antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 Comments are off

Ардын жүжигчин А.Очирбат: Би Итгэлт шиг самбаатай хүн биш болохоор л өнөөдөр унадаг дугуй ч үгүй л явж байна

нийтлэсэн Admin

Уншигч та бухэнтэй ардын жүжигчин А.Очирбатыг уулзуулж байна. Тэрбээр “Анхны долоо”уран сайхны киноны Жамъян гүний дүрд тоглох гээд тун завгүй явна билээ.

Тэглээ ч хэзээний л Итгэлт баяны дүр шигээ сэргэлэн, хөдөлгөөнтэй хэвээр. Болзсон газраа очиход аль хэдийнэ ирчисэн цай уугаад сууж байв. Мөн түүнээс бага зэргийн сархад үнэртэж байсныг нуух юун. Тэр үед зальжин харцаараа долоон булчирхайгаа тийм ч амар тоочихгүй шүү гэж хэлэх шиг санагдаж байсан юм. Ингээд бидний яриа өрнөлөө.

 

БИ МАЛЧИН БОЛОХ ШАХСАН ШҮҮ

-Сайхан намаржиж байна уу. Таны лагшин тунгалаг уу?

-Тунгалаг аа. Энэ жил урт сайхан намар болж байна. Хүүгийн ажил алба өндөр үү.

-Өндөр өө. Таныг “Анхны долоо” кинонд тоглох гээд завгүй яваа гэж сонслоо?

-Тийм. “Жамъянгийн дүрд тогло” гэж кино албаныхан надад үүрэг өгсөн болохоор саяхан зохиолоо аваад ажиллаж байна. Зургаа өнгөрсөн даваа гаригаас авч эхэлсэн.

-Аль студи хийж байгаа юм бол?

-“Хүмүүн филмс” уран бүтээлийн нэгдэл гэсэн байхаа. Энэ олон кино студийг өндөр настай би ялгахгүй юм. Хэдэн хүүхэд бужигналдаад л байна билээ. Зураг авалтын эхний өдөр 22:00 цагаас эхэлье” гэж утсаар хэлж байсан. Би “Шөнө эхэлж байгаа зураг өглөө дуусна. Хөгшин би та нарын гарын аяыг даах юм уу. Арай эрт эхэлж болохгүй юу” гэж хэлсэн. Би уначихвал тэдэнд ажил тарина биз дээ.

-Таныг залуугийн хөнгөн шаламгайгаар тань төсөөлсөн юм байлгүй дээ?

-Гялайлаа хүү минь, тийм үе байсан. Уулыг цас, эрийг нас гэдэг биз дээ (инээв).

-Энэ дүрээрээ та ямар үйл явдал харуулах вэ?

-Жамин гүн чинь Бодоо, Догсом, Сүхбаатар нарын бичгийн багш байсан хүн юм билээ. Тэгэхээр би багш болж таарч байгаа хэрэг,

-Өвгөн буурал болсон та бага залуу насаа хаана, хэрхэн өнгөрөөв дөө?

-Би 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төрсөн. Багаасаа малын дэргэд өссөн.

-Малд хэр эвтэй байв?

-Ихэвчлэн, хонинд явна. Хааяа саахалт орших үеийнхээ банди нарыг дагаж адуунд давхидаг байлаа. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.

-Хэзээ бичиг үсэг тайлагдсан бэ?

-Мал маллаж байх үед багийн бүлгэм байгуулагдсан юм. Түүнд суралцаж, гайгүй чадваржсан юм байлгүй, бүлгэмийн болон сумын төвийн багш болж байлаа. Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана.

-Бас зураг зурдаг байсан гэл үү?

-Тийм. Тэр үед цаас ховор байсан болохоор  улаан тамхины боодлын цаасан дээр л зурна. Голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлнэ дээ.

-Сумын төвд сайн дурын уран сайханч болж байсан үеэ яриач?

-За, тэр тэгж их яриад байх зүйл биш л дээ. Шинэ үсгийн багш болж байхад сумын төвийн багш нарыг сайн дурын уран сайханч болгож, сумын клубт хааяа “Учиртай гурван толгой” жүжгийн тэрэг чирсэн хоёрын нэг нь болгож, эсвэл “Цэрэг комиссар”-т оруулдаг байсан юм. Тэр үеийг бодохоор урлагт дуртай байсан юм шиг байгаа юм.

-Та хэзээ хотын хүн болсон юм?

-Бичиг үсгийн зах цухаас мэддэг болоод ирэхээрээ жаахан онгирсон юм байлгүй хотод сургуульд орох хүсэлтэй болсон хэрэг. Тэр үед би 19 настай байсан юм. Ингээд хөдөөнөөс мориор хот орж, Худалдааны сургууль, хэд хэдэн техникумд орох гэж хөөцөлдлөө. Олддоггүй шүү. Учир нь дөрөвдүгээр ангийн боловсролтой хүүхэд сургуульд орох эрхтэй байсан юм. Над шиг боловсролгүй хүнийг хэн сургуульдаа оруулах вэ дээ.

-Тэгээд сургууль олдохгүй болохоор нь харьсан уу?

-Үгүй. Уг нь ч бараг харих бодолтой байсан л даа. Тэр үед манай нутгийн ах тааралдахаар нь учир байдлаа хэлтэл “Тэгвэл чамайг урлагийн сургуульд оруулна” гээд дагуулаад явдаг юм байна. Тэр үед урлагийн сургуульд орох гэсэн олон хүүхэд шалгалт өгч байсан нь аз болж тохиолдсон хэрэг. Тэгээд ч тэр ах урлагийн сургуулийн комендант байсан юм. Намайг дагуулж очсон газар нь “Бөмбөгөр ногоон” театр. Анх тэр өргөөнд хөл тавьсан. Морио үүднийх нь гэрлийн шонгоос уячихаад бүрх малгай, бор нударгатай дээл, түрийгээ эргүүлсэн хар савхин гуталтай орж байсан минь санаанаас гардаггүй.

-Таныг очиход одоогийн алдартай жүжигчид шалгалт өгч байсан байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Багш нар нь С.Удвал, Ц.Цэгмид нараас гадна хоёр орос хүн байлаа. Намайг ороход хотын хүүхдүүд шалгуулж байна. Тэдний дотор сүүлд миний найз болсон Д.Хишигт, П.Туваанжав, “сэлэм Тогмид” Ц.Цэрэндорж зэрэг гавьяат, профессор, доктор болсон хүүхдүүд байж. Ороход тэд тоож байгаа ч шинж алга. Дуу дуулаад л, бүжиглээд л бужигнуулж байна шүү. Тэднээс шалгалт авч дуусаад нэг багш намайг “Чи шалгуулах гэж байгаа юм уу” гэнэ. Намайг дагуулж явсан ах ‘Тийм ээ. Энэ хүүхэд урлагт дуртай юм” гэнээ. Би ч тэр ахынхаа нүүрийг улайлгахгүйн тулд дуул гэхээр нь хонь хариулж явахдаа дуулдаг нэг дуугаа дуулж гайгүй үнэлгээ авсан. Харин этюд үзүүл гэхээр нь нэг юм үзүүлмэрээ аядсан. Түүний дараа Ц.Цэгмид багш “Тэнцсэн хүүхдүүдийн нэрс үүдний самбарт гарна” гэхээр нь би ч тэнцэх биш харьдаг юм бил үү гээд морь руугаа хэд алхсанаа “Ер нь ямар хүүхдүүд тэнцсэн юм бол. Харъя” гэж бодоод очтол миний нэр дунд нь цохиж явна. Ингээд наймдугаар сарын 20-нд урлагийн сургуульд ир гэсэн тушаал авч гэр рүүгээ бөөн баяртай давхиж байлаа. Тэгсэн хэрнээ сургуульдаа орох болоход “Би жүжигчин болж гийгүүлэхгүй биз. Яваад ч яах билээ. Малчин болъё” гэж бодогдож байсан шүү.

УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ҮГҮЙ БОЛСОНД БИ МАШ ИХ ХАРАМСДАГ

-Урлагт дуртай хэрнээ яагаад болимоор санагдсан юм бол?

-Өөртөө итгэлгүй байсан байхгүй юу.

-Хөдөө очсон урлагийн багийхны тоглолтыг үздэг байвуу?

-Үзэлгүй яах вэ. Би урлагт их дуртай байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Ямар сайндаа урлагийн тоглолт ирэхээр нь үзэж байгаад хонио айлын хоньтой нийлүүлж аавдаа загнуулж байх вэ дээ.

-Хөдөө өссөн хүүхэд урлагийн сургуульд ирээд дасахад амаргүй байсан байлгүй?

-Намайг ирэхэд субботник болж байсан юм. Би ч тэдний дунд өнөөх нударгаа савчуулаад л чадах зүйлээ хийв. Ингээд хэд хоногийн дараа хичээлдээ орлоо. Сургууль эхэлж байгаа юм чинь өнөө дээлээ тайлаад арай өөр юм өмсөөд ортол сургуулийн нэг багш “Субботник хийж байхад чи нударгатай дээлтэй явж байсан хүү мөн үү. Би чамайг сургуулийн морин тэрэг хөтөлдөг хүүхэд байх гэж бодож байлаа” гэж инээдэм болгож билээ. Арван жилийн боловсролтой хотын хүүхдүүдтэй хамт суралцана гэдэг их чармайлт шаардсан хэрэг байлаа. Хэдэн сарын дараа тэднийхээ агаарт орохын тулд костюм өмсч ч үзсэн.

-Хичээлдээ хэр байв?

-Ерөнхий эрдэмдээ муу. Тооны хичээлд бүр ч байхгүй. Харин мэргэжилдээ гайгүй шүү. Ингэсээр1950 онд Ц.Цэгмид багшийнхаа удирдлага дор сургуулиа төгссөн.

-Танай төгсөлтөөр Улсын хүүхэд залуучуудын театр бий болсон гэдэг?

-Тийм. Төв хорооноос тогтоол гарсан юм билээ. Улсын анхны хүүхдийн төв театрын жүжигчид болсондоо баяртай явдаг. Нийт 13 хүүхэд театрт хөл тавьж байлаа. Профессор Д.Маамхүү, П.Туваанжав, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хишигт, “сэлэм Тогмид” Ц.Цэрэндорж нар.

-Энэ жил танай театр 60 насныхаа ойг тэмдэглэх байсан. Гэтэл үгүй болсонд та мэдээж харамсдаг байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Уг нь гадаадын олон зохиолыг тайзнаа амилуулсан. Монголооос Д.Намдаг, Ч.Ойдов, .СЖаргалсайхан нарын сор болсон жүжгийг тавьсан. УДЭТ-тай мөр зэрэгцэж явсан байгууллага. Одоо байхгүй болсонд бид их харамсдаг юм.

-Театр хувьчлагдсан гэдэг биз дээ?

-Тийм. И.Нямгаваа найруулагч хувьчилж авсан юм. Угаасаа театр хувьчлах ёстой байсан болохоор бид ч дэмжсэн. Ц.Төмөрбаатар тэргүүтэй олон хүн хувьчилж авах гэж байсан. Урлаг арай илүү мэдэх байх гээд И.Нямгаваад өгсөн ч үгүй болгочихлоо.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай….


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car