
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой хэрэг гарч нэг хэсэгтээ л дуулиан тарьж олны анхаарлыг татсан. Гэтэл сүүлийн үед түүнтэй холбоотой олон сая төгрөгийн асуудал нам гүмхэн болох боллоо гэж зарим хүмүүс үзэж байна.
Учир нь гишүүний энэхүү хэрэгт улстөр бизнесийн бүлэглэлийнхэн оролцсон учраас түүний хэргийг намжаахад багагүй хувь нэмэр оруулж байгаа гэж дүгнэхэд хүрээд байгаа аж.
Харин албаны хүмүүсийн хэлж буйгаар “Ё.Отгонбаяртай холбоотой хэрэг замхарна гэж байхгүй. Өнөөдөр зүгээр нэг жирийн Дорж, Дулмаагийн дансаар их хэмжээний валют болон төгрөг орж гарсан юм биш. Энэ нь нөлөө бүхий албан тушаал хашиж байсан одоо ч хашиж байгаа хүнтэй холбоотой.
Түүнтэй холбоотой хэргийг сайтар нягтлан шалгах үүднээс мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа” гэж тайлбарлаж байсан юм. Тэгэхээр Ё.Отгонбаяр ганцхан дансаар мөнгө шилжүүлж авлигал нэхэж авч байсан нь яав ч зүгээр орхиж болохгүй энгийн асуудал биш гэдгийг хуулийхан хүртэл хэлж байгаа нь үнэний ортой.
Түүнчлэн түүнийг шалгах явцад шинэ шинэ баримтууд гарч ирсээр байгаа юм билээ. Тиймээс хуулийнхан тэр бүхнийг нь нягтлахаар олон хүмүүсээс нэмэлт байцаалт ч авч байгаа аж. Товчхондоо гишүүнтэй холбоотой хэрэг хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд нам гүмхэн байгаа ч түүний хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа явсаар байгаа юм.
Хүмүүсийн хамгийн их сонирхсон зүйл нь түүний эхнэр О.Эрдэнэсолонгын данс нь эхлээд 16 байсан. Харин мөрдөн байцаалтын явцад яагаад чухам 26 данс болов гэдгийг онцлон сонирхож байгаа явдал.
Харин дээрх дансуудыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хүмүүсээс авлигал нэхэхдээ ашиглаж байсан гэж үзээд шалгаж эхэлжээ. Зарим хүмүүс түүнийг ийм зүйлд ашиглах гэж энэ олон данстай болсон гэж хардаж ч байгаа юм. Учир нь түүний талаарх мэдээллийг цагдаагийнханд өгсөн хүн нь Х.Цогнойжамц гэгч этгээд.
Тодруулбал Х.Цогнойцамж Энхтайваны гүүрэн дээр гэгээн цагаан өдрөөр хэсэг хүмүүст дээрэмдүүлчихлээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын багын найз гэх хүн байсан. Түүгээр дамжуулан сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Надаас 230 сая төгрөг нэхэж зодлоо. Энэ мөнгийг хий гэж данс өгсөн. Данс нь энэ байна” гэж ярьсныг цагдаагийнхан тухайн үед тэмдэглэж аваад уг хэргийг шалгасан гэдэг.
Ингээд цагдаагийнхан гэгээн цагаан өдрөөр дээрэмдүүлсэн гэх Х.Цогнойжамцийн ярьсан гомдлыг шалгаж эхэлсэн байна.Тэгээд Х.Цогнойжамцад өгсөн дансны талаарх мэдээлэлийг холбогдох банкнаас автал иргэн О.Эрдэнэсолонгынх болох нь тогтоогджээ.
Ингээд О.Эрдэнэсолонго гэгч хэн бэ гэдгийг шалгахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр байсан аж. Тиймээс л цагдаагийнхан гишүүнтэй холбоотой хэргийн үзүүрээс чангахан атгаад авсан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэргсэлээр мэдэгдэж байсан.
Үүний зэрэгцээ Ё.Отгонбаярын эхнэрийн бусад 25 дансанд хаанаас хэн мөнгө хийснийг нэг бүрчлэн шалгаж байгаа аж. Хачирхалтай нь уг данснуудын эзэн болох О.Эрдэнэсолонго яагаад ийм их мөнгөтэй болсноо өдгөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа нь асуудлыг улам ч төвөгтэй байдалд оруулсаар байгаа аж.
Тиймээс эхнэрийнхээ дансыг бусдад дамжуулдаг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тайлбарлаж чадах байх гэж зарим хуульчид үзэж байгаа юм.
Одоохондоо УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа учраас хэдийгээр албан ёсны тайлбар авч чадахгүй байгаа ч түүнтэй холбоотой олон дансны учир нь тун удахгүй тайлагдах болно гэж үзэх хүмүүс байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр О.Эрдэнэсолонгын 26 дансаар 100 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орж гарч эргэлдсэн тухай мэдээлэл тарсан. Энэ мөнгөний дүн ч цаашид мөрдөн байцаалтын явцад нэлээн өөрчлөгдөж магадгүй гэж албаныхан үзэж буй аж.
Одоо харин О.Эрдэнэсолонго дансандаа орж ирж байсан их хэмжээний мөнгийг хааш нь юунд зарцуулдаг байсан нь асуулт хэвээр үлдэж байна. Хуулийхан ч эл асуултын хариуг олохоор ханцуй шамлан ажилдаа орсон байна.
Р.Саруул
Эх сурвалж:
2 Comments