Яг ийм гаргалгаатай үйл явц өрнөөд байгааг “хөшигний цаадах” нөхцөл байдал харуулж байна. “Дамба-Очирын” зам гэж хэцүү зам өмнөх он жилүүдэд гацаа үүсгэж бараг л онц байдал зарлах шахаж байж ашиглалтад орж билээ. Харин түүний орыг залгамжлах мэт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани замын салбарт хаанчлал тогтоож ёстой л мөнгө хаана байна, тэнд үсчиж явдаг болсон. Эдүгээ асуудал үүсгээд олны анхаарлыг татаж буй Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Дуутын даваа, Мөрөн сумыг холбосон 50 км хатуу хучилттай авто замаас гадна Архангайн Тариат дахь Халзанбүргэдэй гэдэг газраас алдарт Солонготын давааны чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын ажилд оролцож үүнээс 12 км хайрган хучилттай, төмөр бетон хоолойг тавих 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Гэтэл 2013 оны гуравдугаар сарын 27-нд Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор уг замыг барихад шаардагдах хөрөнгийг бондын хөрөнгөөс буюу Хөгжлийн банкнаас санхүүжүүлж хүүг нь улсын төсвөөс төлж байхаар болов. Өнөөх “азтай” жагсаалтад багтчихсан гэсэн үг. Уг тогтоолд чухам хэдэн төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухай хэмжээг тавиагүй, он дамжсан дуусаагүй замыг гүйцэтгэх, шинээр барих замын нийт 18 ажлын жагсаалтад багтаан 570 тэрбум төгрөг хэмээн төсөвлөсөн байдаг.
Мөн Баян-Өлгий аймгийн нисэх буудалд онгоцны хөөрч, буух хатуу хучилттай зурвас , үерийн далан барих ажил, 2010-2011 онд Ухаахудаг, Гашуунсухайтын чиглэлийн зургаан багц зам барилгын ажил/тухайн үед төсөвлөснөөр 14.2 тэрбум төсөвт өртөг бүхий/ , түүнчлэн Оюутолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэлх 47.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий асфальт хучилттай зам барилгын ажил гээд үнэхээр “үнийн дүн томтой л бол өрмийг нь хамна” гэгч болж байсан. Энэ үед Б.Гарамгайбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга биш жирийн бизнесмэн байсан болохоор дээрх өрмийг хамахын тулд улс төрийн дэмжлэг, хамгаалалт үзүүлэгч томоохон хүч хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Харин Б.Гарамгайбаатарын “төрөлхийн” гэмээр сорчлогч сонголтын бай нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг байсан бололтой. Учир нь Н.Алтанхуяг тухайн үед буюу өмнөх Засгийн газарт Тэргүүн шадар сайдын алба хашиж байсан төдийгүй Ухаахудаг, Гашуунсухайт, Оюутолгой, Хөгжлийн банк энэ бүхэнд нөлөөлж чадах хамгийн нөлөө бүхий субъект байв. Гэтэл эдүгээ Ерөнхий сайд болчихсон байхад “алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр Б.Гарамгайбаатар яагаад хамтдаа “томрохгүй” гэж.
Дашрамд дурдахад нисэх буудлын зурвасын замыг барих, засах эсэх, түүнчлэн хүлээн авахдаа шаардлага хангасан эсэх дүгнэлтийг хийхэд нөлөө бүхий нэгэн байгууллага байдаг нь ИНЕГ аж. ИНЕГ-ыг эдүгээ “Ц.Даваасүрэн гишүүний мэдлийнх болчихоод байгаа” гэцгээх болсон. Иймд олон жил нисэх буудлын зурвас барих “ажил өгч”, хүлээн авах чанарын шалгалтад унахаар байсан ч түшээд авдаг байсан олон жилийн нууц түнш, ИНЕГ-ын Нисэх буудлын зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, аэродромын инженер А.Баасандагва гэгчийг тус газрын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга М.Цогтгэрэлийн оронд томилуулахаар Ц.Даваасүрэн гишүүнд тал засах болсон гэлцэнэ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга хоёрын найраа хэр амжилтад хүрэхийг таашгүй.
Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хүссэн замын тендерээ авч Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлж, дутуу баривал төсвийн хөрөнгөөр дахин засуулах зэргээр намын дарга, Ерөнхий сайддаа эрхлэх нь хэрээс хэтэрчээ. Хэн нь хэндээ барьцаалагдсан эсэх нь хэнд ч үл харагдах боловч АТГ шалгах ёстой нь илт харагдаж буйг сануулъя.
С.Чулуун
Эх сурвалж:Uls.mn
Холбоотой мэдээ
-
зочин (June 11, 2014 10:01:53 pm )
Лүн сант хоорондын замыг цоорхой болтол нь танаж байгаад эрх мэдэлд хүрсэн юм болохоор ашигтай шийдлийн эзэн байлгүй яаахав дээ. Баруун чиглэлд ойрхон шиг томилолт өгөөд тоносон замаар нь өөрийг нь явуулмаар байна
1 Comment