Ардын уран зохиолч, МУСГЗ Т.Галсангийн “Жирмийн сүлжээ хэмээх дөрвөн мөртийн цоморлиг”-т
…Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу
Гал асаагаагуй бүсгүйг бэр гэдэг юм уу
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу… хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл өнөө цагт эрх мэдэлтэй л бол хэнбугай ч юу ч хийж болдог болжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхжээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагыг толгойлж, редакци удирдах байтугай нэг өдөр хэвлэлийн хурлын мэдээ бичиж үзээгүй, сэтгүүлчийн хөдөлмөрийг хүндэтгэдэггүй хүн энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барина гэдэг үнэн хэрэгтээ сэтгүүл зүйн салбарыг тохуурхаж байгаа явдал юм.
Уг нь өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад эргүүлэн татсан. Учир нь хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд тодорхой хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлсэн учир тийнхүү хуулиа эргүүлэн татсан юм.
Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаан од” сонины редакциас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн сэтгүүлч мэргэжилтэй “ёстой л номыг нь үзэж, ногоотой шөлийг уусан” нэгэн тул “Муу хуультай байснаас бүр байгаагүй нь дээр” хэмээн санаачилсан хуулийн төслөө татаж авсан. Тэгээд ч энэ салбарт чухам ямар хууль хэрэгтэйг лав л эрхэм гишүүн М.Батчимэгээс илүүтэй мэдэж байгаа нь тодорхой.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн хэлж байсан “Эрх чөлөөг боомилсон хуультай байснаас хуульгүй байсан нь дээр” гэсэн тайлбарын эсрэг хууль батлахаар хэвлэл мэдээллийн талаар “А” ч үгүй нөхөд дахин зүтгүүлэхэд бэлэн болоод байна. Ерөнхийлөгч санаачилсан хуулиа эргүүлэн татсаны дараахан Тамгын газрынх нь дарга П.Цагаан “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа” гэдгийг мэдэгдэж байсан. Гэтэл яг энэ мэдэгдлийн эсрэг чиглэсэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх өдрөө хүлээж байна.
Анхны өргөн барьсан хуулийн төсөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах, хариуцлага хүлээдэг, ёс зүйгээ баримталдаг хэвлэл мэдээллийн салбартай болохыг зорьсон хоёр үндсэн зарчимтай байсан юм.
Даанч тэрхүү төслийн зүс нь хувирч, эрх чөлөөний тухай хууль гэхээсээ илүү хориг мэт болсон болохоор одоо дурсаад ч нэмэргүй. Харин тун удахгүй өргөн баригдахаар яригдаж буй хуулийн төслийн санаачлагчдын нэг нь УИХ-ын гишүүн М.Батчимэг гэхээр чихэнд нэг л наалдахгүй байгаа юм. Түүний хувьд өмнөх буюу Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажилласан нь үнэн.
Гэхдээ ганц хуулийн төсөл дээр ажиллалаа гээд бүхэл бүтэн салбартай холбоотой хуулийн өөр төсөл бичих хэмжээнд бэлтгэгдсэн гэж ойлгоход бэрх. Тэгээд ч ажлын хэсэгт орсон сэтгүүлч мэргэжилтэй гишүүд эрхэм гишүүн М.Батчимэгийг сэтгүүл зүйн салбар мэдэхгүй болохоор асуудлыг өнгөцхөн харж байна хэмээн нэг бус удаа шүүмжилж байсан нь саяхан.
Тэр ч байтугай түүнээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцлага авахыг хүссэн олон сэтгүүлчийг цаг гаруй хүлээлгэсний эцэст “Уучлаарай, амжихгүй нь” гэсэн хариулт өгч байсан нь цаг нартай уралдан ажилладаг хүмүүсийн ажлыг яагаад ч ойлгодоггүйг нь батласан хэрэг.
Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн салбар буюу хэвлэл мэдээллийн байгууллагын хувь заяатай шууд холбоотой хуулийн төслийг М.Батчимэг гишүүнд атгуулсан нь энэ салбарыг эрх чөлөөтэй болгох гэхээсээ илүүтэй боомилох санаархал явж байна уу гэх хар төрөөд байгаа юм.
Б.Төгөлдөр
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2014 12:46:51 pm )
ene hudal tsetserhegch, hooson tolgoit alia sal***ai nar mgl-yg mini hudaldaj bn. Yasan bayan oron ve, ideed zaraad duusahgui. Uvgud mini bidend ihiig uldeesen.
-
erdenet (February 23, 2014 10:07:05 pm )
Харин ч зөв хүнийхээ гарт төслийг өгчээ.Батчимэг гишүүн сэтгүүлч биш ч сэтгүүлчдийн булхайг ил гаргаж байгаа шүү.Тэр төслийг хурдан өргөн барих хэрэгтэй.
2 Comments