antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2014 Comments are off

Ажил олгогч насны хязгаар заахыг хуулиар хориглодог

нийтлэсэн Admin

ajil olgogchid0306Тогтвор суурьшилтай аж­лын байр гэдэг өнөө үед нийгмийн нэгэн чу­хал үзүүлэлт болсон. Хэрвээ ямар нэг байдлаар ажил­лаж байсан газар нь татан буугдах, орон тооны цом­хотгол хийгдэх зэрэг олон шалтгаанаар ажилгүй бол­сон хүмүүст өөр ажил олно гэдэг хүндхэн давааны нэг. Тэр дундаа дунд эр­гэм насны буюу 40-өөс дээш насныханд хамгийн тул­гамдсан асуу­дал.

Хэдийгээр ажлын бү­тээмж өндөр, хийж бүтээх эрмэлзлэлтэй ч ажил олгогч­дын зүгээс нас заадаг нь тэдний өмнө хана үүсгэдэг. Тиймээс Хөдөлмөрийн яам­­­наас тэднийг дэмжих то­дорхой хөтөлбөрийг бо­ловс­руулжээ. Энэ нь Ши­нэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хө­төлбөрт багтсан бөгөөд 40-өөс дээш насныхныг аж­­лын байраар хангахад чиглэгдсэн юм. Энэ хөтөлбөрийн нээлт өчигдөр болсон бөгөөд гүй­цэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон Хөдөлмөр эрхлэлтийн үйл­чилгээний төвийн захирал С.Чойноров нар оролцож үг хэллээ. Мөн дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд бо­лон хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 40-өөс дээш насны 700 гаруй иргэн оролцов.

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг уг нээлтийн үеэр “40-өөс дээш насны ажил хийе, тодорхой орлоготой болъё гэсэн хүмүүсийг дэмжих үүднээс тусгай хөтөлбөрийг эх­лүүлж байна. Албан ёсны тэтгэврийн насанд хүрээгүй, ажил хийх хүсэлтэй 12 мянган иргэн байна. Түүний 3500 нь нийслэлд байна. Гэхдээ тэр 12 мянгыг бүгдийг нь ажилтай болгож чадахгүй. Харин тэдний яг хийе, бүтээе гэсэн хүсэлтэйд нь тусална” гэдгийг хэлсэн.

Тэрбээр үргэлжлүүлэн “Та энэ ажлыг хийж чадах уу гэсэн асуултыг тавьж, чадах ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Харин үүнийх нь төлөө урамшуулал өгнө. Энэ бол цалин биш. Хэрвээ ца­лин болчихвол хуулийн хү­рээнд олон асуудал шийдэх хэрэг гарч, чирэгдэл үүснэ. Одоо зүгээр сууж байгаад мөнгө авна гэдэг зүйл байх­гүй. Ядаж гэрээсээ гарч, гэрийнхээ ойролцоо байгаа сургуулийн хүүхдүүдэд зам гарахад нь туслах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “Манайхан гар урлал их сайн хийдэг. Гэр бүлээрээ эсвэл хэд хэдээрээ нийлээд эсгий уг­лааш гэх мэт сайн бү­тээгдэхүүн хийж байна. Гэхдээ түүнийгээ борлуулах тал дээр асуудалтай байдаг гэдгийг надад олон хүн хэлсэн.

Тиймээс Засгийн газрын зүгээс энэ тал дээр анхаарал хандуулахаар болж байна. Түүнээс гадна 40-өөс дээш насны хүмүүсийг ажиллуулж байгаа бай­гуул­лагад урамшуулал ол­гоно, мөн тэд мэргэжил дээшлүүлэх эсвэл шинэ зүйл сурахыг хүсч байвал нэг сарын турш дадлага да­вам­гайлсан байдлаар буюу тухайн ажлын талбар дээр нь ажиллуулж сургах бо­ломж бий” гэдгийг хэлж байсан юм.

Харин 40-өөс дээш насны ир­гэдийн хандлагын тухайд Хөдөлмөр эрхлэлтийн үйл­чилгээний төвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих хөтөлбөр” болон бу­сад хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих арга хэмжээний төсөл, хөтөлбөрийн талаар зөв­лөгөө, мэдээлэл өгч байлаа.

Түүнчлэн энэ цаг мө­чид хөтөлбөрийн нээлт орон даяар нэг өдөр, нэг цагт эхэлсэн гэдгийг хэллээ. Хүрэлцэн ирсэн иргэдийн ихэнх нь өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байсан. Тухайлбал Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Бижамила “Би нисэх буудалд үйлчлэгч хийж байгаад гарчихсан. Тиймээс Хөдөлмөрийн хэл­тэст бүртгүүлсэн. Ер нь өмнө нь хийж байсан болохоор үйлчлэгчийн ажилд орох хүсэлтэй байгаа. Хэрвээ боломж олдвол тогоочийн мэргэжил эзэмшихийг хүс­дэг” гэж байв.

Иргэд хүнсний ногоо тариалах, эргүүл хийх зэрэг ажил хийх боломжтой

Өнгөрөгч онд энэ хө­төл­бөрт нийт 4304 иргэн хамрагдсанаас 2250 иргэн байн­гын ажлын байртай болж, 639 иргэний орлого нэ­мэгдэж, үүнийхээ хэрээр тэд­ний амьдрал ахуй дээ­шилсэн гэсэн сайхан мэдээг хөдөлмөрийн хэлтсийнхэн хэлж байсан. Харин хэрхэн бүртгүүлэх тухайд харьяа дүүрэг, орон нутгийн хө­дөл­мөрийн хэлтэст хан­дах боломжтой гэдгийг дурьдлаа.

Ингэснээр тэдэнд төмс, хүнсний ногоо, жимс, жимс­гэнэ тариалах, иргэдийн эр­гүүл, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, осол гэмтлээс сэргийлэхэд бүлгээр ажил­луулах болон ерөнхий боловсролын сургуулийн ор­­чимд явган хүний гарц зо­хи­­цуулах гэсэн үндсэн чиг­­лэлүүдийн ажлыг санал болгож байгаа юм.

Эхний хэсэг буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах хэ­сэгт иргэдийг бүлгийн зо­хион байгуулалтад оруулж, хүнс­­ний ногоо та­риа­­лах ар­га барилд сургах, ху­раа­­сан ургацаа бор­луулж ор­лого олох, амьжир­­гаан­даа хэрэглэх болом­жийг ол­гох аж. Энэ арга хэм­жээ нийс­лэлийн есөн дүү­рэгт хэрэгжих бө­гөөд хам­раг­дахыг хүссэн ир­гэд биз­­нес төлөвлөгөө боловс­­руу­лан нийс­лэлийн Хөдөл­мө­рийн га­зарт хандах ёстой юм байна.

Иргэдийн эргүүл, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, осол гэмтлээс сэргийлэхэд бүлгээр ажиллуулах арга хэм­жээ хэсэгт нийтийн эрх ашиг, байгаль орчныг хам­гаалах чиглэлээр ажил, хөдөлмөр эрхэлдэггүй 40-өөс дээш насны иргэдийг ажиллуулж, түр ажлын байр бий болгох, мөн иргэдийг тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болгоход энэ арга хэмжээ чиглэгджээ.

Үүний тулд та оршин суугаа орчиндоо иргэний эргүүл хийж, иргэдийг осол эндэгдлээс сэргийлэх болон хог хаягдалгүй байлгахад санаа тавих ёстой. Мөн Бэлчээр хадлангийн бүс нут­гийн нэг га-гаас доошгүй талбайд харуул хийх, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг хийнэ. Түүнч­­­лэн амьдарч байгаа газрын­хаа сургуулийн бага ан­гийн сурагч­дыг зохион байгуу­лалт­тайгаар сургуульд нь хүргэж өгөх, авах үйлчилгээ хийх боломжтой.

Харин сүүлийн арга хэмжээ нь ЕБС-ийн орчимд байгаа автозамын явган хүний гарцаар хүүхэд, багачуудыг аюулгүй нэвт­­рүүлэхэд зориулан хөдөл­гөөний зохицуулалт хийх замаар ажил, хөдөлмөр эр­хэлдэггүй 40-өөс дээш насны иргэдийг түр ажлын байраар хангах ажил хийх юм.

Түүнчлэн уг арга хэм­жээнд хамрагдсан иргэд нэг явган хүний гарц дээр 1-3 иргэний бүлэг ажиллах бөгөөд бүлэг баг тус бүрийг сарын 200 мянган төгрөгөөр урамшуулах юм. Харин бүлгийг ажиллуулах хугацаа жилд найман сараас ихгүй байх аж.

Д.Баттогтох: Хуулийн хүрээнд ажил олгогч насны хязгаар заахыг хориглодог

Энэ талаар Хөдөлмөрийн яамны ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Д.Баттогтохтой ярилцлаа.

-Ажлын байр нэмэг­дүүлэх тэр дундаа 40-өөс дээш насныханд ажил олгох үүднээс ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Бид өнгөрсөн жил най­ман хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлсэн. Үүний хү­рээнд 74 мянган иргэн, аж ахуй нэгжийг хамруулж, 7400 ажлын байр бий болгосон. Мөн хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем гээчийг нэвтрүүлж ажил олгогч, ажил хайгч хоёр онлайн уулзалт хийх боломж бүрдүүлсэн. Нөгөө­тэйгүүр ажиллах хүчний мэдээлэл авдаг цогц систем нэвтрүүлсэн. Энэ жилийн хувьд хууль, эрх зүйн хү­рээнд нэлээн том шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого алга.

Тэгэхээр хөдөлмөр эрх­лэлтийг 2025 он хүртэл хөг­жүүлэх бодлого боловс­руулаад, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн хууль, Ажиллах хүчний хууль, Мэргэжлийн боловс­ролын хууль болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй бай­гаа. Энэ нь эргээд хөдөл­мөр эрхлэлтийн орчинг сайж­руулахад эерэг үр дүн өгнө гэж үзсэн. Энэ жил Шинэчлэлийн Засгийн газ­рын 2012-2016 он хэрэг­жүүлэх хөтөлбөр, тэр дун­даа хөдөлмөр эрхлэлтийг нэ­мэгдүүлэх тодорхой зо­рилтуудыг тавьсан.

Үүний хүрээнд 40-өөс дээш насныхан, залуучууд болон ахмадуудын хө­дөлмөр эрхлэлтэд анхаар­на. Энэ бодлогын хүрээнд бид тусгайлсан хөтөлбөр гар­гасан. Өнөөдөр нийслэлийн 40-өөс дээш насныхныг хам­руулсан уулзалт хийж байна.

-Байгууллагуудтай хэр­хэн хамтарч ажиллаж бай­гаа вэ. Тэд 40-өөс дээш насныхныг ажилд авах тал дээр ямар байр суурьтай байна?
-Манай яаманд хөдөл­мөрийн харилцааны бод­логын хэрэгжилтийн га­зар гэж байдаг. Тэнд ха­рил­цааны тал дээр нэлээн ан­­хаар­даг. Тухайлбал ажил олгогч, үйлдвэрчний эвлэл болон яам гэсэн гурван талт хэлэлцээрийг хийж байна. Энэ бол ганцхан яамны ха­риуцах ажил биш. Тэгэхээр мэдээж хөдөлмөрийн хуульд өөрчлөлт орохоор энэ бүхэнд зохицуулалт хийгдэнэ.

-Ер нь ажил олгогчид нас заадаг нь хуульд хэр нийцэх вэ?
-Хуулийн хүрээнд ажил олгогч нь насны хязгаар заахыг хориглодог. Гэхдээ аж ахуй нэгжүүд тухайн аж­лын байранд тавигдах шаардлага гэдэгт нас заасан байдаг.

-Тэтгэвэртээ гарчихсан ахмуудын хувьд?
-Тэр тогтолцоонд оруу­лахын тулд өнөөдөр ахмад настныг дэмжих хөтөлбөр гаргаж байна. Үүнд мэргэжилтэй, ур чадвартай мөрт­лөө тэтгэвэрт гарчихсан ах­мадуудаар зөвлөгөө өгүүлж, да­раагын үеийг бэл­дэх ажлыг бас хийнэ.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car