
Архигүй цэнгээний газар байгуулах төслийг нийслэлийн Иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг авснаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мөн санал авсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 617 ресторан, 779 баар, 249 кафе, 1200 гаруй цайны газар, 15 түргэн хоолны цэг нийт 2860 гаруй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ажиллаж байгаа юм байна. Үүнээс согтууруулах ундаагаар үйлчилдэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний 1645 газар байгаа юм байна. Гэвч эдгээр газрууд нь архи согтууруулах ундаагаар үйлчилж, чөлөөт цагаа өнгөрөөхөөр орсон хүүхэд залуус архины буруу хэрэглээнд татагдан орох явдал газар авч байна гэж мэргэжлийн байгууллагууд үздэг байна. Тиймээс өсвөр насныхан болон залуусыг төрсөн өдөр, найзуудын уулзалт төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт баяруудаа зохион байгуулахад таатай орчин бүрдүүлэх, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр хүүхэд залуучуудын сонирхлыг татахуйц өвөрмөц тохижилт үйлилгээтэй газруудыг олноор байгуулах зорилгоор архигүй цэнгээний газар ажиллуулах журмыг боловсруулсан байна. Журмын төсөлд архигүй цэнгээний газрын үйл ажиллагаа явуулах газар нь залуучуудын бүжиглэх талбайтай, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь барилгын норм дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангасан, Монгол Улсын хоолны газрын ангилал зэрэглэлийн үндсэн шаардлагад заасан стандартуудыг хангасан байх ёстой гэдгийг тусгаж өгсөн байна. Мөн хүүхэд залуусын сонирхол татахуйц урлаг, спорт, соёлын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу байнга явуулж байх үүргийг Архигүй цэнгээний газрууд хүлээх юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, нийслэл хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх иймэрхүү газар байгуулах нь зүйтэй юм. Энэхүү үйл ажиллагааг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ архигүй цэнгээний газар болон бусад төрлийн архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх газруудын цагийн хуваарийг өөрчлөх шаардлага байгааг хэлсэн юм. Цагийн хуваарийг дахин боловсруулж, удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг авснаар Архигүй цэнгээний газар ажллах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.