Монголын эдийн засаг, санхүүгийн байдал тун базаахгүй, уналтын өмнөхөн тулж ирээд байгааг ард түмэн сайтар анзаарах цаг болжээ.
Хамгийн сайн үзүүлэлттэй гэгдэж байсан “Хадгаламж” банк “Жаст”-ын Ш.Батхүүгийн гараар орж “даший шог” болохынх нь өмнөхөн төр мэдэлдээ авснаар банк санхүүгийн ноцтой хямрал үүссэнгүй шиг хоёр яс салаад байгаа.
Гэхдээ л хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй энэ банкинд ойлгомжгүй байдал үүссэнээр жилийн энэ л үед алгуурхан нэмэгддэг ам.долларын ханш санаанд оромгүй огцом өсөхөд нөлөөлсөн нь дамжиггүй.
Төгрөгийн ханш унтаад босоод ирэхэд л 10-15 нэгжээр тасралтгүй унаж байгаа нь тэртэй тэргүй тааруухан үзүүлэлттэй байгаа монголын банк, санхүүгийн системийг багалзуурдах гол хүчин зүйл болоод байна.
Урьд өмнө байгаагүйгээр ханш нь цойлон өсч байгаа ноён ам. доллар өнөөдрийн байдлаар 1565 төгрөгт хүрчихлээ. Ам. долларын ханш ийнхүү хяналтаас гарах хэмжээнд хүртэл өссөн нь нэгдүгээрт эргэлтэд байгаа бэлэн мөнгөний тоо, хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотой.
Монголбанк оны эхнээс өнөөдрийг хүртэл 835 сая ам. долларыг эргэлтэд оруулсан нь бэлэн мөнгөний тоо 28 хувиар нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт Монгол Улсын төлбөрийн урсгал дансны алдагдал 1.6 тэрбум ам.долларт хүрч, үүнээс гадаад худалдааны алдагдал нэг тэрбум ам.доллар болоод байгаа нь голлох нөлөө үзүүлсэн нь тодорхой.
Гадаад худалдааны экспорт, импорт хоёулаа алдагдалтай байгаагаас дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний дарамтыг монголын эдийн засагт үзүүлж байгаа юм. 2013 оны эхээр Монголбанк “Чингис бонд”-ын 1.5 тэрбумыг оруулаад нийтдээ 4.1 тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй байж.
Энэ нөөцөөсөө 47 удаагийн арилжаагаар нийтдээ 830 гаруй сая ам.долларыг эргэлтэд оруулсан боловч ноён ам.долларын ханшны галзуурсан өсөлтийг зогсоож чадахгүй л байгаа.
Эндээс ажиглахад өнөөдрийн байдалтай эвлэрсэн Монголбанкны мөнгөний бодлого нь валютын ханшийг барьж байхад биш, харин түүний галзуурсан өсөлтийг зогсооход оршиж байгаа юм болов уу гэж бодогдохоор байгаа юм. Гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын алдагдалтай байхад дээр нь нэрмээс болоод гадаадын хөрөнгө оруулалт огцом буурчихлаа.
2012 онд өмнөх 2011 оныхоос хоёр дахин буурсан гадаадын хөрөнгө оруулалт 2013 оны эхний хагаст 2012 оноос 40 хувь буурсан үзүүлэлттэй гараад байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг “хар данс”-анд оруулаад байгаагийн хамгийн тодорхой нотолгоо мөн.
Сүүлийн үед Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоёр дахь үе шат буюу далд уурхайн төслийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдээд байгаа нь энэ онд гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад оруулах нийт хөрөнгө оруулалт 80 орчим хувиар тасалдах тун базаахгүй үр дүнд хүрч ч болзошгүй юм.
Хэрвээ хөрөнгө оруулагчид УИХ-тай зөвшилцөлд хүрч чадалгүй Оюутолгойн далд уурхайн төсөл зогсвол монголын эдийн засаг өдөрт нэг сая ам. долларын хөрөнгө оруулалтыг алдах юм.
Өнөөдрөөс эхлэн тооцоход л УИХ ажлаа эхлэх хүртэл зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас монголын эдийн засагт оруулах ёстой 60 сая ам.долларыг бид зүгээр л харж суусаар алдах болоод байна.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буюу дотооддоо үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өсөлт 2011 онд 17.5, өнгөрсөн онд 12.3 хувиар өссөн бол энэ оны эхний хагасын байдлаар 7.2 хувь болж буурчээ.
Үүнд манай эдийн засаг царцанги байгаагийн дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар татарсан нь цаагуураа нөлөөлж, үйлдвэрлэлийн өсөлт саарсан нь шалтгаалжээ.
Манай улсын үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбарынхан гаднаас хөрөнгө мөнгө босгохдоо ДНБ-ий өсөлт болон эдийн засгийн өсөлт зэрэг суурь нөхцөлүүдээр нүүр тахалж, зээл авдаг. Гэтэл энэ байдал үгүй болсон гэсэн үг.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний хагас жилд нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 472.0 ам.доллар буюу 8.5 хувиар буурсантай холбоотой. Тухайлбал, импортын хэмжээ 7.3 хувиар, экспорт 10.2 хувиар буурсан.
Мөн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, экспортынх нь өсөхгүй байгаагаас манайд валютын зөрүүнээс алдагдал үүсэх гол нөхцөл, шалтгаан болж байна. Монгол Улсын төсвийн орлого бүрдэлт удаашралтай, алдагдал ихэсч байгааг дараагийн айдас дагуулам тоонууд харуулна.
Тухайлбал, эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт хангалтгүй буюу 85.1 хувьтай байв. Энэ нь төлөвлөснөөсөө 350 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гэдгийг Сангийн яамнаас мэдэгдсэн.
Төсвийн орлогын 90 гаруй хувийг дангаараа “нугалдаг” татварын орлого нь манай улсын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд болох ДНБ, экспорт, импорт, валютын ханшид шууд нөлөөлдгийг мартаж болохгүй.
Түүнчлэн төсвийн нэгдсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилд 2504.9 тэрбум төгрөг, зарлага, эргэн төлөгдөх цэвэр өр, зээлийн хэмжээ нь 2637.9 тэрбум төгрөг болж орлогоосоо давжээ. Ингэхээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 133.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байгаа юм.
2013 оны аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт өмнөх оны мөн үеэсээ дөнгөж 1.9 орчим хувиар өссөн бол уул уурхайн олборлох салбарын өсөлт 1.6 хувиар буурсан байх жишээтэй. Энэ нь эдийн засгийн идэвхжил тун муу байгааг харуулж байгаа юм.
Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоод, гадаадын олон улсын санхүүгийн байгууллагууд болон дэлхийн улсуудаас нийтдээ 9.8 их наяд төгрөгтэй дүйхүйц хэмжээний зээл авсан.
Үүний 55 хувийг олон улсын санхүүгийн байгууллагаас зээлсэн, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна. Түүнчлэн хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларын үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж барагдуулжээ.
Ингэснээр 2012 оны байдлаар манай улс 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байгаа юм. Дээр нь “Чингис” бондын хүү хоног хоногоор өсч буй. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын эхний зургаан сарын хүүнд Сангийн яам төсвөөс 35 сая ам.доллар төлжээ. Зургаан сар тутам тийм мөнгө төлж явсаар 2017 онд 500 сая ам.долларын үндсэн өрөө барагдуулна гэсэн тооцоо байна.
Ингэхээр энэ их өр татвар төлөгчдийн нуруун дээр буух нь мэдээж. Ерөнхийдөө эдийн засаг, санхүүгийн байдал тун базаахгүй болж байна. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ зогсолтгүй буурсаар байгаа.
Манай улсын экспортын гол түүхий эд бол коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть. Гэтэл сүүлийн саруудад зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн уналтаас шалтгаалж олборлолт, экспорт огцом буурлаа.
Тухайлбал, нүүрсний борлуулалт 70, зэсийнх 20 гаруй хувиар багассан тооцоо гарсан. Ашигт малтмалын жишиг үнийг сар бүр гаргаж, улсын төсөвт орох орлогоо тооцдог.
Өдгөө нүүрсний чанар, урд хөршийн зах зээлийг харгалзан үзэж, нэг тонныг нь дунджаар 56-78 ам.долларын үнэтэй байхаар тогтоосон. Харин баяжуулсан нүүрсийг нэг тонныг нь 134 ам.доллар хэмээн үнэлсэн ч урд хөршүүд толгой сэгсрээд байгаа.
Учир нь, хамгийн үнэтэй боловсруулсан нэг тонн нүүрсийг урд хөршийнхөн 100 гаруй ам.доллараар л худалдан авах санал тавьчихаад хөдлөхгүй байгаа. “Ганц мод”-ны боомтод өнгөрсөн зургаадугаар сард боловсруулсан нэг тонн коксжих нүүрсний агуулахын үнэ дунджаар 1070 юань байсан.
Энэ нь тухайн үеийн ханшаар 182 орчим ам.доллар гэсэн үг. Хамгийн хямдхан нь Овоот толгойн ордынх байсан. Уг ордын нүүрсний уурхайн үнэ 270-430 юань буюу 46-73 ам.долларт хүрч байв.
Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн онд нэлээд өссөн. Нэг тонн нь 177 ам.долларт хүрч байлаа. Гэвч энэ жил уг ашигт малтмалын үнэ мөн л буурсан. Манай улс экспортод гаргаж буй төмрийн хүдрийн жишиг үнэ тогтоохдоо Австрали, Японы ган үйлдвэрлэгчдийн хоорондын худалдааны гэрээг харгалзан үздэг.
Ингээд нэг тонн төмрийн хүдрээ 96 ам.доллараар үнэлсэн. Манай улс ихэвчлэн 58 хувийн агуулгатай төмрийн хүдэр экспортолдог. Ийм хүдрийн үнэ дэлхийн зах зээлд эдүгээ 120-иос 90 ам.доллар болоод буй.
Зах зээлийн шинжээчид дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ ойрын саруудад 7500-7800 орчим ам.доллар байх болов уу гэсэн таамаглал дэвшүүлээд байсан. Гэтэл өнөөдөр нэг тонн зэс дэлхийн зах зээл дээр 6965-6970 ам. долларын хооронд хэлбэлзэж байна.
Энэ нь, монголын эдийн засгийг тэтгэдэг уг металлын үнэ тасралтгүй унаж байгааг харуулах тун базаахгүй үзүүлэлт. Үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээ, дэлхийн эдийн засгийн байдал л тухай тухайн үед аливаа түүхий эдийн үнэ ханшийг тогтоодог жамтай.
Ийнхүү дан ганц уул уурхайд түшиглэн, түүхий эдийн үнийн өсөлтөөр гялалзаж байсан монголын эдийн засаг, санхүү болзошгүй хямралын гүн ирмэг дээр тулж ирээд зогсчихлоо.
Бэлэн мөнгөнд хэтэрхий бялуурч, баруун солгойгүй цацсаны балаг ийнхүү монголын эдийн засаг, санхүүг багалзуурдаж, хэзээ мөдгүй улсаараа хямралд өртөж мэдэх гашуун үнэний өмнө та бид зогсож байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (August 08, 2013 1:17:30 pm )
Хамаг баялагаа гадныханд найр тавьж өгч байсан МАН энэ бүхэнд буруутай. Одоо гадныхан муу зан сурчихсан байхгүй юу. Энэ улс орныг яаж ч ашиглаж дээрэлхэж болдог гэсэн ойлголт дэлхий нийтэд төрүүлсэн юм чинь.
-
Mervat (August 14, 2013 12:25:46 pm )
If time is money you’ve made me a weiaehltr woman.
-
2 Comments