
Дэлхийн зах зээл дээрээс эхний 1.5 тэрбумыг нь босгож ирээд засмал болон төмөр замын ажлаа эхлүүлсэн “Чингис бонд”-оо дахин 500 сая тэгэхдээ Японы иенээр цэнэглэхээр Н.Алтанхуяг сайд маань ийнхүү яаравчлан мордсон хэрэг.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бахархан тэмдэглэснээр “Чингис бонд”-ын гуравны нэгийг л одоогоор үрчихээд байгаа ч зөвхөн бүтээн байгуулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан санхүүжилт хийсэн юм байх.
Харин төсвийн алдагдлыг нөхөх болон нийгмийн халамжийн салбарт ганц төгрөг ч хялайлгаагүй гэнэ. Таван толгойгоос урд хил хүрэх төмөр зам, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай зам, Улаанбаатар хотын 33 уулзварыг томсгох төсөл, Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүрэх 33 км хатуу хучилттай замын ажил гээд “Чингис бонд”-ын мөнгөөр овоо далайцтай хэдэн ажил эхлүүлжээ.
Түүнчлэн Таван толгой, V цахилгаан станцын ажлыг бас л “Чингис бонд”-оороо санхүүжүүлж ажил хэрэг болгосноор Монгол Улс эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болно гээд байгаа.
Хэрвээ цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж хойд хөршөөс эрчим хүчний хамааралгүй болчих аваас “фортуна” Н.Батбаяр сайдын алтан хөшөөг Улаанбаатарын төвд сүндэрлүүлсэн ч багадна.
Н.Батбаяр сайдын тайлбарласнаар төмөр зам, засмал зам, орон сууцны томоохон хорооллууд гээд энэ зэргийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлсэн ч “Чингис бонд”-ноосоо зөвхөн гуравны нэгийг нь л үрсэн нь үнэн бол “браво” гээд хоёр гараа хорстол алга таших хэрэгтэй юм.
Талдаа ч ороогүй “Чингис бонд”-ын ам.долларууд Монголбанкинд тоо ёсоороо хадгалагдаж байгаа нь нотлогдвол Н.Алтанхуяг сайдыг мөнгөө баруун, солгойгүй цацаж, үрэн таран хийчихээгүйд нь талархаж дээш нь шидэж халуун баяр хүргэх ёстой шүү, та минь ээ.
Хэдийгээр төсвийн орлого 222 тэрбум төгрөгийн алдагдалтай, ам.доллар 1700 гараад явчихсан тааруухан үзүүлэлттэй байгаа ч Ерөнхий сайд маань “Монгол Улсын эдийн засаг хэвийн байгаа. Инфляци өсөөд байгаа юм алга.
Сэтгэл зовоогоод байх зүйл одоогоор ажиглагдахгүй байна” хэмээн тайлбарлаж нүүр дүүрэн мишээл тодруулаад л яваа. Гэхдээ төсвийн алдагдал энэ байдлаар үргэлжлээд байвал оны эцэст 1.5 их наяд төгрөгт хүрч сөрөг дээд амжилт тогтоож ч болзошгүй.
Ерөнхий сайдын санаачилсан зарлага, санхүүжилтээ оновчтой болгох, үргүй зардлыг дээд зэргээр бууруулах, нөөц бололцоогоо шавхан дайчлах арга замаар төсвийн алдагдлыг 500 тэрбум төгрөгөөр бууруулж чадвал түүний танхимаар оролдох олиггүй этгээдүүд олдохгүй л болов уу.
Ямартай ч 500 тэрбумын хэмнэлт гаргах дүр зураг харагдаж байгаа ч 2013 оны Монгол Улсын төсвийн орлого 950 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болоод байгаа.
Ийм базаахгүй байдал үүсээд байхад ч Сангийн сайд Ч.Улаан “Хөрөнгө оруулалтын зардлыг 500 орчим тэрбум төгрөгөөр, гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбоотойгоор төлөвлөсөн хэмжээний зардлыг 170 орчим тэрбум, урсгал зардлыг 300 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдэж, танхимынхаа тэргүүнтэй адилхан хэнэггүй царайлаад л яваад байгаа.
Төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувьд хүрч болзошгүй нөхцөл үүсээд байгаа ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тийм юм байхгүй. Тайван амгалан байцгаа” гэж мэдэгдчихээд Япон руу нисээд явчихсан. Одоо арлын Японы Ерөнхий сайдтай хундага тулгангаа 500 сая ам.долларыг иенээр босгож ирэх гэрээнд гарын үсэг зураад чухам завгүй яваа.
“Чингис бонд”-ын 1.5 тэрбумаас 500-хан саяыг нь үрж энэ зэргийн ажил эхлүүлсэн шинэчлэлийн Засгийн газар мандтугай.
Хэрвээ “Чингис бонд”-ын нэг тэрбум ам.доллар Монголбанкинд тоо ёсоороо байж байгаа бол Н.Алтанхуяг сайдыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болгож алтан таван хошуугаар шагнавал зохино.
Хотын дарга Э.Бат-Үүл улсын баатар болсон юм чинь “Чингис бонд”-ын мөнгөө арвилан хэмнэж, энэ зэргийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн Н.Алтанхуяг сайдыг баатар болгож яагаад болохгүй гэж. Та минь ээ, “Чингис бонд” талдаа ч ороогүй бүрэн, бүтэн байгаа гэнэ шүү. Ингэж нэг санаа амрах гэж байх уу даа.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ganga (September 13, 2013 8:36:48 am )
uruuguid ni gonsoigood bnuudaa ene nuhur
-
Anonymous (September 13, 2013 9:24:30 am )
Ualaanbaatart hunii hudend haragdahgui tom yum yu hiisiin yu ch bhgui ulam l buhimdal ihsej bgaa biz dee
2 Comments