Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт 20 настай охины амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан н.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 12.20 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр Ч.Отгонбаяр, улсын яллагчаар Г.Мижиддорж, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Лхагвацэрэн нар оролцож байна. Хэрэгт яллагдагчаар татагдсан н.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь хоёул 16 настай, мөн онц ноцтой хэрэг учир шүүх хурлыг хаалттай явуулж байна. Хурал эхлэхийн өмнө талийгаач охины эмээ н.Цагаачтай цөөн хором ярилцлаа.
-Шүүх хурлын шийдвэрийг хэрхэн хүлээж байна вэ?
-Хайртай охиноо хүмүүжилгүй хүүхдүүдийн гарт алдсан бидэнд үнэхээр хэцүү байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шуурхай явагдаж, гэмт хэрэгтнүүдийг баривчилсан. Тиймээс шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Амийг амиар солино гэж үг байдаг биз дээ. Бид маш их гомдолтой байгаа.
-Та бүхэн хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Нэг ч удаа уулзаагүй, царайг нь хараагүй. Талийгаачийн маань ээж л Улсын мөрдөн байцаах газарт нэг хүүхдийнх нь ээжтэй таарсан гэсэн. Тэд ямар ч төлбөрийн чадваргүй хүмүүс юм гэсэн. Хүний амийг нөхөх мөнгө хөрөнгө гэж хаана байх вэ. Эрүүл саруул сайхан охиноо алдчихаад байхад хүний урманд уучлал гуйгаагүй тийм л хүмүүс юм билээ.
-Ач охин тань ямархуу зан араншинтай хүүхэд байв. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийг таньдаг байсан юм болов уу?
-Айлын том охин. Аав, ээжийнхээ ажлаас нугалдаг даруухан, хүмүүжилтэй хүүхэд байсан юм. Хэзээ ч танхай хүүхдүүдтэй нийлж явж байгаагүй. Эмээ нь мэдэлгүй яахав дээ. Талийгаачийн маань аав хөдөө байнга явна, тэгээд л охиноо жолооны курст суулгаж, тэр жижиг машинаар ажлаа амжуулдаг байсан. Ийм хагацал дагуулна гэж хэн санах вэ. Нас дээр гарсан хөгшин би миний ач, зээтэй адилхан хүүхдүүд хүний амь хороосон гэхээр итгэж чадахгүй нь. Энэ нийгэмд хүүхдийн хүмүүжил гэгч огт байхгүй болж дээ гэж харамсч сууна гэлээ.
Харин шүүгдэгч н.Ганжаргал, Э.Ууганбаяр нарын ар гэрийнхэн сэтгүүлчдээс дөлж, зарим нэг нь “Хүний мууд дуртай. Муу юмны араас хөөцөлддөг, хийх юмаа олж ядсан юмнууд” гэх зэргээр дайрч давшилж байсан юм. Энэ үеэр шүүгдэгч н.Ганжаргалын төрсөн ах Баяржаргалтай уулзсан юм.
-Таны дүү хүн амины хэрэгт холбогджээ. Яагаад онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн юм бол?
-Би ганц л юм хэлье. Миний дүү надад “Би хүн алаагүй” гэж хэлсэн. Энэ хүүхдийн насан туршийнх нь амьдралыг үгүй хийх гэж байгаад харамсч байна. Үүнд УМБГ-ын мөрдөн байцаагч н.Гантулга буруутай.
-Мөрдөн байцаагчийг ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ?
-Миний дүү надад захиа бичсэн. Тэр захиаг мөрдөн байцаагч Гантулга устгасан.
-Тэр захиа нь ямар утга агуулгатай захиа байсан юм бол?
-Би уншиж чадаагүй болохоор юу бичсэнийг нь мэдэхгүй. Гэхдээ дүү маань өөрийгөө гэм буруугүй болох талаар л бичсэн байх.
Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, шийтгэх тогтоол уншиж танилцуулах үед хэвлэл, мэдээллийнхнийг шүүх хуралдааны танхимд оруулна гэсэн юм. Бид шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 16, 2011 4:46:01 am )
хүны алсан болоодол шүүх хурал нь болж байна угаасаа ойлгомжтой байгаа зүйлыг хичнээн үгүйсгээд ч үнэн хэзээд ялна манай цагдаа нар ч сайн болсон хэрэг илрүүлэлт талдаа бол ок юм билээ
1 Comment