
УИХ-ын гишүүд 76 мангуу биш харин “амьтан” юм байна. Гэхдээ яг ямар амьтан гэдгийг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотгож хэлсэнгүй. Гагцхүү тэрбээр найман сарын турш хэлээ хазан тэвчээртэй байсны эцэст хэлж байгаа эхний үг нь энэ байлаа.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэв. Энэ үеэр бантаж тэвдсэн Засгийн газрын тэргүүн байдаг нууцаа дэлгэсэн.
Тэр дундаас хамгийн ноцтой нь “Чалко”-гийн гэрээ байлаа. Ерөнхий сайдын хэлж буйгаар энэ бол аж ахуйн нэгжийн хооронд л байгуулсан гэрээ төдий гэнэ.
УИХ-ын гишүүн Сү.Батболд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсийг худалдах, худалдан авах гэрээг 2011 оны долдугаар сард хийснийг тодотгов.
Тухайн үед МАН, АН хамтран Засаг барьж байсныг онцолж, гэрээнээс болж нүүрсний экспорт зогсч, хөрөнгө оруулалт буурсан нь өмнөх Засгийн газрын буруу шийдвэр гэх байдлаар ярьж, тайлбарлаж байгаад шүүмжлэлтэй хандав.
Мөн тэрбээр “2012 оны байдлаар эдийн засгийн өсөлт 17-18 хувьтай байсан. Гэтэл 2013 онд яагаад буурав. Ямар шалтгаан нөлөөлөв. Уналтыг юу гэж дүгнэж байна. Өмнөх Засгийн газар энэ бүхэнд буруутай мэтээр кабинатын гишүүд чинь бусдад ташаа ойлголт түгээж байна.
Уг нь дөрвөн жилийн ихэнх хугацаанд нь МАН, АН хамтраад Засгийн газрыг байгуулж ажилласан. Сүүлийн 2-3 сарыг эс тооцвол. Хамтдаа шийдвэр гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Өмнөх Засгийн газарт дутуу дулимаг хийсэн ажил бий, түүнийг үргэлжлүүлээд, алдааг нь засаад явах эрх, үүрэг нь дараагийн Засгийн газарт байх ёстой.
Ингэж байж төрийн залгамж чанар хадгалагдах ёстой биш үү” хэмээсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хачирхалтай гэмээр хариулт өгөв. Тэрбээр “Чалко”-гийн гэрээнд өмнөх Засгийн газар оролцоогүй. Шинэчлэлийн Засгийн газар ч оролцохгүйг хичээж байгаа.
Аль нэг Засгийн газрын алдаа ч гэж хэлэхийн аргагүй. Тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож хийсэн амжилттай гэрээнүүдийн нэг. Гол нь энэ бол аж ахуйн нэгжүүдийн хооронд л байгуулсан гэрээ шүү дээ” гэх нь тэр.
Танхимд байсан олон хүн Н.Алтанхуягийн амнаас гарсан энэхүү хариултад ангайж хоцрох нь тэр. Юутай ч нууцлагдмал гэрээний цаад шалтгаан цухалзаж эхлэв бололтой.
Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн “Алийн болгон баасыг чинь цэвэрлэж суух юм” хэмээн уцаарласан нь Ц.Нямдорж гишүүнээс эхлээд олон хүний дургүйг хүргэв. Ямартаа л Ц.Нямдорж гишүүдээ амьтан гэж, дээр нь үйл ажиллагаагаа баас цэвэрлэх гэхчлэн задгай замбараагүй яриатай Ерөнхий сайдыг анх харж байна хэмээн тодотголоо.
Бүр гутарч байгаагаа ч хэлээд амжсан. Харин Н.Алтанхуяг тоосон шинжгүй “Чи тэрнээс ч муухай юм ярьдаг л биз дээ” хэмээн утсаа оролдон суусан юм.
МАН, АН-ын гишүүдийн талцлыг ажиглаж суусан С.Дэмбэрэл гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааныг Цогт тайж кинотой адилтгав.
Түүний хувьд яг л хуучны тэр киног үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гэнэ. Мөн тэрбээр тэдний энэ үйлдлээс болж эдийн засгийн байдал муудаж байгааг хэллээ. Тэрбээр “Жижиг дунд бизнес эрхлэгчид мөнгө хайж, бондноос горьдож сууна.
Гэтэл өнөөх 76 нь энд хэрүүл хийж, гоё харагдахын тулд зураглаачийн дурангийн өмнө уран цэцэн үгээр уралдаж суух гэж” хэмээн зэмлэх нь тэр. Юмны үнэ өсч л байг. Энэ чинь зах зээлийн л зарчим шүү дээ хэмээн хээвнэг ярих Засгийн газрын тэргүүнийг ах намынхан ямар ч байсан огцруулна гэж зөрүүдэлсэн бол АН-ынхан энэ удаад өршөөгөөч гэх байр сууринаас хандав.
Тэдний хувьд хаврын тариалалт, мал төлөлт гээд олон ажил урд байна. Тэр бүх ажлыг хэрхэн хийснийг нь намрын чуулганы хуралдааны эхэнд дүгнэн хэлэлцэж, асуудлыг авч үзье гэх байдлаар үг хэлж байлаа. Тиймдээ ч хоёр тал болон ширүүхэн маргалдаж, дор бүрнээ байр сууриа хамгаалах гэж зөрүүдэллээ.
Түр орлон гүйцэтгэгч нарыг томилж, гаргасан захирамжаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй уралдан цуцалдаг Н.Алтанхуягийг ах намынхан ширүүхэн донгодов. Тухайлбал, гишүүн М.Энхболд “Та Засгийн газрын тогтоол гаргаж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байсан.
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас энэ тогтоолоо хүчингүй болголоо. Энэ нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч тогтоолоо хүчингүй болголоо гэж ойлгож болох уу” хэмээн ам асуулаа.
Ганц энэ удаагийнх ч биш хоёр, гурван удаагийн давтан гэдгийг нь МАН-ын гишүүд онцолж байсан юм. Харин Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчөөгүй. Зөрчдөг нь би биш гэх байдлаар хариулсаар байв.
Мөн Төрийн албан хаагчдыг хомроголон халдаг тухай хөндөгдөж, үндэслэлгүй халсан тухай шүүхийн шийдвэр гарчихаад байхад “Тэр шүүх чинь надад ямар хамаатай юм” гэх байдлаар хандсан гэхчлэн олон асуудлыг ах намынхан тавив.
Мөн ажлаас халагдсан шалтгаанаа аав, ээжээсээ очиж асуугаарай гэх өрөвдөлтэй үг хэлэх нь байж болох зүйл үү хэмээн лавласан. Гэвч Ерөнхий сайд энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээ нэртэй устай нь өг гэж шаардав.
Ч.Сайханбилэг сайд ч хүч өгч “Орон тоо өссөн юм байхгүй, УИХ-аас хууль батлах бүрийдээ дагуулж орон тоог нэмдэг. Тэр хүрээнд орон тоо нэмэгдсэн. Цалингийн зардал өссөний тухайд өмнөх Засгийн газар цалин, тэтгэвэр нэмсэн учраас хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт бүтэн жилээр суулгаж өгч таарна биздээ.
Тэр хүрээнд асуудал яваад та бүхэн 2013 оны төсвийг баталсан” хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн Н.Алтанхуягийг огцруулах болсон нэг үндэслэл нь бондын хүү. – Н.Батбаяр сайдын хэлж байгаагаар бондын гаргасан хүү тогтмол.
“Чингис бонд”-ын 500 сая ам.долларын бондын хүү нь жилийнх нь 4.25 хувь бол нэг сая ам.долларынх нь хүү 5.25 хувь гэнэ. УИХ-ын дэд дарга М.Энхболд дахин арилжаалагдаж байгаа нэрээр хүү нь өсвөл яах вэ гэх байдлаар лавшруулж байв.
Сүүлдээ хоосон улс төр хийхээ боль хэмээн эрх баригчдын зүгээс ах намынхныг буруушааж, үндэслэлүүдээ эргэн нэг харахыг сануулсан. Сүүлийн 20 гаруй жил хийсэн хоосон улс төр өнөөдөр ч үргэлжилж байгаа нь энэ гэх байдлаар тайлбарлаж байв.
Харин ах намынхан Үндсэн хуулиа зөрчдөг, гишүүдээ амьтанаараа нь цоллоод сууж байдаг Ерөнхий сайдыг өршөөж, суудалд нь авч үлдвэл УИХ өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд хүрнэ хэмээн зөрүүдлэв.
Цаг сунган байж хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны 18 гишүүний хоёр нь МАН-ынх. Бүлгээ ч байгуулж чадалгүй хугацаа алдсанаас болж ах намын нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдахаар болсон юм.
Харин эрх баригчид болон бусад намын нэг гишүүн гурван байнгын хороонд данстай. Шударга ёс эвслээс эл байнгын хороонд Л.Цог, Д.Батцогт, Н.Батцэрэг нар харьяалагддаг. Иймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэдэнд хандан огцруулахыг дэмжиж саналаа өгөхийг уриаллаа.
Гэвч Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тус Байнгын хорооны 18 гишүүний хоёроос бусад нь дэмжсэнгүй.
Л.Нинж
Эх сурвалж:
18 Comments