Эрх баригчдын дунд өнөөдөр төмөр замтай холбоотой олон асуудал яригдах боллоо. Тухайлбал “Шинэ Төмөр зам” төслийн нэг хэсэг болох “Тавантолгой-Гашуунсухайт”-ын 267 км замыг концессын гэрээгээр барих эрхийг анх “Энержи ресурс” компани авч байсан.
Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН засаг барих эрхийг авснаар олон зүйлд өөрчлөлт орсны нэг нь энэхүү “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төслийн ажил байсан юм.
Тодруулбал тус нам сонгуульд ялснаас хойш нэг жилийн дараа буюу 2013 оны тавдугаар сард “Энержи ресурс рэйл”, “Самсунг Си энд Ти” компаниудын хооронд хийсэн дээрх төслийн ажлыг цуцлаж эрх шилжүүлэх гэрээгээр “МТЗ”-д шилжүүлэн өгч байсан юм.
Хамгийн сонирхолтой нь тус гэрээг “МТЗ” шилжүүлэн авахдаа дахин ямар ч тендер зарлалгүйгээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон нь тухайн үед эрх мэдэл бүхий зарим хүний нүдийг орой дээр нь гаргах шахсан юм.
Өөрөөр хэлбэл Чингис бондын мөнгөөр санхүүжигдэж байгаа төмөр замын эл ажлыг яагаад сонгон шалгаруулалтгүйгээр солонгосын компанид өгөх болов гэдэг асуудал гарсан гэсэн үг.
Бүр энгийнээр тайлбарлахад “Самсунг Си энд Ти” компани “Энержи ресурс”-тай гэрээг эцэслэн байгуулаагүй гэдэг нь албаны хүмүүсийн хоорондоо бичилцэж байсан И-мэйл захидлаас тодорхой харагдаж байсан тухай бид өмнө мэдээлж байсан.
Угтаа бол Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт”-ын 267 км замыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Солонгосын компанид өгчихсөн нь тодорхой болсон гэсэн үг.
Уг нь Тендерийн тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээ худалдан авахаар бол заавал сонгон шалгаруулалт зарлана гэсэн заалт бий. Гэтэл 480 сая ам.долларын өртөгтэй төмөр замын төсөл дээр эл хуулийг хэрэгжүүлээгүй нь нь харамсалтай.
Харин одоо дээрх төслийн ажлыг үлгэн салган арай ядан хоног өнгөрөөн гүйцэтгэж буй учраас энэ асуудал дахин сөхөгдөх болсон юм.
Бид өмнөх дугаартаа дээрх төслийн талаар тодорхой мэдээлж байсан учраас энэ удаа нуршихыг хүссэнгүй. Харин одоо дээрх төслийн ажлыг хэрхэн үргэлжүүлэх вэ гэдэгт “МТЗ”-ын удирдлагууд толгойгоо гашилгаж хаанаас, хэнээс мөнгө гуйхаа ч мэдэхгүй байгаа аж.
Тэгвэл тус газар яагаад өнөөдөр ингэж санхүүгийн хүнд байдалд оров гэдэг нь сонирхолтой.
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Шинэ төмөр зам” төслийн ажлыг улстөржүүлж хэн нэгнийг буруутгаж баримт нотолгоогүй ташаа мэдээллүүд олноор гарах боллоо гэж дурдьсан байх юм.
Харин бидэнд олдсон баримт нотолгоогоор бол Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ хэлэлцээр болон бусад зүйл дээр одоогийн “МТЗ”-ын орлогч дарга П.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй олон баримт байна.
Мэдээж өнөөдөр эрх шилжүүлэх гэрээгээр үзэглэн авсан “Тавантолгой-Гашуун сухайт”-ын төмөр зам барих ажил яалт ч үгүй П.Бат-Эрдэнэтэй холбоотой байдаг. Тэрбээр энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө тодорхой дурьдсан байдаг юм.
Тэрбээр Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” компани үргэлжлүүлэн ажиллана. Учир нь энэ компанийн “Энержи ресурс рэйл”-тэй байгуулсан гэрээний “МТЗ” шилжүүлэн авсан. Тиймээс “Тавантолгой-Гашуунсухайт”-ын замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” хэмээжээ.
Бүр тодруулбал П.Бат-Эрдэнэ МТЗ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.
Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл
1. Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар,
2. 1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар,
3. Хуулийн үйлчилгээнд 4.5 сая ам. доллар,
4. Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам. доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодорхой бус/
5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам. долларын гарын үсэг зурсан гэсэн үг.
Эндээс нэг зүйлийг ажиглахад шинэчилсэн Засгийн газраас хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан П.Бат-Эрдэнэ болоод байна гэсэн үг. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол хэл амтай орж ирсэн Чингис бондын 1.5 тэрбум ам. доллар дэргэд нь юу ч биш болоод байгаа нь гайхалтай.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “МТЗ”-ын удирдлагууд Солонгос улсыг зорьж дээрх төслийн ажлыг зогсоохгүйн тулд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Самсунг Си энд Ти” компаниас 100 сая ам.доллар зээлэхээр явсан тухай яриа ч гарсан байна.
Юутай ч төр төмөр замын эрхийг авах гэж улайрахдаа эцсийн шалгаруулалт хийсэн эсэхийг ч харгалзахгүйгээр Монголын ойрын ирээдүйн асар том бүтээн байгуулалт болох “Тавантолгой-Гашуунсухайт”-ын замыг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтгүй тодруулчихсан нь өнөөдрийн үүсэж буй нөхцөл байдал.
Эцэст нь хэлэхэд хэний ч мэдэхгүй “1980-аад оны залуу” гэх тодотголтой П.Бат-Эрдэнэ ийм их хэмжээний гэрээ хэлцэл хийсэн мөртлөө чухам яагаад гэнэтхэн “МТЗ”-ын захирлын суудлаа өгч орлогч болов гэдэг нь ч анхаарал татаж байна.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2014 12:14:11 pm )
Novsh Battulgiin tejeesen gulguudiig Mongol tueuus zailuulah heregtei bn.
-
зочин (June 20, 2014 4:29:41 pm )
Баттулга энд ямар ч хамаагүй. Ерөөсөө л бодлогоо хэрэгжүүлэх ажил хөл толгойгүй, эмх замбараагүй байгаатай холбоотой.
2 Comments