
Эрдэнэсийн тухай үлгэр
“Монголын од Хятадын дээр гарч манддаг юм. Алтан ордны улс дэлхийн талыг, бас Оросыг ч эзэлж байлаа. Монголчууд бид юу чаддагаа харуулна аа” хэмээн миний танил Очирбат нүдээ гялалзуулан, гал цогтой нь аргагүй хэллээ. (Магадгүй энэ нь уусан хэдэн аяга шар айрагнаас нь болсон биз).
Очирбат (түүний хүсэлтээр нэрийг нь өөрчилсөн болно) бол урлагийн нэртэй гэр бүлээс гаралтай жирийн бус хүн. Тэрбээр Монголын улстөр, цэргийн ихэнх томчуудын адил ЗХУ-д боловсрол эзэмшсэн аж. Оросоор тун гайхалтай, Москвад ч цөөхөн сонсогдохоор уран яруу ярина. Очирбат бол хятадуудтай унтдаг охидыг барьж, гутамшиг болгох зорилгоор үсийг нь хусч, энд тэндхийн хашаан дээр “Хүнийг хөнөөж болохгүй.
Харин хятадуудыг болно” гэж бичдэг Монголын ухаангүй залуустай огтхон ч төсгүй, боловсорсон эр. Гэхдээ хүмүүжил сайтай анд маань хачин жигтэй зүйл багагүй ярих аж. “Фашизм бол яг л галт уул дэлбэрэх, газар хөдлөх, үер дайрахтай адил байгалийн зүй тогтол. Үүний нөлөөгөөр илүүдэл хүн амыг цэвэрлэж, устгадаг. Фашизмыг ёс суртахууны хуурамч хэм хэмжээнд тулгуурлалгүй, бодитоор үнэлэх ёстой”.
Ийн ярихад нь би “Та өөрийн ухаантай байна уу” хэмээн Очирбатыг сэнхрүүлэхийг оролдов. Гээл тэрбээр “Ёс суртахуунаа байг гэхэд логиктойгоор бодоод үзье л дээ. Монголын ямар од Хятадын дээр гийж байна вэ. Оготныг заантай яаж зүйрлэх вэ. Монгол бол 2.7 сая хүн амтай, бараг дэд бүтэцгүй, хэмжээ хязгааргүй, хүн амьтан суурьшаагүй газар нутаг ихтэй. Харин Хятад бол 1.5 тэрбум хүний нөөцтэй дэлхийн баян орны нэг шүү дээ” гэсэн юм.
Үүний хариуд би бараг хоёр их наяд доллараар үнэлэгдэх Монголын тоо томшгүй, огт хөндөгдөөгүй эрдэнэсийн тухай дуу сонсов. Дэлхийд хамгийн ихэд тооцогдох, жилийн 1.4 сая тонноор хэмжигдэх ураны нөөц, Оюу толгой хэмээх агуу их алт, зэсийн орд, мөнгө, нефть, төмрийн хүдэр, зургаан тэрбумын нөөцтэй, дэлхийн хамгийн том, огт эзэмшээгүй нүүрсний орд Таван толгойн тухай юм. Хамгийн гайхалтай нь энэ бол эрдэнэсийн тухай үлгэр биш, монголчуудын сэтгэлийг булгилуулсан бодит үнэн юм. Мөрөөдөмтгий, уран дүрслэл ихтэй, халамцуу цустай, угийн нүүдэлчин сэтгэлгээтэй монголчууд өөрсдийгөө ирээдүйн хаад хэмээн харж сууна.
Шинэ монголчууд
Улаанбаатарт би Оросын хэвлэлүүдээс олж мэдсэн “Монголын эдийн засгийн гайхамшиг”-ийн тухай хорхой хөдөлгөм мэдээтэй нисч ирсэн. Төрийн Думын депутат, Эдийн засгийн ухааны доктор Валерий Зубов “Монголын эдийн засаг огцом өсч, жилийн ДНБ 30 хувьд хүрсэн нь (Үнэн хэрэгтээ зөвхөн 2011 онд 17 хувьд хүрч өссөн бөгөөд инфляцийг тооцвол 12 хувь байсан) Оросын өмнөх Сибирийн бүсэд томоохон аюул учруулсан” гэж мэдэгдэж байлаа.
Зубов түүнчлэн Монголыг Засгийн газар нь хүн амтайгаа нүүрс, зэсийн ордоос олсон орлогоо баяртай нь аргагүй хуваалцдаг шинэ Кувейт болсон гэж шагшиж байв.
Шуугиан тарьсан энэхүү мэдэгдлээс өмнө Оросын нэртэй олон эдийн засагч Азийн шинэ барын амжилтыг бахдаж байлаа. Улаанбаатарыг би шинэ Дубай мэтээр л төсөөлж байсан. Харин энэ хот намайг хэлэх үггүй болгож, шоконд оруулсныг хэлэх байна.
Монголын нийслэл бол эмх замбараагүй, ямар ч логикгүй баригдсан, сайханд эсвэл тав тухад тэмүүлсэн, хир тоосондоо дарагдсан хот. Энд цорын ганц аятайхан гудамж байгаа нь хуучин Зөвлөлтийн үеийн Энхтайвны өргөн чөлөө юм. Энд шинээр баригдсан гялалзсан том том зочид буудал, бизнес төвүүд бий. Улсынхаа нийслэлд зарчмын хувьд зам бараг байхгүй. Ер нь нүүдэлчдэд зам ямар хэрэгтэй гэж.
Тэдэнд чиглэл хэрэгтэй. Эвдэрч, няцарсан замаар хэдэн зуун мянган шинэ, хуучин жийп хөлхөлдөх бөгөөд жолооч нар зогсоо зайгүй дуут дохио хангинуулж, арайхийн гүйж гарах явган зорчигчид руу, өрсөлдөгч жолооч нар руугаа хараал хэлж, байнга л бие биенээсээ өрсөн дайрцгаана. Энд ер нь замын хөдөлгөөний дүрэм бараг л үгүй. Монгол хүний хувьд машин бол хаа хүрэхээ мэддэг ухаантай морь. Тиймээс таван минут тутамд осол гардаг. Үүний дараа шүргэлцсэн машины эзэд зам дээр гарч ирж, бие биенээ түлхэж ёворно.
Хотод хэдэн цаг, хоногоор түгжрэлд зогсох нь энүүхэнд. Улаанбаатар хот экологийн гамшигт өртөж, хүчилтөрөгчийн дутагдалтай агаараар амьсгална. Үүний гол буруутан нь нутгийн захиргаа хүн бүрийг чөлөөтэй газраа гэрээ бариад (заримдаа бүр зам дээр шүү) түүнийгээ тойруулан хашаа барихыг зөвшөөрсөн явдал. Газар эзэмшилт өргөн тархаж, энд тэндгүй суурьшсан байх аж.
Хэзээ нэгэн цагт 700 мянган хүнд төлөвлөсөн Зөвлөлтийн хуучин дэд бүтэц 1.5 сая хүн амын хэрэгцээг хангаж дийлэхээ больжээ. Нийслэлийн хүн амын 1/3 нь ус, цахилгаан, бохирын шугамгүй, хотын замын айдас хүргэм гэр хороололд амьдарна. Монголын өвлийн тэсгим хүйтэнд ядуус хямд нүүрс, хог, заримдаа машины дугуй зэрэг тааралдсанаа түлж, дулаацдаг болохоор хотын дээгүүр саарал утаан хөшиг татаж, заримдаа онгоц газардаж чадахгүйд хүрдэг байна.
Улаанбаатар хот бүхий л талаараа уулаар хүрээлэгдсэн хотгор газар оршдог учир аврал болсон салхи агаар ч орж ирдэггүй. Хотод ингэж зэрлэгшин суурьшихыг зогсоох боломжгүй. Учир нь энэ нь ардчилалтай зөрчилдөж байгаа тул сонгогчид барьж иднэ. “Шинэ монголчууд” бол болхи бүдүүлэг, цочмог ууртай, хүмүүжилгүй, замдаа тааралдсан бүхнийг арчиж хаяхад бэлэн хүмүүс. Яг л 90-ээд оны эхэн үеийн шинэ оросуудыг санагдуулам.
Гадаадынхны гомдлын хариуд хамгийн их хэлдэг үг нь “Чи гэртээ байгаа биш шүү”. Хүмүүс бие биеэ байнга нударч, хөл дээр нь гишгэж, нулималцаж, заримдаа гудамжинд бие засдаг. Хуучин “зөвлөлтийн” монголчууд “шинэ”-ийгээ орхигдсон үеийнхэн гэнэ. Социализмын дараах үед хүүхэд нас нь өнгөрсөн тэд хүмүүжил, боловсрол ч олж авч чадаагүй аж.
Монголоос Зөвлөлтийн эмч, багш нар явж, дэлхийн соёлд суралцах түлхүүр нь болсон орос хэл ч дунд сургуулийн хөтөлбөрөөс хасагдаж, англи хэл бүрэн орж ирээгүй байна. ЗХУ задрал өөрсдөө асуудал ихтэй байсан учраас Орос орон хөршөө огт сонирхохоо байжээ. Хятад улс дотоод өсөлтдөө анхаарч, нэг үгээр Монголыг хөсөр орхижээ.
Төрийн бус байгууллага хэлбэрээр хаягдсан газарт ардчиллын үр суулгасан барууныхан л авьяаслаг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, нутгийн сэтгүүлчдийг АНУ руу бэлтгэх нэрээр явуулжээ. Тэд энгийн монголчуудад Хятадыг мөнхийн дайснаа, харин оросуудыг хараал идсэн түрэмгийлэн эзэмшигчид гэж ойлгуулах ёстой. Тэгэхээр монголчуудад барууныхан хэмээх агуу их гуравдагч хөрш хэрэгтэй.
Эх орны хишиг
Түүхий эдийн капитал бүрдүүлэх эхэн үеийн ардчиллын эрин нь засаг ойр ойрхон солигдох, авлига, хулгай цэцэглэх, шийдмэг бус, хэт чалчаа байдал, томоохон мэдэгдэл, популизм гээд бүхий л дутагдлуудтайгаа монголчуудад нэвтэрчээ. Өөрийн гэсэн зөн мэдрэмж нь хэт хөгжиж, эрх чөлөөний агаарт хэт мансуурсан, ямар ч үүрэггүй, зөвхөн эрх эдэлдэг ард түмэн.
“Та биднийг ардчилал нь хэтэрсэн гэж яриад байгаа юм уу. Бид цусандаа эрх чөлөө гээчийг мэдэрсэн үндэстэн. Бид бол нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчид бол өөрсдөөсөө л хамаарч амьдардаг хүмүүс. Тэд бие биеэсээ хол амьдардаг. Тиймээс гаргаж буй шийдвэр бүр нь амьдралд нь сайн, эсвэл хамгийн муугаар нөлөөлж байдаг. Үүнд л бодгальч үзэл хүчтэй илэрдэг юм” гэж телевизийн нэрт хөтлөгч, сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан хэлсэн юм.
2000-аад оны дунд үед улс орондоо уурхайг боловсруулахад хөрөнгө оруулах тэнэг гадныхныг оруулж ирэх, монголчуудын үзэн яддаг, өдөрт аяга будааны төлөө ажиллахад бэлэн хядадуудыг ажилд хөлслөх, бардам нүүдэлчдэд мөнхөд ногдол ашиг өгөх шийдвэр гарчээ. Гадаадынхныг ч оруулж, хятадууд ч томоохон албан тушаалтнуудын өрөөнд чемодантай мөнгө бариад боловсруулах лиценз авахаар орж байсан гэдэг.
Ельциний үеийнх шиг романтик үедээ байсан энэ улсыг маш хурдан жижиг хэсгүүдэд хуваагаад худалдчихжээ. 2000-аад оны сүүлчээр улстөрийн бүх нам сонгогчдодоо хөрөнгө оруулагчдаас орж ирсэн мөнгийг хуваах “Эх орны хишиг” амлаж байв. Энэ бол цэвэр хоосон бодол, сонгуулийн өмнөх халуурал байсан юм. Бараг л сонгогчдыг худалдан авсан гэсэн үг. Монголчууд Хятадаас Таван толгойн нүүрсийг нийлүүлсний төлбөрт 350 сая доллар авчээ.
Энэ мөнгийг Монголын иргэн бүрт сард 21 мянган төгрөг (500 рубль)-өөр гурван жил тараасан байна. Тэгэхээр таван ам бүлтэй айлынхан өлмөн зэлмүүн ч гэсэн амьдраад байж. Улс орон даяар мөнгөндөө дугаарладаг болсон гэдэг. “Энэ бол улстөрийн шийдвэр байсан. Хэн ч мөнгө цаас болно шүү гэсэн эдийн засагчдын анхааруулгыг сонсоогүй. Нийт 500 тэрбум төгрөг тараасан. Удалгүй жилийн инфляци 17 хувь болж өсч, махны үнэ тэнгэрт хадсан” гэж улсын их сургуулийн Эдийн засгийн факультетийн декан Ц.Даваадорж ярьсан юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Nicola Rebillard (September 12, 2013 5:28:08 pm )
I just want to tell you that I am very new to blogging and site-building and truly enjoyed this web blog. Almost certainly I’m want to bookmark your site . You actually have terrific well written articles. Thanks a lot for ***ring your webpage.
1 Comment