Спирт бал бурам”-ын хувьцааны 51 хувийг 650 сая төгрөгөөр худалдан авлаа. Ингээд Ж.Оджаргал “шинэ Монгол” болов. Архин далайд живсэн иргэдээ аврахын тулд төрөөс согтууруулах ундааг сурталчлахыг хуулиар хо­риглосоор олон жилийн нүүр үзэж бай­гаа. Гэхдээ Ж.Оджаргал “Сайн үйл­сийн аян”, “Алсын хараатай амь­дарцгаая” зэрэг далд сурталчилгаа цацаж, “Спирт бал бурам”-ыг хөл дээр нь босгож, “Хар Чингис”-ийг брэнд бол­госон. Хаана их мөнгө эргэлдэж бай­на, тэнд Ж.Оджаргал үзэгдэх болов.

АНУ-ын Элчин сайдын яам­ны урилгаар “Кока Кола”-ийн үйлд­вэрийн тендерт оролцон ялж, “Tiger”-ийн албан ёсны дистербютер ч бол­жээ. Шанхайд болсон “Кока Кола”-ийн үйлдвэрийн захирлуудын уул­залтын үеэр “Зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай л харьцдаг” хэмээн том дуугардаг “Кэри” группын эзэд болох эцэг хүү Коктой тааралдчихаад тэднийг Монголд “Шангри-Ла”-ын салбарыг байгуулахыг ятгаж чадсан гэдэг. Гэхдээ эхэндээ зочид буудал болохоор баригдаж байсан энэ газар өнөөдөр оффисын зориулалттай “Central Tower” болсон юм. “Dell”-ийг Монголд оруулж, дампуурах дөх­сөн “Монгол Амикал”-ыг худал­дан авч “Гоёо” брэндийг гаргаж ир­сэн. Ерөнхий сайд асан С.Баяр биз­несмэнүүдээс Тавантолгойн хувь­цааг төрд өгөхийг шаардах үед гэдийсээр байгаад Ухаа худгийг авч үлдсэн хүн бол Ж.Оджаргал. “MCS”-ийн “Mongolian mining corporation” Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн лицензийг барьцаалан хувьцаа гаргаж, нэг тэр­бум ам.доллар босгосон нь олон хүний атаархлыг төрүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нэгэн ярилц­лагадаа “Тавантолгойн хувиа өгөө­гүй Ж.Оджаргал хожоод л явж байна” хэмээн халагласан удаатай.

Ж.Оджаргал “Irish pub”-ийг байгуулах үед Драмын театрын жүжигчид байрлалаас нь болж хүчтэй эсэргүүцэж байв. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа намжжээ. “Central Tower”-ын барилгыг барих үед мөн л олон нийтийн ширүүхэн эсэргүүцэлтэй тулж байв. Баригдаж дууссаныхаа дараа урд талын цэ­цэр­лэгээ тохижуулсан учир тэгс­хийгээд хэл ам татарсан юм. Харин одоо Ухаа худгийн нүүрсийг урд хөрш рүү тасралтгүй зөөж байгаа “MCS” группыг Өмнөговийн хөрсийг улаан тоосоор эргүүлж, дэд бүтцийн ямар ч хөгжил байхгүй, хоосон цөл газар болгож байгааг шүүмжлэх хүн олон байгаа. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн төслөөр дамжуулан оруулж ирж байгаа утаагүй түлшний 70 мянган зуухыг нь өөнтөглөхөө ч мартаагүй. Иймэрхүү хэл амыг тэр хэрхэн яаж дарахыг хэлж мэдэхгүй юм.

Ж.Оджаргал гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Д.Батмөнх “Орчлон” сургуулийн захирал. Боловсролын удирдлагын магистр, Ардын бо­ловс­ролын тэргүүний ажилтан тэр­бээр нөхөртэйгээ Киевт танилцаж байжээ. Харин наймаа хийж нэлээд хөлжсөнийх нь дараа 1987 онд хуримаа нижгэр хийж байсан аж. “Дэлхийн хөгжлийг Монголд” гэх уриатай “MCS” компани “Орчлон” сургуулийг байгуулах үедээ “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэх үгийг уриа болгож байв. Зөвхөн Ж.Оджаргалын хүүхдүүд төдийгүй Монголын нэртэй, зүстэй айлын хүүхдүүд ч “Орчлон” сургуульд сур­даг. Харин сургуулийнхаа ба­рил­гыг өөрийн хүчээр барьсан тэр цагаас хойш Ж.Оджаргал энэ сал­барын бизнесийг сонирхож эхэл­жээ. “MCS”-ын ерөнхий захирал Ж.Од­жаргал нэгэнтээ “Гэр бүлийн бизнес гэж байдаггүй юм” хэмээн ярьж, хүүхдүүд нь хүсэхгүй, эсвэл чадахгүй бол тэднээс “Энэ бизнесийг заавал үргэлжлүүл” гэж шаардахгүй гэдгээ хэлж байв. Гэхдээ түүний ах Ж.Од “MCS” группийн ерөнхийлөгч билээ.

“Wall Street Journal” сонинд Хята­дын компаниудтай бизнесийн сал­барт хамтарч ажилладаг Ж.Од, оросууд­тай түншилдэг Х.Баттулга хоёр Тавантолгой, Сайншандыг хол­бох төмөр зам барих асуудалд хэр­хэн зөрчилдөж байгаа тухай би­чиж байсан. Энэ үеэр Ж.Одын хэлсэн “Оросууд ордуудыг холбосон тө­мөр замын салбарт монополь байд­лаа тогтоочихвол тэд Монголын байгалийн баялгийг бүхэлд нь хяна­даг болно” гэх үгийг тус сонин иш татсан юм. Магадгүй түүний энэ үг хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монголын улс төр дэх геополитик, бодлогын зөрчлийг тод харуулсан бололтой.

“MCS” группын ерөнхийлөгч Ж.Од өмнө нь Вашингтон дахь Мон­голын Элчин сайдын яаманд нэг­дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Мөн Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх байснаас гадна 2002 оноос Дани улсын өргөмжит консул болжээ. Тэр­бээр Москвагийн Олон улсын ха­рилцааны институт, Оксфордын их сургуулийн Гадаад харилцааны институтыг дүүргэсэн юм. Оюутны амралтаараа Монголд ирчихээд Сэл­бэ голын цементэн хашлагыг хийх ажилд оролцож байж. Хожим нь дүүгийнхээ үүсгэн байгуулсан “MCS” группийн ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм. “MCS” групп 4000 хүн зэрэг  хүлээн  авах хүчин чадалтай “Скай резорт”-ыг байгуулсны дараа Ж.Од “Манай улс дэлхийн бусад орны иргэдтэй адил стандарттай цанын баазтай боллоо. Бүгдээрээ ца­начин болцгооё” гэж уриалж байв. Сүхбаатарын талбайн зүүн урд газар авах үеэсээ л хэл амны бай болж, тэнд зочид буудал байгуулах болсныг шүүмжлэх хүн захаас аваад мун­дахаа больсон. Энэ үед Ж.Од мөн л гарч ирээд “Алийн болгон гоё бүхнийг киноноос харж суух вэ дээ” хэмээн ундууцаж байв. “MCS”-ийн хөрөнгө оруулалттай “Unitel” корпораци ч эдүгээ байр сууриа эзэлсэн төдийгүй  өвөрмөц ший­дэлтэй рек­ламуудаараа алдартай. Ногоон өнгийг зөвхөн “Unitel”-ийнх болгон “өмчилж” чадсан нь Ж.Одын гавьяа юм. “MCS”-ийн од бүхий эмблемийг мөн л тэр зохиосон аж. “Торгон мэд­рэмжтэй, өндөр бо­ловсролтой” хэмээн дүү нь  түүнийг магтсан гэдэг.

Ямартай ч өнөөдөр 3100 ажил­чинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улс хэдийнэ бий болсон билээ. Энэ бүхнийг бүтээн байгуулж, ширхэг тоосгыг хүртэл өөрийн гараар босгосон эдний гэр бүлд “аз” гэдэг зүйл үнэтэй олджээ. Сэтгүүлчид сонгууль болохын өмнөх жил болгон түүнээс парламентад орох эсэхийг нь асуудаг. Харин энэ тоолонд тэр “Надад улс төрд хийх зүйл байхгүй” хэмээн бардам хариулдаг хэвээр.

Т.Элиса

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 3:06:13 pm )

    tegeed yah geed baigaa yum be?
    Ter TV geer yavsan nevtruuleg gej hugiin yum baisan. Zugeer l dajgyi odtoi yavaa negen sh dee. Yund ni ataarhaavee. Hund itgel ugch, mungu tsalingii ni ugch chaddag l baihgyi yu. Mongold tiim boss hed baina aa. BI l lav sanahgyi baina. Yahav suuliin yed humuusiinh ni tsalin baga bolson. Odoo nemeh biz. Busad uul uurhainhan undur bolson shuu. Naad door chini baigaa HR ene ter geed baigaa ulsuudiinhaa uguug neg sonsohod gemgyi. tegeed l boloo. Uragshaa yavaad bai. harin Uls turd orood demii dee. Negen tsagt tur zasag chamtai uls ornii ediin zasag yarih ye irneee.

antalya rent a car