“Кинза” буудлын менежер Т.Нямхишигтэй уулзаж ярилцлаа.
-Таныг хүмүүс их ажил хэрэгч хүн гэх юм билээ. Ингэхэд та аль нутгийнх вэ?
-Миний төрсөн нутаг Улаанбаатар. Ээж, аав маань Хөвсгөлийн улс. Би 1979 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль төгсөөд, хуучин ЗХУ-ын Маршанск хотод хивсний чиглэлээр нэг жилийн курст суралцсан юм. Биднийг төгсөөд ирэхэд “Эрдэнэт” хивсний үйлдвэр дөнгөж ашиглалтанд орж байлаа. Тэнд би ээрэгч цехэд ээрэгчээр орсон. Анхны ажилчин гэхэд болно. Би тэр үйлдвэрт 1990 он хүртэл арваад жил ажилласан. Ер нь гайгүй сайн ажилчинд тооцогддог байсан шүү.
-Тийм байж яагаад ажлаасаа гарсан юм бэ?
-Яахав дээ. Улс орон зах зээлд шилжих гээд бас ч үгүй хэцүү үе байлаа шүү дээ. Олон үйлдвэр хувьчлагдаж, зарим нь хаалгаа барьж байсан үе. Мөнгөний ханш унаж инфляци дээд цэгтээ хүрч байсан. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсныг та мэднэ дээ. Тэгээд л хүмүүсийг дуурайж наймаа хийе гэж үзсэн.
-Ямар наймаа хийж байв?
-Эхлээд Эрдэнэтэд тохиролцооны дэлгүүр нээж үзсэн. Гэтэл өөдөө нэг л босч өгдөггүй. Тэгэхээр нь ноолуурын наймаа хийхээр шийдлээ. Найз хүүхнээ даган Булган аймгийн Могод суманд очиж ноолуур цуглуулах юм болов. Одоо нэрийг нь санахгүй байна. Шинээр гэр бүл болсон аятайхан айлд бид очсон юм. Харин тэр айлын хархүү бидэнд мотоциклиор явж нэлээд ноолуур цуглуулж өгсөн.
Тэгээд 4-5 шуудай ноолууртай болж, хот руу орж ирлээ. Гэтэл нөгөө ноолуурын үнэ нь навсайтал уначихаж гэж байтал хүмүүс удахгүй ноолуурын үнэ эргээд өснө гээд байх юм. Тэгэхээр нь хэдэн шуудай ноолуураа гэртээ аваачаад хадгалчихлаа. Гэтэл яасан гээч. Гэрт хулгай ороод бүх ноолуураа алдчихсан. Ёстой цэвэр шатна гээч нь болсон доо.
-Тусгүй л юм болж дээ. Хулгай хар мөртэй гэдэг. Би л бол сэтгэлээр унаад дахиж наймаа хийе гэж бодохгүй байх. Таны хувьд харин ямар байв?
-Өө ямар олиг байв гэж дээ. Гэхдээ би нэг их гутраагүй. Дахиж хөдөлмөөр санагдаад байсан. Тэгээд гутлын наймаа хийж эхэлсэн.
-Гутлаа хаанаас авдаг байв?
-Москва явж орос гутал авчирдаг байсан. Урьд нь Орост суралцан жаал халтар хултар хэл гадарладаг нь надад дөхөмтэй санагдсан байх. Орос гутал хэдий үнэтэй ч манайхан чинь их ганган улс шүү дээ. Чанар сайтай орос бараа л авах гэнэ. Ер нь Орос Монгол хүмүүсийн хувцас сонголт тун ойролцоо. Болж л өгвөл хүний өмсөөгүй хамгийн гоё, үнэтэй булган малгай, шуб, гутал хэрэглэх гээд байдаг.
-Авчирсан бараагаа хаана зардаг байв даа?
-Хуучин Дэнжийн мянга дээр. Тэр үед “Нарантуул” хараахан нээгдээгүй байлаа. Заримдаа Москва явахаасаа түвэгшээгээд орос гутлыг вокзал дээрээс бөөнддөг байсан.
-Таныг Солонгост олон жил байсан гэж дуулсан юм байна. Яг хэдэн онд явж байв?
-Харин үүнийг чинь ер мартдаггүй юм. 1997 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Солонгос нутаг дээр хөл тавьж байлаа. Эхлээд бид Улаанбаатараас Бээжин хүртэл галт тэргээр, дараа нь Бээжингээс Тяньжин хүртэл автобусаар явсан. Тэндээсээ усан онгоцонд сууж Инчон боомт дээр буусан. Тэгээд Москва руу хамт явдаг байсан найз руугаа утастлаа. Удалгүй тэр намайг тосож авсан. Найз маань надаас нэг жилийн өмнө Солонгост оччихсон байсан юм.
-Тэгээд хаана ямар ажилд оров?
-Компон хотын хуванцрын үйлдвэрт ажилд орсон. Ажил нь амаргүй, дандаа шөнийн ээлжинд гараад байхаар нь ажлаа сольё гэж бодсон. Тэгээд Сувон хотын Ожонд дүүрэг дэх нэхмэлийн үйлдвэрт очиж ажилласан. Тэр үед Өмнөд Солонгост эдийн засгийн хямрал гарчихсан, ажил олдохгүй байв. Тиймээс цалин багатай ч ажлыг голохгүй хийх нь чухал юм байна гэж бодсон.
-Нэхмэлийи үйлдвэрт ажиллаж байхдаа ямар цалнм авч байн?
-Эхлээд 650.00 вон авдаг байсан Дараа нь 900.000 вон болж нэмэгдсэн. Тэр үед нэг ам.доллар 1242 төгрөг байсан болов уу.
-Солонгост ажиллахад бэрхшээл их гарна биз?
-Байлгүй яахав. Тэнд байр сууц. Хоол унд гээд амьжиргааны өртөг өндөр. Ер нь цалингаасаа хэдэн төгрөг хурааж цааш нь хийнэ гэдэг бол тийм ч амаргүй. Их л тооцоотой байж хийнэ дээ. Солонгосчууд үнэн сэтгэлээсээ ажиллаж байгаа хүнийг андахгүй. Тийм хүнээ сайн үнэлнэ.
-Ажлын цаг ямар байх вэ?
-Би нэхмэлийн үйлдвэрт байхдаа өглөөний 8 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг байлаа. Нөгөө ээлж нь 20 цагаас өглөөний 8 цаг хүртэл 24 цагаар ажилладаг үйлдвэр байсан. Өглөө ажилдаа ирэхдээ мэндчилээд орно. Орой нь яв гэсэн үед явна. Дашрамд дурдахад солонгосчууд чинь сонин мэндчилдэг улс. Монголчууд бид өглөө мэндлэхдээ сайн байна уу гэдэг. Харин солонгосчууд өглөө мэндлэхдээ хоолоо идсэн үү гэж мэндэлдэг. Ер нь ёс заншил, ая эвийг нь олж л ажиллана шүү.
-Байр сууц, хоолны асуудлаа яаж шийддэг байсан бэ?
-Манай үйлдвэр бидэнд нэг жижиг байр гаргаж өгсөн. Хоол ундаа өөрсдөө даана. Би тэнд хоёр жил ажиллаад өөр газар очсон.
-Яагаад. Ажил таалагдаагүй юу? Эсвэл эзэнтэйгээ муудалцсан уу?
-Үгүй. Тийм юм байхгүй. Мөнгө хийх гэж очсон хүн чинь хэд гурван төгрөгийн зөрүү харна биз дээ. Би тэндээс гараад Асан хотын “Лимүжин” зочид буудалд ажилласан. Тэр нь долоон давхар дунд зэргийн буудал. Давуу тал нь цалин сайтай. Дээрээс нь байр, хоолыг буудал даачихдаг байсан.
-Тэнд тэгээд юу хийдэг байв?
-Бууддын үйлчлэгч. Юу хийх ёстой, тэр бүгдийг л хийнэ шүү дээ.
-Хэдэн цагаар ажиллах вэ. Цалин өмнөхөөсөө дээрдсэн үү?
-Дээрдэлгүй яахав. Эхлээд 1200.000 вонн авдаг байсан. Заримдаа ганцаар гарсан үедээ 1400.000-1600.000 вонны цалин авна шүү. Би тэр буудалд 2009 он хүртэл бараг арваад жил ажилласан.
-Олон жил ажиллажээ. Мөнгө овоо хураасан биз дээ?
-Юутай ч Монголд ирээд хэдэн өрөө байртай болсон.
-Одоо ч Улаанбаатарт байр авна гэдэг тун хүнд асуудал. Гурван ороо байр авахад дор хаяж 100 саяас наашгүй байх шүү. Тэгээд та бас одоо буудал ажиллуулж байна. Үүнд чинь бас ч үгүй овоо мөнгө орно доо. Эсвэл та зээл авдаг юм уу?
-Би ямар ч банкнаас зээл авч байгаагүй.
-Танд баярлалаа. Одоо ч зээл авч бизнес хийхэд ч хэцүү байх шүү?
-Хэцүү үгүйг хүмүүс хийж л байж мэднэ дээ.
-Тийм дээ. Гэхдээ эмэгтэй хүн ийм их ачаа үүрч явна гэдэг амаргүй байх аа. Та гэр бүлийнхээ талаар хэдэн үг хэлэхгүй юү?
-Бид нэг охинтой. Охин маань одоо БНСУ-д их сургуульд сурч байгаа. Өчигдөрхөн над руу “Ээж ээ би сургуулиа сайн төгссөн” гэж утасдсан.
-Сайн төгсөнө гэдэг сайн хэрэг. Ирээд ямар ажил хийх вэ?
-Сайн мэдэхгүй юм аа. Тэндээ хэдэн сар ажиллаад магистрт суралцах юм яриад байсан.
-Тэр ч зөв байх шүү. Ер нь охиноо сурч байхад та хэдэн төгрөг зарцуулж байв?
-Сургалтын төлбөр, байр сууц, хоол унд, оюутны өдөр тутмын хэрэглээ гээд овоо мөнгө орно шүү. Энэ бүгдийн зардалд би дор хаяж жилдээ 20 сая төгрөг өгдөг. Энэ чинь эндээ их мөнгө шиг боловч тэндээ бол оюутан хүнд хүрч ядсан л мөнгө.
-Та Солонгост ажиллаж байхдаа Монголдоо ирж байв уу?
-Нэг ч ирж байгаагүй. Би охиноо долоон настай байхад нь эмэгтэй дүү дээрээ орхиод явсан. Хүүхдээ би багаар нь төсөөлдөг байлаа. Намайг Солонгост байхад охин маань их сургуульд сурах гээд очсон. Тэгэхэд бид метронд уулзахдаа бие биенээ танихгүй зогсож байхад охины маань сургуулийн багш тэр чиний ээж чинь гэж хэлсэн. Гэтэл охин маань найз нартаа “Тэр эгч манай ээж гэнэ ээ” гэж хэлсэн гэдэг.
-Уучлаарай, би таны хувийн асуудал руу хэт өнгийчих шиг боллоо. Эргээд хоёулаа өмнөх яриагаа өрнүүлье. Та яагаад Сөүл, Пусан ч юм уу томоохон хотуудад ажиллахгүй хөдөөгүүр ажиллаад байсан юм бэ. Том хотод амьжиргааны өртөг өндөр байдаг юм уу?
-Тийм тал ч бий. Гэхдээ би Сөүлд ажиллах дургүй. Тэнд агаар бүгчим, хүн ам ихтэй. Өдөр нь үүл харагдахгүй, шөнө нь одод үзэгдэхгүй чиг нь мэдэгдэхгүй газар ажиллана гэдэг хэцүү. Тийм газар үгүйдээ бие муудвал яах вэ. Юун ажиллахтай манатай болно шүү дээ.
-Ер нь Солонгос хоол унд ямар вэ. Идээд байхаар дасна биз?
-“Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн үг бий. Тиймээс тэр улсын үндэсний хоолыг нь идэж л таараа. Гэхдээ дан Солонгос хоол идээд хүнд ажил хийнэ гэвэл бүтэхгүй. Бие дийлэхгүй шүү. Би өөрөө хоолоо хийж, сайн иддэг байсан. Тиймдээ л бас гайгүй тэсч байсан байх. Би санаж байна. Нэг хүүхэн дандаа Солонгос хоол идээд ажиллаад байдаг байсан. Гэтэл удалгүй бие нь өвдөөд Монгол руу явсан.
-Үндэсний хоолоо хийе гэж бодьё. Мах олдох уу даа?
-Мах бий шүү. Хонь, үхэр, гахай гээд. Солонгосчууд хонины махыг Австралиас тээвэрлэж авчирдаг. Гэхдээ Австралийн мах манайхыг яаж гүйцэхэв дээ. Монгол нутгийн малын мах, айраг, сүү, тариа будаа аль нь ч дэлхийн шилдэг брэнд. Монголчууд бид чинь хамгийн цэвэр шилдэг хүнс хэрэглэдэг их хувь заяа, амны хишигтэй улс шүү. Бид үүгээрээ хаа ч бахархах ёстой.
-Ер нь Солонгосчууд манайхаас ажиллах гээд очсон хүмүүст ямархуу ханддаг вэ?
-Ам сайн шүү. Ялангуяа Монгол эрчүүдийг бие бялдар сайтай, хүчтэй, нэг ажил хийвэл үнэн сэтгэлээсээ хийдэг гэж солонгос эзэд үнэлдэг юм билээ. Мөн монгол хүүхнүүдийг хөөрхөн, бас ч үгүй чадалтай, их тэвчээртэй гэцгээдэг. Хятадууд бол ажлыг хуурамчаар хийдэг улс. Зарим солонгосчууд монголчуудыг хүүхэд шиг улс гэдэг. Энэ нь ч үнэн байх. Бид чинь хүнд хар буруу санадаггүй их цайлган улс шүү дээ. Солонгосчуудын нэг үг байдаг юм. “Нэг монгол байвал ажлаа сайн хийдэг. Хоёулаа болохоор архи уудаг. Гурвуулаа болохоор зодолддог” гэж.
Нөгөөтэйгүүр монголчууд оюуны маш өндөр чадамжтай улс. Даанч залхуу, их хэнэггүй. Оросууд бүр ярьдаг. “Танай техник мэргэжлийн сургууль төгссөн цахилгаанчин залуу манай их сургуульд таван жил суралцсан инженерээс илүү мэдлэгтэй” гэж. Дээр үед “Шинэ бүтээл, оновчтой санал” гээд намын уриа байлаа. Одоо бодоход тэр ШБОС-ыг чинь манай жирийн ажилчид л хийдэг байлаа.
Уг нь үүнийг чинь нэлээн сайн инженер ч хийх гээд барахгүй ажил шүү. Ингээд бодохлоор монголчууд их өөр улс. Одоо та харлдаа. Япон улс 128 сая хүнтэй. Гэтэл хоёрхон сая хүнтэй Монголоос хэдэн залуус очоод сумо барилдахад тэд барахгүй л байгаа биз дээ. Одоо манайх мэргэжлийн сумо бөхийн гурван Их аваргатай боллоо. Дахиад хэдэн аварга төрөхийг хэн ч мэдэхгүй.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 05, 2013 1:34:17 pm )
ene hen yum be, bichih yum oldohgui gudmand taaraldsan huneesee yariltslaga avch niiteldeg boloo yu daa? tanaid honii gdg shig.
-
Anonymous (January 05, 2013 3:21:06 pm )
õóíèé äîð îðîõãóé ãýñýí õóñýë ýðìýëçýë õºäºëìºð÷ ÷àíàðûã ÷èí ãàéõàí áèøèð÷ áàõäàí óíøëàà ñàéí ñàéõíûã õ¿ñèå äà
-
Anonymous (January 05, 2013 3:38:18 pm )
So -d biee vnelj dee ene gar
-
Anonymous (January 05, 2013 4:14:05 pm )
amjilt husje… ajilsag mongolchuudyg neg shuu
-
Anonymous (January 05, 2013 6:45:32 pm )
yagaad jiriin irgenii unen amidraliig b ichij boldoggui yum
-
Anonymous (January 06, 2013 4:52:25 pm )
yg zov oor olon hynii tuhai bicheed bai bicheed bai
6 Comments