antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2014 11 comments

Элсний 13

нийтлэсэн Admin

527-1393214188topМАН /МАХН/ дахь “Элсний 13” бүлэглэл 2007 онд  М.Энхболдыг хэрхэн унагаж, С.Баярыг эрх мэдэлд хүргэсэн тухай товч түүх

Өнөөдөр улс төрийн тоглоомын дүрэм, гэж ярьцгаах болж. Надад бол тоглоом гэхээсээ илүү жүжиг гэвэл илүү зохистой. Хэрвээ жүжиг гэвэл хошигнолоор эхэлж, эмгэнэлээр төгсдөг өвөрмөц жүжгийн дүрд тоглоцгоож байгаа мэт. Хүн бүхэн хорхойсч оролцдог, тэгээд хожсон хүн олон байдаггүй мөрийтэй тоглоомтой ч төстэй юм шиг, улс төр гэдэг өвөрмөц сонин эд ээ. Бас муушгинд хавсайдаж хождог шиг бохир.
“Чи улс төрөөр оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно” гэсэн нэг тэнэмэл үг байдаг. Таксинд суухад л жолооч нь:
-Та Одончимэд гуай мөн үү гэж сонирхоод шууд улс төр асууж, саналаа хэлэхийг олон сонслоо. Бүр сонин содон санал хэлэх хүн ч байдаг. 2004 оны сонгуулийн намар амьтан хүнгүй газар очиж нэг гурав хоног бүгье гэж бодоод Төв аймгийн Лүн сум өнгөрч, хойшоо Туулын шугуйд очиж майхантай буулаа. Оройхон гадаа дөрөөн чимээ сонслоо. Идэрхэн насны тарган бор эр мориноос бууж харагдана. Манай нөхөд ч нутгийн хүнийг сонирхоод яриа хөөрөө өрнүүллээ. Морьтой зочныг Идэр гэдэг гэнэ. Нутаг ус, цаг агаар,  хадлан тэжээл ярьж байснаа,
-Та Одончимэд гуай юу гэж байна.
-Биш ээ. намайг Тогтох гэдэг гэлээ.
-Дорноговийнх уу гэж байна
-Дундговийнх гэлээ. Нэлээд ярьж, нэг лааз шар айраг уусан Идэр мориндоо мордохдоо:
-Дорноговь! гэж нэг чанга хэлчихээд товор товор алхлуулан одсон юм. Түүнээс хойш манай найз Дагвадорж намайг дандаа “Дорноговь” гэж тоглоом хийдэг болсон.

Хөдөөний малчин залуу нэр ус, аймгаар нь мэдэж байхыг бодоход улстөрчид яг л алган дээр байгаа мэт ил байдаг хэрэг. Улс төрд нэг орсон бол бас тоглоомонд нь оролцох ёстой болно. Шатар тоглож байгаа газар орвол аяндаа нүүдэл хэлж өгмөөр санагддагтай л төстэй юм. Аягүй бол хоёуланд нь хэлж өгмөөр ч санагдаж магадгүй. Тэгэхээр би гэдэг хүн УИХ-д найман жил суугаад бас дуугүй байдаггүй нэгэн болсон бололтой. Монголын улс төрд анх “Хөдөөгийн 13”-ийн фракц гэж АН-д байгуулагдсан билүү дээ. Түүнээс хойш 13-14 хүнтэй өөрсдийнхөө зорилгод итгэлтэй, хөндлөнгийнхөнд бол сонирхолтой, намынхандаа бол “эсэргүү” болсон ийм фракц гарч ирэх нь ердийн үзэгдэл болсон юм. АН гэхэд өнөөдөр янз бүрийн угшилтай фракцуудын нэгдэл болсон байгаа. Янз бүрийн мод бут, цэцэг жимс ургаж байж ой болдог шиг таван өөр сүрэг нийлж монгол мал бүрддэг шиг. Анх 2005 онд МАХН-д одоогийн дарга Энхтүвшин ахлагчтай жигүүр гэж байгуулагдахад Нямдорж “Болдогсон бол дорбинкдчихсон” гэж хэлээд бөөн шуугиан дэгдээж байсан. Жигүүрээ ад үзэж хавчаад журмын нөхдөө бүлтэгнүүлж байтал “Элсний 13” гэгч гарч ирж сандаргасан юм. Сандаргана гэдэг нь намын дарга.удирдах зөвлөлийн гишүүдийг айлгачихсан гэсэн үг. 2007 оны хавар эрт нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдана. Бүгдээрээ зохион байгуулалтад орж шаардлага тавьж, намын их хурал хийлгэж, намын дарга, Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая. Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ туслая! Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэсэн сэдвээр бид хэд ярилцаж санал нэгдээд, маргааш нь би Женев руу олон улсын хуралд оролцохоор явсан юм. Долоо хоноод ирсэн чинь тэд 13-уулаа болчихсон байсан. Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү гурав дээр Т.Ганди, Ч.Улаан, Б.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид нар нэмэгдэн орж бас Р.Раш, Раднаа, Д.Дэмбэрэл, Н.Болормаа нарын олон дэмжигчидтэй болчихсон байлаа. Ингээд бид анхны хурлаа хийж Ч.Улааныг ахлагчаар сонгов.
“Элсний-13”-ынхан хоорондоо хэр зэргийн танил байсныг би сайн мэдэхгүй. Миний л тухайд тэдэндээ итгэсэн хэрэг. Улс төрийг шатар гэвэл урд нь хэн хэнтэй нь нүүж үзсэн хэрэг. Одоо өнөөдөр бол хамт тэмцэж сайн, муу нэр дуулсан нөхдөө тухайн үед хэн гэж бодож нийлсэн бэ гэвэл би хэлж болж байна. Ц.Шаравдорж бид хоёр нэг нутаг. Шударга нь дэндсэн хүн. Ч.Улаан бид хоёр нэг зүгийнх, туршлага суусан, нэр цэвэр улстөрч, шилдэг эдийн засагч. Т.Ганди бид үзэг цаас элээж танилцсан, нэг хандсандаа туйлбартай, эмэгтэй хүн гэхэд зоримог. Д.Арвиний аав Дашжамц гуай бас бичиг цаасны хүн. Би таньдаг. 2000-2004 онд дөрвөн жил тохой залгаж суусан. Муухан эр хүнээс дээр бүсгүй. Д.Одбаяр хамгийн залуу нь. Миний хүүгийн найз, намайг “аав” гэж эрхэлдэг хүн. Хар багадаа аймгийн даргаар ажиллаж амьдралын зах зухтай болсон хүүхэд. Боловсрол сайтай. Р.Нямсүрэн бид хоёр Дорноговь, Сэлэнгэ аймгийг шефийн холбоотой болгож, говь хангай хослуулж хөгжүүлнэ, Түшээт ханы хошууг сэргээн гэж явсан, бас хамтарч бүтээсэн юмтай хүмүүс. Д.Тэрбишдагвын хувьд хоёр жил намын бүлгийн хурал дээр нэг дор суусан, юм хэлэх гэхээр нь “Чи байж бай, эхлээд сонсч сур” гээд огт дуургаргаагүй, нэг ёсондоо миний халамжлан хүмүүжүүлж байсан залуу улстөрч. Ерөнхийлөгч Н.Энхбаярын талаас дэмжлэг авахад ч хэрэгтэй хүн. А.Цанжид бол манай намын онол улс төрийн баримтлал, мөрийн хөтөлбөр, прогноз судлал гээд бүх ажилд нь зүтгэсэн туршлагатай, бас их бичгийн хүн. Ц.Мөнх-Оргилын аавтай нь хамт ажиллаж байсан. Дүн нурууг нь мэдэх айлын хүүхэд. Боловсрол сайн, хуульч. Бас залуугаараа алба хашаад үзчихсэн. Нэр хүнд нь өсч яваа залуу. Т.Очирхүү бид намын хуучин кадрууд. Хашир, цэгцтэй, ойлгомжтой улстөрч. Д.Пүрэвдоржийн хувьд бас туршлагатай, юм үзсэн толгой. Хурц дайчин, шударга. Намын дарга нарын өөдөөс үг хэлдэг цөөхөн хүний нэг. Ийм хүмүүстэй хамт улс төрийн тэмцэлд ороход айх юу байхав. Биднийг өөрсдөө тодорч гарч ирээд тэмцэл нь амжилтанд хүрч гэмээнэ том байр суурь эзлэх санаатай гэж хардаж, тийм ятгалга явуулж олон түмэнд “Элсний 13” гэсэн хошин нэр тараах ажлыг манай намын удирдлагууд авьяаслаг зохион байгуулсан. Сонин юм шүү. Өөрсдөө юм санадаггүй. Хүн юм бодож сэтгэхээр ойлгох дургүй болчихдог. Харин эцсээ хүртэл үзэлцдэг “13” цэргийн тухай киног мэдэх хүмүүс бол өөрөөр ойлгодог байсан. Намын хамт олон биднийг хот, хөдөөгүй тэр киноны “13” шиг тэмцэж ялаасай гэж хүсч байсан. Ад үзэж, суудлаасаа салах вий гэж айсан нөхөд киноны “13” шиг элснийхээ захад сүйрээсэй гэж ханцуйдаа залбирч байсан. Хамгийн гол нь бид 2008 онд сонгуульд ялбал өөрсдөө тийм, ийм албан тушаалд хүрнэ гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Дотроо хүмүүс юу гэж бодож явсныг би мэдэхгүй. Бидэнд би биеээсээ нуух зүйл байгаагүй гэж бодно. Ингэж яваад юунд ч хүрч чадахгүй. 2008 онд УИХ-ын сонгуульд ч өрсөлдөж чадахгүй болох вий гэж айсан хүн ч байгаагүй. Нам л ялах нь чухал гэдэг ганцхан зорилгод нэгдэж байсан. Улстөрч хүн нэгийг бодож, нөгөөг хэлэх нь ердийн үзэгдэл. Тэгвэл өнөөдөр надад тийм шаардлага нэгэнт байхгүй тул бүхнийг чимэггүй бичиж байгаа юм. Бас Энхбаярын ятгаасаар “Элсний 13” нэгдсэн гэсэн яриа дэгдээсэн. Бидний 13 гишүүний 5 нь сайд байсан. Тухайн үедээ Энхбаяр Ерөнхийлөгч дэмжсэн хүмүүс байж таарна. Ийм хүчтэй бүлэг аль ч намд төрөөгүй юм. Сайдаасаа салж болдгийг тэд миний амьдралаас мэдсэн үе. Бас ч журмын нөхрөө өөр намынхантай нийлж яаж бооролдгийг мэдэрсэн цаг. Бид ч жигүүр мигүүрийг арай намаас хөөчихгүйг ойлгосон цаг. Энхбаяр Ерөнхийлөгч дээр орж уулзаж, зөвлөгөө авдаг хүн байсныг би нотлохгүй, бас үгүйсгэхгүй. Харин С.Баярыг М.Энхболдын оронд намын даргаар сонгох асуудлыг анх ярьсан хүн нь бол би юм. Баяраар дөрөөлж Багабандийг нааш татна гэсэн бодол байсан.
…2004 оны намар Литва-Монголын парламентын бүлгэмийн урилгаар Вильнюс ороод буцах замдаа, Москвад Элчин сайд С.Баяртай зориуд уулзаж, улстөрийн шатар наадсан юм. Түүний хугацаа нь дуусчихсан, Монголд ирээд ямар ажил эрхлэх вэ гэдэг хариу нь гараагүй. Багабандиас болж таагүй харилцаатай болсон Энхбаяр нь Ерөнхийлөгч болчихсон. Намдаа нэр нөлөө ихтэй хэвээрээ. С.Баяр ерөнхийдөө ацан шалаанд сууж байсан юм. Гэхдээ түүнд олон гарц байсан нь мэдээж. С.Баяртай шинэ Үндсэн хууль батлахад танилцаж, улсын Бага хурлын гишүүн байхад нь ажил төрлийн холбоотой байж, намын Их, Бага хурал дээр үгийг нь сонсч явсан. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг намд хэрэгтэй хүн гэдэг бодолтой явдгаас түүнтэй уулзсан юм. Би шуудхан:
-Та одоо энд бүгэж суугаад яах вэ. Эртхэн нутагтаа очиж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилла. 2008 оны сонгуульд бүгдээрээ бэлтгэе. Бид танд туслая. С.Баяр:
-Бодож л байна. Гэхдээ Энхбаяр намайг дэмжих болов уу гэдэгт эргэлзэж байна.
-Тэр саадыг арилгахын төлөө бид ажиллая. Одоо эв нэгдлийн тухай ярих цаг. Намын рейтинг унаад байна. Хэн хэн нь урьдах явдлаа мартах хэрэгтэй.
-За, ахад их баярлалаа. Бодъё. Та хариад нааш нь мэдээ өгөөрэй! Товчхондоо ийм яриа болсон. Энэ ярианы дараа Элчин сайдын өрөөнд нь тугны дэргэд авахуулсан дурсгалын зураг надад бий.
Би ч ирэнгүүтээ л Энхбаяр даргатай уулзаж болсон явдлаа яриад, С.Баярыг нааш нь ирүүлье гэж хэлсэн. Бас ятгасан. Энхбаяр дарга,
-Би дэмжиж, намын бүлэгт оруулбал та нар дэмжүүлж чадна биз! гэж асуусан. Би ч,
-Чадна аа л гэсэн. Тэр үед “Элсний 13” сураг ч үгүй байсан цаг шүү дээ. С.Баяр Москвагаас ирлээ. Энхбаяр дарга тэр хоёр хэд хэд уулзсан бололтой байдаг. Тэгээд л нэг өдөр Энхбаяр дарга бүлгийн хуралд С.Баярын нэрийг танилцуулж, намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэрийг нь дэвшүүлэх саналаа хэллээ. Эсэргүүцэж байна аа. Ц.Нямдорж, Д.Арвин нар үг хэллээ. Д.Арвин:
-Зэнээ талийгаач өөдгүй хүн гээд С.Баярт их дургүй байсан. Баяр энэ ажлыг хийж чадах юм уу гэж шуудхан хэллээ. Ц.Нямдоржийн хэлсэн үгийг тод санахгүй байна. Ямар ч гэсэн таагүй сэтгэгдэлтэй гэдгээ илэрхийлсэн. Р.Раш эд нар ч бас түнтэгнээд л байгаа харагдсан. Энхбаяр дарга над руу том хараад байгаа. Миний ээлж ч боллоо.
-С.Баярыг 1990 оны АИХ-ын үеэс мэднэ. Үндсэн хууль батлах гэж будилж байхад цэгцтэй үг хэлж, гарц олдог ганцхан залуу хуульч нь байсан. Улсын бага хурал гэж байхад Байнгын хорооны даргаар ажилласан. Тэр үеийн хуулиуд хамгийн чанартай гарсан. Элчин сайдаар ажиллахдаа ОХУ-ын талаас ямар дэмжлэг авч, их өрийг тэглэхэд ямар үүрэг гүйцэтгэснийг та бүхэн мэднэ. Би Москвад уулзаж санаа оноог нь сонссон. Өөр ажил хийсэн ч чадалтай хүн. Бид тийм хүнээ алдаж болохгүй гээд л авлаа даа. Тэгээд санал хурааж олонхиороо шийдсэн дээ. Үүнийг яагаад бичив ээ гэвэл, би “13”-т орохдоо С.Баярыг намын дарга болгоно гэсэн хатуу бодолтой, тэднийг ч дэмжих байх гэж санаж орсон юм. Ер нь хүн л бүхнийг шийддэг болохоор эзнийг нь олсон байвал түрүүчийн хүний тухай яриа хөндөх нь буруу гэж үздэг.
…Эхний үед манай өрөө “13”-ын бүлгийн байр болж байлаа. Бид аль ч даргад асуудлаа ярьж танилцуулаагүй байсан цаг. Яах нь зүйтэй вэ? гэдэгт л хариулт олох гээд дахин дахин цуглаад байгаа. Үнэр авсан хүмүүс, АН-ынхан хүртэл манайхаар эргэлдэнэ. Тэд МАХН одоо л задрах нь гэж горьдох нь илт мэдрэгдэнэ. Гэхдээ тэд АН-ын гайгүй сайн залуус нь л даа. Тиймээс тэд Монголын нийгэм цэвэрших нь гэж арай томоор сэтгэнэ.
…Намын ээлжит бус хурал хийлгэе, нам болон төрийн тэргүүнийг салгая, зөвхөн мөнгөтэй биш, шударга хүмүүсээр намаа бэхжүүлье, үүний төлөө боловсон хүчний бодлогоо шинэчлэе, хүний хөгжлийг ярьдаг нам байя гэсэн хэдэн асуудал дотор л эргэлдээд, сүүлдээ дэвшүүлэх хүмүүсээ олж ярих шаардлага тулгараад ирлээ. МҮОНТ-ээс баасан гаригт Мөнхтөр утасдаад:
-Намын шинчлэлийн асуудлаар АН-ын нэг гишүүнтэй хоёулаа бямба гаригийн орой шууд ярилцлагад орооч гэж байна. Очлоо. Бидний тухай ханд авсан Мөнхтөр там тум юм асууж байна. Намын шинэчлэл гэж юу болох, ямар бодолтой явдгаа ярьчихлаа. Маргааш нь С.Баяр утасдаж уулз гэлээ. Очлоо.
-Бидэнтэй зөвлөсөнгүй, телевизээр том том юм яриад л гэж байна. Би тэссэнгүй.
-Үүнээс ч том юм бодож яваа. Цаг нь ирэхээр танд хэлнэ гээд тавьчихпаа. Бид ахлагч Ч.Улааны өрөөнд цуглардаг боллоо. Ингээд бид ээлжит бус их хурал хийж намыг шинэчлэх, сонгуульд бэлтгэх, удирдлагын асуудлыг авч хэлэлцэх талаар шаардлагыг М.Энхболдод өгөхөөр шийдсэн. Шаардлагын бичиг гардуулах төлөөлөгчөөр Ч.Улаан, Т .Очирхүү бид гурвыг томиллоо. М.Энхболдтой уулзлаа. М.Энхболд манай том хүүтэй чацуу. Аавтай нь бид сайхан нөхөрлөж ирсэн. Төв аймгийн Баян суманд байдаг тэдний их гэрийнхэнтэй дотносож бид олон жил айраг, сүүг нь хүртсэн, бас эмнэлэг домнолго болоход тус дэм өгч явсан улс. Аав Миеэгомбынх нь төрсөн дүү Дугаржав эгч гэж үдийн нар шиг хүн бий. Түүний нөхөр Манал гэж олондоо нэр хүндтэй сайхан хүн бурхан болж, бид Налайхын Багабаянгийн энгэрт нутаглуулж явахад Энхболд жаахан хүү байсан. Наймаанд найзгүй гэж ярьдаг. Үнэхээр улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст бол найзгүй зүйл чинь улс төр л билээ.
…Энхболдод шаардах бичгээ өгсний хажуугаар бодит байдлыг олон талаас нь ярьцгаалаа. Тэрээр их нухацтай бодож, хүлээцтэй хандах байдалтай хоцорсон юм. Нэгэнт асуудал ил гарч, ойлгомжтой болсон тул бид Энхболдын оронд С.Баярыг намын дарга болгох асуудлыг ярьцгаах болов. С.Баяр ч бидэнтэй уулзаж, намаа шинэчлэх, сонгуульд бэлтгэх асуудлаар илэн далангүй ярилцах болов. “Элсний 13” гэдэг нэр хоч ч гарч, эргэж буцах замгүй болов. “Та нар дэмий юм хийж байна” гэх нэг ч хүн дайралдсангүй. Харин янз бүрийн зорилгоор дэмжих хүн зөндөө.
Янз бүрийн гэдэг нь хэрэв намын хурал хийж, дарга өөрчлөгдөж, бүр төр, засаг солигдоход хүрвэл үр дүнг нь өөртөө ашигтай болох эсэхийг сонирхсон хүмүүсийг хэлж байна. Биднийг тэмцэлдээ ялбал, өөрсдөө том дарга нар болно гэсэн гэнэн бодолтой хүмүүс ч байсан. Бид санасандаа хүрч, ээлжит бус их хурал хийхээр болж, бэлтгэл ажилд оролцох боллоо. Ингээд МАХН-ын түүхэнд үл мартагдах ээлжит бус XXIV их хурал болж, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулж, намын даргаар С.Баярыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ё.Отгонбаярыг сонгосон юм. Энэ үед надад Төвхөний хийдийн хүслийн мод миний шивнэсэн үгийг сонссон гэж бодогдож байсан.
Орон нутгийн төлөөллийг сайн хангасны хүчинд бидний зорилго хэрэгжсэн юм. Яагаад гэвэл М.Энхболдын толгойлдог хотын фракцынхан нийслэлээс болон хөдөөнөөс сонгогдсон их хурлын төлөөлөгчдийн тархийг нь угаах ажлыг тун сайн хийсэн мэдээ байсан ч тэд ялагдсан юм. “Элсний-13” хочтой манай бүлгийн гол зорилт бол намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгаж, сонгуульд сайтар бэлтгэх асуудал байсныг би Дээр хэлсэн. Харин С.Баяр намын даргаар сонгогдсоныхоо шөнө, Ерөнхий сайдын ажлыг авахгүй бол мөнгөгүй, орон даяар ажил явуулах зангарагтай эрх мэдэлгүй, гадаад дотоод нэр хүндгүйгээр ганцхан намын дарга нэрээр сонгуульд ялна гэж байхгүй ээ. Нөгөө талаар ялсан намын дарга Ерөнхий сайд байх намуудын тухай хуулийн үзэл санаа гэж байдаг гэсэн олон зүйл санаа гаргаж, бид ч бас “Тийм ч юм уу даа” гэсэн бодолд хүрч Ч.Улаан бид нар намын их хурлын тогтоолын төсөл бэлтгэхэд оролцсон юм. Ингээд их хурлын сүүлчийн өдрийн өглөө С.Баярыг Ерөнхий сайдад томилох тухай асуудал хэлэлцүүлсэн юм. Хотын фракц болоод түүнийг дэмжигчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч С.Баярыг Ерөнхий сайд болгох санал олонхи болсон юм. “Элсний 13” санасандаа хүрч, улмаар 2008 оны сонгуульд МАХН олонхи болж чадсан боловч дээрх ээлжит бус их хурлаар ажлаа өгсөн нөхдийн өс авалтад өртсөөр өдийг хүрч байгаа юм. С.Баярын, мөнгөтэй хүмүүсийг түших, сонгуулийн өмнө намаа хагалахгүй байх гэсэн зорилгоос болж хотын фракцаас бүрмөсөн салаагүй, тэднийг бас эрх мэдэлтэй үлдээсэн гэж улс төрчид хэлдэг. Юуны өмнө бидний тойргийг булааж авах хуйвалдаан бүх газарт зохион байгуулж эхэллээ.
Тойрогт нэр дэвшихийг хүсэгч өөрөө идэвхтэй ажиллаж, дээрээс нь нам нь дэмжвэл нэр дэвшинэ, бас ялах боломж бүрдэнэ. Бас нам оролцохгүйгээр хэн нэгнийг тогтсон тойргоос нь зайлуулах боломжгүй. Сайн мэдэхээс эхлээд Ц.Шаравдорж, бид хоёрын тойргийг булаах ажлыг Дорноговь аймгийн Ж.Батсуурь тун нарийн аргаар гүйцэтгэж, бас УИХ-ын гишүүн асан Д.Туяаг дагуулж яваад “хулхидаж” өөрөө сонгогдсоныг монголчууд андахгүй мэдэж байгаа. “Гэнэн хонгор” Шаравдорж бид хоёрыг бас зүгээр орхисонгүй нийслэлд хотын фракцынхны “хайчин гал”-аар шүршиж дарж авав. Бусад нөхдийг маань ч адилхан хувь заяа хүлээж байсан юм. Дорнодод Д.Одбаярын, Хэнтийд Д.Арвиний, Сүхбаатарт Ч.Улааны, нийслэлд  Д.Тэрбишдагва, Ц.Мөнх-Оргил нарын эсрэг элдэв цуурхал тарааж, намаас дэмжлэг үзүүлээгүй орхисон ч тэд хүчтэй улс төрчид гэдгээ харуулж дахин сонгогдож чадсан юм. Т.Ганди бас хотын “хайчин гал”-д өртсөн ч зарга хийж байгаад НХХ-ийн сайд болсон.

 

Ингээд сонгуулийн дараа Ц.Шаравдорж бид хоёроос гадна Ч.Авдай, А.Цанжид, Пүрэвдорж, Р.Нямсүрэн гээд олон нөхөд ажилгүй болж хоцорсон. Нам маань сонгуульд ялсан болохоор бид “хохиролгүй” ялалт гэж байдаггүй гэдгийг мэдэхийн учир олон юм гоншигнолгүй өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй зарчмаар дуугүй өнгөрсөн. Нам нь ялсан ч долоон сарын 1-ний үйл явдал болж хүнд байдалд орлоо. С.Баяр дахин Ерөнхий сайд болсон ч “стандарт бус” Засгийн газар гэдгийг байгуулж, биднийг биш, өөр намын боловсон хүчнийг тэтгэж эхэллээ. Гэхдээ бидэнд яаж хандахыг нь хараад бас хоорондоо яриад л байлаа. Т.Очирхүүд Сангийн дэд сайдын ажил өгсөн. УИХ-ын дарга болсон Б.Дэмбэрэл, Ц.Шаравдоржийг Тамгын газартаа авсан. Р.Нямсүрэнг ХХААЯ-ны сайд зөвлөхөөрөө авсан. Д.Пүрэвдоржийг нааш харж инээж, цааш харж уйлж байж Монгол банкны даргаар томилсон. Гэхдээ Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нарын томилолт бас урт настай байгаагүй. Ц.Шаравдорж ч өөрийн шударга байх зарчмаа барьж тамгыг нь эргүүлж барьсан билээ. Миний дурсамжийн номын хамгийн уйтгартай хэсгийг уншигч та надтай хамт тэсэн сууж туулсанд баярлалаа. “Улс төр, уран бүтээл хоёр урвуу харьцаатай байдаг” гэсэн үг бий. Тиймээс улс төр сонирхолтой байсан ч тэнд инээхээсээ уур бухимдал төрүүлэх зүйл нь элбэг байдаг.

 

Харин одоо улс төрд ч, уран бүтээлд минь ч надтай хамт үлдэх сайхан нөхдийнхөө тухай жаахан бичье.  Улаан бол өсөх багадаа Загмын -Үүдэд байсан. Дорноговьд их элэгтэй. Монголчуудын ярьдгаар бол хар нялхаараа Жасрай гуайтай хамт ажиллаж эдийн засагч дээрээ нэмээд санхүүч болж бэлтгэгдсэн хүн. Энхбаяр дарга нэг удаа “Энэ Улаан ер нь Сангийн сайд л болохгүй бол өөр ямар ч ажилд сэтгэл нь ханахгүй хүн” гэж хэлснийг би ортой үг гэж боддог. Нээрээ Улаан маань миний мэддэгээр гурав дахиа Сангийн сайдаар томилогдлоо. Эдүгээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хийж байгаа улс төрийн алхам бол манай намын удирдлагаас “Элсний 13”-т яаж хандсаны үр дүнг яруу тод харуулж байгаа юм. Ийм улс төрийн эр зоригтой хүмүүс тэр “13”-т орсон юм. Тэднийг бүрэн гүйцэд ашиглаж чадсан бол МАН өнөөдөр ингэж “нусаа хацартаа наахгүй” байсан даа. А.Цанжид зөөлөн намуун дуугараад нотолгоо, ишлэлтэй ярина. Бодлоо хүнд тулгахгүй. Санаагаа сайхан илэрхийлнэ.

 

Намын төв аппаратад нухлагдсан А.Цанжид “13”-т орсныг нь хараад бидний зөв юм гэж бодох нэг үндэс болсон билээ. Ч.Авдай бол Монголын нэртэй эрдэмтдийн нэг. Ардын багш. Загалмайлсан эцэг гэж манайхан ярих дуртай болж. Тэр бол Исүсийн явдал. Харин Авдай бол монголын инженерүүдийн “Адисласан эцэг”. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг. Тэр бол Авдай. Хэдийгээр Авдайд улс төр хэрэггүй ч гэлээ тэр чухамдаа МАХН-д ганц суудал авчрахыг бодож гишүүн болсон хүн. Улс төрөөс хол хөндий байсан түүнд Монголын төрд удсан шавь нар болоод бусад хүмүүсийн үйл ажиллагаа, шударга бус явдал огт таалагдаагүйгээс чухам л нэг гараа, нөгөө гараараа барьж өдөр хоногийг өнгөрүүлж байсныг бид мэднэ. Тиймээс “13”-т бидэнтэй хамт тэмцэлд оролцсон. Яг үнэндээ М.Энхболдын аавынх нь хамгийн дотно найз боловч, хүүгийнх нь толгойлсон нам, засгийн газрыг солихгүй бол болохгүй нь ээ гэдгийг тэр бүр анхлан хэлсэн хүн. нэг удаа бид намын бүлгийн хуралтай байлаа. Лүндээжанцан хурал удирдаад л, Нямдорж нар үг хэлээд л олонхийн саналтай зөрүүтэй юм яриад л байлаа. Гэтэл гэнэт Авдайн тэсвэр барагдсан бололтой:
-Та нар ерөесөө дэндүү хоцрогдчихжээ. Юм уншихгүй, хүний үг сонсохгүй, өөрсдийгөө юу гэж боддог юм. Наад олон түмэн чинь та нараас түрүүлж бүхнийг хардаг болчихоод байхад та нар ийм маягаар яаж удирдах гэсэн юм бэ. Бүгдээрээ огцорвол таарна! гэж загнасан юм. Түүний өөдөөс ганхийх амьтан гараагүй. Тэр бол авдай ямар зангарагтайгаа харуулсан явдал болсон юм. Чухам түүнээс хойш огцрох, огцруулах тухай яриа явсаар “13”-ын бүлэг үүссэн гэж хэлэх үндэстэй.
“13”-ынха- С.Баярыг дэвшүүлнэ гэхэд Арвин их эсэргүүцсэн ч олонхиороо түүнийг дарж авсан юм. Одоо бодох нь ээ Арвины зөв байсан гэж санагдана. Хар зам тавиулсан, 21 дарь эхийн цогцолбор босгосон, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг бариулсан гээд Хэнтий аймагтаа хийсэн ажилтай, хэлэх юмтай Арвиныг 2012 онд хүчээр АЗД-т нэрийг нь дэвшүүлэх байдалд шахаж, бас л “хайчин галд” оруулсан. Нэрийг нь УИХ-д дэвшүүлсэн хоёр гишүүнийхээ нэгийг нь дэмждэг, бүхэл бүтэн намын хороо түүний эсрэг ажилладаг улс төрд урд өмнө байгаагүй үзэгдлийг давж, Арвин сонгогдож чадсан. Бас “Хэнтийгээс жийгдсэн”, “нас нь ахисан” гэсэн олон бор шувуу түүний эсрэг нисгэсэн ч унагаж чадаагүй юм. харин түүнийг шахсан намын нөхөд нь Хэнтийн суудлыг нь АН-д алдсан. Арвин дөрөв дэхээ гишүүн болоод, АН-ын бүлэгт орж, амласнаа хийх боломжийг сонголоо гэж бодож байна.

 

Цаг хугацааны хүчин зүйл гэж нэг хорьж болдоггүй, хойшлуулж чаддаггүй, юунд ч дийлддэггүй эд байх. Арвин гишүүн болоод, АН-д элссэний маргааш “Дэлхий сөнөх” өдөр байсан юм. Үүнтэй уялдуулаад үнэхээр гай түйтгэр болбол “АН-аас нэг ч болтугай хүн бурхан болог” гэж Арвиныг тийшээ орсон гэсэн улстөрчид онигоо гаргасан юм. Арвиныг “урвагч” гэж бичиж байна. Тэрээр өөдгүй бодолтой намын дарга нараасаа холдоё гэж бодсоноос биш, өөрийнхөө тойргийн сонгогчдоос урваагүй. Нямсүрэн бол багш, захирлаас эхлэн аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн хүртэл замыг туулж Сэлэнгэдээ бас л адисласан эцэг нь болсон улстөрч. Тэрээр шударга, нутаг амьтай. Д.Одбаяр хоёулаа нэг зэрэг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, амь нэгтэй, хөдөөгөө сайн мэддэг болохоор “13”-т ихээхэн хэрэг болсон хүн.

 

Манай Пүрэвдорж бол багаасаа төрийн ажилд нухлагдсан, Төрийн өмчийн хороо хэмээх ихээхэн хэл амтай байгууллагыг толгойлж, хэрүүл тэмцлийн дундаас нэр сэвтэлгүй гарч ирсэн хүн. Хүний, өөрийн намууд нийлж түүнийг элдвээр гоочлоод юм олж долоогоогүй. Тийм ч учраас хаана ч нүүр бардам, дарга нарын өөдөөс ч “цор цор” хийхээс буцахгүй, хэлье гэснээ хэлдэг гишүүн байсан. Ялангуяа “13” байгуулагдахын өмнө нам, төрийн ажилд шүүмжлэлтэй ханддаг нь илэрхий харагдах болж тэр ч чанараараа манай бүлгийг үүсгэн санаачлагчдын нэг нь болсон юм. Пүрэвдорж ер нь заавал нэг хэл амтай ажилд томилогдрох ёстой юм шиг. Төрийн өмчийн хороо, сүүлдээ Монгол банк гэж хаашаа ч улстөржүүлж болдог байгууллагыг толгойлж байгаад “Та нар наадахаа авцгаа” гэж хэлээд өгөх шиг боллоо.

 

Уг нь Ховдоос дахин сонгогдох эрэмбэтэй байсан түүнд манай намынхан “13”-т орсны шанг хүртээсэн. Шилжилтийн хамгийн хүнд бэрх үед хар нялхаараа аймгийн даргаар ажиллаад УИХ-ын гишүүнд сонгогдсон Одбаяр хүүг би хүндэлнэ. Аймгийн Засаг даргаар ажиллах гэдэг, тэр тусмаа Дорнод шиг олон талтай аймгийг удирдана гэдэг хэн бүхний хийх ажил биш. Залуу хүний хувьд аав шигээ, ах эгч нар шигээ гишүүдтэй нэгдэнэ гэдэг Одбаяр улс төрийн зориг гаргаж, үнэхээр намаа бодсон хэрэг юм. Түүнээс биш аль нэг том даргыг дагаж далдаганадаг залуусын адил явсан бол өөрт нь хожоотой байх байсан. 2004 оноос Дорнодоос даравч дардайж гарч ирсэн Одбаярыг 2012 онд МАН-ынхан унагаж авсан нь “13”-т орсны гай юм. Үүнийг урд нь мэдэх “13”-ынхан намайг томилж Дорнод руу явуулсан нь ч нэмэр болоогүй. Одбаярын эсрэг бүх намууд, бие даагчид, байж болох бүх улс төрийн хүчнүүд ажилласан.
Д.Тэрбишдагва 2004 онд анх гишүүн болоод намын бүлгийн хурал дээр миний дэргэд суудаг байлаа. Сайн танихгүй боловч их соёлтой, боловсролтой залуу юм даа гэж бодоод дотносож эхэлсэн юм. Бүлгийн хурал дээр саналаа хэлэх, маргалдаж муудах, санал зөрөх алийг тэр гэхэв. Тэрбишдагвад дотно байдаг болохоороо туршлага дутаж хамаагүй юм дуугарчих вий гэсэндээ нэг их ач холбогдолгүй, эсвэл их маргаантай юман дээр үг хэлүүлэхгүй болиулах тохиолдол хааяа гарна. Намайг ахаа гэж хүндэлж сонсоно. Тийм байдлаар бараг хоёр жил болсон юм билээ. Дараа нь Тэрбишдагва маань:
-Одонгоо намайг хоёр жил юм яриулаагүй. Түүнээс муу юм болоогүй. Одоо би ярьж болно биз дээ гэж байгаад л “хусч” өгдөг болсон доо.Түүний тухай улс төрийн хүрээнийхэн олон зүйл ярьж, манай намымхан “13″-т орсноор нь далимдуулж “хөөгдмөл ооно” шиг болгосон ч тэрээр ёс жудагтай эр хүн гэдгээ харуулж, өөрийнхөө сонголт, улс төрийн эр зоригоор төрдөө зүтгэх боломжийг олж авсан. Тэр зэргийн туршлагатай хүн одоогийн сайд нар дотор өөр байхгүй. Еврейчүүд “Олж харж чадвал бизнес, улс төр хоёрт ямагт орон зай бий” гэдэг нь үнэн болохыг.Тэрбишдагва маань харуулсан.

 

Энэ бол “13”-ын бахархал. Ер нь ээлжит бус XXIV хурал нь өнгөцхөн харахад удирдлагыг солихын төлөөх үйл ажиллагаа юм шиг харагдавч нам дотроосоо шинэчлэгдэж чадах ардчилалтай гэдгийг харуулсан юм. “13”-аас гадна, жигүүр, “Эрс шинэчлэл” зэрэг улс төрийн хөдөлгөөнүүд зохих үүрэг гүйцэтгэснийг хэлэх ёстой. Хэрэв ээлжит бус их хурал болж түүхэн өөрчлөлтүүдийг хийж, С.Баярын Засгийн газар “Таван төгөлдөршил” хэмээх шинэлэг хөтөлбөр хэрэгжүүлж эхлээгүй бол 2008 оны сонгуульд нам ялагдах байсныг бүх тевшинд хүлээн зөвшөөрдөг. Миний хувьд хийдгээ хийж, авдгаа аваад одоо бичдэгээ бичиж сууна. Би хувь заяандаа гомддоггүй хүн. Харин намын удирдлагын харалганаас болж туршлага суусан идэр насны нөхдийг маань ад шоо үзэж ажил төрөлгүй болгож байгааг өмөөрч дуугарах журамт үүрэг ба жудаг надад ногдсон юм.
“Элсний” гэгддэг “13”-т орсноор бид юу мэдэж авав?
-“Элсний” хэмээн унтраах гэж оролдсон, нэр хоч өгч, элдвээр хэлүүлсэн ч бидний “13” огт шантралгүй тууштай, нэгдэлтэй байж санасандаа хүрч, МАХН-ын тасралтгүй төр барих хугацааг дөрвөн жилээр уртасгаж чадсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй. АН-ынхан бол “13”-аас болж МАХН-ын төр барих хугацаа удааширсан гэж үздэг. Гэхдээ МАХН (одоо МАН)-ын төр барих хугацааг сунгасан нь түүхэндээ эерэг болон сөрөг ямар нөлөөтэйг одоо хэлэхэд эрт байна.
-Намын доторхи мөнгөний бүлэглэл, тэдгээрийн төлөөлөл төр, засгийн эрхийг атгасан нөхцөлд, тэднийг бүгдийг зайлуулж чадаагүй цагт “үгээгүйчүүд хувьсгал хийж, үр дүнг хөрөнгөтнүүд хүртэж, ард түмний амьдрал хэвээрээ үлддэг” гэсэн түүхэн сургамж давтагдана гэдгийг бид ойлгож авсан.
-Хүмүүс албан тушаалдаа ямар их хайртай байдгийг, мөнгөнөөс болж хүмүүс хэрхэн урвадгийг, албан тушаал бол хөдөлмөрлөхгүйгээр баяжих хэрэгслүүр болдгийг, албан тушаалаасаа салсан хүмүүс ямар их өс хонзон өвөртлөдгийг бидний “13” төдийгүй улс төр гадарладаг бүх хүмүүс одоо харж байна. Бас сайхан ярьж хэлж, гоё хөтөлбөр төлөвлөгөө гаргадаг боловч яг цаг нь тулбал Монголоо гэсэн, намаа гэсэн чин сэтгэлтэй хүмүүс өдрийн од шиг ховор гэдгийг бид мэдэж авсан. Манай намаас улс төрд гүнзгий орсон, орох тэмүүлэлтэй хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг ээлжит бус XXIV их хурал, түүнийг тойрсон үйл явц, С.Баярын Засгийн газрын үйл ажиллагааны сайн, муу талаас бид ажиглаж мэдсэн. Улс орон, нам төр гэж том том юм ярихаа болъё гэхэд монгол хүний, монгол эрийн мөс, ёс жудаг алга болж байгааг бид мэдэж авсан юм.
“13”-ын хувь заяа ер нь юу болж төгсөв. МАН-аас сонгогдсон, салхинд сууж гишүүн болсон нөхдийн дотор “13”-аас байхгүй. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар “дүлий” намаа орхиж, МАХН-д үлдэж төрийн сайд нар болов. Д.Арвин тэмцлийнхээ үр дүнд гишүүн болж АН-д оров. Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, Д.Пүрэвдорж, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар лааз өшиглөгчдийн эгнээнд оров. 2012 оны сонгуулиар Цэндийн Мөнх-Оргил гэж хэн бэ гэсэн хөрөг бичсэн. Бас Арвиний тухай ч бичсэн. Тэд бүгд миний есөн боть номонд орно.
Т.Ганди маань сэргэлэндээ жендердээд Унгарт Элчин сайдаар явав. Юм үзэж, нүд тайлсан, сэтгүүлч “Төмөр хатагтай” нэр авсан Ганди бол монголдоо ховорхон улстөрч. Тэрээр Монголын улстөрчид хулчгар эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан нэрээрээ үлдэнэ. Ч.Авдай ШУТИС, академидаа түмний хайр хүндлэл хүлээж, шавь нартаа эрхлээд жаргаж яваа. А.Цанжид маань номоо бичээд л, зөөлөн зөөлөн ярьж хүн шоолоод л сууж байна. Г.Нямсүрэн маань Сэлэнгэ, Зүүнхараа руугаа “гул аранжиндаад” бас нутгийн дүү нартаа зөвлөх ч юм шиг, лавлах ч юм шиг зоргоороо.
Миний тухайд, улс төрийн морины жолоог хэрхэн эвхсэн бэ. Ер нь Монголын упс төр гэж юу юм бэ. Намайг таньж мэдэх. танихгүй боловч миний тухай сураг сонссон хүмүүс үнэнийг мэдэж байг. Миний сэтгэлд байнга оршиж, тэднийхээ нэрийг бодон бодон мэржийж явсан төрөлх Дорноговь нутгийнхан, ээжийн минь нутаг Мөнххааныхан, арван жил, анагаахын сургууль хамт төгссөн нөхөд минь, монголын зохиолчид, арван жил хамт ажилласан рашааныхан, арван дөрвөн жил хамт зүтгэсэн хүмүүнлэгийн салбарынхан, цэл залуугаас өтөл буурал болтол нөхөрлөсөн анд нөхөд минь, бас намайг нэг их мундаг хүн гэж боддог улс төрд дурлаж яваа дүү нар минь, за тэгээд үр хойч минь намайг хэн бэ гэдгийг мэдэж л байг. Мэдлээ гээд нэмэр болохгүй юмаа гэхэд дараа болохгүй, дутахгүй юмаа гэхэд илүүдэхгүй.
Монголын хэмжээсээр бол УИХ-ын гишүүн болохыг улс төрд орлоо гэж үздэг бололтой юм. Улс орныхоо хөгжил, хүн ардынхаа аж амьдралыг шийддэг төрийн үйл ажиллагаанд оролцдог боллоо гэсэн үг юм. Тэгвэл улс төрд өндөр мэдлэг, боловсролтой, төр түмнээ гэсэн сэтгэлтэй, шударга хүмүүс орох нь чухал. Ийм хүмүүсээ нам нь дэвшүүлдэг, иргэд нь ойлгож дэмжиж сонгодог болно гэдэг мөрөөдөл юм. Гэвч үүний төлөө шантралгүй ажиллах л ёстой. Тэгээд улс төрд ямар хүмүүс орж ирээд байгаа юм бэ, үүнд л хамаг учир байгаа юм. Бидний байгуулж байгаа нийгэм бол бүхнийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр шийддэг нийгэм юм байна. Тиймээс мөнгөтэй хүмүүс л улс төрд орж ирэх магадлал өндөр гэдгийг бид харж байна. Мөнгөтэй л бол боллоо гэсэн үг бас биш юмаа.

 

Бас казино ч юм уу, мөрийтэй тоглоом шиг хэн нэгэнтэй хавсайдахгүй бол дангаараа хол явахгүй. Тэгэхээр ямар нэгэн нам, улс төрийн хүчнийг бараадах хэрэгтэй. Тэгээд л гүйцээ юу гэвэл бас тийм биш. Нам дотор чинь бас бүлэг фракцууд гэж бий. Тэд цөм өөрсдийн ашиг сонирхол, төрийн эрхийг авах арга ухаанаараа нэгдсэн байдаг. Тэдний аль нэгийг сонгох хэрэгтэй. Тэгээд л өөрийгөө, мөнгөтэйгээ хамт тийш нь нийгэмчилнэ гэсэн үг. Нэгэнт мөнгө нийлүүлсэн бол та улс төрд байр суурь олж ашгаа хүртэхийн төлөө тэмцэж эхэлнэ дээ. Харин намын эрх ашиг, бүлгийн эрх ашгийн харьцаа, таны хувийн эрх ашиг, нөхдийн эрх ашгийн харьцааг хэрхэн мэдэрч ажилласнаас таны хүвьцааны ашиг тогтоогдоно. Том хувьцаатай хүмүүст өөрийнхөө хувьцааг залигуулж ч мэднэ, Жүдо бөхийн дүрэмд таны ялагдсан бөх чинь цаашаа сайн барилдвал түүнийг дагаад л амжилт чинь ахиад байдаг шүү дээ. Энэ зарчим шиг фракцийн чинь лидер гайгүй мэдрэмжтэй, бас хувьцаа өндөртэй бол та бас горьдлоготой. Бас нэг зүйл байна аа. Та олуулаа болж, төр барьж чадах намд орох уу, эсвэл улс төрд л орж байвал хэдүүлээ ч яахав гэсэн намд орох уу гэдгээ бодох ёстой.

Үргэлжлэл бий…

 

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Одончимэдийн “Хоржоонтой дурсамж 2” номноос товчлон нийтлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • lektor (February 25, 2014 11:41:23 am )

    ene yg unen

  • kkkk (February 25, 2014 7:29:03 pm )

    uudgui khun bn. 13 khun ni khuvya bodogch nar bn shuudee.

  • БЖД (February 26, 2014 10:13:15 am )

    ИХ САЙХАН ДУРСАМЖ БИЧСЭН БАЙНА.ЭНЭ ДОТРООС ЗАРИМ НЭГЭН ДҮГНЭЛТ ХИЙХЭД АРВИН ГИШҮҮН ЭР ХҮН ЮМ.МУУ ЭРЭЭС ДЭЭР.ТА НАРЫН НЭГ ТОМ АЛДАА БОЛ С.БАЯРЫГ ӨӨДӨӨ ШИДЭЭД ӨӨРСДИЙН БОЛООД МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ДЭЭР ЧУЛУУ ХАГАЛУУЛЧИХСАН БАЙНА.ХЭРЭВ АРВИНЫ ҮГЭНД ОРСОН БОЛ 7САРЫН1 БОЛОХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ 99% БАЙЖ ШҮҮ.БАЯРЫГ САЙН ТАНАЙГҮЙ БАЙЖ ШҮҮ ДЭЭ.ТАНД ЭРҮҮЛ ЭХН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.БУРХАН ӨРШӨӨГ

  • зочин13 (February 26, 2014 3:08:48 pm )

    Би ч нам минь гэж солирч яваад монгол улсад ямар их гай таривдаа. Баяр гэж нэг юм итгэл эвдэж яаж идэж уув. Муруйтай тоглоомд ялагдвал өөрөө хохирхоос гадна улс орно яаж сүйрдгийг харлаа. Монгол улсын хөгжлийн замд 4 жил саад хийсэндээ харамсаж байна. Арвин ч биднийг бодвол эр хүн шиг хүүхэн юм даан ч хожуу сэтгэлээдээ… элсний 13 яг л баабарын хэлдгээр болсон. Буруу хор найруулах ч өөрийгөө алдаг юм байна

  • иргэн (February 28, 2014 8:16:34 pm )

    Улс төрд найз гэж байхгүй харин ашиг сонирхол гэж байдаг гэдгийг зөнөтлөө мэддэгүй юм байх даа . Арвин гуайгаа их магтжээ. МАН -аас нэр дэвшигч юм болохоор саналаа өгөхөөс яахав гэж аав маань хэлж байсан . Арвин хулхидаад хаясан даа. Та нарйг хэн улс төрч гэдэг юм бэ дандаа би тэрний эцэг эхийг танина ч гэх шиг гэр бүлийн нам юм уу хаа****** юм.
    Зурагтаар үргэлж өөрийгөө мөгтаж байдаг энэ дээр ч өөрийгөө дөвийлглсөн байна.

    Баяр гүайн хувьд та л их гавьяа байгуулж шүүмжилж байсан. Баяр шиг лидэр байхгүй болохоор бүгд л дарах санаатай . Шаравдорж, ТБД андууд нар Энхбаярын хүчээр дээшилж, та обл Дорноговийн ард түмнийг онигоодож гарсан Одоо Дорноговийнхоо төлөө юу хийж байгаан

  • Зочин (March 01, 2014 3:51:30 pm )

    Одончимэд гуайд мэндчилгээ дэвшүүлье. одоогоос 30-аад жилийн өмнө таньд рапорт өгч Та анх удаа цэргийн хүнээс рапорт авлаа гэж ярьж байсандаа тэр хүн байна даа. Тэр бол Дөл зуслан юм. За бий ч улс төр мэдэх бишдээ. Гэхдээ миний бодож байгаагаар “Элсний 13” эрэлхэг дайчид цаг үедээ тодорч гарч ирээд үүргээ нэр төртэй биелүүлээд болох юм болдгоороо л болсон. Харин та бүхний сонголт хийсэн С.Баяр хариуцлагаггүй хандсан байх гэж боддог. С.Баярыг хувь хүн хүмүүжил араншин найз нөхөд монгол холч ухаан талаас нь сайн судлаагүй өнгөн талаас нь хандсанд алдсан гэж боддог шүү. С.Баяртай 1979 онд Москвагаас нэг вагонд ирж байхдаа би ярилцаж үзэж байсан болохоор миний сэтгэлд өндөр сэтгэгдэл төрүүлээгүй л дээ. Тэр үнэлгээ батлагдсаар л байна даа.

  • иргэн иргэн (March 01, 2014 5:47:41 pm )

    О гуай та Энхбаяр ерөнхийлөгч мөртөө Намаа удирддаг байсныг ил тод хэлж өгчээ.

    Энэ МАХн-ынхан гэж ийм л амьтад доо хууль журамгүй .ТБД гэж нэг аюулт олигарх байнаа.

  • зочинзочин (March 02, 2014 5:34:13 pm )

    13-ын хан гэж дандаа урвагчид л байна Арвин гэж ичиж зовох булчирхайгүй сонгсогчдоо хулхидсан авгай гэх мэт

  • Anonymous (March 02, 2014 9:21:34 pm )

    Odonchimedee odbayar bol nohoin **** shuu hun chanaraaraa bitgii hudal ****

  • Irgen (March 03, 2014 12:04:20 pm )

    Manai Dornogovi n nutgiin zuvluliig uguuch ee luivarchin mini. 20 jil dornogovi r togloloo muu hun muutai *****oo

  • MAN-MAHN (March 09, 2014 11:43:24 am )

    Elsnii 13-s gadna ONTS IH HURLIIN TULUU HUDULGUUNiig udirdsan T.GANTULGA mash sain ajillaj nam, turiig zaaglaltssan. Arvin bol urvag ch, muuhai avgai. Ulaan, Terbishdavga, CHuluunbat nar huvia bodog ch *****iin durakuud Mongoliin ard olon hezee ch unelehgui…

antalya rent a car