Нутгийн зон олныхоо нүүрийг харж чадахгүй болтлоо муу үйл хийнэ гэдэг нь үнэндээ амьдын там ажээ. Там тамдаа бүр хэрийн хүн тэсэхэд бэрх там бололтой. Гэхдээ зарим эрхмүүд ийм тамыг ч үл тооно. Учир нь гэвэл, тэд бүхнийг мөнгөөр хэмжиж, шийдэж чаддаг. Тамын ёроолд унавал худалдаж аваад гарчихна гэж бардамнана. Ийм лут эрчүүдийн нэг нь өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболд. Тэрбээр Ховд нутгийн уугуул. Ховддоо гавьяа байгуулаагүй. Харин гай их тарьжээ. Түүний нутгийн тулхтай, ёс жудагтай нэгэн эрхэмтэй саяхан уулзлаа. Тэр “Манайхан У.Барсболдын шуналаас болоод хайран сайхан байгаль, Сутай хайрханаа сүйрүүлэхэд хүрээд байна. Дархан цаазат энэ уулыг маань Хятадын доншуур наймаачид Хөшөөтийн уурхайг дээрэмдэж ашиглахдаа хамтад нь сүйрүүллээ. Ийм аймшигтай ажлыг анх У.Барсболд сэдэж хийсэн юм. Энэ тухай шүүмж хэлсэн хүнийг тэр үзэн яддаг болсон.
Гавьяат эмч Жав нарын зэрэг нутгийн хуучцуул Сутайнхаа төлөө дуугарахад энэ нөхөр ихээхэн дургүйцдэг. Шүүх мүүхдээ тулдаг болсон. Бодвол Хятад ноёдоос их хэмжээний мөнгө аваад ингэж туйлж байгаа биз” гэсэн юм. Мөн түүнчлэн “Би У.Барсболдоос үнэндээ айж байна. Яаж ч мэдэх эр бололтой” гэснийг энд зориуд онцолж, нэрийг нь бичихээс татгалзсанаа өчих юун. Сүүлийн жилүүдэд бараг хэвлэл болгоны хуудаснаа У.Барсболдын эхлүүлсэн хэмээх Хөшөөтийн уурхайн шуугиант мэдээлэл гарч байлаа. Мань эрийн Богд уулын арын талбайг ах дүүс, намын нөхдөдөө дур мэдэн өгсөн тухай ч олонтоо яригдаж байсан.
Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү Хангал гэгч нь авга ах У.Барсболдынхоо ивээлээр Богд уулын ард газар авч байшингаа бариад байгаа. Энэ бол нотлох албагүй үнэн юм. Үүнээс үзэхэд У.Барсболд ахай үнэндээ зүгээргүй байжээ. Хөшөөтийн ордыг Хятадуудад өгсөн анхны Монгол эздийнх нь нэг мөнөөс мөн болж таарч байна. Үүнийгээ ч тухайн үед нутгийнхаа зон олноос нуугаагүй. Сонгуульд нэр дэвшээд амьтан хүнийг “хошгируулж” явахдаа “зүүдээ ярих гээд хулгайгаа дэлгэсэн” нь бий, түүнд. Гэтэл одоо болохоор “Хөшөөт бол надад ямарч хамаагүй” гээд байдаг. Гэвч нутгийнхан нь “Худалч нөхөр” хэмээн ундууцна. Олны үг ортой тул Ховдчуудын тэрхүү “Худалч” гэсэн товч бөгөөд тодорхой дүгнэлтэнд итгэхээс яахав.
Хэрүүлийн алим болсон Хөшөөтийн уурхай нь тус аймгийн Дарви сумын нутагт байдгийг уншигчид мэдэх байх. Коксжих нүүрсний нөөц ихтэй. Судлаачид энэ ордыг манай хоёрдахь Таван толгой гэдэг юм билээ. Монголчууд өөрсдөө хайгуулыг нь хийсэн орд. Харамсалтай нь уг ордын нөөцийг манай хэдэн дарга нар дөнгөж 87,5 сая тонн гэжээ. Энэ нь явсаар бүр Засгийн газраас тогтоосон албан ёсны тооцоо мэт болж хувирсан байна. Тэгвэл Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компанийн эзэд Хөшөөтийг Австраличуудтай хамтран эзэмших гэрээндээ 406 сая тонн нөөцтэй гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, монгол дарга нар тийм бага нөөцтэй гээд байхад одоо эзэмшиж буй харийнхан нь ийм өндөр тоо хэлээд нүүрс тээвэрлэлтэндээ улайрч байна. Гэхдээ нарийвчилсан тооцоогоор энэ ордын нөөц нь 4,4 тэрбум тонн бөгөөд 6,6 тэрбумын нөөцтэй Таван толгойн дараа одоогоор Монголдоо хоёрт жагсаж буй. Өнгөрөгч 9 дүгээр сараас энд үндсэндээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гайхалтай нь Хөшөөтийн ордыг манай Засгийн газар одоо болтол стратегийн ордынхоо жагсаалтанд оруулсангүй. Энэ оны 6 дугаар сард Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг албан бичгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хүргүүлж, уг ордыг стратегийн ордод хамааруулахыг шаардсан боловч залуу сайдтан бүлх залгисан мэт чимээгүй боллоо.
Уг нь аливаа санал, хүсэлт, шаардлагын хариуг төрийн бүх шатны байгууллагууд шийдвэрлэж хариу мэдээлэх хуулийн хугацаатай байдаг. Харин Д.Зоригт сайдад энэ нь огт хамаагүй юм болов уу даа. Хятадууд Хөшөөтөөс Шинжааны хил хүртэл 340 км асфальтан зам тавьсан. Үүний зардал асар өндөр. Өнөөгийн зах зээлийн ханшаар бол 1 км ийм замыг 350 сая орчим төгрөгөөр тавьдаг бол “Мон Эн Ко” компани 900 саяар тавьж, нийтдээ 62 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Хилийн цаана Хятад “ах нар” бас төмөр зам барьж байгаа. Хөшөөтийн коксжих нүүрсийг тэд Баогийн гангийн үйлдвэртээ нийлүүлнэ. Замын ажил нь дуусах үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын зэрэг олон дарга тэнд очсон юм. С.Эрдэнэ хүрч ирээд “Уул уурхайг ингэж байгуулах хэрэгтэй. Хөшөөт бол манай жинхэнэ үлгэр дуурайлал болж байна” гэсэн утгатай юм ярьсан нь хүмүүсийг ёстой алмайруулах шиг болсон доо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч нутагтаа зочлохдоо Хөшөөтийн ажлыг сонирхож, бас “хөгжлийг” гайхаж байжээ. Гэхдээ тэдний хэн нь ч энэ ордыг стратегийнх гэсэн ангилалд яагаад оруулаагүй, ямар учраас нөөцийн зөрүүтэй мэдээлэл ашигласан, улс, аймагт өгөх татвараа хэрхэн нуудаг гэх мэт “Мон Эн Ко”-той холбоотой иргэдийн санал, гомдлыг огт тоож үзээгүй. Ховд аймгийн 67 мянган га талбайг эзэмшдэг тус компани адаглаад л ийм том газрынхаа жил бүрийн татварыг бүрэн төлдөггүй. Татварын байгууллагууд үүнийг ил тод мэдээлэхээс айдаг гэсэн мэдээлэл байна. Юу болоод байна аа, тэнд. Юуны төлөө, хэнд үйлчилж буй хэрэг вэ.
У.Барсболдын луйврын гар оролцсон хэмээх энэхүү Хөшөөтийн ордыг эзэмшиж байгаа “Мо Эн Ко” нь чухам ямар компани юм бэ. Зарим вэб сайтад тавьснаар бол Хонконгт байрладаг бололтой. “Монголиа Энэржи Корпорэйшн” гэдэг олон улсын хөрөнгө оруулалттай компанийн Монгол дахь охин компани ажээ. Удирдах зөвлөлд нь эхний үед Хонгконгийн хятадууд байжээ. Манай иргэний байгууллагууд Хөшөөтийн ордыг монголчууддаа ашигтайгаар эзэмшүүлэхийн тулд эсэргүүцээд ирэхээр сүүлдээ Америк, Хонконгийн иргэдийг Удирдах зөвлөлдөө оруулсан байна. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийнх нь дотор монгол иргэн байдаггүй. Ховд аймагт ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн эзэн нь БНХАУ-ын иргэн. Түүнийг Лю Чэнг Лин гэдэг. Тэрбээр эх газрын Хятад үндэстэн. Эх орондоо авлигын хэрэгт холбогдон цаазаар авахуулах ялаар шийтгүүлж байжээ. Түүний жинхэнэ нэр нь Лю Ай Данг. Харин дээрх ял болон бусад шалтгаанаар нэрээ Лю Чэнг Лин гэж өөрчилсөн гэнэ. Гэвч чухам ямар аргаар ялаас мултарсан нь тодорхойгүй. Тэр одоо Хонгконгийн иргэн гэж явдаг. Монголын эрчим хүчний хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг юм байна. Мөн уул уурхайн чиглэлээр ажилладаг зургаан компанитай. Түүнийг Монголд суух өргөмжит консулаар томилох асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон их л хичээнгүйлэн хөөцөлдөж байсан гэдэг. Лю Чэнг Лин гэгч энэ хятадын эзэмшил болсон “Хөшөөт”-ийг хөдөлдөж байгаа гол хүний нэг нь Гордон Пүүн гэгч ажээ. Монгол талынх нь гүйцэтгэх захирлаар ихэвчлэн У.Барсбодын ах дүү, хамаатан садангийн хүмүүс ажиллаж байна. Гэвч хятад андууд нь тэднийг удаан хугацаагаар, тогтвортой ажиллуулдаггүй. Монгол талыг хариуцсан Гүйцэтгэх захирлаар хамаатан Б.Батням нь ажиллаж байлаа.
Одоо тэр Таван толгойд яваа сурагтай. Бодвол Хятад эздийнхээ дараагийн даалгаврыг биелүүлэхээр зүтгэж буй биз. Нөгөө нэг хамаатан Д.Баттулга нь ч Хөшөөтөөс гадна өөр давхар үүрэгтэй болсон дуулдана. Тэд хааяа Бээжинд дуудагдан, түүхий нүүрс хилээр гаргуулж чадаагүй хэмээн хятад эзэддээ загнуулж байсан гэнэ лээ. Ховд аймгийн Дарви, Хөшөөт, Цэцэг, Зэрэг, Мөст, Манхан, Алтай, Үенч зэрэг сумын нутагт 17 нүүрсний уурхай бий. Эдгээр уурхайг “Мон Эн Ко” компани худалдаж аваад Хонконгийн хөрөнгийн биржээс 27 тэрбум хонконг долларын хөрөнгө босгожээ. Тус аймгийн “Элгэн нутаг Сутай” төрийн бус байгууллагынхан үүнийг эсэргүүцэж байна, яахаараа харийнхан ингэж бидний баялгаар мөнгө олоод бид юу ч үгүй сууж байдаг юм гэж. Тийм ээ, тэдний зөв. Нэг ч монгол хүн энэ хувьцаанаас хүртээгүй. Нутгийнхнаа молигодсон У.Барсболд харин шоглоод байна уу гэлтэй нэг сонин ажил тэнд хийжээ. Юу гэхээр, мань хүн Дарви сумын айл болгонд нэг тонн нүүрс өгчээ. Ингэхдээ “Энэ бол миний бэлэг” гэсэн үг дайж илгээхээ мартсангүй. Иймэрхүү цагаандаа гарсан нөхдийг “горхины эрэг дээр суугаа далайн дээрэмчин” хэмээн Баабар ёжилж бичсэн нь бас хатуу ч гэсэн тун онож хэлсэн үнэн үг ажээ. Хөөрхий дөө, У.Барсболдын гараар “там” болсон Хөшөөт минь, дараа дахин өгүүлэмз.
Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
Comments are closed.