antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

Д.Лхагвасүрэн: Энэ жил том цолтой бөх түрүүлнэ

нийтлэсэн Admin
лхагБулган аймгийн Могод сумынхарьяат улсын заан Д.Лхагвасүрэнтэй уулзаж,түүний залуу насных нь дурсамж, энэ жилийн наадмыг хэн өнгөлөх талаар хөөрөлдсөн юм.
-Таны төрж өссөн нутаг Булган аймгийн Могод сум. Мэдээж энэ сайхан нутагтаа барилдаж л өссөн байлгүй?
-Яах вэ, заримдаа аманд гарна. Гэхдээ надад дийлэх юм олдохгүй л дээ. Нутгийн барилддаг ах нар намайг барьж аваад их нухна. Харин цэрэгт ирээд Морин тойруулгын урд тусгай батальоны 05 дугаар ангид хуваарилагдсан. Тэр үед голын цэнгэлдэхийн хажууд бөхчүүдийн барилддаг газар байлаа.
Тэнд очиж ганц нэг барилдана. Эхний жил юугаа мэдэх вэ, голдуу унана. Харин хоёр дахь жилээсээ барилдах сонирхол төрж эхэлсэн. Барилддаг цэргүүд энд тэнд очиж, нэг хоёр даваад ирлээ гэж ярих нь гоё санагдана.
1966 оны наадамд барилдаад хоёр давсан. Хоёрын даваанд Г.Цоодол арсланг хаясан юм. Наадмын өмнө морин тойруулгад барилдаж байхад бас Г.Цоодол арслангийн аманд очсон удаатай.
“Хөгшин бөхийг амар­хан хаяна даа” гэж бодоод гарсан чинь хавсруулаад, нисээд унаж билээ. Харин наадмаар таарчихаад нэлээн чамбай үзэж байж давсан. Хоёрын даваа дууссаны дараа хүмүүс цэнгэлдэхээс гараад яваад байна. Би хаашаа явахаа мэддэггүй.
-Яагаад тэр билээ?
-Анги руугаа явах гэхээр ус гаталж чаддаггүй. Усанд муу л даа. Тэгээд явж байтал манай ангийн цэр­гүүд таарсан. Нөгөө хэ­­дийгээ дагаж, цээжээр татсан усыг арайхийн гат­лаад ангидаа очсон. Ингээд маргааш нь харуулд гарах юм болов оо.
Манайхан “Наадах чинь улсын наа­­­дамд хоёр давчихаад бай­­гаа.Өнөөдөр барилдана” гэтэл “Та тангараг өргөсөн цэргийн алба хаагч. Үүргээ гүйцэтгэ” гээд явуулчихсан. Ингээд Их тэнгэрийн аманд харуулд гарч, наадамд үргэлжлүүлэн барилдаж чадаагүй.
Тэр үед хоёр давсны бай 50 төгрөг өгдөг байв. Байгаа ч олж авч чадаагүй. Тэр жил барилдсан бол яах ч байсан юм гэж харамсдаг.
-Тэгээд хотод хэзээ орж ирэв?
-Би 1969 онд аймгийн арслан болсон. Хавар нь хөдөө­­гийн залуучуудын спар­такиад болох гэж байна, чи орж чадах уу гэж байна. Чадна гэлээ. Тэгээд бэлтгэл хийж байгаад -100 кг-д барилдаж түрүүлсэн. Тэр үед урлаг, төмөр эдлэлийн комбинатын дарга Дашдаваа гуай хүрч ирээд “Би чамайг хөдөө өсгөхгүй ээ.
Хотод очиж, сайн бөхчүүдтэй барилд. Амжилт чинь ахина” гэсэн. Тэгээд 1971 онд хотод ирж, Ж.Мөнхбат, С.Цэрэн аваргуудыг дагаж барилдсаар ур чадвар сайжирсан. Тэр жилийн хавар Мах комбинатын үйлдвэр шинэ байшин бариад, нээлтэд нь зориулж бөх барилдуулахад Х.Баянмөнх аваргыг хаяж билээ.
-Шууд заан болсон 1971 оны наадмын талаар сонирхуулаач?
-Хоёрын даваанд өндөр, нэлээн бяртай шар залуутай таарлаа. Их эвгүй юм аа. Хөдөлгөж болдоггүй. Эвгүй хөдөлбөл ойчиж магадгүй гэж хаширлан дэрлээд нэг хэсэг зогссон. Тэгээд гараа солих үед нь барьцандаа хүрч хаясан.
Гурав дээр Б.Онх начинтай тунаж нэлээд үзэж байж давсан. Дөрөвт Ц.Юүвээ начин авч байна. Тэгсхийгээд хая­­­­чихлаа. Тавын даваа эхлээд бөхчүүд бөөнөөрөө гараад явчихлаа. Миний нэр байдаггүй.
Яахаа мэдэхгүй зогсож байтал “Ө.Эрдэнэ-Очир заан Булганы залууг авчихаж. Гарч ирдэггүй яасан хүнд сурталтай нөхөр вэ” гэх нь сонсогдлоо. Намайг амлаж авсныг нь  сонсоогүй байсан хэрэг. Нэг таньдаг хүн таарахаар нь хувцсаа өгчихөөд гараад очсон.
Аймгийн арсланг тоох ч хүнгүй болохоор хувцас барих хүн олдохгүй шүү дээ. Гараад очсон чинь өөдөөс ирж байна. Сүртэй гэж жигтэйхэн. Би тэр үед золгож алгаддаг байсан юм.
Нэг гараараа алгадаж, нөгөө гараараа тахимдаад дайрах мэхтэй. Золгонгуут тэр мэхээ хийсэн чинь өнхрөөд өгсөн. Ө.Эрдэнэ-Очир гуай унаж ирчихээд “Мөн ч хүчтэй байх чинь. Би ч ингэж ойчиж үзээгүй хүн дээ” гэж билээ. Тэгж тав давчихаад бөөн баяр болсон.
Зургаагийн даваанд Ч.Бээжин аваргад амлуулсан. Би наадмын өмнө аваргад их амархан ойчиж, Ж.Мөнхбат аваргад зөндөө загнуулсан юм. Загнуулсан хүн чинь дотроо их юм боддог юм билээ. Ямар ч байсан түрүүлж бариулахгүй гэж бодоод гарсан. Сэнжигнээс барих гэхээр нь хоёр удаа халчихлаа.
Тэгээд гурав дахь дээр нь нэлээд хүчтэй халсан чинь гараа долоохгүй юу. Тэгэхээр нь гаран дээр нь толгойгоороо дараад, ууцаар нь тэврээд авсан. Бээжин аварга лав бариулсан мөртлөө хоёр талдаа ээлжилж тонгороод овоо тогтсон шүү. Гараа сугалж авсан л бол хариу мэх хийх гээд байдаг.
Би тэр гарыг нь толгойгоороо дарчихаад гаргадаггүй. Тэгж байж нэг давсан даа. Тэгш ойн жил байсан болохоор зургаа даваад заан болсон. Долоо дээр Х.Баянмөнх аваргад унасан юм. Уг нь Х.Баянмөнхийг дээшээ гаргаад ирсэн. Гэхдээ хаяж чадаагүй. Тэгээд бяртай хүн чинь намайг өргөөд тавьчихсан.
-Дараа дараагийн наад­муудад ямархуу амжилттай барилдсан бэ?
-Дөрвөн удаа дөрөв давсан юм. Х.Баянмөнх, П.Даг­­васүрэн, Ж.Хайдав, Г.Дэмүүл нарт ойчиж байсан. Ид барилдах үедээ жингээ хассан нь үндэсний бөхийн барилдаанд их нөлөөлсөн л дөө. Сүүлд нь гайгүй болсны дараа 1978 онд шөвгөрсөн.
-Жин их хассан гэлээ. Яагаад жин хасах болов?
-Би 1971 оны намар Ташкентад очиж, самбогоор барилдаад олон улсын тэм­­цээний анхны мөнгөн ме­далиа авсан. Хойтон жил нь спортын мастер болсон юм.
1973 онд Иранд болсон ДАШТ-д барилдсан ч олигтой амжилт гаргаж чадаагүй. 97 кг жинтэй хүнийг 82 руу хасуулаад баллачихсан юм.
Тэгж хасуулсан мөртлөө 90 кг-д барилдуулсан. Ингэж огцом жин хасах нь хүнийг тамиргүй болгодог юм билээ. Би урьдын байдалдаа орох гэж бараг хоёр, гурван жил болсон.
Тэгж биеэ муутгаагүй бол арай л их амжилт гаргах байсан болов уу. Гэхдээ яах вэ, их спортын буянаар арваад оронд яваад үзчихсэн. Тэр үед тамирчид, урлагийнхан, дарга нар л гадаад явдаг байлаа.
-Таныг нас өндөр болсон ч ануухан гэлцдэг. Одоо хэд хүрч байна даа. Хамгийн сүүлд улсын наадамд хэзээ зодоглов?
-Ах нь одоо 70 хүрч байна. Хамгийн сүүлд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор зодоглосон.
-Та тэгээд 800 жилийн ойгоор хэд давсан билээ?
-Эхний давааг их хөнгөхөн давчихсан. Сүү­лийн наа­дамдаа хоёр давчих юмсан, гайгүйхэн бөх таа­раасай гэж бодож байтал “Аварга” дээд сургуулийн биерхүү, барилдаанч байрын хүүхэд гараад ирлээ. Хүрч ирээд шууд хөлд ордог юм.
Тэгэхээр нь давуулаад гуяд­чихсан. Тэгж хоёр дав­­сан. Сүүлд Гиннесийн номонд бүртгүүлэх 6000 бөхийн барилдаанд зодог­лоод гурав давчихсан. 62-той өвгөн улсын наадамд хоёр, Гиннесийн номын барилдаанд 65 хүрчихээд гурав давсандаа баяртай байдаг.
Дараа нь манайхан 70 дөхчихөөд гурав давж бай­гаа юм чинь мастеруудын ДАШТ-д ор, өөрөөс чинь дор юм­­нууд байдаг юм гэж хөөргөөд. Тэгэхээр нь ороод үзье гэж бодоод хэ­сэг бэлтгэл хийсэн. Бүтэх шинж алга аа. Уналт бүр төсөөрчихсөн байна. Тэгээд хэд хоног бэлтгэл хийсний дараа гайгүй болсон.
Өнгөрсөн жил хөгширсөн хойноо ахмадын ДАШТ-ээс мөнгөн медаль авсан даа. Энэ жил бас орох санаатай. Даанч жаахан хөрөнгө мөнгөний асуудал байна.
Яагаад гэхээр өөрөөсөө зардал гаргаж тэмцээнд орохоор болчихоод байгаа юм.
Энэ жилийн ахмадын ДАШТ  харин Эмиратад болох юм билээ. Тэрэнд нэг явчихъя гэж бодоод байгаа. Монголын 70-тай өвгөн гадаадаас медаль аваад ирлээ гэж яривал сайхан юм болов уу (инээв).
-Та энэ жилийн наадмын барилдаан ямархуу болно гэж төсөөлж байна вэ. Дотроо таамаг дэвшүүлээд сууж байгаа л байлгүй?
-Тэр энэ гэж хэлэхэд хэцүү болжээ. Бэлтгэлээ сайн хийж, хүний үг сайн авдаг, тэгээд хийморьтой нь гараад ирнэ дээ. Харж байхад Увс, Сэлэнгэ, Алтайнхан илүү нэгдэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэдний амжилт жил бүрийн наадмаас харагдаж байгаа.
Монгол хүн бэл­гээрээ гэдэг дээ. Энэ жил манай ард түмэн улсынхаа Ерөнхийлөгчийг улираан сонголоо. Тэгэхээр нэлээн дээр цолтой бөх түрүүлэх болов уу гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car