Удаан жилийн туршлагатай байхад яагаад ажлаас чөлөөлж байгаа юм бэ” гэж хэл ам хийж явдаг. Бид тэдгээр хүмүүст өөрсдийнх нь сул талыг хэлж өгөөд ч ойлгохгүй байна шүү дээ
Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, хамгийн ашигтай “саалийн үнээ”-нүүдийн нэг “МИАТ”-ийг тойрсон хэл ам сүүлийн хэдэн жил тасрахаа байсан. Учир нь тус газарт ах дүү, амраг садан, нутаг нугаараа ялгарсан 70-аад хүний бүлэглэл байдаг юм билээ.
Тиймээс л эл газарт шинээр томилогдсон баг орж ажиллахад хэцүү байдаг билээ. Учир нь эрх мэдэлтнүүд энэ их саалийн үнээ болсон газрыг ашиг хонжоо мэтээр харж, зөвхөн өөрсдөд нь хэрэг болох хүмүүсийг том албан тушаалд томилдог нь нууц биш.
Энэ талаар албаныхан хэлэхдээ өмнөх дарга нарын үед тийм зүйл байсан. Одоо бол байхгүй гэж хэлдэг ч начир дээрээ хуучин дарга нарын захиасны хүмүүс гайгүй гэсэн албан тушаалуудад аль хэдийнэ шургалаад амжсаныг хүн бүр л мэднэ. “МИАТ”-ийн гадаадад суугаа төлөөлөгч нэртэй улстөрч, сайд дарга нарын ах дүү, хамаатан садан, нууц амраг гэхчлэн шахааны хүмүүс тус компанид зах зээлийн үнээс хэд дахин өндөр өртгөөр бараа нийлүүлдэг, ажилд томилогддог байсныг саяхан илчилсэн.
Тиймээс бид “МИАТ”-ийн төлөөлөгчийн газар аль улсуудад байдаг, хэчнээн орон тооны ямар хүмүүс ажиллаж, цалин хөлс авдаг талаар сонирхсон юм. Тодруулбал тус газрын төлөөлөгчийн газар Хятад, Япон, Герман, Солонгос, Орос, Хонконгод байдаг. Мэдээж дээрх улс орнуудад голдуу “МИАТ”-ийн дарга нарын ах дүү амраг садан болон яамны сайд дарга нарын татаасны хүмүүс ажиллаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өмнөх дарга нарын томилсон хүмүүс ажиллаж байгаа нь үнэн
Энэ тухай “МИАТ”-ийн захирал Г.Жаргалсайхан “Намайг ажил авахад төлөөлөгчийн газарт дандаа шахааны хүмүүс ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ одоо шахааны гэх нэр томьёотой хүмүүс байхгүй болсон. Тухайлбал дээрх зургаан улсад ажиллаж байсан хүмүүс ямар ч хэрэггүй орон тоон дээр цалин авч байсан. Ингээд бид 13 хүнийг цомхотгож төсвөө хэмнэсэн. Нэг улсад гуравхан хүн ажиллахад хангалттай байдаг.
Гэтэл өмнөх дарга нарын үед долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх улсуудад ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа орон тоо гэвэл Ерөнхий төлөөлөгч, билет бичигч. Харин өмнө нь оффис менежер, борлуулалтын менежер гээд ямар ч хэрэггүй орон тоо байсныг нь цомхотгосон. Ер нь манай байгууллагыг тойрсон хэл ам байнга л гардаг. Би “Хүн ажлаа хийж чадаж байвал ажиллуулах хэрэгтэй” гэдэг ганцхан зарчим барьж ажилладаг. Түүнээс “энэ миний таньдаг хүн. Чамайг ажилд ёстой авахгүй гэж хэлж болохгүй биз дээ”.
Тэгээд миний танил болж төрснөөрөө тухайн хүн хохирох ёстой юу. Бид гадаад дахь төлөөлөгчийн газартаа аль болох мэдлэг боловсролтой, залуу боловсон хүчнүүдийг ажиллуулахыг зорьж байгаа. Төлөөлөгчийн газар ажиллах хүмүүс хамгийн эхэнд тухайн орны хэл, соёлыг эзэмшсэн байх ёстой.
Бид ийм л хүмүүсээ сонгон шалгаруулж явна. Тэгээд өмнөх дарга нарын алдааг дахин давтахгүйг хичээж ажиллах нь ойлгомжтой. Зарим хүн их сонин байдаг юм. “Би удаан жилийн туршлагатай байхад яагаад ажлаас чөлөөлж байгаа юм бэ” гэж хэл ам хийж явдаг. Бид тэдгээр хүмүүст өөрсдийнх нь сул талыг хэлж өгөөд ч ойлгохгүй байна шүү дээ.
Яах вэ зарим улс оронд өмнөх дарга нарын томилж байсан хүмүүс байгаа. Тэд хамгийн гол нь ажлаа хийж чаддаг учраас тэндээ үлдсэн. Ер нь төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгийг манайхтай харьцуулахын аргагүй шүү дээ.
Тухайн улс орны амьжиргааны түвшинд нь тохируулж бид цалин олгодог. Өмнө нь тэдний орон байрны асуудлыг нь шийддэг байсан. Одоо тэд өөрсдөө авсан цалингаараа бүх амжиргаагаа зохицуулж байгаа учраас цалин мөнгө нь хүрэлцэхгүй байх асуудал ч гарч байгаа. Гэхдээ удахгүй дээрх гурван хүний орон тоог нэг болгоё гэж ярилцаж байгаа” гэлээ. Хэдийгээр өнөөдөр “МИАТ” ХК-ийн захирал өөрчлөгдөж зарим томилгоог хийсэн гэж ярьж байгаа боловч нөгөө хэдэн сайд, дарга нарын хүмүүсийг чөлөөлж чадаагүй нь гайхалтай.
“МИАТ” компани сүүлийн дөрвөн жилд 4.6 тэрбумын алдагдалтай ажилласан
Сүүлийн дөрвөн жилд хамгийн их алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг “МИАТ” тэргүүлж байгааг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ч гэрчилж байгаа. Товчхондоо компанийнх нь алдагдал хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж, дарга нарынх нь орлого мөн адил тэрбумаар тоологдох болсныг “МИАТ”-ийг удирдаж байсан экс дарга нарынх нь хэргээс харж болно.
Тиймээс тус компани сүүлийн дөрвөн жилд 4.6 тэрбумын алдагдалтай ажилласан гэсэн үг. Энэ нь дээрх бааахан үргүй ашиггүй зардлууд орж байгаа юм.
Хэдийгээр энэ бүхнийг салбарын сайд А.Гансүх хяналт тавьж чөлөөлсөн албан хаагчдын орон тоог шаардлагагүй гэж үзэж халаа, сэлгээ хийсэн ч хуучин бууны хугархайнууд ямар нэгэн аргаар үлдэж чадсан байгаа юм. Тиймээс үе үеийн “МИАТ”-ийн дарга болон сайд нарын хүмүүсийг Монголд яаралтай татан авч ирэх шаардлагатай гэдгийг тус газрын зарим ажилчин ч хэлж байсныг онцлох хэрэгтэй байх. Хатуухан хэлэхэд дүүгээ, ахыгаа, эхнэр, хүүхдээ зөөлөн суудалтай албанд томилуулчихаад ичих ч үгүй яваа УИХ-ын гишүүд, сайд нар юу болоогүй мэт хууль дүрэм ярьсан шигээ явж байгаа нь ичгэвтэр юм.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
123 (May 01, 2014 10:53:25 am )
Yalzarsan gazar, tsoo shine bolovson huchin beltgeed zailuulah heregtei sh de.
-
Дорж (May 01, 2014 6:19:41 pm )
Нэрээр нь бичиж чадахгүй юм бол битгий ийм дэмий юм бичиж бай. Аль улсад хэний хүн ажил албаа залгуулж чадахгүй байгаа юм. Хийж чадаж байгаа бол хийж л байг л дээ. Оронд нь явах гэсэн хүмүүсийн явуулга бол хэцүү л байна.
2 Comments