antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

Байз, багана доргив уу?

нийтлэсэн Admin

527-1357631803kiwi-middleХууч дэлгэгсдийн нэг нь ”Байз, багана доргив уу” хэмээн дуу алдав. Гэнэтийн энэ явдалд цочирдсон нөхөд маань дор бүрдээ гайхаж бараг нэгэн зэрэг:

-Юу. Багана доргих гэнэ үү. Үсний үзүүр ч хөдлөхөөргүй нам гүм байхад. Мээгээ тусаагүй биз гэлцэн цаашлуулж инээд хөөр болцгоов.

-Нөхөд минь. Маш чухал асуудалд санаа зовохдоо ингэж хэлж байна. Манай эх орон өндөр хурдцаар эрчимтэй хөгжих замдаа орсон ч улс гэрийн маань амин чухал эрх ашиг-тусгаар тогтнолын тулгуур багана доргиод байх шиг санагдах эмзэглэлийн сүүдэр сэтгэлийн гүнд сүүмэлзээд… хэмээн учирласнаар өрнөн үргэлжлэх ярианы салхи өөр тийш эргэв.
Тэрбээр юуны учир ингэж дуу алдав. Мэдээж шаардлага буй болсон хэрэг. Гайхах явдалгүй. Лавлах ч хэрэггүй биз. Монгол хэмээх өнөр бүлийн гишүүн, эх орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, зүрх сэтгэлээ зориулан хайрлаж явдаг эгэл нэгэн иргэн улс орныхоо гадаад нөхцөл байдлыг ажих явцдаа хэдийгээр халдлага түрэмгийлэл нүүрлээгүй ч харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа гэх ”өнгө будаг”-ийн цаанаас цухалзах өргөс буюу ”ил гарсан нь инээд, далд үлдсэн нь ханиад” гээчийг сануулам үйл явдлын зах сэжүүрийг олж харснаа нөхөддөө дуулгав.

 

Улмаар түмний сонорт хүргэж, мэлмийд буулгахыг хичээсэн чин сэтгэлийн үг л байна. Сэтгэлд сэв суулгаж, сэжиг төрүүлэм ийм хандлага, үйлдэл байгааг ч үгүйсгэх аргагүй. Тийм болохоор улс орон оршин тогтнож, хөгжиж дэвшихийн эх ундарга, эрх чөлөөт түмний амьдрал жаргалын баталгаа, амин чухал эрх ашгийн илэрхийлэл ийм чухал асуудал хөндсөнд нь гайхах биш талархаж, хэлсэн сануулсныг нь анхаарлынхаа гүнд шингээж, нягтлан тунгааж, сэтгэл, зүрх, ухаан бодол, хараа хяналтаа хандуулж, эр зориг, эрдэм мэдлэг, эрч хүчээ нэгтгэж төвлөрүүлэх хэрэгтэй мэт.

 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, яруу найрагч Зундуйн Дорж улс хэмээх өргөө их гэрийн тулгын чулуу, тулгуур багана буюу туурга тусгаар, бүрэн эрхт байдал, хөгжин дэвшиж, мандан бадрахын үндсийн үндсийг хэл, хил, мал гурав хэмээн тодорхойлсон. Асар гүн агуулга, өргөн цар хүрээтэй онч мэргэн энэ үгийг эргцүүлэхүй “Гурван тулгуур доголддоггүй, дээр нь тавьсан идээ хазайдаггүй” гэсэн өвгөдийн үг сэтгэлд ургаж байна.

 
Эх орны маань тусгаар тогтнолын тулгуур багана доргиж эхлээд байна уу гэх энэ асуултын хариуд толгой сэгсрэх хүн төдий л олонгүй нь мэдээж. Тодотгохын тулд хил хэмээх нандин ойлголтоор нутаг дэвсгэр, газар шороогоо хайрлаж дээдлэхийн чухлыг онцлох нь зүй хэмээн бодном. Эдүгээ манай эх орны дархан хил бат бэх, харуул хамгаалалттай, харийнхны халдлага, өнгөлзлөгт өртөөгүй тайван байна.

 

Бас дайн дажингүй энх амгалан оршин хөгжиж, дайнд нэрвэгдсэн улс орнуудад чин сэтгэлээс халуун гараа сунган тусалсаар он тооллын бүтэн жарныг элээж, долоо дахь арваны дунд нь хүрээд идэвхтэй, эрчимтэй, итгэлтэй урагшилж яваа түүхийн мөрүүд судар бичгийн шарласан хуудаснаа дурайж харагдана. Үүгээрээ дэлхийд бараг ганцхан гэж нүүр бардам хэлж чадах бүрэн эрх манай ард түмэнд буй.

 

Гэтэл дархан хилийн ган дээсний дотуур газар шороон дээр маань юу болж байна вэ. Миний төрсөн нутаг-Монголын сайхан орон /Д.Нацагдорж/ минь эрдэс баялгийн өгөөмөр баян их сангийн өлгий билээ. Түүгээрээ харийнхны чихийг дэлдийлгэн нүдийг бүлтийлгэж, див шуналынх нь хорхойг амилуулж асааж, бас энэ их баялгийнхаа үр шим, өгөөж хишгийг нь хүртэж, үйл лайг нь ч үүрч яваа нь үнэн.

 
Монгол Улсын анхны Еренхийлөгчийн санаачлагаар ’’Азийн бар болох” мөрөөдөл дагуулан өрнөсөн “Алт” хөтөлбөрийн тухай эхлэн өгүүлэхдээ өгөөжөө хайрласныг үгүйсгэх учиргүй ч учруулсан уршиг хохирлыг тооцож хэлэх мэдлэг чадвар над мэтэд заяагаагүйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин зуд болдоггүй тосон Заамарт очоод ажиж харах юм бол аяндаа хэлээд ойлгуулаад өгнө.

 

Тамсагийн талаас олгойдсон газрын тосны дээжээр дээлийнхээ энгэрийг мялааж байсныг нь түмэн олон мартаагүй. Эх нутгийнхаа тэр баян үүцээс үйлдвэрлэж боловсруулсан тос, шатахуунаар халгиж цалгиж явах цагийг хүлээсээр мөн л хориод жилийг үдсэн ч бусдын гap харж, хошуу цорвойж, алга тоссон хэвээрээ л байна. Энэчлэн тоочиж хэлнэ гэвэл тоймгүй урт цуваа үүснэ.

 

Өнөөдөр уул уурхайн салбар улс орны хөгжлийн хөтөч болж байна. Бурхан тэнгэр ч юм уу юутай ч байгаль ээжийн хайрласан яндашгүй арвин буяны өгөөж хишгийг эзэн хүний өөриймсөг, зөв сэтгэлээр ухаалаг, “алтыг аваад авдрыг нь хаях” гээчээр цөлмөх биш, ариглаж гамнаж, хайрлаж хямгадаж, үр өгөөжийг нь арвижуулж хүртэх учиртай. Тэгж чадаж байна уу гэвэл шуудхан хариулчих бэлэн үг санаанд буухгүй байна.

 
XXI зууны хамгийн том бүтээн байгуулалт, 41 сая тонн зэс, 1200 гаруй тонн алт хадгалсан үүцийн авдарт түлхүүр тааруулж, мөдхөн жилд үйлдвэрлэх 35 сая тонн бүтээгдэхүүнийхээ дээжийг гаргаж, энэ оны дундуур дэлхийн зах зээлд борлуулж эхлэх Оюутолгойн баяжуулах үйлдвэр он солигдохын зааг дээр ашиглалтад оров. Гэвч эргэж харж, эргэцүүлж бодох зүйл чамгүй буй.

 

Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй зөрүү маргааныг нэг тийш болгох явдал юм. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакРейний өмнө хүчин мөхөсдөж байна уу. Эсхүл хүч гаргаж хичээхгүй байна уу гэсэн эргэлзээ, сэжиглэл дундуур зугуухан үргэлжилсээр энэ аварга том үйлдвэр үүд хаалгаа нээсэн ч мөхөс миний ухаарснаар баярлаж бахархсан нь төдийлөн харагдсангүй юу даа.

 

“Мордохын хазгай” гэгчээр эхлэх цагаас нь дагасан хэрүүлийн бузар нүүрлэв үү хэмээх эмзэглэл төрж байна. Эх нутгийн онгон дагшин хөрс шороонд хадгалаастай эрдэнэс баялаг, байгаль ээжийн хишиг буяныг түгээж хүртээх өглөгийн их сан Оюутолгойгоор хязгаарлагдахгүй. Өргөн уудам газар нутгийн маань өнцөг булан бүрт үүцээ дэлгэж, охь дээжээ зэхчихээд уудлах, уутлах эздээ хүлээж, зарим нь өгөөжөө хайрласаар байна.

 

Тавантолгой, түүний баруун бүс нутаг дахь хувилбар гэгдэх Хөшөөт, Асгат, Нарийн Сухайт, Олон- овоот, Төмөртэй гэхчилэн нэрлээд тоочиж жагсаана гэвэл ная гарсан над мэт буурлын тухайд санахын гарз. Орчин цагийн цахим тооцоолуураар зэвсэглэсэнд нь ч амаргүй өндөр даваа. Учир шалтгааны нь зангилаа хаана байна вэ. Олж мэдэхийн тулд төрийн бодлого, үйл ажиллагаа ард иргэд, түмэн олонд ил тод бус, ойлгомжгүй, бие биеэ үгүйсгэж, үгээ эс ололцох хэрүүлийн манан дунд бараа дүрс нь сүүмэлзэх ээдрээ нугалаа дунд эрэл хийх хэрэгтэй болов уу.

 
Социализмын хэмээх 70 жилд буй болсон их өрийг тэглүүлсэндээ хөөр баяр болж байсан маань ердөө арваадхан жилийн тэртээ. Гэтэл өнгөрсөн богино хугацаанд өмнөхтэйгээ дүйцэхүйц өрөнд унаж, ашигт малтмалын орд газруудаа барьцаанд тавьчихсан гэх мэдээлэл чих дэлсэж, сонссон бүхний сэтгэлийг эмзэглүүлж байна.

 
Түүгээр ч үл барам төрийн тэргүүн асан болон өндөр дээд албаныхан, эрхэм түшээд эзэмшсэн орд газрынхаа шим шүүсийг сорж гүйцээд үлдсэн шавхрууг нь харийнханд хэдэн буман ногооноор /жишээлбэл Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь алтны орд/ худалдчихсан ч гэх юм уу, харийнхан хоорондоо манай орд газраар наймаалцаж байна гэсэн монгол хүний сэтгэлд буумгүй гашуун үг бас бий. 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгэсэн тухай бузрын хар мөр, хаа газрынхыг нь үл мэдэх доншуурчид “Таван жилийн дараа энд усгүй болно. Өрсөж хэдэн малаа дуусгаад хот газар бараадсан нь дээр.

 

Эсвэл манайд ажилд орчих” гэж малчин түмнээр маань тохуурхан таахалзсан явдал, эгэл монгол иргэд хажуугаар нь явах хориотой, албаныхан ялангуяа хэвлэл мэдээллийнхэнд байнга хаалттай байдаг орд газрын үүд хаалга гэхчилэн хачирхал дагуулсан сураг ажиг үргэлжилсээр… Эл бүхнээс үүдэлтэйгээр эх нутгийн эзэн монгол хүнд гишгэх газар олдохгүй болох нь уу гэсэн эмзэглэл харуусал зүрх сэтгэлд түрэн орж ирээд байр сууриа тэлэх болов.

 

Ийм нөхцөлд дархан хилийн ган дээсний тухай яриад ч яах билээ. Газар нутаггүй оол өвөг дээдсийн маань оюун ухаан, гайхамшигт бүтээл, хөдөлмөр зүтгэлийн үр дүн амьд таван эрдэнэ мал сүрэг, нүүдэлчний өвөрмөц соёл иргэншил юу болохов. Ийм эмзэг асуулт хариу нэхээд шахалт шаардлагынхаа хүчийг нэмсээр байна.

 
Аюул түгшүүрийн харанга дуурсаж, доргио, донсолгоо нь тусгаар тогтнол хэмээх их гэрийн маань хорол тоононы тулгуур баганыг ганхуулж эхэллээ. Багана үнэхээр доргижээ. Эгэл иргэний үнэн үгийг эргэцүүлэн тунгааж, үйл явдлын залуур чиг, зам мөрийг тодотгоход төрийн ч, түмний ч хүчин зүтгэл хэрэгтэй болжээ. Алгуурлал бол хожимдол. Алсдаа сүйрэл, мөхөл.
Сэтгүүлч С.Ерөөлсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car