Кино бол уран зохиол суурьт урлаг гэж бүгд мэддэг. Мэдэхээр барахгүй “сайн кино бол сайн зохиол, сайн зохиол, сайн зохиол” гэсэн алдарт найруулагчийн үгийг бахархалтайгаар ам дамжуулан ярьдаг. Үнэний ортой үг л дээ. Ортой ч юу байх вэ, бараг 100 хувь үнэн “ҮГ” л дээ. Үнэн үгс зөвхөн ариун Библийн сударт биш амьдрал дээр хаа сайгүй байдгийг ердөө ганцхан жишээ энэ. Тэгвэл тэр энд тэндгүй хөглөрч байдаг үнэний үнэр ч үгүй нэг кино бүтээжээ. Нэрийг нь “Зүүдэнд ч оромгүй явдал” гэжээ.
Товчхондоо нэрнээс нь л хамаг асуудал эхэлнэ. Тэртээ ХХ зуунд яг ийм нэртэй кино дурлал хайрыг шохоорхож эхэлдэг насны олон Монголчуудыг өнөөдрийн хэлээр “байлдан дагуулж” байлаа. Тэр үедээ их л овсгоотой найз минь өнөөх киног зурагтаар гарах үеэр зураг дарж, хальсаа угаалгаад үеийнхээ охидууд таван төгрөгөөр зарж, одооныхоор бол овоо “бизнес” хийгээд биднийгээ махтай чиг, гурилтай чиг хуушуураар дайлж байв шүү дээ. Оросын зохиолч Галина Шербаковагийн “Роман Юлька хоёр” туужаас сэдэвлэж хийсэн тэр кино агуу их Рабиндраат Таагүүрийн шүлгээр хийсэн дуутай гэж байгаа. Сүүлд гурван өнгийн охин ”Сүүлчийн найраглал” хэмээн орчуулж дуулаад байсандаг.
Хөөрхий, хөөрхий “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг энэ нэр тэгэхээр олон Монголчуудын хувьд дурсамжтай нь, амьдралтай нь ямар нэг сэжмээр холбоотой. Гэтэл кино бүтээгчид шууд л аваад кинондоо “зоож” орхив. Ашиг олохын тулд эхлээд олны сэтгэлд хоногшсон нэр хулгайлав. Дараа нь Линси Лохены арван хэдэн настай, алиа шаргал үстэй байхдаа тоглосон Холливудын нэгэн киноны үйл явдлыг “ялимгүйхэн” өөрчлөөд асар зоригтойгоор зохиолч тэр хэмээн нэрээ тавьж оюуны хулгай хийчихжээ. Өөрчлөлт нь их өнгөцхөн. Ердөө хүйсийн түвшинд. Жендерийн асуудал гэдэг шиг. Холливулын кинонд хоёр ихэр төөрч будилсан охин, аав ээж нь салжээ. Харин манай кино бол хоёр ихэр төөрч будилсан хүү. Аав ээж нь салжээ. Бас хоорондоо усны дусал мэт адилхан гэж байгаа. Монгол хэлэнд “хүний юмаар хүүдэгнэх” гэж нэг сайхан хэлц байна. Ёстой тэр л болжээ. Яагаад ч юм, цөөнгүй хүн “the Parent Trap”/1998/ хэмээх хүүхдийн киног үзээгүй юм уу, эсвэл мэдэн будилав уу, зохиол нь “хөөрхөн” гэж дүгнэсэн байхыг олж уншив.
Хөөрхий, хөөрхий бас болоогүй, ээ. Ийм нэг үгүүлбэр кинондоо зориулж нээсэн фээсбүүк хаягт нь байна. “Та ихэр Жеки Чаны тухай киног үзсэн байх, мөн хоёр Жет Ли гардаг “Цорын ганц” гэдэг киног ч үзээ байлгүй. Дээрээс нь ихэр Ван дамм гардаг “Давхар цохилт” киног ч үзсэн байж таарна. Бүгд зодоон цохионтой. Тэгвэл ихэр Энхтүвшин гарах “Зүүдэнд ч оромгүй явдал” киног үзсэн үү. Үзээгүй бол үзэхэд харамсахгүй. Та гэр бүл ямар үнэ цэнэтэйг ухаараад гарах болно.” Мундаг “дүгнэлт”, мундаг том харьцуулалт шүү. Тэгсэн атлаа өнөөх санааг нь шууд “канондсон” ихэр охидын тухай киногоо огт дурьдаагүй байгаа юм. Бас бага зэрэг ичих булчирхай байна, хөөрхийс. Зөвхөн энэ кино ч биш ер нь кино урлагт “хулгай” дэндлээ. “Тагнуулч аав” яалаа. Гаднаас биш дотроосоо хулгай хийх болсны жишээ.
Хөөрхий, хөөрхий ойрхны болоод онцгой нэгэн жишээ дурдъя. Я.Энхээ, Ч.Энхээ нарын зохиолоор 1983 онд ихэр биш л дээ, гэхдээ дэндүү адилхан ах дүү хоёрын тухай “Санаж яваарай” киног бид өөрсдөө “сэтгэж” хийснийг монгол киноны түүх гэрчилнэ. Тэр кинонд халамцуухан залуу /зохиолын гол дүр/ машинаа засаж буй хүнд дөхөж очоод”- ах, аа саранд хүргээд өгөөч” гэдэг. Хариуд нь өнөөх хүн “-дүү минь иймэрхүү юманд сар хол, сэргийлэх ойрхон шүү” гэдэг юм. Сайхан хариулт байгаа биз. Үнэхээр энэ мэтээр бусдын тархи руу гараа дүрээд байвал “сар” дэндүү хол доо.
Тэгээд л бодол гунигаар дүүрч сэтгэлд ойрхон шүлэгтэй ч, итгэл алдах гээд байгаа дүүдээ таньдаг мэддэг, ах зах, амандаа сахалтай хүний ёсоор орос “школтой” найруулагч уурлаж бухимдаад гэнэт “стоп” гэж хашгирдаг шиг одоо оюуны “хулгайгаа” ёстой “стоплож” өөрийн “тархины” бүтээлээ бичиж, нүүр бардам нэрээ “Ж.ОРГИЛ” гэж тавих цагийг хүлээж суугаагаа дуулгая.
Анзаарсан бол дээрх үгүүлбэрт хачин сонин гадаад үгийг хэд хэдэн удаа хэрэглэв. Уучлаарай зориуд тэгсэн юм. Аливаа хэлэнд онолчдын үздгээр “аяндаа цэгцрэх хууль” үйлчилж байдаг гэнэлээ. Бас багшийн минь хэлснээр хэл бүхэн өөрийн дархлаатай гэсэн. Үнэн байх. Үгүй ч байх. Гэхдээ л ямар ч Орос хүнээс” ЖИЖҮҮР”, ”АРААЖАВ” гэдэг өөрсдийнх нь үгийг асуувал мэдээж юу ч ойлгохгүй толгой сэгсэрч, мөр хавчина. Учир нь тэдгээр үгс монгол хэлэнд урвасан, үгүй бол монгол хэл урвуулсан, шингээсэн, ээнэгшин дассан “ҮГС”. Тийм хувь тавилантай үгсийн нэг бол “ПООШИГ”. Уг нь манай хэлэнд “торх” гэдэг үг бий . Жонатон Свифтийн нэг зохиолыг “Торхны үлгэр” гэж орчуулсан байдаг санагдана. Энэ удаа “Торх” биш “поошиг” гэдэг энэ ээнэгшсэн үгээ ихээр ашиглав. Учир нь “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд маань “поошигтой” холбоотой хэсэг гарна. Өнөө муу гортиг Цогоогийн /киноны гол дүр/ дээрээс манай хайрт ерөнхийлөгчийн хэлээд байдаг ”хөрөнгөжсөн хурандаа” нарын нэг өөрийн толгойгүй хүүхэлдэйгээрээ “поошиг” шидүүлж байгаа юм. Дэндүү өрөвдмөөр тоглолт, хувь заяаны эргүүлэг, зохиолчийн шийдэл. Гэхдээ авууштай нэг санаа бий л дээ. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө өөрөөсөө гарамгүй “зориг” гаргадаг тухай. Биднээс илүү, биднээс сайхан амьдрах ёстой гэх хатуу үзлээр тэдэнд ханддаг тухай. Тэгээд л гэр бүлд “зөрчил” үүсч, Сэлэнгээ, Цогоо хоёрын хайр сэтгэл, хамтын амьдралыг бусниулдаг тухай. Хамаг юм тэр муу “поошиг”-ноос болж байгаа юм. Гол нь өнөөх “хөрөнгөжсөн хурандаа” өөрийнхөө поошигонд гортиг Цогоо шиг найдваргүй нөхрийг оруулахыг хүссэнгүй. Ердөө л энэ. Ийм хялбар шийдлийг тийм марзагналаар шийдэх гэж оролдох ч гэж дээ. Харамсмаар “урлаг” шүү. Энд л магадгүй найруулагчийн киногоо “өргөх” гэсэн зүтгэл ажиглагдана. Өргөх ч юу байхав дээ, үнэндээ унагаад хаячихаж байгаа юм. ” Дэндүү дээ, дэндүү даанч дэндүү дээ” гэдэг дууны үг л санаанд шууд орно.
Хөөрхий, хөөрхий бас болоогүй, ээ. Ашиг орлогоороо тэргүүлсэн гэнэ, найруулагч Наранбаатарын ард түмэндээ барьж буй бэлэг гэнэ. Боксын тулааны тавцанд бүжигчин залуугийн тоглохыг хараарай л гэнэ. Хялбар хөнгөн шийдлүүдээ марзагналаар нуух гэсэн оролдлогууд энэ киноны уран сайханг улам ч доройтуулна. Одоогийн хөнгөн үзэгчид инээх хүслээр дүүрэн. Тэдэнд инээд бэлэглэх гэж өөрсдөө “инээд” болох хэрэггүй л байсан юм.
Зохиолын төгсгөл бол бүүр зүгээр л “наргиа”. Ихэр хоёр хүү нэг охинтой үерхэнэ. Гурвуулаа бие биендээ хайртай. Эцэст нь нөгөө хоёрын дундах ганц охин бас ихэр болж төгсөж байгаа юм. Ийм юм хаана байдаг юм. Кинонд байж болно. Харин амьдралын үнэнд бол бараг л үгүй. Гэтэл онолчид “КИНО ҮНЭН” гэж яриад байх болжээ. Яагаад кино үнэн байх ёстой гэж. Энэ асуултыг би бүгдэд үлдээе. Өөр өөрийнхөөрөө шийдэлд хүрнэ биз. Харин “кино үнэмшил”-ийг энэ бүтээлээс хайгаад нэмэргүй. Хорин жилийн өмнө аавынх нь албан тушаалаа ашиглаж эвүүлсэн зураг хогийн савнаас олдсон гэдэг юм. Санамсаргүй тохиолдол амьдралд зөндөө. Байж болохооргүй зүйл байхыг аль тэр гэхэв. Даанч яаж ч итгэхийг хүссэн хорин жил хогоо асгаагүй айл хорвоод байх уу.
Хөөрхий хөөрхий зохиолчгүй зохиол, зохиолгүй киног юу гэж нэрлэвэл зохих вэ? Чухам юу гэж нэрлэх нэр ч олдохгүй байгаа бусад киногоо бодвол энэ кино ядаж зохиолчтой юм. Гэм нь л бусдын мах гурилаар бууз хийгээд бусдыг дайлах гэж шулуухан хүсдэг болохоос биш. Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн нэг шүлэг бий дээ. “Хоёрын тоо” гэдэг нэртэй.
Бусдын сэтгэл цус шингэсэн яруу сайхан шүлгээс Бадаг байтугай! Шад шүлэг хуулаагүй яваа шүү! Би Уран бүтээл ч хүн ийм бардам, ийм л үнэн байх ёстой мэт. Гэтэл хуулан бүтээгч монгол киночид минь асар эр зоригтойгоор урлагт, асар ёсзүйгүй хандсаар байх уу. Нэгийг бодох цаг болжээ. Хичнээн жил “зүүдэнд ч оромгүй поошиг” үзэгчдийнхээ толгой руу шидэх вэ. Аливаа зүйлд хэмжээ хийгээд хязгаар бий.
Түүнийг сануулсан гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
Холбоотой мэдээ
-
Yag unen (February 21, 2014 2:26:08 pm )
saixan bichsen bn
-
2589 (February 21, 2014 4:08:17 pm )
Үнэн бодууштай юм шүү.
-
e (February 21, 2014 9:58:21 pm )
Yum hiij yavaa negende bitgii ataarh, oor bichih yum olddgvmu h****ain
-
Лха (February 23, 2014 5:05:35 pm )
Хэлээд яахав.Наранбаатар найруулагчийн ухааны цар хүрээ ямар нь харагдаж л байгаа юм даа
-
Anonymous (February 23, 2014 6:19:33 pm )
Ariun bible ch geh shig ****na daa aa muu buruu nomton
-
нөгөө хэн (February 26, 2014 9:17:37 am )
наранбаатарыг харахад ухаантай юм шиг санагддаг харин хийсэн жүжиг кино нь нэг тийм мулгуу юм болоод байх юм юундаа байдаг юм бол ….юун олон ЮМ болчихвоо..аан
6 Comments