Барилгын компаниудын балаг эхэллээ. Нийслэлчүүд барилгын осол гэвэл хэн, хаана эрсдэв хэмээн битүүхэндээ эмээдэг болж. Арга ч үгүй юм. Өнгөрсөн жил найман настай охин, 25-тай залуу гээд энгийн иргэд барилгын гэнэтийн ослоор хорвоог орхисон. Тэд бүгд бусдын буруугаас болж цуг бусаар одсон юм.
Гэтэл энэ жилийн анхны харамсалтай мэдээг дуулгав. Баянгол дүүргийн III хороо Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын барилгын ажлын үеэр уржигдар хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Ослын талаар сурвалжлахаар барилгын талбайг зорилоо.
1000 ОРЧИМ АЖИЛЧИН АЖИЛЛАЖ БАЙВ
Биднийг очиход барилга орчимд эл хуль, хүмүүсийн хөл хөдөлгөөн нам гүм байв. Ослоос үүдэж барилгын ажлыг зогсоосон бололтой. Харин харуул хамгаалалтыг чангаруулжээ. “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын албаныхан энд тэндгүй зогсч, хүн ойртохгүй байхыг анхааруулна. Барилгын дэргэд бетон зуурмагийн үйлдвэр ажилладаг юм байна. Тиймээс зуурмаг зөөгч хүнд даацын машин л хааяа орж харагдана.
“Нарны хороолол”-ын суурийг өнгөрсөн жил тавьсан. Барилгад 1000 орчим ажилчин ажиллаж байсан томоохон хороолол юм. Энэ газарт 11 байр зэрэг босч байгаа. Он дамжин өрнөж буй барилгын ажил энэ жилийн гуравдугаар сарын сүүлчээс эхэлжээ. Нэг дор 11 байр боссон хэдий ч дахиад нэг байрны суурийг цутгасан байдалтай байлаа. Ажилчдын хэлж байгаагаар барилгын гүйцэтгэл 40 орчим хувьтай, эхний барилгууд оноос өмнө ашиглалтад орох бололтой. Барилгын ажил ч ид өрнөж байсан байна.
Хохирогч зургадугаар байрны барилга дээр ажилладаг байжээ. Тэрээр “Шинэ их холдолт” компанийн харьяат ажилчин бөгөөд уг компаниас 100 орчим хүн байж. Осол уржигдар өглөө 9.30 цагийн үед болж, байрны дэргэд цемент зөөж явсан талийгаачийн дээрээс гэнэтхэн л тулгуур төмөр унажээ. Барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан байна. Тулгуур төмөр 20 орчим кг жинтэйг ажилчид нь хэлж байна. Есөн давхрын өндөрөөс 20 кг жинтэй хатуу биет хүний тархин дээр унахыг төсөөлөхөд бэрх юм. “Хурд” компанийн барилгад орон нутгийнхан голдуу ажилладаг. Талийгаач хөдөөний иргэн байсан гэх. Тэрээр Сэлхэд амьдардаг. Даруухан, бусдын үгээр байдаг, янз бүрийн ааш гаргадаггүй 40 гаруй насны эрэгтэй байж. Хамт ажиллагсад нь хэргийн талаар “Өнгөрсөн намар Тэнгис кино театрын өмнөх барилгын дэргэдүүр өнгөрч явсан залуу харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэг тэр явдлыг санууллаа. Хамгийн гол нь бусдын буруутай үйл ажиллагаанаас болж дахиад л хүний амь эрсэдлээ” хэмээн харуусч байв. “Хурд” компанийн барилгын ажлын явцад харамсалтайгаар амиа алдсан энэ хохирогч анхных биш юм. Өнгөрсөн онд Хан-Уул дүүрэгт байрлах “Хурд”-ийн “Рапид харш”-ийн барилгад ажиллаж байсан 26-хан настай залуугийн ажиллуулж байсан өргөгч кран хугарч амиа алдсан юм.
ХЭРГИЙГ НУУХЫГ ОРОЛДОВ УУ
Компанийн зүгээс ажилчдаа гурван хоног амраажээ. Гэвч хоёрдугаар байранд нь 20 орчим хүн ажиллаж байлаа. Хамгаалалтын албаныхан тэдэнд хатуу хяналт тавьж байна. Орж гарсан нэгнийг нь шалгаж, дотогш хэдэнтээ ярьсны дараа нэвтрүүлж байв. Ажилчдыг мэдээлэл өгөхийг хориглосон гэнэ. Хохирогчийг хариуцаж байсан “Шинэ их холдолт” компанийн захирлаас лавлахад бас л таг. Гадагш мэдээлэл алдахгүй байхыг дээрээс чангаар үүрэгдсэн бололтой.
Ийнхүү барилгын компанийн балаг эхэлж байна. Өнгөрсөн жил барилгын ослоор олон хүн амиа алдсан нь нийслэлчүүдийг айдаст автуулсан. Чанар, стандартын шаардлага хангадаггүй барилгын компаниудыг хатуу донгодлоо хэмээн нийслэлийн удирдлагууд энэ зунжин “пи-ар”-дсан. Гэтэл “Хурд”-ийнхан нэг биш нэлээн олон хүний эрдэнэт амийнх нь төлөөсөнд ямар хариуцлага хүлээдэг нь одоо ч тодорхойгүй юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 01, 2013 1:31:06 pm )
anhaarah topr alban baiguullaga alban tushaaltan gej bn uuuu
-
Anonymous (May 01, 2013 1:34:29 pm )
durak gej
2 Comments