antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2014 4 comments

Уух усгүй болбол Б.Наранхүүгээс нэхье

нийтлэсэн Admin
-Баянмонгол, Кристал таун зэрэг хорооллуудын дор нийт 11 гүний худаг дарагджээ-

Нийслэлчүүд бидэнд ус уух хувь дутжээ. Хэ­дэн зууны дараа то­хиох аюулын тухай энд сүржиг­нэ­сэн­гүй. 5-10-хан жилийн дараа би­дэн­тэй нүүр тулах эрсдлийн ту­хай би­чиж байна. Хоногтоо 170 мян­ган м/куб усыг эх үүсвэрээс авч төв­лөрсөн сүлжээгээр дам­жуулан хэрэглэдэг нийслэлчүүд бид ин­гэхэд яагаад уух усгүй болоход хү­рэв. 1.5 тэрбум хүнээ урд хөрш уух усаар дутаасангүй, цангаасангүй, хэ­рэгцээг нь хан­­гасаар ирсэн. Цаа­шид ч хан­га­саар байх бол­но. Гэтэл ав­ли­­гачдын балгаар нийс­лэлийн 1.2 сая иргэн уух усгүй бо­лох дээ­­рээ тул­жээ. Мэдээж али­ваа асуу­далд буруутан бий. Ха­рин бид­ний ундны уснаас хулгайлж, хум­­сал­сан хүмүүс хэн бэ. Тий­мээс ч бид энэ асуудлыг  хөндөн сур­валжилсан юм.

Ундны усны хамгаалалтын газар сүндэрлэсэн хорооллуудыг хэрхэх вэ

Бидний хамгийн эхэнд очсон газар бол УСУГ. Эндээс л бид тодорхой  мэдээлэл авах учиртай. Яагаад гэвэл хотын аль хэсгээр цэвэр усны шугам дээр барилга баригдсан байдгийг эндээс лавлана. Гэвч ямар нэгэн тодорхой мэдээлэл эндээс авч чадсангүй. Хэвлэлийн ажилтан гэх эмэгтэй энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөхийг хүсээгүй бөгөөд “Шугам сүлжээний зургийг хараад та нар уншиж чадахгүй. Тиймээс нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас наад асуудлаа тодруул. Тэгээд ч одоогийн байдлаар яг ундны усны шугам дээр баригдсан зөрчилтэй барилга, байшин, объект байхгүй” гэлээ. Ингээд эндээс гарч нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг зорилоо. Энд бид Усан хангамж, ариутгах татуургын инженер Д.Оюунжаргалтай уулзсан боловч мөн л тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэлээ.

Учир нь УСУГ-аас ирүүлсэн мэдээллийг задруулах эрх байхгүй гэнэ. Харин эндээс хотын төвлөрсөн цэвэр усны шугам 350 км, гэр хорооллынх 172 км үргэлжилдэг тухай мэдэж авлаа. Түүнчлэн бохир усны шугам 151.7 км үргэлжилдэг бөгөөд цэвэр усны  дөрвөн эх үүсвэртэй аж. Мөн бид эндээс хотын цэвэр, бохир усны шугамын инженерийн зургийг авсан юм. Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Харин Зайсан толгойн бэл, Туулын хөвөө эдүгээ баян, тансагчуудын бүс болсон билээ. Бүс хэмээн тодотгосны учир Зайсанд амьдардаг бол чинээлэг хүн гэх тодотгол нэгэнт бий болсон нь нууц биш. Зайсангийн бэл, Туулын хөвөөнд борчууд амьдрах ёсгүй хэмээн хөөж, туун тэнд дайн, дажин дэгдэж байсан нь саяхных. Туул голын хөвөө дагаж сүндэрлэсэн барилга, байшин, объектууд ямар нэгэн байдлаар бохирдуулж, хаврын хаварт тасрахад хүргэсэн нь үнэн. Тэгвэл хэн гэгч этгээд нийслэлчүүдийн амин чухал судсыг атгаж, газрын наймааг дэлгэрүүлэв. “Улаан хацарт” буюу Ц.Батбаярыг хотын даргаар ажиллаж байх үед газрын наймаа “цэцэглэсэн” гэгддэг. Гэвч үнэндээ үе үеийн хотын дарга нарын үед энэ асуудал байсаар ирсэн. Тэдний гар хөл бологсод нь албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгөний өмнө бөхийсөн байдаг.  Гүний цэнгэг усны худаг байдаг, ундны усны хамгаалалтын бүсэд барилга сүндэрлүүлсэн компаниудад тэд зөвшөөрөл олгосон.

Тодруулбал,  “Дүнжингарав”, “Баянмонгол”, “Кристал таун”, “Сүмбэр орд”, “Их Монгол”, “Олимп” гээд олон хорооллууд ундны усны хамгаалалтын газар сүндэрлэж байна. Учир нь  УИХ-ын гишүүн Б.Наранхүү Туул голын ундны усны хамгаалалтын бүст 30 газар хууль зөрчин эзэмшсэн байдаг. Эдгээр барилгуудын доор дор хаяж 11 гүний худаг орсон тухай албаны эх сурвалж мэдээлж байсан. Б.Наранхүү гишүүний 30 га газрын наймааны салхийг хагалж шаваа тавьсан хамгийн эхний хороолол бол “Баянмонгол”. “Их үйлсийн эрэлд” компанийн барьж ашиглалтад оруулсан хорооллын дор лав нэг, ташраараа гурван гүний худаг орсон тухай анх хувь хүн мэдээлсэн байдаг. Энэ талаар “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ноос өнгөрсөн онд олон нийтэд дэлгэж байв. Тэд удаа дараа нотлох баримтуудыг дэлгэхдээ дараах зүйлсийг онцолсон байдаг. Тодруулбал, газар нутгийн байршлын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Баянзүрх дүүргийн  14 дүгээр хороо.

Энэ байршлийн газрыг компаниудад газар зарсан этгээд нь  “Мон-Уран” компани. Тухайн үеийн компанийн захирал нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү юм. Б.Наранхүү гишүүн БЗД-ийн 14 дүгээр хороонд, өнөөгийн хотын хамгийн үнэтэй газраар тооцогдоод байгаа 30 га газрыг авах цаг хугацаанд хотын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Аливаа газрын захирамж  Улаанбаатар хотын захирагчийн мэдлээр гардаг гэдгээс үүдвэл одоогийн УИХ-ын гишүүн М. Энхболд ундны усны эх үүсвэрийг “бузарлаж”, улаанбаатарчуудад хохирол учруулах эхлэлийг тавьжээ. Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын захирамжийн тоотыг дурьдвал 2000 оны А/282. Газрыг нь М.Энхболд эрхэм өгсөн бол, газар дээрх гүний худгуудыг зайлуулах эрхийг тухайн үеийн НИХТ-ын дарга Н.Болормаа өгсөн байдаг. Захирамжийнх нь тоот 104, 2007 оны тавдугаар сард гарсан. Нэр нь ундны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авах тухай тогтоол. Энгийнээр хэлэхэд, энэ тогтоол нь цэвэр усны эх үүсвэр болсон газарт барилга бариулахыг зөвшөөрсөн тогтоол гэж болно. Тогтоолоор Нийслэлийн цэвэр усны эх үүсвэрийн 36, 37, 38, 43, 44, 45 дугаар худгуудыг нүүлгэн шилжүүлэхээр заасан нь хамгаалах арга хэмжээ бус харин сүйтгэх ажил болсныг өнөөдөр газар дээр нь баригдаж байгаа барилгууд гэрчилнэ.

Н.Болормаагийн гаргасан тогтоолыг цэвэр луйвар гэж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд дурьдаж байсныг санаж байгаа биз ээ. Учир нь Монгол Улсад нийт хэчнээн шоо метр гүний ус байдаг гэсэн нэгдсэн судалгаа байдаггүй. Хэзээ дуусахыг нь мэдэхгүй байж, байгаа гүний худгаа хааж, бохирдуулж, сүйтгэж байгаа нь тэнэгийн дотор уужуугийн үлгэртэй дүйнэ. Харамсалтай нь байгаль орчны төлөөх  тэдний тэмцэл шүүх дээр очоод замхарсан гэдэг. Албан тушаалаа урвуулан ашиглаж, хэн хэчнээн төгрөгийн хохирол улсад учруулсан нь зах, зухаасаа илчлэгдэж байгаа. Төрийн албыг хэрхэн урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө хувьдаа завшиж болдог тухай үлгэр МИАТ-аас эхлээд ҮТЕГ хүртэл үргэлжилнэ. Тэд төрийн халааснаас их хэмжээний мөнгө хумсалсан гэмт хэрэгтнүүд. Харин УИХ-ын гишүүн Д.Наранхүү тэргүүтэй эрхмүүд бидний ирээдүйгээс, амьд явах баталгаанаас, үр хүүхдийн минь хувь заяанаас хумсалсан асуудлыг хөндөж байна.

Баримт нотолгоогүй, хэн нэгний нэр төрд санаатайгаар халдаж, шантаажилж байгаа хэрэг огт биш. Хэзээ мөдгүй нийслэлчүүд бидэнтэй нүүр тулах гай тотгорын тухай ярьж байгаа хэрэг. Ер нь авлига хээл хахуулийн аргаар хэдэн худаг хааж, дарж, байшин барьсан нь нууцлагдмал. Ганц Баянзүрх дүүргийн  14 дүгээр хорооны ус хамгаалалтын бүсэд 11 худаг дарагдсан байж. Тэгвэл замынхаа баруун талд баригдсан “Рапид харш” хороолол, “Япон” хороолол, энэ хорооллуудын өмнөх талбайд ч гэсэн гүний худаг байсан. Дээрх хорооллууд сүндэрлэхдээ гүний худгуудыг мэдээж хаасан л байж таарна. Ер нь дүүрэг дүүргээр нь аваад үзвэл яг хэчнээн барилга, байшин та бидний ундны эх үүсвэр дээр сүндэрлэсэн нь бүхний өмнө ил тод болно. Харамсалтай нь энэ бүхнийг дэлгэхийг хэн ч хүсэхгүй байна. Нэгэнт баригдчихсан барилга гээд нүдээ аниад өнгөрч болохгүй дэндүү том асуудал. Цаана нь улаанбаатарчуудын ус уур хувь яригдаж байгаа болохоор тэр.

Гэр хороололтойгоо үлдэх үү

Улаанбаатар хотын хувьд дөрвөн эх үүсвэртэй. Нийслэлийн усан хангамжийг төвийн эх үүсвэрийн “А”, үйлдвэрийн районы эх үүсвэр буюу “Б”, мах комбинатын “В”, дэд эх үүсвэр “Г” станц хэмээн хуваадаг. Үндсэндээ Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Мөн энэ уснаасаа бид зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийн усны хэрэгцээг хангадаг. Зарим гэр хорооллын дунд ганц нэг гүний худаг байдаг. Эдгээр гүний худаг нь төвлөрсөн шугам сүлжээгээр явахгүй байгаагаас бохирдох магадлал өндөр байгааг хэлэх хэрэгтэй. Туул голыг дагаад Яармагийн гүүр хүртэл жижигхэн цагаан байшингууд байдаг.

Тэгвэл энэ нь  хотын ундны усны эх үүсвэрүүд ажээ. Харин дээрх хорооллууд та бидний ундны усыг хэрхэн бохирдуулж байгаа тухай аудитын газрын дүгнэлтэд тодорхой бичсэн байдаг. Тодруулбал, аудитын газрын дүгнэлтэд  “…Дээрх компаниудын барилга нь 37 дугаар худгаас 50-70 метрийн зайд ойрхон байгаа нь Усны тухай хуулийн 22.32 дахь заалтыг зөрчиж, ахуйн болон барилгын хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэж гүний худагт нөлөөлөх магадлалтай байна” гэж бичжээ. Дээр нь УСУГ-ын 37, 38 дугаар худгуудаас цэвэр усыг олборлон хэрэглэгчдэд түгээсээр байгаа нь эрсдэлтэй байна. Тухайлбал, УСУГ-ын 37 дугаар худагт хийсэн Усны төв лабораторийн бактериологийн 2013.06.03-ны шинжилгээний дүнгээр нэг мл усан дахь нийт нянгийн тоо 100 байтал үүнээс хэд дахин их гарчээ. Энэ мэтчилэн дүгнэлтүүдээс үндэслэж нийслэлчүүд бидний уудаг ус бохирджээ гэж хэлээд байгаа юм. Хоногт бүрэн цэвэрлэгдээгүй 170 мянган м/куб усыг бид Туул гол руу хаядаг байна. Зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай энэ байгууламж руу үйлдвэрийн асар их бохирдолтой усыг оруулж байгаагаас болоод ачааллаа дийлэхээ больжээ. Уг нь 100 хувь цэвэрлэх ёстой бохирдлоо 88-93 хувьтай  цэвэрлээд тэр чигээр нь Туулд хаяж байна гэсэн үг.

Зүй нь үйлдвэрүүдийн дэргэд цэвэрлэх байгууламжууд байх ёстой. Ингээд үйлдвэрийн дамжлагаар цэвэрлэгдээд ирсэн бохирдлыг төв цэвэрлэх байгууламж маань дахин цэвэрлээд хаях ёстой юм. Гэтэл тийм дамжлага байхгүйгээс Туул гол маань цэвэр цэнгэг байж чадахгүй байна. Туул гол  Лүн, Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүй байгаа. Хатан туул гэж нэрлэгддэг Туул гол өнөөдөр хамгийн “өндөр бохирдолттой гол” гэсэн нэр хаяг зүүчихсэн явж байна. Түүнчлэн удахгүй Монгол Улс олон улсын шүүхэд дуудагдаж мэдэх талаар судлаачид сануулжээ. Учир нь энэ их бохирдолттой голууд шууд Дэлхийн цэнгэг усны нөөц болох Байгаль далайд цутгаж байгаа. Тиймээс бид одооноос гол усныхаа бохирдолтод анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авахгүй бол зөвхөн өөрсдийн ундны усны нөөцийн талаар биш хүн төрөлхтний усны нөөцийг үгүй хийх аюул ойрхон байгаа аж.  Үүнээс гадна Улаанбаатар хотын нөөц тодорхойгүй.  Нийт нөөц бол 230 мянган м/куб гэж 1977 онд орос ах нар тогтоож өгсөн байдаг.

Үүний дараа Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлаар Жайка бас судалгаа хийжээ.  Гэхдээ бас л нэг 230 мянган м/куб орчимд байна л гэсэн тойм зүйл гаргасан байна. Харамсалтай нь судалгааг  1977 оноос хойш олон жил хэрэглэсэн. Гэвч нийслэлийн хүн ам өсч байна. Тэр хэрээрээ хэрэглээ асар их нэмэгдэж байгаа. Хотын хэрэгцээг 1 сая 200 мянган хүнээр бодоод тооцоход 328 мянган м/куб болж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр өдөрт 170 мянган м/куб усыг ундны усны эх үүсвэрээс авч төвлөрсөн сүлжээгээр дамжуулан хэрэглэж байна гэсэн үг.  Өдөрт хэрэглэж байгаа 170 мянган м/куб ус, байгаа нөөц 230 мянган м/куб хоёрын хооронд 50 мянган м/куб ус байгаа юм шиг харагдаж байгаа боловч хаана ямар айл хашаандаа худагтай байгааг тооцоолж гаргасан судалгаа байхгүй нь харамсалтай. Өнөөдөр нийслэлчүүд ундны усны нөөцгүй болчихоод байна. Эрдэмтдийн  судалгаагаар бол 2025 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болно гэжээ.  Гэвч барилга, байшин нэмэгдсээр байна.

Мөн гэр хорооллыг барилгажуулснаар  усны хэрэглээ асар их нэмэгдэнэ. Тэр их усны хэрэглээг хангах нөөц Туул голын сав газарт байхгүйг судлаачид сануулж байна. Эндээс 150 км газарт байгаа Хэрлэнгийн голоос ус татаж болох аж. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгоход хэдэн арван тэрбум ам.доллар шаардагдах нь мэдээж. Өнөө маргаашгүй шийдчих ажил биш нь мэдээж.  Бид алт, зэс зэрэг байгалийн баялаггүй бол амьдарч болно. Гоё ганган байшин барилга машин техникгүй амьдрал үргэлжилнэ.  Харин усгүй бол хүн төрөлхтөн та, бид 1-2 хоногоос илүү амьд явж чадахгүй. Хүний биеийн хувийн жингийн 70-80 хувийг ус бүрдүүлдэг. Энэ усаа бага зэрэг л алдах юм бол үндсэндээ амьд явах эрхээ алдаж байна л гэсэн үг. Тийм учраас энэ бол хүний амьд явах эрхтэй холбоотой амин чухал асуудлын нэг. Ус өөрөө юугаар ч орлуулж болдоггүй байгалийн баялаг.

Гэтэл дээр нэр дурьдсан эрхмүүд бидний амьд явах эрхэнд бүдүүлгээр халджээ. Зөвхөн өнөө маргаашийн ашиг сонирхолдоо автаж. Усны хэрэглээ нэмэгдэнэ гээд хотоо барилгажуулж чадахгүйд хүрэх үү. Өмнөхийнхөө хийсэн лайг дараагийнх нь үүрдэг байх ёсгүй. Мэргэжлийн хэллэгээр бол Туул голын хөндий, түүний цутгалуудын хөндийг хамарсан аллюви болон аллювипролювийн уст үе гэж байдаг юм байна. Энэ уст үеэс өөр Улаанбаатар хотын хэрэгцээг хангахуйц арвин ихээр цэвэр ус хураагдаж хуримтлагддаг тогтоц бүхий газар байдаггүй аж. Ундны усны хамгаалалтын бүсэд барилга барьж, хөрсний бүтцийг эвдэх нь усны тэжээгдэл судсыг нь тасалж буй хэрэг юм. Жишээ нь “Дүнжингарав” зах байрласан хэсэгт цэнгэг усны эх байдаг. Наагуурх орон сууцууд нь судал дээр нь байрладаг. “Хурд” компанийн барьсан “Рапид” хороолол хүртэл цэвэр усны судал дээр байдгаас шинээр баригдсан орон сууцных нь зоорийн давхарт ус дүүрч, ашиглалтад оруулах боломжгүй болсон тухай шуугиж байсан.  Нийслэлээс гүний усны хамгаалалтын талбайг багасгасан танасан, газрыг нь зарсан шийдвэрүүд бий.  Энэ тооноос хэд давсан хамгаалъя, болохоо байлаа та минь гэсэн уриалгуудыг мөн гаргасан байдаг. Гэхдээ хамгаалах талаарх шийдвэрүүд нь огтоос хэрэгждэггүй, хотын даргын мэдэл хүрдэггүй гэж хошуу цорвойдог. Тухайн үеийн М.Энхболд, Н.Батбаяр, Г.Мөнхбаяр гэсэн хотын дарга нар хууль зөрчин хасч танахдаа сайн үйлчилчихдэг захирамжтай байжээ.

Ийм л хотын даргатай байсан хүмүүс бид юм. Хэн хэзээ, хэрхэн яаж одоогийн болон ирээдүйн улаанбаатарчуудаа ундны усгүй болгох гэмт хэрэг хийчихсэн нь түмний нүдэнд ил тод баримтаараа байна. Түмний нүд хараад байхад төрийн өндөрлөгүүд, АТГ-ын хараа хааш чиглэж байна вэ. Энэ хороололд амьдардаг амраг саднаа бодоод дуугүй байна уу. Бид үүгээрээ дээрх хороололд амьдарч байгаа иргэдийн эрхэнд халдах гэсэнгүй. Гагцхүү хэн нэгний ашиг сонирхлоос болж ирээдүй хойчид маань хатаж үхэх аюул нүүрлэх юм биш байгаа гэдгийг санууллаа. Та бид хэзээ нэгэн өдөр энэ хорвоогоос одно. Харин бидний үр хүүхэд үлдэж, өнгөрснийхөө хийсэн үйлийн үрийг эдлэх учиргүй. Бид хойч ирээдүйгээ бодох ёстой. Энэ бол бидний ирээдүй.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Өнөржаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • МАРТЫН 08 (March 05, 2014 10:11:22 am )

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (March 05, 2014 1:41:04 pm )

    neg bitgii hel olon hunees neheh bolno.negl uultei odr ta hed ariin haalga tatna.

  • Баяр (March 07, 2014 12:19:33 pm )

    Гацууртад газар өгч усны эх бохирдуулахаа болиоч ээ.

  • Баяр (March 07, 2014 12:20:28 pm )

    Гацууртад газар өгч буй хүмүүст хариуцлага тооцооч ээ

antalya rent a car