Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэж, ялын дээд хэмжээ авсан “Гэр хорооллын
барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэлийн гадаад паспортыг ашиглан АНУ-д амьдарч байсан этгээдийг цагдаагийнхан Монголд авчирсан гэж УМБГ-т ойр эх сурвалж манайд мэдээллээ. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд шинэ үйл явдал биш, учир нь уг этгээдийг Монголд авчирсаар нэг жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Монголын шүүх Ц.Түмэнгэрэлд 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд цаазаар авах ял ногдуулсан юм. Шүүхийн шийдвэрийг 2008 оны есдүгээр сарын дундуур гүйцэтгэсэн гэх мэдээлэл хэвлэлд гарч байв.
Ял сонссоноос нь нэлээд хожим түүнийг АНУ-д амьд мэнд явна гэсэн цуурхал дэгдсэн. Тэгвэл ийм яриа гарах болсон нь түүний паспортыг хүн ашиглаж АНУ-д гарсантай холбоотой байж магадгүй бололтой. Эх сурвалжийн хэлсэнээр тэр этгээдийг цагдаагийнхан жил гаруй хорьж шалгаж байгаад саяхан батлан даалтад гаргасан гэнэ. Батлан даалтад гаргахдаа, энэ явдлын талаар ямарваа нэг байдлаар задруулахгүй байхыг өөрт нь болон мөрдөн байцаагч, өмгөөлөгч зэрэг хүмүүст чандлан сануулж, гарын үсэг зуруулж авсан хэмээн эх сурвалж хэлэв. Тэгэхээр Ц.Түмэнгэрэлийн гадаад паспортыг ашиглаж явсан этгээд хэний хэн болох нь олон нийтэд нэг хэсэгтээ ил болохгүй бололтой. Ц.Түмэнгэрэл нь цагтаа тухайн үеийн МАХН-ын залуучуудын бүлэглэл дотор нэр нөлөө нь огцом өсч, тус намын томоохон санхүүжүүлэгчдийн нэг болоод байсан билээ.
24tsag
Холбоотой мэдээ
Comments are closed.