antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 2 comments

Наадамд түрүүлээгүй бөх аварга болох улс төр

нийтлэсэн Admin
898989Энэ жилийн наадмаар Ардчилсан намынхан үнэмлэхүй ялалтаа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ. Төрийн гурван өндөрлөгийг авсныхаа баярыг тэр шүү дээ. Төрийн жолоог нэг гарт төвлөрүүлж зангидсандаа бялуурсан тус намын харьяалалтай зарим гишүүний санаачилсан хуулийн төсөл шууд ногоон гэрлээр гap өргүүлсэн нь олон түмний эгдүүцлийг төрүүлж орхив.
Тэр нь энэ сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан явдал байлаа.
Уг хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгоход хүрэв.
Харин далай аварга гэдэг цол үндэсний бөхийн барилдааны түүхээс арчигдахдаа тулсан. УИХ-ын гишүүд бас ч гэж үг дуугүй гараа өргөчихөөгүй юм билээ, уг нь. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулж санал хэлсэн гишүүн Д.Эрдэнэбат “Уг нь үндэсний ёс заншилтай холбоотой ийм асуудлыг заавал хуульчлах хэрэггүй юм.
Төсөл санаачлагчдын танилцуулгаас наадамд хэдэн бөх барилдсан ч гэсэн түрүүлээгүй бол аварга цол олгохгүй гэж ойлголоо” гэсэн бол гишүүн Б.Болор “Төсөлд түрүүлээгүй хүн аварга цол авахаар байгааг хэлэлцүүлгийн явцад өөрчлөхөөр болсон” гэдгээ хэлжээ.
Тэгэхээр хууль санаачлагчид үүнийг мэдэхээр барахгүй, хэнд зориулж энэхүү хуулиа санаачилсан нь ч тодорхой бус уу. Тэр үед гишүүн С.Дэмбэрэл “Төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй, эсрэг саналтай байна. Учир нь УИХ ийм хуулиар оролдож байгаа нь тун буруу юм.
Нэгэнт бөхийн цол ярьж байгаа бол бөхийн найрааг яаж шийдэхээ бас ярьж тусгах ёстой. Уг нь энэ бол төрийн бус байгууллага өөрсдөө шийдээд явах эрх хэмжээний асуудал” гэж зоримог агаад их юм үзсэн хүн шиг буурьтай дуугарч байлаа.
Хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж батлах өчнөөн хууль байхад яагаад заавал яаран сандран энэ хуулийг барьж авав гэдэг цаанаа их учиртай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
“Хууль батлагдсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-д элссэн А.Сүхбат дархан аварга цол хүртэж буй бол хуулийг санаачлагчийн нутаг нэгт Д.Мөнх-Эрдэнэ улсын аварга болох ажээ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд оролцсон дархан аварга Х.Баянмөнхийн хүү, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Гантогтох Улсын арслан болох юм байна” гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдийнэ бичээд эхэлчихэж.
Түүнчлэн олон нийт тун таагүй хүлээж авсан нь цахим ертөнцөөр нэг тархаж. Тэд Р.Гончигдорж нарын санаачилж, өргөн бариад батлуулсан хуулийн төслийг илт шүүмжилж байна. Тухайлбал, “Яагаад та нар юм болгонд оролцож өөрсдийн хяналтыг бий болгохыг оролдоод байна. Та наргүй болох л асуудал.
Үндэсний бөхийн асуудлыг холбоо нь мэдээд явбал дээр биш үү? Үндэсний бөх гэдэг чинь жинхэнэ монгол эрсийн наадам болохоос та нарын хэрэлддэг УИХ биш. Хэн чадалтай.овсгоотой нь давсаар аварга болдог. Өвдөг шороодвол дахиж барилддаггүй хатуу дэг жаягтай.
Түрүүлээгүй бөх аварга гэж дуудуулах өөрт нь шившигтэй биз дээ. Аварга хүн чинь цаанаасаа төрмөл байхаас таримал байдаггүй юм” гэсэн байхад нэг нь “Сайхан сайхан, ер нь барилдахгүй шууд л цол өгөөд байдаг хууль хийвэл яасан юм бэ.
Шууд нэгийн даваанд оролцсон бол начин болгоод, хоёр давсан бол заан болгоод л …” гэж тавласан нь байна. Мөн “Нэртэйгээр нь намын сурталчилгаанд явсан бөхийн цолыг нэмнэ гээд хууль гаргачихгүй дээ” хэмээн шулуухан зөвлөсөн нь ч байна.
Нийт 148 санал сэтгэгдлээс арай боловсон гурвыг нь түүвэрлэн авч жишээлэхэд энэ. Тэгэхээр энэ хууль угаасаа түмэн олонд огт таалагдахгүй байна гэсэн үг. Эрийн гурван наадмаараа эрэмшдэг, бөхөд хайртай монгол зон үндэсний бөхөө шударга барилдааны дэвжээ байлгахыг хүсч байгаа нь эндээс харагдана.
Тэд улс төргүйгээр зүгээр л зүлэг ногоон дэвжээн дээр эр бяр, ид хавыг харахыг хүсч байна. Тиймдээ УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачлан батлаад, үндэсний бөхөд хамаагүй хошуу дүрэхийг, монгол бөхийг улс төржүүлэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм.
Үүнийг ойлгоход төвөгтэй биш. Улс төр нь улс төрөөрөө, бөх нь бөхөөрөө зам замаараа салж, жам жамаараа бай гэсэн үг. Болчимгүй алхам хийсэн хүн болчимгүй алдаанд хүрдэг. Тэд өнөөгийн улс төрийг, АН-ыг ингэж харж ойлгож байгааг эрхэм гишүүдэд хүргэе.
“Зөвхөн Гончигдорж ганцаараа санаачлаад хийчихсэн ажил биш. АН Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн хүний санал авах гэж харагдсан болгоныг алдар цол, мөнгө, албан тушаалаар авлигадаж “ялсан болсон”-ы баталгаа төдий юм.
Хэрвээ Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан байж хэлэлцэж дэмжээгүй бол, УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцэхийг Байнгын хороо дэмжээгүй бол, УИХ-ын бусад гишүүд нь дэмжиж санал өгөөгүй бол энэ хууль батлагдах байсан уу гэж асууцгаа.
Үгүй л байхгүй юу. Нийгэмд түмэн бэрхшээл.гажуудал үүсгэж байгаа өч төчнөөн харилцааг зохицуулах хууль батлагдахыг хүлээгээд байж байхад хийх ажилгүй юм шиг ийм завхарсан балиар юмыг хэлэлцээд сууж байх завтай хүмүүс мөн үү.тэд.
“Төгс ялалт” байгуулсандаа эрдэж Элбэгдорж буюу АН хэдэн санал буруу аргаар “авсан болсон”-ыхоо өрийг төлж байна. Тэдэнд улс нийгмийн асуудал чухал биш, зөвхөн эрх мэдлээ ашиглан төр түмэн хоёроор наадах хүсэл эрмэлзэл нь дийлж байна. Монголын төрийг ингэж самууруулж байна” гэжээ.
Гоомой хууль санаачлан батлуулсны гор нь энэ. Уг нь энэ жилийн наадмын бөхийн барилдаан их сонирхолтой болох прогноз байгаа. Даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нарын аваргууд барилдахаас гадна Олимпын аварга Н.Түвшинбаяр зодоглоно.
Мөн шинэ залуухан арслангууд гээд бэртэлтэй бөх байхгүй бүгд зодоглохоор болсон байна. Сэргээш хэрэглэж эрхээ хасуулсан бөхчүүд ч даагаа нэхэх боломжтой болсон.
Жил жилийн наадмаар чихнээс чих дамжин “нисдэг” А.Сүхбат аварга барилдана гэдэг мессеж ч явж л байна. Ард түмэн ингэж хүсдэг учраас А.Сүхбат аварга энэ жил барилдана гэсэн мэдээ жил жилийн наадмын хачир байсаар байх болно.
Дээрх хэл ам таталсан хуульд бүхэлд нь хориг тавьснаараа Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зуны наадмыг ёс жаягаар нь явуулах нөхцөлийг бүрдүүллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэний улмаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.
Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд хүлээж аван, улмаар санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.
Юутай ч “наадамд түрүүлээгүй бөх аварга болох улс төр”-ийг Ерөнхийлөгч таслан зогсоосон. Гэхдээ үүнийг нэг удаагийнх гэж ойлгож болно. Манайх парламентын засаглалтай улс болохоор Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцээд хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдэх юм бол Р.Гончигдорж нарын санаачилсан хууль хэрэгжиж л таарна.
Тэр цагт бөхөд дуртай монголчууд “Монгол түмэн бөхөө мэдье, 76 та” нар улс төрөөрөө оролд” гэж ам бардам хэлнэ дээ.
Н.Саранчимэг
Эх сурвалж: Нийгмийн толь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • irgen (July 10, 2013 1:22:37 pm )

    HERVEE ENE HUULI BATLAGDVAL BI BOH UZHEEN BOLINO UTGA ALGA.BUUR HUUCHNAARAA NACHIN ZAAN ARSLAN AVARAGA GEED BAIVAL SAIHAN BNA.GARID OOR YU CH BILEE TSOLNUUDIIG BOLIUL TAARNA ICHMER YM

  • зочин (July 10, 2013 3:43:43 pm )

    цогоо гуайн нууц хүү хүрэлээ гурван чулууны ачаар гавъат болсонд баяр хүргэе

antalya rent a car