antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 1 comment

Г.Алтаншагай: “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад зүтгэж явна

нийтлэсэн Admin

Жүжигчин Г.Алтаншагай нь тайз, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн олон дүрээрээ хэдийн олны танил болжээ. Тэрээр өврийн найз жүжигчин Эрхэмбаяртай хамтран Улсын драмын эрдмийн театраас туурга тусгаарлаж “Мөрөөдлийн театр” нэртэй театр шинээр байгуулан анхны жүжгээ тавихаар ажиллаж байгаа юм байна. Түүнтэй ярилцлаа.

-Таныг драмын шинэ театр байгуулж байна гэж дууллаа…

-Улсын драмын эрдмийн театраас Эрхэмбаяр бид хоёр туурга тусгаарлаж “Мөрөөдлийн театр” нэртэй театраа байгуулаад анхныхаа жүжгээ тавихаар ажиллаж байна. Бид хоёр олон жил бодож төлөвлөсөн зүйлээ биелүүлэх эхний алхмаа хийлээ. Энэ театр маань шинэ үеийн залуучууд, үзэгчдэд драмын урлагаар дамжуулан оюуны гайхамшигт бүтээлүүдийг хүргэх зорилготой.

-Театрын тань анхны уран бүтээл ямар жүжиг байх вэ?

-Вампиловийн “Ууган хүү” зохиолоос сэдэвлэсэн “Миний нууц хүү” гэдэг жүжиг тавихаар ажиллаж байна. Энэ жүжигт ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилчин жүжигчин Эрхэмбаяр, “Амьдралд тавтай морил” киногоор үзэгчдийн танил болсон залуу жүжигчин Дөлгөөн зэрэг жүжигчид ажиллаж байгаа. Ерөнхий найруулагчаар Д.Галбаяр ажиллаж ая данг нь тааруулж байна. Бид ирэх сард жүжгээ үзэгчдийн хүртээл болгоно. Жүжгийн дууг С.Жавхлан, Б.Амархүү нар хамтарч дуулсан. Мөрөөдлийн театрын маань хамгийн анхны бүтээл тул бид өөрсдийнхөө хүч чадлыг шавхахын зэрэгцээ хүмүүсийн хайрлаж хүндэлж явдаг сайхан уран бүтээлчид бидэнтэй хамтарч байгаад маш их урам зоригтой байгаа.

-Яагаад энэ жүжгийг театрынхаа анхны уран бүтээлээр сонгосон юм бэ?

-Вампиловын “Ууган хүү” дэлхий даяар маш алдартай бүтээл. Ялангуяа Орос орны бүх гайхамшигтай том театрууд энэ жүжгийг тавьсан байдаг. Энэ жүжигт өнөөдөр манай залууст тулгарч байгаа бүх л асуудал мөн эцэг эх, үр хүүхдүүдийн хооронд үүсдэг үл ойлголцлуудыг инээдмийн маягаар дэлгэж гаргаснаараа онцлогтой.

-“Мөрөөдлийн театр” тэгэхээр цаашид хошин шог чиглэлээр голлож уран бүтээл хийх нь гэж ойлгож болох уу?

-Бид дотроо бодож явдаг олон сайхан уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулна. Мөн мөрөөдөл хязгааргүй учраас бид хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвихаар бэлгэдэж ийн нэрлэсэн. Ер нь бол “Мөрөөдлийн театр” гэж нэрлээд заавал театрын, драмын бүтээл тавих биш кино, телевизийн нэвтрүүлгүүд гэх мэт жүжигчний мэргэжилтэй холбоотой бүх л төрлөөр өргөн хүрээтэй ажиллана.

-Сүүлийн үед ямар бүтээлүүд дээр ажиллав?

-Энэ 2011 онд уран сайхны дөрвөн кинонд дүр бүтээжээ. Монгол, Хятад хоёр орон хамтарч нэлээд хүчин чармайлт гаргасан “Аравт” кинонд хамгийн отгон нь болох Уужим баатрын дүрийг бүтээсэн. Мөн Швед улсад зураг авалтаа хийсэн “Цэлмэг Тэнгэр” гэдэг кинонд тоглолоо. Дараа нь “Сайн муу хэрцгий” болон “Өнгөт инээд” хамтлагийн “Дурлалын сум” гэдэг бүрэн хэмжээний мюзикл кинонд дүр бүтээлээ.

-Одоо нэг ийм л дүрд тоглочих юмсан гэсэн бодол байдаг уу?

-Өнгөрсөн хугацаанд би түүхэн сэдэвтэй нэлээд хэдэн кинонд тогложээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай “Мойлхон” гэдэг кино байна. Тухайн үед үзэгчдийг байлдан дагуулж байсан. Дараагаар нь “Бүгд найрамдах Монгол ард улсын төлөө зүтгэе” гэж кино бий.

Ер нь нэлээд хэдэн төрөл жанрын кинонд тоглосон байна. Би гол төлөв инээдмийн чиглэлийн кинонуудад тоглож уран бүтээлээ туурвих сонирхолтой. Ганцаарчилсан төрлөөр өгүүллэг уншиж дэлгэцийн бүтээл болгож гаргадаг л даа. Багш маань “Жүжигчин хүн маш олон төрөл жанруудад тоглох, өөрийгөө сорих ёстой. Дан ганц нэг зүйлийг баримтлах биш. Бүх л урлагийн салбарт ялангуяа жүжигчний урлагт хамаатай бүх салбарт тэнцүүхэн ажиллаж байх ёстой” гэж хэлдэг байсан. Тиймээс ч ямар нэг жанр төрөлд баригдахгүйгээр дэлгэцийн урлаг, театрын урлаг, хошин урлаг, ганцаарчилсан өгүүллэгийн урлагт ажиллахыг хичээдэг. Яг тийм ийм дүрд тоглоё гэж бодсон зүйл одоогоор алга. Найруулагчид надад оноосон дүр болгоныг өөртөө ямар нөөц бололцоо байна бүгдийг нь дайчилж сайн дүр бүтээхийн төлөө ажилладаг даа.

-Түүхэн сэдэвтэй уран бүтээлд тоглох орчин үеийн кинонд тоглох юугаараа өөр байдаг вэ. “Аравт” киноны зураг авалтын үеэр чулуу үүрч гүйх зэргээр бэлтгэл хийж жин хасч байсан гэсэн?

-Би багын унаган махтай хүүхэд л дээ. Энэ киног XIII зууны бидэнд мэдэгдсэн баримт нотолгоотой бодит түүх дээр түшиглэж киноны хувцас эдлэл, бас бус зүйлийг нь түүхийн олдвороос загварлаж хийсэн. Тийм болохоор түүхээс гажиж болохгүй. Тэр үеийн баатрууд хэдэн сар жилээр морин дэл дээр явдаг байсан болохоор ийм мариатай хацартай байна гэж байхгүй л дээ. Борц шиг шөрмөслөг л хүмүүс байсан болов уу. Тийм болохоор турах шаардлагатай болсон. Түүхэн кинонд тоглоход судалгаа хийх л хамгийн их шаардлагатай байдаг юм билээ.

-Кинонд тоглооч гэсэн урилга хэр их ирдэг вэ?

-Сүүлийн үед кино маш их хийгдэж байгаа болоод ч тэр үү урилга, захиалга нэлээд ирдэг. Болж л өгвөл урьсан кино бүхэнд тоглохыг хичээнэ. Урьд нь бүтээсэн дүрүүдээс өөр дүр байвал бүр л илүү тоглохыг хичээдэг. Би Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Их зүйл сурч мэдэж одоо л өөрийгөө жүжигчин гэдэг мэргэжлийн захаас атгалаа гэж боддог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арав гаруй кинонд тогложээ. Жүжгийн ажил гээд зав багатай байдаг, заримдаа кинонууд давхцана. Гэхдээ намайг тоож, бодож урилга өгч байгаа тохиолдолд аль болох тоглох юмсан л гэж боддог.

-Хэн багшийн шавь бэ?

-Надад мэргэжлийн хичээл дөрвөн жил заасан багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг гэж СУИС-ийн тэнхимийн эрхлэгч хүн бий. Театр дэлгэцийн уран бүтээлүүдэд амжилттай яваа олон хүнийг бэлдэж гаргасан гавьяатан. Миний тайзны ярианы багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Чаминчулуун юм. Энэ гайхалтай хүний гараар орж тайзны ярианы урлагтай холбогдсон. Хоёр багшийнхаа ачийг хариулж сурч мэдсэн зүйлээ үзэгчдэд хүргэх юмсан гэж бодож явдаг даа.

-Соёл урлагийн их сургуулиас Монголын олон чадалтай уран бүтээлчид төрж гарсан. Ангийнхныхаа талаар яривал?

-Манай анги 23-уулаа төгссөн нь СУИС-ийн түүхэнд хамгийн олон хүүхэд төгссөн ангиар тодорч байлаа. Ангийнхан маань бас мэргэжлээрээ ажиллаж байгаа рекордыг тогтоож байгаа юм болов уу гэж боддог. Манай ангийнхан телевизүүдэд, “Шинэ үе”, “X түц”, “Хувьсал” продакшнуудад мөн Улсын драмын эрдмийн театрт хэд хэдээрээ ажиллаж байна. Би ангийнхнаараа их бахархаж явдаг.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Хэнтий аймгийн Бэрх хотод төрөөд Норовлинд өссөн. Манай аав Норовлингийн хүн. Хүн чинь ямар нэгэн ажил хийгээд бие даагаад ирэхээр нутаг ус нь бодогддог юм байна. “Нутгийнхаа уул усыг дотроо бодож явах юм бол ажил бас их сайхан бүтдэг” гэж манай эмээ, өвөө, аав хэлдэг. Төрж өссөн нутгийнхаа уул хангайд залбирч явдаг. Нутаг руугаа цагаан сараар ч юм уу жилдээ заавал нэг очдог. Манайх одоо ч Хэнтийдээ байгаа.

-Жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Манай гэр бүлд улс даяар алдартай урлагийн том хүн байхгүй л дээ. Гэхдээ эмээ, өвөө, ах, дүү нар маань урлагийн их мэдрэмжтэй улсууд байдаг. Аав маань сумын төвийн клубийн эрхлэгч гэдэг ажлыг маш олон жил хашсан хүн. Бага байхдаа аавыгаа дагаад урлаг, уран сайхан гээд явдаг урлагт нэлээн ойр өссөн. Тэр утгаараа багаасаа урлагийн хүн болно гэж боддог байлаа. Арван жилдээ жүжиглэхээсээ илүү дуу дуулдаг байсан. Дуучин болно гэж боддог байснаа есдүгээр ангиасаа жүжигчний мэргэжлийг түлхүү сонирхоод энэ чиглэлээр ном зохиолыг уншаад хичээллэж эхэлсэн. Тэгээд СУИС-д шалгалт өгч тэнцээд жүжигчин болчихсон доо.

-Та ТV5 телевизийн Насанжаргалтай гэр бүл болж саяхан үрийн зулай үнэрлэсэн. Хүүхэдтэй болсноор Алтаншагайгийн амьдрал хэр өөрчлөгдөж байна даа?

-Бид саяхан хөөрхөн хүүтэй болж Уужим гэдэг нэр хайрласан. Хүү маань одоо хоёр сартай. Миний “Аравт” кинонд бүтээсэн дүрийн нэр л дээ. Тэр кинонд тоглож байхдаа хүүтэй болох юм бол энэ нэрийг өгвөл гоё юм байна даа гэж бодож байсан. Залуу гэр бүлийн хувьд бидэнд хийж бүтээх зүйл маш их байна. Сая нэг хэсэг даавуу угаагаад ажил нэлээд л ундарлаа. Сар гаруй хэртэй даавуу угааж аавын үүргээ гүйцэтгээд жаахан жин нэмлээ. Одоо л буцаж ажилдаа ороод байж байна. Уран бүтээлээ хийхийн зэрэгцээ сайн аав байх их хариуцлага ирлээ. Хэдий би залуу хүн, хүүхэд маань бага байгаа ч яаж хүмүүжүүлэх ёстой юм бол, яаж зөв хүн болгох вэ гэх мэт зөндоө л хариуцлага бодогдоод эхэлдэг юм байна л даа.

Ж.БАЯРСАЙХАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 05, 2013 12:44:45 pm )

    амжилт хүсье урагшаа

antalya rent a car