Ард түмэнгүйгээр төр оршин тогтнох боломжгүй. Тиймээс төрийн нэн тэргүүний үүрэг бол иргэдээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжоор хангах явдал. Харин эл үүргийг шударга ёсгүйгээр гүйцэлдүүлэх боломжгүй.
Өнөөдөр манай улсын нийт хүн амын дийлэнх нь дундаж, 30 орчим хувь нь ядуу буюу нэн ядуу гэсэн ангилалд аж төрж байна. Дундаж гэгдэж байгаа иргэдийн тухайд хөгжингүй болон хөгжсөн орны иргэдийн дундаж амьдралтай харьцуулахад бас л нэн ядуу гэсэн ангилал руу шилжих жишээтэй. Харин цөөхөн хэдэн хувь нь арабын шах адил хангалуун сайхан амьдарч байна. Тэр хэсгийг монголчууд “Төрөөс төрсөн тэрбумтнууд” гээд аль нэрт нэрлэчихжээ. Азтай ч гэхүү зарим нь тэдгээр тэрбумтнуудтай ямар нэг байдлаар танил,эсвэл тэдний гар хөлд ойр бол аргалж байгаад ар өврийн хаалга, авлигын замаар л ажил амьдралаа ургашлуулж бас ч гэж чадаж байна. Чадахгүй нь даргын хаалга сахиж, дааж давахгүй хүнд сурталд дарагдсан гунигт хувь тавьлантайгаа эвлэрэхээс өөрцгүй. Хөдөөдөө хуучин цагт барьж байгуулаад хувьчлал нэрийн доор “хар гар”-аар орсон хэдэн балгастай, зудаас айж, зовлонгоос залхсан цөөхөн малчинтай. Хотдоо хөдөөнөөс даажиж, хоолоо арайхийн залгуулах сая гаруй иргэнтэй, шударга бус өрсөлдөөн, шулж шулуулсан бизнестэй байх. Хорь гаруй жилийн дараах монголын үнэн нүүр царай ийм байна. Учир нь өнөөх төрийн шударга байх зарчим дэндүү эрт гээгдчихжээ. Тиймээс ард түмэн шударга ёсыг эрэлхийлж, түүний төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн билээ.
Ард түмний дуудлагаар жил гаруйн өмнө МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулагдаж, УИХ-ын сонгуульд оролцохдоо төрд шударга ёс тогтоож, түмэнд хангалуун амьдралыг олгохыг чухалчилсан. Тиймээс ч сонгогчид тэнэнд итгэл үзүүлж, өдгөө УИХ болоод Засгийн газарт хяналтын болоод хийж хэрэгжүүлэх эрх хэмжээний төлөөлөлтэй Монгол Улсын томоохон хүчний байр сууриа батжуулаад байгаа.
Тэгвэл энэ удаад Шударга ёс эвслээс Шударга ёсны аян-2013 аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Өмнө нь говийн бүсийн их хуралдайг амжилттай зохион байгуулж, ард иргэдийнхээ үнэтэй санал бодлоор аяны богцоо дүүргээд ирсэн. Энэ удаад зүүн бүсийн гурван аймгийг хамарсан аян буюу Ард түмний их хуралдайг амжилттай зохион байгууллаа. Биднийг өнгөрөгч 24-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хүрэлцэн очиход Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчид аль хэдийнэ ирчихээд хуралдайгаа хүлээж байв. Иргэдэд дутагдаад буй бүхий л асуудлын үндэс суурь болсон шударга ёс хөдөөд ч тэр ямар их үгүйлэгдэж буйг Дорнодод өрнөж буй эл арга хэмжээнээс харж болохоор. Тэр хэмжээгээрээ иргэд энэ удаагийн хуралдайд өрнөх хэлэлцүүлэг, шүүмжээс олон чухал ажил өрнөж, хөрсөнд бууна гэсэн итгэлээр дүүрэн байгаагаа илэрхийлж байна. Зүүн бүсийн их хуралдайд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд С.Удвал болон МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, П.Ангараг нар Шударга ёс эвслийг төлөөлөн оролцож байна.
Аймгийн төвдөө улс төржилттэй, алсын сумдаа зудын байдалтай байна
Шударга ёс эвслийн төлөөлөгчид Дорнод аймагт очсон даруйдаа орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Дорнод аймгийн тухайд өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ нь өнөө хэр Засаг даргаа томилж амжаагүй байгаа аж. Хоёр ч удаа Засаг даргаар томилох хүнийхээ нэрийг Ерөнхий сайдаар батлуулахаар явуулсан боловч батлаагүй гэнэ. Тиймээс тус аймагт төрийн үйл ажиллагаа өнөө хэр нь жигдэрч амжаагүй гэсэн үг. Энэ нь нам хоорондын хэт улс төржилтээс үүдэлтэй зүйл гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон сануулаад өөр хоорондоо даруй зохицож, тулгамдсан асуудлаа яаралтай шийлдэх нь чухлыг онцолоо. Үнэхээр тус аймагт хоолой тулсан хүнд асуудал үүсээд байна. Тухайлбал, тус аймгийн Халх гол суманд өвөлжилт хүндэрч, гамшгийн нөхцөлд шилжээд байна. Харамсалтай нь түүнийг тэг ингэ гээд шийдчих удирдлагууд нь улс төржилтөөсөө гараагүй байгаа нь байдлыг улам хүндрүүлэх нэг нөхцөл болжээ.
Халх гол суманд дараалан орсон найман удаагийн их хэмжээний хур тундаснаас үүдэн малд ихээр хорогдож, одоо малаа гэхээсээ илүү малчдаа яах вэ гэдэг дээрээ тулсан байна. Тус сумын малчид 11 сараас хойш хүний бараа хараагүй бөгөөд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Болорчулуун нар тусламжийн гар сунгасан хэдий ч тусламжийн цуваагаа хэрэгтэй газар нь хүргэж чадаагүй гэнэ. Цасны зузаан ихэсч мөсөн бүрхэвч үүсгэсэн тул хэр баргийн техникээр хүрч чадахгүйд тулсан байна. Айл бүрийн гадаа 300-400 толгой мал хотондоо хорогдсон байдалтай байгаа бөгөөд энэ тоо 8000 хүрчээ. Амьд үхсэн мал холилдон нэг дор байгаа нь халдварт шүлхий, боом мэтийн өвчин газар авах нөхцлийг бий болгоод байна. Аймгийн зүгээс боломжтой бүхий л хэлбэрээр тусалсан гэдэг тайлбарыг хийжээ. Аймаг дотооддоо хүндрэлийг давж чадахгүй байгаа тул УИХ болон Засгийн газраас 10000 боодол өвс, 100 сая төгрөгийн тусламж яаралтай авах шаардлага тулгарчээ. Үүнийгээ Шударга ёс эвслийнхэнд уламжилав. Эвслийн зүгээс шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах нь чухлыг онцлоод С.Удвал сайд нөхцөл байдлаас үүдэн гарах эрүүл мэндийн асуудалд анхаарахаар болсон. Мө Шадар сайд Д.Тэрбишдагвад Халх гол сумын нөхцөл байдлыг танилцуулсан юм. Үүний хариуд Шадар сайд яаралтай арга хэмжээ авч эд хөрөнгөөрөө хохирч, амь нас нь хутганы ирэн дээр ирээд буй Халх гол сумын малчдад туслахаа илэрхийллээ. Шударга ёс байгаа газар ажил шуурхай явж, асуудал түргэн шийдэгддэг юм байна гэдгийг Дорнодчууд хэлж байлаа. Ийнхүү урт өвлийн зудад дартагтаа тулаад байсан сумынханд хэдэн сараар хэлж яриад очоогүй төрийн тусламж үйлчилгээ хүрэхээр болов.
Тус эвслийнхэн Дорнодод очихоос өмнө УИХ-ын дарга З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллахдаа эл байдалтай танилцсанч харамсалтай нь УИХ-ын дарга З.Энхболд, “Аймаг дотроо өөрсдөө шийд. Туслах боломжгүй” гэдэг тайлбарыг өгсөнөөр Халх гол сумынхан үнсэнд хаясан шалж шиг л байдалтай өнөөг хүргэжээ.
Үргэлжлэл бий
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 25, 2013 2:15:01 pm )
МАХНын энэ хэд улс орныг ард түмнийг хагаралдуулахаа зогсоогооч.
1 Comment