antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 2 comments

Н.Энхбаярын эвлүүлэггүй яриа буюу их ноцтой мэдээллүүд

нийтлэсэн Admin

Нийгэм, нийтийн анхаарлын төвд байгаа гол улс төрчийн нэг Намбарын Энхбаярын “NBS” телевизэд өгсөн сонирхолтой ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Сая таныг танилцууллаа. Гэхдээ нэг үл ойлголцол байгаад байх шиг байна. Экс ерөнхийлөгч гэх үү, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч гэх үү, эсвэл ерөнхийлөгч өө гээд явах уу. Аль нь танд таалагдаж байна?

-Улс улсад янз янз юм билээ. Америкийн ерөнхийлөгч бол нэгэнтээ л ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч. Тийм учраас ямар нэгэн цаг хугацаанд ерөнхийлөгчийн ажил албыг хашиж байсан бол ерөнхийлөгч өө гэж америкчууд дууддаг юм билээ. Оросууд болохоор байсан, асан гэсэн тодотголтойгоор, хэлдэг. Манайд бол хэвшмэл, яг ийм байх ёстой гэсэн ойлголт одоохондоо төрөөгүй байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө яаж дуудмаар байна, тэрүүгээрээ л дуудаад явбал зүгээр юм болов уу гэж би бодож байна.

-Ойлголт гэснээс одоо эдийн засаг 17 хувийн өсөлттэй байна. Ирэх жил 25 хувь орчим өсөх нь ээ. Гадаад нөхцөл сайн сайхан байна гээд. Таныг засаг тэргүүлж байх үед үнэхээр одоогийн өсөлтийн суурь бүрэн баттай тавигдсан уу?

-Мэдээж хэрэг энэ бол яг 100 хувь шууд ингэсэн, тэгсэн гэж хэлэхэд хэцүү асуудал. Гэхдээ өөрсдийнхөө хийж байсныг эргээд дурсан санах юм бол өнөөдрийн эдийн засгийн өсөлттэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг нь гарцаагүй гэж би ойлгодог юм. Хамгийн наад зах нь Оросын өрийг тэглээгүй бол яг өнөөдрийн эдийн засгийн шийдвэрүүдийг гаргах, эдийн засгийн энэ эрч хурдыг авах бололцоо байсан уу, үгүй юу. Энэ том том ордуудаа Оросын өрөнд тавиад туучих ийм нөхцөл байдал байх байсан юм биш биз. Тийм учраас харьцангуй түүхэн цаг богино хугацаанд Оросын өрийг тэглэж шийдэж чадсанаар ямар нэгэн байдлаар энэ ордуудаа өөрсдийнхөө санаа бодлоор шийдэх, бие дааж шийдэх тэр эдийн засгийн нөхцөл, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол бүрдсэн гэж хэлдэг л дээ. Би тэрэнтэй санал нэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, тухайн үед АНУ-тай ярьж байгаад 285 орчим сая ам.долларын хэмжээний буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын сангийн шугамаар авч чадаж байсан. Энд бас өнөөдрийн тодорхой хэмжээний ажлын байр бий болгох, жижиг дунд бизнесийг дэмжих ийм нөхцлийг бүрдүүлсэн болов уу. Төсөв, хуулийн зохицуулалтын асуудал ярих юм бол төсвийн алдагдлыг багасгах, дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурваас дээшгүй хувьд оруулж ирэх. Ингэснээр төсөв өөрөө эргээд эдийн засгаа цэвэр цэмцгэр болгох, эдийн засгийн бодлого өөрөө хэрэгждэг макро эдийн засгийн сайн орчин бүрдэх гээд тэр үед хийсэн олон ажлууд маань өнөөдөр Монгол Улсад ямар нэгэн байдлаар тус болж байна. Үүнд би баяртай байна.

Ингэж марзагнаж байгаад та нар улс орноо хүртэл тавиад туух нь байна шүү гэж анхааруулж байсан

-Тэр өрийн асуудлыг тэглэхдээ одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёртой нь очиж уулзан учрыг нь олсон ч гурван сая долларын яриа байдаг. Үнэхээр юм үлдчихсэн байсан?

-Тэгэхээр би урт түүх яриад яахав. Ерөнхийдөө би 11,7 тэрбум ам.долларын тэнцэх өр яригдаж байсан. Тэгээд Оросын нөхдүүдтэй, тухайн үеийн ерөнхийлөгч Путин, ерөнхий сайд Касьянов нартай ярьж, асуудлыг ойлгуулж чадсаны ачаар тэр өрийн асуудлыг салгаж ярилгүй, хэн ямар үйлдвэр авсан юм, ямар цэцэрлэг, сургууль байгуулсан юм, хөдөө юу байгуулсан юм гэж ярилгүйгээр нэг багц асуудал гэж бодъё. Тэр утгаараа энийг ярья. Тэгээд Монголын ард түмэн тухайн үед нэг намд 76 суудлынхаа 72-ыг итгэж өгсөн байсан. Тэр нь ч эргээд оросуудад энэ бол тулгатай, бодлоготой, суурьтай улс төрийн хүчин бидэнтэй ярьж, Монголынхоо ард түмний итгэлийг авсан улс төрийн хүчин ярьж байнаа гэдгийг мэдээж хэрэг оросууд ойлгож, харьцсан. Ингээд ирэх хэлэлцээрийг олон үе шаттай явуулсны үр дүнд 98 орчим хувийг нь хөнгөлөөд, хоёрхон хувийг нь үлдээсэн . 250 сая доллараа төлчихөөрэй гэж оросууд хэлсэн. 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтааж 250 сая доллараа төлж чадах юм бол энэ өр байхгүй. Чадахгүй бол өрийн хэлэлцээр дахин сэргэж оросууд өөрсдийнхөө янз янзын санаануудыг тавьж, хөнгөлөлтөө 98 хүргэх үү, 98-аас доош буулгах уу, ер буулгах уу, үгүй юу гэх зэрэг ахиад хэлэлцээр эхлэхээр болсон. Тэгэхээр бид түүхэн ховор богинохон хугацааг ашиглаж энэ өрийг дарж, Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаатай болгосондоо баяртай байдаг. Тэр багц асуудлыг шийдэх хүрээнд Орос, Монголын аж ахуйн хамтарсан байгууллагууд, тухайлбал, Эрдэнэт, “Монросцветмет” гэсэн байгууллагууд янз янзын хөнгөлөлт эдэлдэг байсныгаа зогсоогоод яг л Монголын бүртгэлтэй хуулийн этгээд аж ахуйн байгууллага болж бүртгэгдэх, тэгснээрээ тэр хөнгөлөлтөөс чөлөөлөгдөж татвар төлдөг ийм байгууллагууд болох тохиролцоо хийсэн юм. Эрдэнэт бол тэр ажлаа хийчихсэн. Харамсалтай нь “Монросцветмет”-ийн нөхдүүд тухайн үедээ хөнгөлөлтийг эдэлж, жоншны үнэ зах зээл дээр муу байсан учраас тэр хөнгөлөлтийг эдэлж, бараа бүтээгдэхүүнээ гаалийн хөнгөлөлтэйгөөр оруулж ирэх, гаалийн хөнгөлөлтэйгөөр гаргах, ингэснээрээ тухайн аж ахуйн байгууллагаа хүнд хэцүү нөхцөлд авч гаръя гэсэн бодолдоо хөтлөгдөж, тэр хоёр улсын хооронд тохирсон багц асуудлаас өөрсдөө сугарч гараад, тэгээд Монголын хуулийн дагуу компаниа бүртгүүлэх ажлаа хийгээгүй байхгүй юу. Оросууд чинь зальтай бол зальтай, ухаантай бол ухаантай улсууд ш дээ. Тэр асуудлыг оросууд, бас энэ асуудлыг яаж зохицуулсан байна вэ гэдгээ харж үзэж байх хугацаандаа ийм зөрчил Монголын тал гаргасан гэж үзээд байгаа юм. Үүнийг би Монголын тал гаргаагүй, энэ бол Монгол, Оросын хамтарсан аж ахуйн байгууллага гаргасан. Тэгэхээр энэ бол Оросын ч алдаа, Монголын ч алдаа. Орос Монголын аж ахуйн байгууллагыг авч явж байсан хүмүүсийн алдаа. Тиймээс нэг орондоо ганцхан үүнийг битгий тохооч. Энэ байгууллага өөрөө өөрийнхөө бүртгэлийн асуудлыг шийдэж чадаагүй нь Монгол Улсын буруугаас биш ш дээ. Гэхдээ яахав оросууд тэр үед энэ өрийн асуудлыг шийдсэн зарчмуудыг та нар аль болохоор нууц байлгаарай, яагаад гэвэл бид зөвхөн Монголтой өрийн асуудлыг ярьдаг улс биш. Бид Вьетнам, Лаос, Куб, Никарагуатай ярьдаг юм гэж. Гэтэл манайх улс төржөөд хамаг өртэй холбоотой нууц хэлэлцээрүүдийг задлаад, бүр дэвэн дэлхийгээр задалчихсан. Оросууд тэр үед их гомдолтойгоо хэлж байсан юм. Та нар нэг удаа гэрээгээ биелүүлсэнгүй ш дээ, гэрээнийхээ нэг заалтыг. Нууцыг хадгална гэчихээд бүх юм задалчихлаа гэж. Бусад орны нөхдүүд, та нар Монголд ингэж сайхан хандсан юм байна ш дээ, яагаад бид нарт 85 хувийг хөнгөлж, 15 хувийг төлүүлсэн юм. Ахиад хэлэлцээр хий гээд, тэгээд оросууд эвгүй байдалд ороод Вьетнамууд болон бусад орнуудтай шинэ хэлэлцээр хийж, Монголд тусалсан биш, эргээд өөр орнуудад шүүмжлүүлж хэлэлцээр хийсэн. Оросууд тэрэнд бас дотроо юм санасан, гомдсон байж магадгүй л дээ. Тэр үед ямар нөхцөл байдал бий боллоо, тийм ээ. Оросын томоохон компаниуд Монголын “Таван толгой”, “Оюу толгой” мэтийн томоохон төслүүдэд орох сонирхлоо илэрхийлж эхэлсэн ш дээ. Тэгэхээр оросууд ямар нэгэн байдлаар Таван толгой, “Оюу толгой” руу, том төслүүд рүү орох хөшүүрэг юу байнаа гэж эрж хайж эхлэхгүй юу. Тэгтэл Оросын өрийн асуудал шийдэгдээд, эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлаа монголчууд шийдчихсэн байдаг. Тэгэхээр хөшүүрэггүй болчихож. Ямар ч хөшүүрэггүй болчихож, монголчуудад нөлөөлөх гэж. Тэгсэн аз болж “Монросцветмет”-ийн байгууллагын бүртгэлийн асуудлыг дутуу үлдээчихсэн, тухайн үеийн Орос Монголын захирлуудын алдаатай үйл ажиллагаанаас болоод дутуу үлдээчихсэн юм гарч ирж байна ш дээ. Тэгэхээр Орост чинь ухаантай, сэргэлэн, зальтай хүн зөндөө л байгаа ш дээ, 140 сая хүнд. Энийг тэд нар чинь хөшүүрэг болгож ашиглахгүй юу. Өө, та нар Оросынхоо өрийн асуудлаа бүрэн шийдээгүй байгаа юмуу, багц асуудал дотор 250 саяыг төлөх асуудал гол. Гэхдээ бүртгэлийнхээ асуудлыг дутуу үлдээсэн юм байна, тэгвэл бид нар чинь энэ багц гэрээ зөрчигдсөн гэж үзэж Оросын өрийн асуудлыг ер нь том утгаараа дахиж яривал яасан юм. Бага утгаараа ч тэр “Монросцветмет”-ийн асуудлыг яривал яасан юм. Би ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш сайн мэддэг учраас найзууд минь ээ, ингэж тоглохгүй. Энэ бол Орос Монголын хамтарсан байгууллагын гаргаж байгаа техникийн бүртгэлийн алдаа болохоос биш бүхэл бүтэн Орос Монголын хоорондын өрийн асуудлыг задлах шалтаг шалтгаан энд байхгүй гэсэн . Тэгтэл намайг ерөнхийлөгчийнхөө ажлыг өгсний дараа Медвеедев ерөнхийлөгч үүнд “ажилласан ”. манай тал мань мэтийг л тойруу утгаар яллах гэж тэр нөхөр энэ өрийн асуудлыг шийдэж чадаагүй, тэрийгээ нууж байсан юм байна гээд улайм цайм орос нөхдүүдтэй нийлээд манийгаа шүүмжлээд, тэгээд хүлээн зөвшөөрчихсөн байхгүй юу. Тэгэхээр Орос чинь бөөн баяр. Энхбаярыгаа яллах гэж байхдаа Монголын шинэ төр засгийн удирдлага нь тэр үеийн асуудлыг шийдээгүй юм шигээр хүлээн зөвшөөрчихлөө, буугаад өгчихлөө. Тэгэхээр Оросын талд хөзөр гарч ирж байгаа юм. Үгүй яахав, хүн хөзөр байсан уу, эсвэл тамга хөзөр байсан уу, долоо юу, би мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан хөзөртэй болчихож байгаа юм. Тэгээд ярихлаар нь би тухайн үед ерөнхийлөгч, ерөнхий сайдад хандаж хэлж байсан. Та нар ингэж болохгүй ш дээ, намайг яллах биш ээ, би яллагдах ч үгүй. Харин Оросын өрийг шийдсэн багийг толгойлж байсан гэдэг утгаараа ард түмэн дандаа л талархалтай хандах байх. Та нар ингэж намайг яллах гэж байгаа ч юм шиг оросуудын өмнө очков олох гэж байгаад эргээд эвгүй байдалд унах вий. Тэгэхээр 98 хувиар хөнгөлсөн зарчмаасаа битгий буугаарай, нэгэнтээ хүлээн зөвшөөрчихсөн бол тэгвэл Монросцветмет дээр 180 сая орчим долларын өр яригдаж байгаа. тэрний хоёр хувь гэх юм бол 3,6 сая доллар байх нь. 3,6 сая доллар шийдүүлж болохгүй шүү. Ингэж марзаганаж байгаад та нар улс орноо хүртэл тавиад туух нь байна шүү. Том том төслүүдээ хүртэл унагаах нь байна шүү гэж анхааруулж байсан. Тэгээд би сүүлд нь нэг уулзаж байхад, тийм, тийм айлчлалын үеэр 3.6, гурав орчим сая доллараар шийдсэн гэсэн . Тэгэхээр энэ юу харуулж байна, бид өөрсдөө гадаад бодлого дээрээ бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж биш яг нэгдсэн бодлоготойгоор байр сууриа хамгаалж явж сурахгүй бол сэргэлэн, ухаантай, зальтай, юмны цэг, таслалыг хүртэл хардаг хүмүүст зууш болно . Мөн бар гэх юмуу, арслан гэх юмуу, баавгайн аманд тэгж орж болохгүй ш дээ. Энэний л сургамж. Тийм учраас асуудлыг хаасанд би баяртай байна. Харамсалтай нь 3,6 сая долларыг ч гэсэн ард түмэндээ тарааж өгөөд энэ асуудлыг зүгээр хааж болох байв . ГэтэлГэтэл Энхбаярыг яллах гэж байна гэж байгаад 3,6 сая доллар төлж байж хаасанд би харамсдаг. Гэхдээ яахав асуудал дуусчихсан.

-Телевизээр реклам яваад эхэллээ л дээ, монголчуудын 70 хувь нь өртэй гээд л. Энэ нь МАХН, Үндэсний ардчилсан намын ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн цөм нь гэж ойлгож болох уу?

-Шууд тэр утгаараа хэлэх нь ч юу юм. Гэхдээ Энхсайхан дарга, би, Удвал дарга, Уянгаа, Батцогт, Батцэрэг, Цог гээд бид суугаад ярьж байхад энэ өрийн асуудал өөрийн эрхгүй их чухал асуудал юмаа. Хөдөө явж байхад банкинд малаа, өвөлжөө, хаваржаагаа барьцаалаад, жижиг сажиг юмаа барьцаалаад өр тавьчихсан байна. Тэгэхээр одоо энэ өр бол маш том дарамт юм байна. Ямар сайндаа нэг хүн ингэж ярьж байна, за тэр нэгдэл байсан цагт нэгдлийн малыг барьж идэж чаддаггүй байсан. Одоо миний мал ч миний мал биш. банкны барьцааны мал болчихсон, банкны мал барьж идэж чаддаггүй ямар ч ялгаа алга байна ш дээ. Үнэн хэрэг дээрээ бариад гаргаад шөл уучих ямар ч бололцоогүй байна гэж. Тэгэхээр энэ бол их том асуудал юм байна лээ. Маш олон өрх гэр, ялангуяа хөдөө орон нутагт ийм өрийн барьцаанд орчихсон.

-Бүх өрийг суллаад хүчингүй болгох хууль байдаг бол дараа нь зээл олгосон банкууд мөнгөө хэнээс авах вэ. Зах зээлийн нийгмийн гол зарчим чинь өр зээл юм биш үү?

-Тийм л дээ. Гэхдээ энэ том бүтээн байгуулалтын ажил хийж, барилга байшин барьж, эргээд тэр байшингаасаа орлого олох бололцоотой зээл авсныг хүчингүй болгохгүй ш дээ. Тэр бол зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Хүүхдийнхээ сургалтын төлбөр гээд, эсвэл хотод очиж хүн эмчлүүлэхийн төлөө малчин цалингаараа, эсвэл тэтгэврээрээ, малаараа барьцаалж байгаад авч байгаа зээл бол эргээд тэр хүндээ орлого болж орж ирэхээсээ илүү зүгээр гарч байгаа зарлага байхгүй юу. Энэ бол таван сая хүртэл төгрөг. Тэрнээс ч бага хэмжээний сая төгрөг ч юмуу, 500, 600 мянган төгрөгийн л өр байгаа ш дээ. Тэрийг нь, ард түмнийхээ өрийн дарамтыг тэгж салгаж өгч байя гэж тэр зах зээлийн эдийн засгийн харилцааг ёсоор нь бий болгож өгч байж дараа нь ард түмэн тэр өрөө тавиад авдаг, тэрийгээ төлдөг зохицуулалтыг нь хийж өгөхгүйгээр зүгээр банкуудад мөнгө хүүлээд сууж байдаг. Банк бол тодорхой үйлчилгээ үзүүлэхийн оронд улайм цайм тэтгэврийнх нь дэвтрийг аваад суучихсан, банкны бизнес аягүй амархан байгаа байхгүй юу. Ийм амархан банкны мөнгө хүүлэх, мөлжих, шулах бизнесийг бид дэмжихгүй. Үүнийг харин хууль гаргаад, ямар эх үүсвэрээс тэр үедээ тооцох ёстой юм, энийгээ хууль гаргаад яг өөрийн чинь хэлдгээр эх үүсвэрээ тооцож байгаад таван сая хүртэл зээл авсан хүмүүсийн өрийн асуудлыг шийдэх бүрэн бололцоо өнөөдрийн төр засагт байгаа. Тэр хэмжээний орлого төсөвт ордог гэж бид үзэж байгаа.

-Өр гэснээс таны шууд дэмжлэгтэйгээр албан тушаалд хүрсэн хүмүүс одоо энэ шуугиан тариад байгаа хэвлэх үйлдвэр, буудалтай холбоотой асуудлыг шийдэж өгөхдөө үнэхээр хууль зөрччихсөн юм уу. Төрийн дээд бүх албан тушаалыг хашиж байсан таныг дуудаад байхад та хуулийн байгууллагад очдоггүй гэдэг. Тэгэхээр хууль хаанаа байна вэ. Аль талдаа үйлчилж байна вэ?

-Маш чухал асуудал. Эхлээд өргүй Монгол ярьж байгаад, сүүлд нь хүний харьцааны хооронд ямар өр байдаг юм, ер нь та маш олон хүнд өртэй байдаг юмуу, тэд нар танд өртэй байдаг юмуу гэсэн өр гэдэг ухагдахуун талаас нь ярьж байна. Гэхдээ надад энэ бол хариулахад ямар нэгэн төвөг учруулахгүй асуудал. Тэр “Улаанбаатар таймс” сонины хувьчлал, тэр Өргөөгийн төсөл хэрэгжүүлсэн асуудал бол надтай ямар ч хамаагүй. Би тэр асуудлыг шийддэг албан тушаалтан байгаагүй. Тэр чинь Улаанбаатар хотын удирдлагын гаргаж байгаа шийдвэрүүд. Энэ мэтээр Улаанбаатар телевиз, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал, Улаанбаатар сан, Өргөө кинотеатр, ОСНААҮТөв, өөр юу байдаг юм бүгдээрээ л Улаанбаатар хотын шийдвэрээр хувьчлагдсан объектууд. эсвэл ямар нэгэн байдлаар төсөл хэрэгжсэн объектууд байхгүй юу. Надтай хамт ажиллаж байсан, надтай холбоотой, надаас зарим нь гавьяа шагнал хүртэж байсан хүмүүс холбоотой учраас хардаж сэрдээд л байхгүй юу. Тэгээд би иймэрхүү асуудал эхлээд жилийн өмнө яригдахлаар нь надад хийсэн буруу юм байхгүй юм чинь хууль хяналтын байгууллага л үнэн мөнийг тогтоох янз янзын мэдээлэл шалгаж байгаа юм байх даа гэж бодоод тайван хандсан юм. Тэгээд надаас та гэрчийн хувьд ганц хоёр юм хэлж өгөөч ээ гэсэн. Би ерөөсөө тэндээс нууж хаасан юм байхгүй, очихгүй, очъё гэсэн маргаан үүсгэлгүйгээр иймэрхүү асуудал дээр та энийг юу гэж бодож байна, энийг мэдэж байна уу, тэрийг мэдэж байна уу гэхээр нь би мэдэх юмаа мэдэж байна, мэдэхгүй юмаа мэдэхгүй гэж хэлсэн. Тэр мөрдөн байцаагч нарт хэлж байсан юм, та нар хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулаарай, хуулийн дагуу явуулбал ямар нэгэн алдаа дутагдал миний зүгээс гараагүй гэж би ойлгож байна. Гэхдээ та нар сайн шалгаарай. Харин та нарын тавьж байгаа асуулт, чиглүүлж байгаа чиглэлээс чинь харахад энэ бол зориуд улс төрийн зорилгоор явуулж байгаа юм биш биз дээ гэсэн. Ийм хардалт надад төрж байна. Тэгэхээр мөрдөн байцаагч нарын хувьд үнэнийг л тогтоохын төлөө ажиллаарай. Би Ерөнхий сайд, УИХ-ын дарга хийж байхдаа аливаа хууль хяналтын байгууллагын жирийн ажилтан хүмүүс нь ямар нэгэн улс төрчийн даалгавраар, ямар нэгэн улс төрийн зорилгоор хүнийг хэрэг төвөгт оруулах гэж ажиллах бий вий гэж дандаа анхааруулдаг, сануулдаг байсан. Тийм учраас та нар тэгж болохгүй шүү гэж хэлж өгч байсан. Сүүлийн үед цагдаа нарын, мөрдөн байцаах газрын, манай Нямдорж сайдын явуулж байгаа үйл ажиллагаа, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь ерөөсөө цэвэр улс төрийн зорилготой . МАХН-ын дарга, өнөөдрийн МАНАН-г эсэргүүцэж байгаа, шүүмжилж байгаа энэ хүнийг ч юмуу, энэ хүчнийг, энэ эвслийг ямар нэгэн байдлаар дарж авах гэсэн оролдлого гэдэг нь бүр тодорхой харагдаж байна. Жишээлбэл, Нямдорж ямар ч том албан тушаалтан байж болно, хуулийг ямар ч сайн мэддэг байж болно, гэхдээ би тэрэн дээр нь эргэлздэг ш дээ. Хууль мэддэг гэдэг дээр нь би эргэлздэг. Гэхдээ хэдийгээр тийм хууль мэддэг гэж бодъё. Тэглээ ч гэсэн шүүх л хэн нэгэн буруутайг тогтоодог байхгүй юу. Тэгтэл Нямдорж өөрөө шууд хэвлэл мэдээлэлд энэ бол буруу хувьчлал, энэ бол яах аргагүй буруу хариулт болсон нь үнэн гээд зарлачихаж байгаа юм, шүүхээс өмнө. Тэгэхээр тэр шүүхээс өмнө өөрөө хэргийг, ямар нэгэн асуудлыг буруу зөвийг нь тогтоочихдог. Өөрт нь эдлэх ёсгүй эрх тогтоохоос гадна хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд оролцчихдог. Бүр тэнд хэний туслах, ямар хамаатан, ах дүү юу ч гэнэ үү, бараг зарим нь миний мэдэхгүй юмыг хүртэл тэр нөхөр мэдээд хавтаст хэрэгт байгаа цагдаа нарын даалгавраар цуглуулсан юмыг л яриад байгаа юм шиг байгаа юм. Тэрийг бүгдийг нь ярьчихаж байгаа байхгүй юу. Өөрөө тэгсэн мөртлөө дараачийн өгүүлбэр дээр хэлж байгаа юм, би бол уг нь энэ хэргийн дотор орох, үүрэг чиглэл өгөх эрхгүй хүн гэсэн мөртлөө тэрний өмнөх өгүүлбэр дээр, тийм ч хүн орсон, ийм ч хүн орсон, тэдэн ч хувь, эдэн ч хувь гээд бүр тэр хавтаст хэрэгт байгаа бүх мэдээг задлаад хэлчихэж байгаа юм. Тэгэхээрээ тэр чинь орчихсон байна. Гуравдугаарт, хэн нэгэн хүн, тухайлбал, До.Чулуунбаатар гэдэг сэтгүүлч хүний төлөөнөөс хоёр, гурван сар шоронд суулаа гэж. Тэгэхлээр юу гэсэн үг юм бэ, өнөөдрийн ардчилсан Монголд хүний төлөөнөөс хүн шоронд суулгадаг ийм байж болохгүй ш дээ. Тэгэхлээр хэний төлөөнөөс суучихсан юм. Хоёрдугаарт, хүний төлөөнөөс суусныг мэдсээр байж Нямдорж, тэрийг хянах ёстой прокурор нь яагаад хянаж таслан зогсоогоогүй юм. 2-3 сар шоронд сууна гэдэг чинь До.Чулуунбаатарын хувьд том шок, асар том сэтгэлийн дарамт, айл гэрийнх нь хувьд ч гэсэн асар том цохилт болж байгаа ш дээ. Гэтэл хээв нэг яриад сууж байдаг. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрөө юуг харуулж байна вэ гэхээр ерөөсөө холбоогүй асуудлыг улс төрийн зорилготой холбож оролдох гэсэн ийм л зүйл. Энхбаярыг ингэж хууль зөрчиж, дээрээс нь удирдлага чиглэл өгч, цагдаа, прокуророор оролдуулж байгаа юм чинь Монголын жирийн иргэнийг баллах нь байна ш дээ. Тэгээд тэр цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын хийж байгаа үйлдлүүдийг харахад маш олон юман дээр хууль зөрчсөн байгаа. Яахлаараа хүний өмнөөс хүн шоронд суулгачихдаг юм. Яахлаараа мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байхдаа шүүхийн шийдвэр гараагүй байхад хувьчлалыг зогсоочихдог юм. Яахлаараа шүүхийн шийдвэр гараагүй байхад цагдаатайгаа хүч хавсарч байгаад Улаанбаатар хотын удирдлага хэн хохирсон, хохироогүйг мэдээгүй байхад нэг талд нь хохирсон гэдгийг нь өмнөөс нь шийдээд.

-Тэр хэрэгтэй холбогдсон Сэргэлэн гэдэг нөхөр чинь яг уулзсан юм уу?

-Ерөөсөө уулзаагүй. Танихгүй. Би гар ч барьж үзээгүй, хараа ч үгүй залуу. Тэр Сэргэлэн гэдэг хүн хохирчихсон гээд байгаа юм. Тэр хүн хохирсон юм бол шүүх тогтоох ёстой байхгүй юу. Хохирсон юмуу, хэн хохироосон юм гэж. Миний зүгээс судалж мэдсэнээр хуурамч баримт бичиг үйлдээд Оросын хуучин Севен гэдэг банкнаас нэг сая орчим доллар зээлээр авсан залуу юм шиг байгаа юм. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь шинжилгээгээр тогтоогдчихсон. Тэрэн дээрээ ял хэрэг үүсээд, шүүхэд очсон. Эхлээд тэр хүн шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрт нь шийдвэр гарахыг мэдэж байсан учраас за яахав, би хуурамч бичиг баримт үйлдсэн нь үнэн байж магадгүй. Гэхдээ би мөнгөө иймэрхүү юманд зарсан гээд баахан том, том ажил албан тушаал эрхэлж байсан, эрхэлж байгаа хүмүүсийн нэрийг хэлээд, тэрэн дотор миний нэрийг хэлсэн юм шиг байна лээ. Нөгөөх шүүх нь мөрдөн байцаах газар руу энэ хэргийг буцаагаад сайн судалъя гэжээ. Судлаад үзэхэд, би ч гэсэн ямар ч холбоогүй хэргийг надтай холбож яриад байхаар нь өөрийн эрхгүй энэ чинь юу болоод байгаа юм гээд тодруулна ш дээ. Монгол жижиг юм чинь тодорно. Тэр залуу сая доллар авчихаад, хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж УИХ-ын гишүүн байсан. Бадамжунайтай уулзаад би мөнгөтэй, би тодорхой төсөлд мөнгө оруулмаар байна, оруулахад яах вэ гэхлээр нөгөө нөхөр нь, чи “Улаанбаатар таймс” сонины хувьчлал руу мөнгө оруул гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэр мөнгийг оруулсан. Оруулахдаа миллиард 200 орчим, яг 500-гий нь оруулсан уу, үгүй юу гэдэг маргаантай асуудал. 700 нь хаачсан юм бэ гэж хүмүүсийн асуухад, 700-гий нь би бөөнөөр нь Орост авч явж байгаад оросуудад дээрэмдүүлчихсэн гэж хариулдаг. Энэ дээр хүмүүс эргэлзэхдээ, энэ чинь Монголын авлигачдад дээрэмдүүлчихсэн юм болов уу, эсвэл Оросын үнэхээр гэмт хэрэгтнүүдэд дээрэмдүүлчинсэн юмуу гэж асуулт тавьдаг юм билээ. Тэгэхлээр тэр 500 орчим сая төгрөгийг зарахдаа энэ “Улаанбаатар таймс” сонины байрыг нураачихсан байгаа юм. Нураахдаа зочид буудал барина гэж төсөл хэрэгжүүлнэ гэж бодсон гэж ярьдаг. Тэрийг нь Мэргэжлийн хяналтын байгууллага хэвлэх үйлдвэрийг зочид буудал болгож болохгүй, наадах чинь даах ч үгүй юм байна гээд хорьчихсон. Тэгээд тэр хүн өөрөө 500 орчим сая төгрөгнийхөө зарцуулалтыг хийхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг гаргалгүйгээр тийм эрсдэлтэй бизнес хийчихсэн. Тэрийгээ эргээд нөхөж авъя гэхээр үүргээ биелүүлээгүй. Зочид буудал барина ч гэдэг юмуу, томоохон байшин босгоно тэгж байж “Улаанбаатар таймс” сонины хувьчлалд оролцоно гэдэг үүргээ биелүүлээгүй учраас аж ахуйн байгууллага иргэд хооронд маргаан үүссэн юм шиг байгаа юм. Тэрийг иргэний шүүхээр яваад хэн үнэхээр хэдийг зарцуулсан юм, хэн зарцуулаагүй юм, ямар үүрэг хүлээсэн юм, биелүүлсэн юмуу, үгүй юмуу гэдэг асуудал ярихын оронд шууд эрүү болгоод, тэгээд ямар ч Сэргэлэнтэй холбоогүй Чулуунбаатарыг шоронд аваачиж суулгасан. Мөн анх мөнгийг оруулахад нь зуучилсан, хөөцөлдөж байсан хүмүүс нь ерөөсөө гэм буруугүй юм шиг Бадамжунайгаас авахуулаад яваад байдаг. Яагаад ч юм над руу тойруу замаар дайруулаад байдаг. Ийм хачин хиймэл хэрэг байхгүй юу. Энэ бол ярихад залхуутай. Би энийг яагаад яриад байгаа юм гэхээр ийм маягаар манай хууль хяналтын байгууллагууд ажилладаг юм байнаа. Тийм учраас би зөвхөн өнөөдөр Нямдоржийн эсрэг тэмцэж байгаа биш, би өөрөө хууль хяналтын байгууллагын хууль бус ажиллагааны эсрэг тэмцэх ёстой юм байна. Ер нь хууль хяналтын байгууллагын погон зүүсэн хүмүүс дарга нарынхаа үүрэг даалгавраар хүмүүсийн эрхийг зөрчдөг асуудлын эсрэг би тэмцэж өгөхгүй бол өөр хүмүүс үг хэлэх нь ч дуулддаггүй, дарагдаад л явчихдаг. Тэгээд цагдаагийн байгууллага дуудахлаар л очих ёстой гээд. Нэг цагдаагийн байгууллагын дээрээс нэг сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нэг жүжиг биччихдэг. За энийг баатар болгоно, энийг ингэж айлгана, энэний өмчийг ингэж хураана, ингэнээ гэсэн болхи жүжиг биччихдэг. Тэр жүжгээ цагдаагаараа хэрэгжүүлэх гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад нь улайм цайм нэг хүнийг муу талын баатар болгоод зарлачихсан, улайм цайм нэг хүнийг сайн талын баатар болгож хохирогч болгож зарладаг. Цагдаагийн байгууллагыг ч юмуу, прокурорын байгууллагыг цаанаас нь нэг улс төрийн албан тушаалтан удирдаад сууж байдаг. Энэ системийг засахгүй бол ерөөсөө болохгүй юм. Тийм учраас Нямдоржийн тухай минийминий яриад байгаа зүйл бол нэгдүгээрт, энэ хэлмэгдүүлэлтийн системийг засах ёстой гэсэн нэг том асуудал. Хоёрдугаарт, манай энэ хэлмэгдүүлэлтийг явуулах гэж байгаа, явуулж байгаа улс төрийн албан тушаалтнууд өөрсдөө ямар гэм буруутай юм бэ, тэрийг гаргаж тавихгүй юмаа гээд эргээд харъя гэсэн. Гэтэл манай хүн, тухайлбал, Нямдорж маань маш их зохисгүй үйлдлүүдийг хийчихсэн. Бид нар анзаардаггүй, мэддэггүй байжээ.

Ийм жүжигт монголын ард түмэн тоглож болохгүй. Тэр тусмаа Энхбаяр би тоглохгүй

-Хууль зассан гэгдэх Нямдоржтой та ойрхон байсан. Хууль зассаныг нь мэдэж байсан мөртлөө яагаад хэлээгүй юм бэ. Дараа нь УИХ-ын даргаас огцруулахдаа цэц дээр унагах үед асуудал болгоод улс төрийн зорилгоор оруулчихсан гэх жишээний юм байгаа биз дээ?

-Нямдорж бол гол зохиолч. Гэхдээ муу зохиолч л доо, авьяас муутай. Муу зохиолч зохиочихоод, муу зохиол нь танигдчихаад, мэдэгдчихээд байдаг . Тэртэй тэргүй хэрэгтэн болох хүн нь мэдэгдсэн, тэртэй тэргүй баатар болох хүн нь мэдэгдсэн юм чинь муу зохиол байхгүй юу. Солонгосын олон ангит кино муу ч гэсэн яах гээд байгаа нь мэдэгддэггүй ш дээ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байх ёстой байхгүй юу. Гэтэл бүх зохиол нь уншигдчихаж байна ш дээ. Тэгээд баригдчихаж байгаа байхгүй юу, хулгай хийх гэж байгаад. Хууль хулгайлах гэж байгаад ч юмуу, хүн хэрэгтэн болгох гэж байгаад баригдчихаад байгаа. Тэгэхээр би энийг барьж өгөх ёстой юм байна, энэ муу зохиолыг илрүүлэх ёстой юм байна, зохиогч нь энэ гэж зааж өгөх ёстой юм байна гэж түрүүн хэлсэн. Нямдорж бол хэдхэн зохиолчдынх нь нэг нь. Гол зохиолчид бол МАНАН-гийн удирдлага. Өнөөдөр ийм болхи зохиол бичиж, Нямдорж мэтийн хүмүүст шахаж байна . Ер нь ичихээ ч байчихсан, хүн чанараа ч алдчихсан тийм хүн байна ш дээ. Тийм хүмүүсийг ашиглаж, нөгөөдүүл нь доошоогоо цэрэг цагдаагаа, прокуророо дарамталж, шахаж, айлгаж, сүрдүүлж, албан тушаалтай нь ярьж, цол мол гээд янз янзаар дарамталж ажиллаж байна ш дээ. Энэ бол цэвэр МАНАН-гийн дэглэж байгаа маш муу жүжиг. Тэр жүжгийг бид нээнэ, задална. Ийм жүжигт Монголын ард түмэн ч тоглож болохгүй, монгол хэн ч тоглож болохгүй. Тэр тусмаа Энхбаяр би тоглохгүй. Хоёрдугаарт, хууль засах тухайд бол би тухайн үед Их хурлын дарга болъё гэх зэргээр санал тавихад нь бас л хамт олон жил зүтгэсэн хүн юм байна, би бас туслах, дэмжих бололцоо байвал тусалъя, дэмжье гэж, тэгээд гол хөөцөлдсөн хүний нэг нь би. Тэгээд Их хурлын дарга болгоод хамт ажиллая гэж бодсон юм. Тэгсэн чинь хууль засаж байнаа гэсэн шүүмжлэл “Өдрийн” сонин, бусад сонинуудад гарсан юм. Би эхлээд итгээгүй юм, арай ч дээ, хууль тогтоох үйл ажиллагаа гэдэг чинь маш нарийн зохицуулалттай. Их хурлын бүрэн эрх гэдэг чинь 51 хүн дор хаяж сууж байж, эсвэл 39 дор хаяхад сууж байж тэдний олонх нь шийдсэн асуудал чинь хууль тогтоох үйл ажиллагаа юм . Баталсан асуудал нь хууль болох ёстой ш дээ. Их хурлын дарга байна уу, дарга биш байна уу, нэг хүн Их хурлын гишүүдийн баталснаас өөрөөр бичээд сууж байна гэдэг чинь ерөөсөө толгойд орж ирэхээргүй юм. Гадныхантай тухайн үед ярьж иймэрхүү алдаа манайд гарлаа гэхэд арай ч дээ, тийм бүдүүлэг, а, в, с-гээ мэдээгүй улс та нарын дунд байгаа юм уу гэж гайхсан . Тэгээд би Нямдоржид, УИХ-ын даргад ерөнхийлөгчийн хувьд хэлж байсан юм. Ийм шүүмжлэл сүүлийн үед их сонсогдох боллоо, энийг анхаараач ээ, үнэхээр тийм юм байгаа юмуу. Тэгэхэд, та ёстой битгий санаа зов, тийм юм ерөөсөө байхгүй, би энийг 100 хувь өөрөө хариуцна, би эрхбиш хуульч хүн байна, хууль тогтоох үйл ажиллагаа ямар билээ гэдгийг мэдэлгүй яахав гэсэн . Гэхдээ би өөрт нь сайн ханддаг учраас миний сайн хандаж байсныг ашиглаж хууран мэхлэх, худлаа мэдээллээр хангах ийм ажил хийж байсан байна л даа. Тэр үйл ажиллагаа нь бүр үргэлжлээд, хэд хэдэн хууль давтагдаад, тэр сэдэв чинь зүгээр нэг сонин дээр хааяа бичигдэх сэдэв биш болоод, хүмүүс санаачлаад цэцэд асуудал өргөн барихгүй юу. Тэгтэл харамсалтай нь манай хүн өөрийнхөө хууль зассан үйл ажиллагаагаа хэн нэгэн хүн улс төрийн зорилгоор над руу дайрлаа гэж цэц рүү баахан дайрч байгаа юм. Тэрийг нь цэц маш болгоомжтой авч үзэж, яагаад гэвэл улс төрийн захиалгаар хийсэн байж болохгүй. Тийм учраас энэ бол нэлээн дуулиантай тул болгоомжтой хандахгүй бол болохгүй гэж хандсан юм билээ. Тэгтэл яахын аргагүй Нямдорж хууль тогтоох үйл ажиллагааг өөр дээрээ аваачаад батлагдчихсан хуулийг өөрчилж зассан нь цэцийн дүгнэлтээр батлагдчихгүй юу. Тэгээд өөрөө өргөдлөө өгөөд ажлаа өгсөн . Тэр үед нь би муу санаатай биш, тодорхой улс төр, бизнес, эдийн засгийн санаатай биш, далд санаатайгаар биш, зүгээр л мундаг хуульч болох гээд л засчихсан юм байх даа гэж бодохгүй юу. Тэгсэн чинь судлаад ямар хууль зассан үйл ажиллагаа явагдсан юм бэ гээд үзэхэд сонгуулийн хууль зассан байгаа юм. Сонгуулийн хууль засна гэдэг бол маш том алдаа. Сонгууль гэдэг чинь өөрөө чөлөөт, шударга, ойлгомжтой. Сонгуулийн хууль зассанаас болж долдугаар сарын нэгний явдал ямар нэгэн байдлаар холбоотой болж таарч байна ш дээ. Яаж зассан бэ гэхээр тухайн үед 2005 онд сонгуулийн тогтолцооны талаар би шууд маргалдаад, пропорциональ давамгайлах уу, мажоритар давамгайлах уу, эсвэл холимог систем байх уу гэж ярьж байгаад аль аль санал нь унаад, холимог систем нь унаад, тэгсэн чинь хаанаас ч юм гэнэт УИХ-ын даргын хувьд Нямдорж зүгээр л тийм санал гаргасан. Уг нь тэр болохгүй л дээ. Процетураараа байнгын хороогоор ордог, унасан санал, боссон санал, дэмжигдсэн санал гэх томъёоллоор орж ирж хураагдана ш дээ. Тэр нь Их хурлын нэгдсэн чуулган дээр хураагдана ш дээ. Гэтэл хаанаас ч юм томсгосон 76 тойрог гэсэн томъёоллоор санал хураагаад, гишүүд дэмжээд, тэгээд алх цохичихсон байгаа юм. Тэгээд дараа нь засахдаа томгосон 76 тойргоор гэснийг яахав, логикоор нь юу гэж бодох юм, томсгосон 76 гэж байхгүй л дээ. 76 гишүүн юм чинь, тийм ээ. Томсгосон гэдэг үг чинь өөрөө тэр 76 гишүүний тойргийг томсгоно гэж байхгүй ш дээ. Угаасаа л 76 байх юм чинь. Энэ хоёр үгийг яаж дөхүүлж ойлгож болох вэ гэхээр эсвэл Монгол Улсыг томсгосон нэг тойрог болгож, тэгж тооцоод, 76 гишүүнийг намын нэрсийн жагсаалтад оруулаад ч юмуу, Монгол Улсын томсгосон нэг тойрог болгосон ийм сонгуулийг явуулъя гэж ойлгож болж байгаа юм. Эсвэл ерөөсөө 76 гишүүнийг л тойрог болгон дээр нь өрсөлдүүлж л шууд 76 гишүүнийг сонгох юм байна гэж. Гэхдээ томсгосон гэдэг үг байгаа учраас Монгол Улсыг нэг томсгосон тойрог болгож 76 гишүүнийг сонгох ийм хувилбарыг ярьсан болов уу гэж ерөнхийдөө ойлгогдохоор байгаа юм. Гэтэл засаад ямар хууль гарч ирсэн бэ гэхээр 76 гишүүнийг олон мандаттай тойргоор сонгоно гээд засчихсан байгаа юм. Томсгосон гэдэг үг олон мандаттай гэдэг хоёр чинь шал хоёр өөр байхгүй юу. Олон мандаттай гэдэг чинь нэг тойрог дээр олон гишүүн сонгогдох нь байна ш дээ. Тэмээ ямаа шиг хоёр өөр юмыг засахдаа ингэж засч байгаа юм. Тэгэхээр тийм засварыг Нямдорж өөрөө УИХ-ын даргын хувьд хийгээд Их хурал хэлэлцээгүй асуудлыг засчихсаны дараа зассан асуудлыг тэр болгон сайн мэдэхгүй хүмүүс, яаж зассаныг мэдэхгүй байж байгаад сүүлд илэрсэн ш дээ. Сонгуулийн ерөнхий хороо тогтоолын төслийг Их хуралд оруулахдаа Нямдоржийн зассан Сонгуулийн хуулийн 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно гэдэг зүйлийг үндэслэсэн . Тэд 26 тойрог болгоё, тэгээд тойрог болгоныг олон мандаттай болгоё гэдэг саналыг гаргаж ирсэн юм. Тэгээд 26 тойрог чинь юу болов, бөөн булхай, бөөн луйвар, бөөн бухимдал. Долдугаар сарын 1 чинь тэр олон мандаттай тойрог дээр гарсан бухимдлаас болж л ард түмэн жагсаж, тав нь алуулж, арван хэд, хориод нь шархтаж, хэдэн зуу нь шоронд суулаа ш дээ. Цэг, таслал хүртэл хөдөлгөх ямар аюултай вэ гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Оросын нэг үг байдаг, өршөө, болохгүй, цаазал гэж. Махчилж орчуулбал цаазалж үл болно, өршөө. Таслал хаана тавих вэ. Цаазал, өршөөж үл болно. Эсвэл цаазалж үл болно, өршөө. Тэгэхээр таслал нэг үгний ард орох, эсвэл нөгөө үгний ард орсноор хүн эсвэл цаазлуулж байна, эсвэл өршөөгдөж байна ш дээ. Тэгтэл энд чинь томсгосон гэдэг үгийг олон мандаттай болгож хаяад, 26 тойрогтоо сонгууль явуулаад, тэрэн дээр нь луйвар булхай гараад, ард түмэн эсэргүүцээд, тэгээд таван хүн буудуулаад байхад ичих ч үгүй өнөөдөр ахиад цагдаагийн хууль өөрчилнө. Тэгээд тэрэн дээр нь эсэргүүцэж жагсаал цуглаан болох юм бол буудна гээд. Тэгээд Их хурлын гишүүд нь, арай ч энэ болохгүй байхаа, ингэж буу сумаар ард түмэнтэйгээ харьцаж болохгүй байх. Тэгээд яах юм, усаар буудах юмуу гэж асууж ёжилж байна шүү дээ. Бүх дэлхийд усаар л бууддаг. Тэр ус чинь заримдаа хүчтэй, унатал тусдаг юм шиг байгаа юм. Гэхдээ ямар ч байсан усаар, хүнээ алдаггүй байхгүй юу. Яагаад гэвэл ардчилсан оронд нэг хүний амь гэдэг чинь асар үнэтэй байдаг юм.

-Таны ярианаас нэг зүйлийг асуух гэсэн юм. Таны өөд нь татсан хүмүүс, таны дэргэд ажиллаж байсан хүмүүс таныг эрх мэдэлтэй байхад ер нь онцгой бүх асуудлуудыг тан дээр орж мэдүүлдэггүй байсан юмуу. Та бүх юмны үзүүр дээр сууж байсан ш дээ?

-Одоо харахад зарим юмыг нь хэлж байсан байна. Хэлж байсан юмы нь, хийж байсан үйлдлий нь сануулахдаа зөвхөн Нямдорж гэдэг хүн биш, ялангуяа МАН гэдэг намын, тэгээд магадгүй АН-ын, бусад ганц хоёр намын ч юм уу, хүмүүсийн хийсэн ажил, хэлж байсан үгийг сануулах нь миний чухал үүрэг юм байна. Энэ чинь төрийн ой санамж. Хэн яг хэн байсан юм бэ, хэн яг юу хийж байсан юм, юу хэлж байсан юм гэдгийг сануулна гэдэг чинь ард түмэнд яг буруу зөрүүг, эсвэл сайн мууг ялгаж салгах, ойлгоход их чухал юм. Тэгэхээр өнөөдөр миний үүрэг. Би амьд байгаа цагт гэх юмуу, эсвэл байгаа цагтаа гэх юмуу энэ хүмүүсийн, ялангуяа өнөөгийн эрх баригчдын хамгийн өндөр албан тушаалтнаас авахуулаад бусад албан тушаалтнуудын хэзээ юу ярьж байсан юм, хэзээ юу хийж байсан юм бэ гэдгийг өөрийнхөө мэдэж байгаа хүрээнд байнга сануулж ард түмэнд мэдүүлэх болно. Араар хуйвалдсан, жишээлбэл, Сэргэлэнгээс Бадамжунай мөнгө аваад, эсвэл мөнгө ийшээ оруул гээд “Улаанбаатар таймс” гэдэг төсөл рүү мөнгө оруулахаар болоод ингэж тохиролцсоныг би огт мэдээгүй л дээ. Сүүлд л ингэж тодорхой болж байна. Мэдэж байгаа юм бас байна. Тэрийгээ би сануулж эхэлсэн байгаа. Цаашдаа улам гүнзгий сануулах болно. Тэрэн дотор жишээ нь, намын санхүүжилтийн тухай асуудал, намуудын төлөвшлийн тухай асуудлыг ярьж байх шиг байна. Би бас “Улс төрийн тойм” сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл гэж гарч ирээд төр засгийн эрхэнд ажиллахдаа алдсан, оносон гээд ярих юм бол их юм бий. Тэр үед нь бид хар баасан гарагтай боллоо, тав дахь өдөр болгон МАХН-ын гишүүд халагдаад л уйлаад юмуу, эсвэл урвайгаад ирдэг. Дээр нь сонгуулийн менежментийн төрийн албанд их оруулж байна. Өмч хувьчлал будилаантай явлаа. АН-ын гишүүд нэлээн их мөнгө төгрөгтэй, хөрөнгө мөнгөтэй болчихлоо гэх зэргээр их шүүмжилж байсан л даа. Засгийн газартай хариуцлага тооцох тийм хэмжээнд хүртэл яригдаж байсан ш дээ. Би дотроо тэр үед юу гэж бодож байсан бэ гэвэл энэ бол бид нарын итгэл үнэмшлийн шүүмжлэл гэж. Тэгээд ард түмэн 2000 онд МАХН-д итгэл өгөөд бид 72 суудлыг УИХ-д аван намайг намайг намайг дарга болгоход энэ ямар мундаг албан тушаал вэ, ямар их эрх мэдэлтэй вэ гэдгийг ерөөсөө би гайхаагүй. Машин унадаг юм байна, ийм том өрөөнд суудаг юм байна ерөөсөө гайхаагүй. Тэр бол Монголын төрд тийм албан тушаал хашиж байгаа хүнд унадаг унаа, ажилладаг өрөө тэртэй тэргүй дандаа л байсан. Цаашдаа ч байна. Хамгийн их миний гайхлыг, гайхширлыг төрүүлсэн, бас сэтгэл санаагаар тодорхой хэмжээгээр унагасан асуудал юу вэ гэхээр нөгөө АН-ыг, Ардчилсан холбоо эвслийг шүүмжилж байсан манай намын нөхдүүд маань харин орж ирээд, за дарга аа, та сайн дарга гээд намайгаа хөөрхий хэлчихэж байгаа юмаа. Тэгэхээр чинь хүний чих арай илүү нээгдэнэ ш дээ. Аягүй бол муу дарга гээд хэлчихвэл чих нь хаагдчихна. Тэгэхээр сайн дарга гэж хэлж байгаад, ер нь дарга нарын чих сайн дарга гэж хэлвэл их онгойдог юм ш дээ. Би бас л тийм нэг дарга байхгүй юу, чих нь онгойдог. Тэгээд хэлж байна, одоо манай намынхан их ядуу байна, манай сонгуулийн менежер ажилгүй байна, одоо энэ хүмүүсийг ажилтай болгох хэрэгтэй, намын санхүүжилтийн асуудлыг ингэж, ингэж шийдье, тэгэхийн тулд ийм хүмүүсийг энд, тэнд бас дэмжлэг авч томилох хэрэгтэй ч гэдэг юмуу ийм саналуудыг ярьж эхэлсэн. Тэгэхээр нь би гайхаад, ялангуяа Удирдах зөвлөлийн хэмжээнд ярьж эхэлсэн. Энийг АН ч гэсэн ярьдаг, ичих ч үгүй хийдэг гэсэн. Та яагаад үүн дээр удаад болгоомжлоод байгаа юм бэ гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгэхээр нь би, Удирдах зөвлөл дээр улс төрийн шийдвэр гаргадаг байгууллагын хэмжээнд энэ асуудлыг ярьж болохгүй, энэ бол маш буруу жишиг, бид энэ жишгийг шүүмжилж байсан, ахиад ийм асуудлыг бид өөрсдөө давтаж болохгүй гэсэн . Үгүй ээ, та ямар сонин юм бэ, та энийг ойлго л доо гээд байнга л хүмүүс цуваад. Тэгээд би аргаа ядаад, энийг хууль тогтоомжинд нь нийцүүлж шийдэх ямар бололцоо байна вэ, та нар гарцаа гарга, түүнээс биш яг улс төрийн шийдлээр Удирдах зөвлөлөөс үүрэг даалгавар өгч ийм шийдвэр гаргаж болохгүй. Удирдах зөвлөлийн хэлэлцдэг асуудлаас энийг харин гаргая гэв. Удирдах зөвлөлийн гишүүд маань бас нөлөөтэй байхын тулд, нөлөөтэй шийдвэр гаргахын тулд хэн нэгэн хүний томилгоонд оролцсон болж харагдах маш чухал байна ш дээ. Тэгэхийн тулд, тэр эрх мэдлээ авч үлдэхийн тулд Удирдах зөвлөл шийдсэн хэвээрээ байвал яасан юм гэсээр байгаад намын даргынхаа тэр үеийн тавьсан саналыг дэмжээгүй юм. Тэгэхээр нь би ахиад Удирдах зөвлөлийнхөө гишүүдтэй уулзаад, энэ болохгүй ээ, ийм улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага ийм жишиг тогтоож ч болохгүй гэсэн . Тэгээд бүр зүтгэж байгаад дахиад Удирдах зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг тавьж байгаад, Удирдах зөвлөл ийм хүний томилгоо, ийм намын санхүүжилтийн асуудлыг ярьж байхаа болино гээд больчихсон юм. Гэхдээ л нөгөө хуулий нь нийцүүлж байгаад, манай сонгуулийн менежер ажиллуулахгүй бол болохгүй гэсээр байгаад мэдээж хэрэг тэр үед томилно. Тухайн үед 12 мянган хүн халж, 15 мянган хүн тавилаа гэж ярьж байсан. Тийм тоо ч биш л дээ, 15 мянгад хүрээгүй. Гэхдээ л ний нуугүй ярихад Ардчилсан холбоо 1996-2000 онд баахан хүмүүсийг төрийн албанд янз янзын аргаар оруулсантай адилхан 2000-2004 онд бас МАХН олон хүмүүсийг төрийн албанд оруулсан. Ийм юманд оруулаад баахан бизнесменүүд намд хандив өгнө. Оджаргал, Сү.Батболд эд нар чинь хандив өгнө ш дээ. Сүүлд нь судлахад бүгдээрэнд нь өгдөг юм билээ. Тухайн үед бид нар чинь гэнэн, МАХН-д л сайн учраас өгөөд байна, хөөрхий бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хандив өгөөд овоо л доо гэж бодсон чинь бүгдээрэнд нь өгдөг юм билээ. Тэд нарын буруу биш байх л даа. Яагаад гэвэл улс төрийн нам, тэд нарын өндөр албан тушаалтнууд бол одоо энэ хүмүүс бизнесээ аятайхан явуулахад нь янз янзын дарамт шахалт ирдэг. Тийм учраас АН-д нь ч, Хувьсгалт намд нь ч, бусад намд нь ч хандив өгөөд туслаад, эсвэл ядахнаа бид нар луу уурлаж битгий дайраасай гэх зэргээр хандана . Одоо өнөөдөр харамсалтай нь би бодохдоо бизнесийн соёл маань дандаа намд хандив өгөх маягаар бизнест хождог. Намд хандив өгөөгүй нь хохирдог, хоцордог тийм тогтолцоо 1996 оноос бүр их хүчтэй явсаар байгаа. Би ганцхан жишээ хэлье. МАН-ын байрны асуудлыг судалъя. Би хэлээд байгаа ш дээ, хэвлэл мэдээллийнхэн маань яагаад ч юм энэ асуудлыг хөөцөлдөхгүй байгаа юм. МАК компанийн Нямтайшир гэдэг хүн нэг тэрбум төгрөг МАН-ын байрыг барихад хандивласан байна. Ядарсан хүүхдэд биш, ажилгүй хүнд биш, яг МАН-д гээд нэлээн олон албан тушаалтантай, Их хуралд олон суудалтай намд нэг тэрбум төгрөг хандивлаж байна ш дээ. Олон улсын жишиг байдаг юм билээ. Жишээлбэл, нэг хүн нэг тэрбум төгрөг хандивлана гэдэг чинь өөрийнхөө олсон орлогын 10 орчим хувийг хандивлаж байгаа байхаа гэж авлигыг судалдаг байгууллагуудын гаргасан аргачлал байдаг юм байна л даа. Би энэ асуудлыг өнөөдөр гурав, дөрөв дэх удаагаа ярьж байна. Олон улсын аргачлалаар бол өнөөдрийн МАН ч юмуу, өнөөгийн байгаа МАНАН-гийн ач тус, дэмжлэгээр төмөр зам барих шийдвэр гаргаж өгсөн байж магадгүй, эсвэл өөр ашигтай шийдвэрүүдийг гаргаж өгсөн байж магадгүй. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар тогтвортой байдлын гэрээ хийхдээ нүүрсний үнийг зориуд багаар тогтоож, өөрөө цаанаа ихээр зардаг зөрүүн дээр тоглож байж магадгүй. Ямар ч байсан энэ хүн нэг тэрбум төгрөг гэхээр олон улсын аргачлалаар бодоход 10 тэрбум төгрөгний өөртөө ашигтай бизнес хийсэн байж магадгүй ш дээ. Тэрнийхээ нэг тэрбум төгрөгийг харамлахгүй өгч байна. АН-ын байрын хандивлагчдын жагсаалтыг АН-ынхан үнэн гаргаж ирэх юм бол Нямтайшир дотор нь цохиж л яваа. Нэг тэрбумыг өгсөн үү, эсвэл арай багыг өгсөн үү, бүү мэд. Яагаад гэвэл МАНАН байгаа учраас аль алинаас нь дэмжлэг авч ажиллаж байгаа. Янз янзын муу муухай аргаар ч юмуу, эсвэл нуугдаж авсан хандиваараа нэг нам 20, 30 давхар байшин бариад, тэрийгээ Тусгаар тогтнолын ордон гээд. Үнэн хэрэг дээрээ ард түмэн нь орох оронгүй байхад авлигын ордон барьчихаад тэрийгээ Тусгаар тогтнолын ордон гэж зарлаад сууж байгаа юм. Нямтайширтай адилхан ашигтай бизнес хийгээд хандив өгсөн биш, жирийн, 40-50 жил татвараа төлсөн гишүүд ямар ч нэр хүндгүй. Тэд нарын хөрөнгөөр, тэд нарын өгч байгаа саналаар, тэд нарын итгэлээр, тэд нарын зүтгэлээр, тэд нарын энэ намынхаа төлөө гэж шөнө нойргүй хонож, өдөр ядрахгүй зүтгэж байсан зүтгэлээр өнөөдөр өдий зэрэгтэй байж байгаа мөртлөө. АН бол яахав миний ойлгосноор бол нийтдээ 6 тэрбум төгрөг 2008 онд зарцуулсан гэж бичсэн юм байна лээ. Энэ нь 80 хэдэн сая төгрөг болж байсан билүү. Гэхдээ л бас 80 хэдэн саяар тогтохгүй, тэр бол ойлгомжтой ш дээ. Гэхдээ МАН-ыг бодох юм бол өөрийнхөө зарцуулсныг долоо дахин илүү биччихсэн байгаа юм. Арай ч ингэж болохгүй гэж бодсон юм байлгүй. Энэ бүх заваарчихсан намын санхүүжилт гэсэн юм, албан тушаал янз янзын аргаар очдог арга, улс төрийн өрсөлдөгчдөө хэрэг төвөгт холбогдуулж дардаг арга, тэгээд МАНАН гэж гарч ирдэг хажуунаас хяналт тавилгүйгээр ажилладаг тогтолцоо бий болчихсон нь эргээд зөвхөн Энхбаярт хохиролтой биш. Хяналттай төртэй болъё, амлалтаа биелүүлдэг төртэй болъё, идэж уудаггүй төртэй болъё. Бизнес өөрөө ямар нэгэн худлаа дэмжлэггүйгээр хэвийн явах нөхцлийг хангая, авлига хээл хахуульгүй болъё, намуудыг байранд нь тавья, санхүүжилтээр нь ядахдаа байранд нь тавья. Ард түмнээс санхүүжүүлж, ард түмэн өөрөө намаа гартаа атгаж, чи ингэж хажуу тийшээ, ингэж нөгөө тийшээ хөдлөхгүй шүү гэж. Ард түмэн ийм бүх юманд дургүй учраас сая сонин дээр судалгаа гарлаа.

-Саяны судалгааны дүн гараад цочроо үүслээ. Үнэхээ р та сэргэлэнтэж гүйж байгаад өндөр үнээр авчихсан юм уу. Эсвэл таны тагнуул Нийгмийн ардчилал хүрээлэн дотор ажилладаг юм уу. Энэ үнэхээр бодит судалгаа, хандлага мөн үү?

-Би хариулах гэдэг утгаараа заримдаа энэ байдал чинь дандаа хөмсөг зангидаж ярих хэцүү юм байна ш дээ. Заримдаа миний тухай элдвийн цуу, цуурхлыг энд тэндээс сонсоод, өөрийн тань асуултанд ч гэсэн тийм, тэгж шүүмжлэгдэж байсан гэсэн зүйлээс сэдэж би хариулах гэж оролдож байна л даа. Ер нь ямар олон юмыг энэ Энхбаяр гэж хүн амжуулдаг юм бэ гэж боддог байхгүй юу. Нэг хүн биш байнаа, олон Энхбаяр байгаа. Энэ судалгааг будилуулж амждаг, тэнд судалгаа хулгайлж амждаг, тэнд өмч хөрөнгө үрэгдүүлж амждаг, тэнд Ногоон намыг бүртгэлээс нь яадаг ч юм Дээд шүүх дээр очоод будилуулчихдаг, ер нь бүх юманд Энхбаяр оролцоод байгаа ш дээ. Нэг хүн л лав биш, олон Энхбаяр байна. Харин тэр олон Энхбаярыгаа надад олж өгөөрэй. Би бол өөрөө ганцаараа Энхбаяр юм . Мэдээж хэрэг аль болохоор идэвхтэй ажиллахыг бодно. Гэхдээ миний өнөөдрийн үүрэг бол илүү тодорхой. Өнөөгийн МАНАН-гийн удирдлагын хэлж байсан, хийж байсан хэргийг л байгаа цагтаа сануулах ийм ажил руу орж байгаа. Тэр судалгааны хувьд бол ер нь аливаа нууц юм чинь задардаг л байхгүй юу. Тэр судалгааг хуучин прогноз гэж нэрлэдэг байсан МАХН-ын дэргэдэх, одоо МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчиллын хүрээлэн гэдэг нэртэй төвийн судалгаа. Тэр судалгаан дээр өөрсдөө дүгнэлтүүдээ биччихсэн байгаа. МАН-ын рейтинг Улаанбаатар хотод 13 хувьтай байна гэж. МАХН-ын рейтинг байнга өсөж байна. МАН-ын рейтинг байнга унаж байна гэсэн ийм түгшүүр зарласан. Харамсалтай нь дүгнэлтүүд нь дандаа буруу. Би бодоход, намайг намын дарга байхад ийм буруу дүгнэлтүүдээр хуурч байсан байж магадгүй. Би уншсан л даа. Одоо манай намын удирдлагууд, мөн нэрээ сольсон МАН, шинэхэн бүртгэгдсэн МАХН гээд л яриад байх юм бол хүмүүс энэ ялгааг ойлгоод МАН-ын тал руу санал нь эргэнээ гэж байгаа юм. Тэгэхээр би энэ зөвлөгөөг буруу зөвлөгөө байнаа, дарга нартаа таалагдах гэсэн зөвлөгөө байнаа, ийм маягаар дарга нарыгаа хуураад, нөгөө Батболдыгоо, Хүрэлсүхийгээ, өөр хэн байдаг юм тэд нарыгаа хуураад, нөгөөдүүл нь энэ зөвлөгөөн дээр тулгуурлаж, хөдөө гадаа уулзахдаа саяхан нэрээ сольсон МАН, шинэхэн шүүхэд бүртгэгдсэн МАХН гээд яриад явах нь л дээ. Нөгөө хээл хахуулийн асуудлаа ярихгүй нь байна, сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй байгаагаа ярихгүй нь байна. Би бол хэн энийг нээгээд задалчихав, Энхбаярын тагнуулууд хаана байна вэ гэж ярихаасаа илүү хөөе, Монголын ард түмэн МАН-д итгэхээ больж байгаа юм байна, бараг бүр больчихсон юм байна. Жишээ нь, 20-иос доош орно гэдэг чинь больчихсон юм байна гэсэн үг ш дээ. 15-аас доош орно гэдэг чинь ер нь найдвар тасарч байгаа хэмжээнд оччихсон байна ш дээ. Тэрийгээ ярихын оронд тагнуулыг нь олно, олоод хариуцлага тооцно гэх зэргээр ярина гэхээр тархи толгойны эргүү нь бүр ийм болчихсон байна л даа. Тэрийг л саяын судалгааг хэвлэсэн нь ард түмэнд дахиж ойлгуулж өгсөн байх. Тэгэхээр энэ судалгаа гарсан нь, судалгаа гарсны дараа судалгааны байгууллагын өгч байгаа дүгнэлт нь, намын удирдлагуудынх нь аашилж байгаа ааш нь ахиад намынхаа нэрийг унагааж байгаа гэж бодож байна.

-Тагнуул гэснээс Нямдорж сайдын тагнуулч мөн, бишийг тогтоосон асуудал шийдэгдээгүй. Гэтэл бөөн юм цацлаа ш дээ. Авлигатай тэмцэх газарт таныг шалгагдаад эхэллээ гээд л. Нөгөө тагнуулын асуудлыг та их өмгөөлж хамгаалаад байсан. Тэр үед юу болсон юм бэ?

-Тэрийг одоо бодоход бас л нөгөө Нямдорждоо итгэдэг. Нямдорж Хятадын тагнуул гэсэн асуудал яригдлаа, яагаад ийм асуудал яригдаад байгаа юм, яагаад чамтай холбож энэ асуудал яригдаад байгаа юм гэж асуугаад, чи хэл, энэ чинь эргээд зөвхөн чиний ч асуудал биш, бүхэл бүтэн Засгийн газар, нам, ер нь цаашдаа төр засгийн асуудал болж байна гэсэн . Тэгэхэд бараг нүдэндээ нулимс цийлэгнүүлэх шахаж байсан . хоолойныхоо өнгийг манай хүн чинь сайн хувиргадаг юм ш дээ. Амьсгаагаа бас зөв авна. Санаа алдалтуудаа зөв тохируулна ш дээ. Тэрийгээ бүгдийг нь тохируулж байгаад юу гэж хэлсэн бэ гэхээр, үгүй ээ, энэ бол надад муу хүмүүсийн намайг унагаахын төлөө хийж байгаа ажил. Би бол таны итгэлтэй хүн, би итгэлтэй хүнээ хуурахгүй, тийм учраас би ийм ажил хийгээгүй. Тэгэхээр би итгээд л, за тэгвэл чи наадахаа яг ёсоор нь, хуулийнхаа дагуу тайлбарлаж тодорхой болго гэж. Тэгээд нэлээн бужигнаж, пижигнэсэн, нэлээн шүүмжлэлтэй асуудал өрнөсөн. Тэгээд харамсалтай нь тэр асуудал эцэслэгдэж тодорхой болж чадаагүй. Болох ч хэцүү. Яагаад гэвэл хоёр орны харьцаанд ч бас ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлнэ. Дээр нь нөгөө тал тагнуул мөн эсэхээ хэлж байж тэр асуудал мөн эсэх нь тогтоогддог болохоос биш, бид маргалдаад, хоёр тал болж хуваагдаад энэ асуудал тодорхой биш ш дээ. Тийм болохоор энэ асуудал шийдэгдээгүй, аль нэг тал руу хагараагүй. Гэхдээ Баатар генерал яв авсан. Яагаад ял авсан бэ гэхээр Нямдорж тагнуул мөн, бишийг тогтоосныхоо төлөө биш, зүгээр л улсын нууцыг задалсан гэдгээр ял авсан. Би ерөнхийлөгч болоод Баатар генералыг өршөөсөн. Яахав улсын нууц задалсан нь муу, гэхдээ зөвхөн Баатар гэж хүн энэ нууцыг задалчихсан юм биш. Энийг задлах ажилд маш олон хүн оролцсон. Гэтэл Баатар гэдэг хүн тэрний золиос болж ганцаараа ял эдэлж суух нь надад буруу санагдсан учраас би өршөөсан . ерөнхийлөгч өршөөл үзүүлэх эрхтэй байдаг л даа, тэгээд үзүүлсэн. Одоо энэ хүн өөрийнхөө амьдралаараа л амьдарч байгаа байх гэж бодож байна.

-Яг ямар нууц задалчихсан юм бэ. Нямдорж нь тагнуулч биш гэж бодъё. Гэтэл улсын нууц задалчихсан гээд байсан шүү дээ?

-Нямдоржийн тэр асуудал нууц биш болсон юм даа. Хятадын тагнуул мөн үү гэдэг нь шийдэгдээгүй. Түүнээс биш Нямдорж хаашаа явсан, хэнтэй уулзсан, юу хийсэн гэдэг нь тийм нууц биш болчихсон ш дээ. Фото зурагтайгаа гарчихсан. Тэр бол нууцын зэрэглэлтэй байсан баримтууд байхгүй юу. Фото зураг нь, хэнтэй уулзсан, хэнтэй хаашаа явсан гэдгийг өгүүлсэн бичиг баримт нь нууцын зэрэглэлтэй байсан. Энийг задалсан гэж. Гэхдээ тэрийг яг Баатар задалсан юмуу, үгүй юмуу гэдэг нь бас тодорхой биш. Тухайн үед Тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд хамгийн задлах магадлалтай хүн гэдэг утгаараа судалж, шалгаж, тал талаас нь дүгнэж л тийм шийдвэр гарсан болохоос биш, яг задлах ажлыг миний ойлгож байгаагаар бол маш олон хүмүүс хийсэн. Магадгүй Нямдоржийн хэлж байгаагаар бол Нямдоржид муу хүмүүс санаатай задалсан байж магадгүй. Эсвэл үнэхээр ийм юманд сэжиглэгдэж байгаа хүн байна шүү, энийг сэрэмжлэх хэрэгтэй шүү гэж задалсан байж ч магадгүй. Бас улс орноо бодож задалсан байж магадгүй ш дээ. Зарим нь хувийнхаа сонирхолд хөтлөгдөж задалсан байж ч магадгүй. Гэхдээ ямар ч байсан тэр задлах процесс нэлээн олон хүнийг хамарсан.

-Тагнуулын архиваас аваад гарахгүй байх л даа?

-Тийм л байх даа.

Яриандаа халж төрийн нууцыг задалж болохгүй

-Таны үед сөрөг тагнуулд ажиллаж байсан, Тагнуулын газрын дарга Батсайханы үед ажиллаж байсан Хурц гэдэг хүн байна. Энэ тухайд?

-Оросын өрийн асуудлыг Энхбаярыг л муулж байвал ард түмэн, улс орон өрөнд орж байсан ч хамаагүй гэдэг маягаар буруу шийдсэн гэж би түрүүн ярьсан ш дээ. Тэрэнтэй адилхан Хурцын асуудал яригдаж эхлэхээр одоо энэ МАНАН-гийн засаглал маш буруу мэдэгдэл гаргасан юм. Гадаад харилцааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгч гэсэн хэлбэр галбиртай, үнэн хэрэг дээрээ бүх дэлхийд Гадаад харилцааны яамны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэл гэдэг бол гадаад харилцааны байр суурь, Засгийн газрын байр суурь гэж ойлгодог. Тэгэхээр Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн мэдэгдэл тухайн үед гарсан юм. Тэгээд би уншаад үзсэн чинь гайхсан л даа. Төр засгийн ажлыг мэддэг улсууд юмуу, мэддэггүй улсууд юмуу, тэгтлээ өшөө хонзон өвөрлөчихсөн улсууд юмуу, яачихсан улсууд юм бол гэж би гайхсан. Юу миний анхаарлыг татсан бэ гэхээр нэгдүгээрт, Хурц ийм ажил хийсэн нь үнэн гээд хэлчихсэн байгаа юм. Хоёрдугаарт, Хурцаар зогсохгүй хэдэн хүн байж магадгүй гээд хэлчихсэн байгаа. Энэ Засгийн газар энэ бол хууль зөрчсөн ажил мөн гээд гэм биш, зан болохоор шүүхийн шийдвэр гарахаас өмнө энэ үйл ажиллагааг хууль бус гээд зарлачихсан. Тэгээд дээр нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал мөн гээд зарлачихсан. Бас ахиад л Энхбаяр гэдэг хүн рүү битүү дайрч байна ш дээ. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд над руу дайрч байгаа чинь зүгээр нэг үзэгдэл биш байхгүй юу. Заримдаа сэтгүүлчид энэ бүгдийг хооронд нь холбож бодохгүй учраас Энхбаяр луу л дайрав гэж дээ гэдэг . Холбоод үзэхээр над руу дайрах дайралт нэлээн хэдэн жил үргэлжилж байна гэсэн үг. Ямар дайралт вэ гэхээр тэр үеийн ерөнхий сайдын буруугаар гэнэ . Тэр үеийн ерөнхий сайд гэдэг чинь Энхбаяр л байхгүй юу, өөр хэн байхав. Энхбаяр гэж хэлэхгүй ч гэсэн тэр үеийн ерөнхий сайдын мэдэж байснаар гэдэг ч юмуу, үүрэг өгсөн даалгавраар ч гэдэг юм уу, тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын удирдлагын шууд үүрэг даалгаврын дагуу гэж байгаа юмаа, ийм өгүүлбэр байгаа юм. Мань мэтийгээ барьж өгч байгаа юм байхаа, гадныханд. Гадныханд барьж өгч байгаа юмуу, эсвэл хэнд барьж өгөх гээд байгаа юм. Тийм утгагүй юм хийж байна лээ. Бас, тэр үеийн Ерөнхийлөгч харин мэдээгүй шүү гэх юм . Тэр үеийн ерөнхийлөгч мэдээгүй гэдгийг яасан сайн мэддэг юм. Ерөнхий сайд нь мэдээд байсан гэдгийг ч яасан сайн мэддэг юм. Яг адилхан мэдээлэлтэй хоёр байхгүй юу. Гэтэл ерөнхийлөгч нь мэдээгүй гээд байдаг, ерөнхий сайд нь мэдээд байдаг. Тэрийг яаж сайн мэдээд байгаа юм, бүү мэд. Ийм хачин мэдэгдэл гаргасан. Би тухайн үед энэ мэдэгдэл гарсны дараа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад, мөн төр засгийн удирдлагад хандаж шууд болон тойруу замаар хэлсэн. Энэ бол Монгол Улсын хувьд нэгдүгээрт, та нар нууцыг өөрсдөө задалчихлаа. Энэ бол нууцын зэрэглэлд орох ёстой асуудал. Хэн энийг задалсан хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар бол Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, хууль зөрчлөө гэдгийг шүүх тогтоодог болохоос Засгийн газар тогтоохгүй. Яагаад ингэж байгаа юм бэ гэж. Гуравт, энэ Хурц гэдэг хүнийг тусалж та нар хөөцөлдөж байгаад Монгол Улсынхаа иргэнийг авчрах гээд байгаа юмуу, эсвэл энэ хүнийг бүр хэрэг төвөгт холбогдуулах гээд байгаа юм. Та нарын мэдэгдэл бол Хурцыг хохироосон мэдэгдэл байна. Яагаад ийм мэдэгдэл гаргаж байгаа юм бэ, наадахаа засаач ээ гэсэн. Гэтэл янз янзын худлаа үнэн тайлбар, энд ярихаас ч ичмээр тайлбаруудыг миний өмнөөс хэлж байсан. Гэхдээ үнэн инээдтэй, ичмээр төр засгийн тийм өндөр албан тушаалтнуудаас гарахааргүй тайлбаруудыг хэлж байсан. Тухайн үед би Англи руу ажлаар явахдаа Хурцтай уулзъя, сэтгэл санаагий нь чангалъя, зоригжуулъя, эрхбиш Монголын төр байгаа юм чинь энэ асуудлыг аятайхан зөв зүйтэй зохицуулах бололцоо байгаа байлгүй гэх зэргээр хэлье гэсэн. Миний эндээс нисэх онгоц маань салхи шуургатай байсан учраас нэг хоногоор хоцроод, урьдчилаад тохирчихсон байсан цагтаа Хурцтай уулзаж чадаагүй. Тэгээд Английн талд ахиад хүсэлт тавиад уулзалтыг зохион байгуулах талаар хөөцөлдсөн боловч миний Лондонд байх хугацаа маань богино байсан учраас зөвшөөрөл авах гэсээр байтал би буцаад Монгол руу ирсэн . Одоо харин Хурцын ирсэнд баяртай байгаа. Монгол Улсын иргэн ирсэнд баяртай байгаа. Харамсалтай нь ийм л алдаатай үйл ажиллагаа явуулж байгаа. МАНАН-гийн бүх үйл ажиллагаа өширхсөн, нэг хүн рүү чиглүүлсэн, дайруулсан, нэг хүнийг л буруутгаж, өөрсдөө тэрний цаана нуугдаж бултах гэсэн ийм харамсалтай үйл ажиллагаа юм .

-2003 онд яг юу болсон юм бэ. Энхбат агсныг баривчил гэсэн тушаалыг хэн өгсөн юм. Нямдорж сайд бол би өгөөгүй гэж өөрөөсөө холдуулсан шүү дээ?

-Тэр бол бас л төрийн нууц юмаа. Яг бүрэн нээгдээгүй учраас би хамаагүй Нямдоржийг муулах ч юмуу, өөрийгөө магтах маягаар яриандаа халж төрийн нууцыг задалж болохгүй. Би юмаа татаж барьж чаддаг. Бусад нь харамсалтай нь барьж татаж чадахгүй нэг хүнийг муулах юм бол төрийн нууцтай юутай хээтэй нь задлаад хаячихдаг. Тийм учраас наад асуудал чинь төрийн нууц учраас хариулахгүй. Ийм эрх, үүрэг надад байгаа. Болсон явдлын хувьд бол ерөнхийдөө хэвлэл мэдээллээр нэлээн гарсан. Зоригийн амь насны хэрэгтэй холбоотой энэ асуудлыг тухайн үед хөөцөлдөж байсан ажлын хүрээнд ийм ажил болсон. Энэ мэдээллийг та нар уншсан байх. Зориг гэснээс үнэхээр Зоригийн гэмт хэрэг бол дэндүү замбараагүй удлаа. Би ч ерөнхий сайд байхдаа илрүүлж чадсангүй, илрүүлэх гэж хүч зүтгэлээ. Харамсалтай нь 2000 онд ерөнхий сайд болоход 1998 онд Зориг маань өөр хүмүүсийн гарт амь насаа алдчихсан байсан. Бүтэн хоёр жилийн дараа Засгийн газрын Ерөнхий сайд болж энэ асуудлыг хөөцөлдөхөд их цаг хугацаа алдчихсан байна лээ. Хоёр жилийн дараа маш их ул мөр нь арилчихсан, ойлгомжгүй болчихсон байсан. Гэхдээ ийм ноцтой том гэмт хэргийн асуудал хэзээ нэгэн цагт заавал тодрох ёстой доо. Одооны энэ төр засаг маань яг юу хийгээд байнаа. Хийж байна уу, үгүй юу. Зоригтой хамт ажиллаж байсан хүмүүс энэ төр засагт олон байна ш дээ.

-Та ч гэсэн тэр үед сонгуульд оролцохдоо илрүүлээд өгнөө гэж байсан?

-Илрүүлээд өгье гэж их бодож хичээсэн юм. Илрүүлэх юмсан гэж их бодож байсан. Даанч чадсангүй. Бид нар Зоригийн аллагатай холбогдсон мэдээллийг өгөх юм бол 500 сая төгрөгийг өгнөө, мэдээлэгчийг нууцална гэж хэлээд, хэлээд орж ирсэнгүй л дээ. Эсвэл үйлдсэн хүмүүсийг нь устгачихсан байдаг юмуу, яаж ул мөрөө сайн нуусан байдаг юм, үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Харамсалтай нь хууль хяналтын байгууллага, энэ ажлын хэсгийг янз янзаар оролдох, эсвэл татан буулгах, өөрчлөх тийм үйл явдал байх бий вий гэж би болгоомжилж байгаа. Зоригийн хэргийг тодруулах ажлыг бид маш хүчтэй шаардана. Надаас ч тухайн үед шаардаж байсан, зөв байсан. Одооны ерөнхийлөгчөөс авахуулаад ерөнхий сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, прокуророос үүнийг маш хүчтэй шаардах болно.

Нямдорж оо, чи ажлаа өгчих, хоёулаа шалгуулъя, Дорлигжав бас ажлаа өг

-Та саяхан үнэхээр Дорлигжав прокурор дээр очоод VIP үйлчилгээ авч чадаагүй юм уу?

-Ингээд бас нэг асуулт гараад ирлээ. Ерөнхийдөө над руу улс төрийн зорилгоор ийм үйл ажиллагаа явагдаж байна, үүнийг прокурор мэдэхгүй байж магадгүй, гэхдээ эрхбиш гадарлаж байгаа байх. Гадарлаагүй бол би энэ мэдээллийг өгье. Тэгээд яах ёстой юм гэдэг тал дээр өөрийнхөө саналыг хэлье. Энэ улс төрийн зорилгоор хийж байгаа мөрдөн мөшгөлтийг зогсоох хэрэгтэй гэдэг саналаа хэлье гэж бодохгүй юу. Тэгээд би утасдсан юм. Уг нь би энэ бүхнийг ярих шаардлагагүй гэж байтал харамсалтай нь Дорлигжавын өөрийнх нь амнаас ч юмуу, эсвэл дэргэд нь байгаа хүмүүсийн амнаас ч юмуу, хэвлэл мэдээллээр гарчихсан учраас тайлбар өгөхгүй бол болохгүй байна л даа. Би Дорлигжав руу утасдаад, Ерөнхий прокурор сайн байна уу, сайхан намаржиж байна уу. Уулзаж санал бодол солилцох зүйл байна гэсэн. Өө, тэгье, тэгье. Маргааш 10.30-ын үед та хүрээд ирэхгүй юу. Өнөөдөр би ажилтай байна. Би 10 цагт Английн элчинтэй цаг тохирчихсон юмаа. Уулзалт маань 10.30-д дуусахгүй байж магадгүй гэсэн. Тэгвэл дуусгачихаад хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгээд Английн элчинтэй уулзалт маань 11.10-11.30-ын хооронд дууссан юм. Тэгээд Ерөнхий прокурорын газар очлоо. Ерөнхий прокурорынх нь өрөө хаана байдгийг мэдэхгүй юм чинь асууж байгаад үүднийх нь өрөөнд орсон. Туслах нь асуугаад, тодруулаадахъя гэсэн. Цаг тохирсон учраас би уулзах юм гэж хэлсэн. Туслах нь ороод, өнөөдөр ажилтай болчихлоо, маргааш уулзъя гэж байна гээд гарч ирэв . Маргааш уулзъя, нөгөөдөр уулзъя гэдэг маягаар биш, бүр цаг тохирмоор байна гэхэд маргааш тан руу өөрөө утсаар ярина гэж надад хэлсэн гэсэн, туслах нь. Нэгдүгээрт, ажил ихтэй байгааг би үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, уулзах дургүй юм байна. Бас энэ чинь нэг юм хэлж байна. Тэгээд би заавал хүн зовоогоод яахав гээд гаръя гэсэн юм. Тэгсэн чинь харамсалтай нь Дорлигжав өөрөө төрийн тусгай хамгаалалт руу утасдаж, яагаад хаа хамаагүй явж байгаа хүмүүсийг прокурорын чухал байгууллага руу оруулаад байгаа юм гэсэн байна лээ. Харамсалтай нь яагаад тэгсэн юм, бүү мэд. Яагаад тийшээ утасдсан бэ гэхээр прокурорын байгууллагын харуул хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалтын газар гүйцэтгэдэг байхгүй юу. Би бас өөрөө төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүн ш дээ. Тэгэхээр төрийн тусгай хамгаалалтынхан энэ чинь юу гэсэн үг вэ, манай хамгаалалтанд байгаа хүн тантай цаг тохироод очиход л төрийн тусгай хамгаалалтын хүмүүс яагаад тэр хүнийг чинь саатуулаад, хориод, оруулахгүй гээд маргалдаад өмнүүр нь хөндөлдөөд зогсож байх ёстой юм бэ гэжээ. Сүүлд нь зориуд сонинд би VIP үйлчилгээ авах гэсэн юм шигээр мушгиж, зөвхөн Дорлигжав бид хоёрын мэдэж байгаа юмыг зориуд санаатайгаар сонинд тарааж байгаа нь энэ чинь МАНАН-гийн том махны машины ажлын нэг хэсэг нь явж байгаа юм биш биз дээ гэсэн таамаглал надад өөрийн эрхгүй төрж байна. Өөрөө асуусан учраас би энэ бүхнийг яриад яахав гэж бодох л юм, өөрсдөө хэвлэл мэдээллээр цацаад хаячих юм. Тэрэн дээр нь би тайлбар хийхээс аргагүй юм. Энэ ер нь юу вэ гэхээр ерөөсөө манай төр засаг өнөөдөр утгагүй ажиллаж байна. Бие биентэйгээ хуулийн дагуу ажиллахгүй байна, өнгө үзэмжээр хандаж ажиллаж байна, нэг дайсан бий болгож тэрний ард нуугдаж худлаагаасаа хүмүүсийг төөрөгдүүлж, өөрсдөө хийж байгаа булай булхайгаа нуух гэж оролдож байна. Жишээлбэл, намайг АТГ-т өгсөн гээд байгаа юм. Үнэн хэрэг дээрээ бид Нямдорж сайдыг хэд хэдэн асуудлаар АТГ-т өгчихсөн байгаа. Тэрний дараа намайг АТГ-т өгөхөөр прокурорт санал явуулж байгаа юм. Тэгээд АТГ-ын хэрэг мөн байсан юм бол яагаад Нямдорж бүтэн жил цагдаад энэ хэргийг байлгаад өөр хүнийг өөр хүмүүсийн өмнөөс шоронд суулгаад байлгаад байсан юм бэ. Энэ үйлдэл нь өөрөө асуудлыг улс төрийн зорилгоор Нямдорж дэргэдээ байлгаж, хүнийг буруутгах гэсний баталгаа болчихож байгаа юм. Хоёрдугаарт, АТГ луу шилжүүлэх асуудлыг одоо прокурор шийдэх юм бол прокурор хяналтаа тавихдаа яагаад бүтэн жил цагдаа дээр байлгаад байсан юм. АТГ руу одоо прокурор явуулна гэдэг чинь прокурор цагдаатай хуйвалдаж, Нямдорж, Дорлигжав хоёр хуйвалдаж энэ асуудлыг цагдаа дээр байлгаж байсан байна гэсний баталгаа болж байгаа байхгүй юу. Гуравдугаарт, юуны баталгаа болж байна гэхээр Нямдорж маань өөрөө шүүмжлэгдээд тодорхой асуудлуудаар өөрийнх нь асуудал хөндөгдөөд шалгагдаад ирэхлээр өөрөөсөө асуудлыг бултуулж, займчуулж сугарч үлдэх гэж байна ш дээ. Ийм маягаар ажиллаж байгааг би болиоч ээ, хуулийн өмнө бүгдээрээ адилхан шалгуулъя л даа. Тэгье л дээ, Нямдорж оо, чи ажлаа өгчих, хоёулаа шалгуулъя. Дорлигжав ажлаа өгөөд бас шалгуул. Ер нь шалгуулах сайхан ш дээ, үнэн юм л байвал. Худлаа юм байвал худлаа нь мэдэгдэнэ биз. Сайхан шалгуулъя. Тэгэхгүй бол хэдэн хууль хяналтын байгууллагууд нийлчихээд нэг хүнийг, бүүр анхнаасаа шийдвэрээ гаргачихаад,и тааруухан жүжгийн зохиол биччихээд, Энхбаярыг хэрэгтэн болгох нь гэдэг нэртэй жүжгийн зохиол биччихээд, МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх юмсан гэдэг жүжгийн зохиол биччихээд тэрэндээ тааруулж нэг хүнтэй, намтай харьцаад байх юм бол үүнийг юу гэж бид хүлээн зөвшөөрөөд сууж байх юм бэ. МАХН-ыг бүртгүүлэхгүй гэж зүтгэж байсан чинь энэ л хэрэг байхгүй юу. МАХН бүртгүүлэх юм бол сонгуульд орох нь гээд шээс нь гоожих шахаад хагас жил бүртгүүлэхгүй зовоолоо ш дээ. Намайг хэрэгтэн болгох гээд байгаа ажил энэ хоёр чинь уялдаатай байхгүй юу. Ерөөсөө л энэ нам, энэ хүнийг л, цаашаа Энхсайханыг, МУАН-ыг, Ногоон намыг хэнтэй ч байдаг юм, өөр бусад намууд, төрийн бус байгууллагуудыг, жаахан шударга дуугарч байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг яаж айлгаж дуугүй болгох вэ, яаж аргалж дуугүй болгох вэ, яаж сүрдүүлж дуугүй болгох вэ гэдгийг эд нар бодоод байна шүү дээ.

-Цаашид яах бол гэж олон хүн сонирхож байгаа л даа. Та ч гэсэн дотроо бодож л байгаа байх. Нямдорж сайд суудлаасаа татгалзаад шалгуулна гэж юу байхав. Таныг барьж аваад хорьчихвол яахав?

-Ийм муухай МАНАН гэдэг улс төрийн тогтолцоо, ийм муухай хууль хяналтын байгууллагын тогтолцоог задалж жинхэнэ шударга төрийн тогтолцоо, шударга хууль хяналтын тогтолцоо бий болтол бид тэмцэнэ. Тэр хооронд мэдээж хэрэг хувь хүн хохирч магадгүй. Нам, байгууллага хохирч магадгүй. Гэхдээ бид хохирохоосоо айгаад, ерөөсөө л шударга ёсыг тогтоохын төлөө гарч ирсэн нам айгаад дуугүй болоод суугаад байж болохгүй ш дээ. Энэ тэмцэл бол цаашдаа үргэлжилнэ. Бид энэ тэмцлийг тууштай явуулна. Энэнээс ухрах арга байхгүй. Ухрах л юм бол Нямдорж өөрөө цагдаа дээр байгаа хэргийг өөрийнх нь асуудал сөхөгдөх нь байна яанаа, цагдаа дээрээ энэ нөхрийг хилс хэрэгт хэрэглэж чадсангүй, тэгвэл авлигаар нь хийлгэчихье гэдэг маягаар бодож, тийшээгээ өгч байгаа гэдэг чинь улс төрийн зорилгоор энэ ажлыг цаашаа үргэлжлүүлнэ гэдгийн нэг илэрхийлэл. Нөгөө талаараа эд нар шударга юмыг тогтоохын төлөө явъя гэхээр айж бултаж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тийм учраас би энэ тэмцлийг үнэхээр үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна, Энхсайхан үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна, МАХН толгойлж үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна, МУАН толгойлж үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна. Харин энэний цаана ард түмэн их харж байна. Энэ хоёр нөхөр, энэ хоёр нам бусад хүмүүс, намуудтай нийлээд энэ МАНАН-г задалж чадах нь уу, үгүй юу, задлаасай. Тэгэх юм бол дэмжих юмсан, үнэхээр энэнтэй төлөө тууштай яваасай гэж хүсч байна ш дээ. Би бол өөрийгөө мэдэхээ байсан. Би эрх баригчдын захиалгыг биелүүлэх биш, ард түмний захиалгыг биелүүлэх. Эрх баригчид өөрсдийнхөө захиалгаар над руу дайрах, би ард түмний захиалгаар тэднийг багий нь хуулж, үнэн нүүр царайгий нь илчлэх ийм л хоёр тэмцэл болно. Би өөрийгөө маш давуутай байна гэж бодож байгаа. Яахав, албан тушаал байхгүй байна, цагдаа мэдэлд байхгүй байна, прокурор мэдэлд байхгүй байна, АТГ мэдэлд байхгүй байна. Гэхдээ ард түмэн байгаа цагт энэ тэмцэл хэзээ нэгэн цагт ялалт болно. Тэд нар өнөөдөр өөрсдийгөө хүчтэй гэж бодоод байгаа юм. Цагдаа байна, АТГ байна, прокурор байна, мөнгө байна, албан тушаал байна гэж үүндээ эрдээд байгаа байхгүй юу. Үгүй, эд нар чинь бүгдээрээ нүцгэн ноёдууд байхгүй юу. Хамгийн аймхай улс, албан тушаалын ард нуугдсан. Бүгдээрэнгий нь тэндээс татаж гаргах хэрэгтэй. Тэрний цаана эд нар ямар дуу дуулах, ямар өнгө аясаар дуу хоолойгоо засч ярих нь ойлгомжтой. Тийм учраас тэр албан тушаал бол юу ч биш. Ард түмэн хэний талд байна, асуудал тэрүүгээр шийднэ.

-Та Монголын төрд олон жил зүтгэлээ. Янз янзын юман дотор байлаа. Дурдатгалын номоо эхлэх үү?

-Дурдатгалын хувьд хэзээ нэгэн цагт мэдээж хэрэг бичих байх л даа. Гэхдээ голдуу дурдатгалыг тэтгэвэртээ гарчихаад бичдэг юм билээ. Тийм учраас би өөрөө тэтгэвэрт гарах арай болоогүй, ард түмэн ч намайг тэтгэвэрт гаргахгүй байх шиг байна. Манай өрсөлдөгчид маань ч гэсэн намайг тэтгэвэрт гаргахгүй байна ш дээ. Эд нарын өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа намайг тэтгэвэрт гаргахгүй байна. Ард түмний өөрсдийнх нь хүсч хүлээж байгаа нь намайг тэтгэвэрт гаргахгүй байна. Би дурдатгалын ном бичих тэтгэвэрт гарах арай болоогүй байна. Гэхдээ бичилгүй яахав, бичнэ. Их сонин түүх бичигдэх байх гэж бодож байна. Сонирхолтой сургамжтай юм болох болов уу гэж бодож байна. Мэдээж хэрэг хүн уншаад Энхбаяр ямар мундаг хүн байсан юм бэ гэхээсээ илүү эндээс ямар сургамж авч болох вэ гэдэг талаасаа бичих нь зөв болов уу. Харин хар номын тухайд өнөөгийн МАНАН-гийн үнэн түүх л бичигдэнэ гэж бодож байгаа. Мэдээж хэрэг тэрэн дээр янз янзын юм худлаа зохиож, хүмүүсийг гүжирдэж гүтгэх маягаар биш, ерөөсөө бодитой үнэнийг бичиж, заримдаа бодитой үнэн чинь ямар ч худлаа зохиолоос илүү аймар шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 13, 2011 3:52:55 am )

    Ih mundag yumaa.Demjij yavdag shuu

  • Anonymous (November 15, 2011 3:24:40 am )

    ene soliotiig uu

antalya rent a car