“МИАТ” компани түрээсээр ашиглаж байсан хуучин “Boeing 767-300” онгоцоо Бангладешийн “Biman Bangladesh Airlines” төрийн өмчит авиа компанид түрээслүүлж эхэлсэн байна.
Тус компанийнхан уг онгоцыг “нойтон түрээс”-ээр түрээслүүлж байгаа аж.
Энэ нь “МИАТ” компани агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцна гэсэн утгатай гэнэ.
Иймээс нисгэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулагч нараас бүрдсэн 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн баасан гарагт Бангладешийг зорьсон бөгөөд багийнхан анхны нислэгээ өнгөрсөн бямба гарагт үйлдсэн байна.
“МИАТ” компани алдагдлаа бууруулах зорилгоор түрээсийн онгоцоо анх удаа давхар түрээслэх шийдвэр гаргасан бөгөөд давхар түрээслэх гурван сарын хугацаанд тус онгоцоор үйлдэж байсан нислэгийг шинээр худалдан авсан “Boeing 767-300” агаарын хөлгийн ашиглалтаар нөхөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Тус компани нь хоёр “Бойнг 767” онгоцтой бөгөөд энэ хоёр онгоц сард 140 цаг нислэг үйлддэг. Энэ нь дэлхийн ийм төрлийн онгоцны дундаж ашиглалтаас 2.5 дахин бага зарцуулалттай гэсэн тооцоо гарсан учир давхар түрээслүүлэх шийдвэрийг гаргасан юм байна.
Давхар түрээслэж буй онгоц нь МИАТ компани “Эйрлизинг” компаниас гурван жилийн хугацаатай түрээсийн гэрээтэй юм. Онгоцыг давхар түрээслэхийн тулд “Эйрлизинг” компани, Төрийн өмчийн хороо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн яамнаас зохих зөвшөөрлийг авсан аж.
Давхар түрээсийн Боинг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс руу нислэг үйлдэх юм байна.
Энэ онгоцоор энэ сарын 7-ноос аравдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэж, аравдугаар сарын 6-наас 19 хүртэл түр завсарлаад, арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

Холбоотой мэдээ
-
mongol (September 10, 2013 7:50:23 pm )
zev bn ingej herenge ashiglaltaa huchin chadlaar ni ashiglana gedeg bol jinhene eh oronch setgelgee men shuu harin eldev ersdelgui l bh heregteidee
-
IiIil (September 11, 2013 10:22:54 am )
Bangladesh ch dedee mongoo ogohuu
2 Comments