antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2012 2 comments

Загасчны морь усгүй буюу газрын тосны гар хавсарсан гуйлга

нийтлэсэн Admin

garzrssБайж болшгүй юмыг байлгаад байдаг төр,

засгийн бодлогод гайхаж, гасалж явдаг хүн олон байх. Тэр бол газрын тосны хэрэглээгээрээ ганцхан зах зээлийн, ганцхан компаниас бүрэн дүүрэн хамааралтай явсаар өдийг хүрсэн явдал. Дэгсдүүхэн байдлаар орчин үеийн моод болсон хэллэгээр үүнийг илэрхийлье гэвэл “To be or not to be” гэмээр санагдаад байгаа юм. Бурхан минь, энэ арай бодлого биш байгаасай гэж залбирмаар шүү. Суурь үнийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнээр “Роснефть” гэсэн гадны ганцхан компанийн крантаас хараат байгаа нь өөрөө маш том эрсдэл биш гэж үү.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харьцааны алдагдал 100 хувь гэсэн үг. Ийм нөхцөлд Монголоо хөгжүүлнэ гэж хөөрцөглөх нь хөл нүцгэн байж уулын оргил мөрөөдөхтэй утга нэг юм. Манай улсын эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа. Гэтэл нийлүүлэлтийн ганц зах зээлтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хязгаарлалтын шинжтэй нөлөө үзүүлэх магадлал маш их. Мэргэжлийн байгууллагуудын хэдэн жилийн өмнө хийсэн тооцоогоор 2015 он гэхэд нефтийн импорт ДНБ-ий 11 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоог хийсэн байх юм билээ. Гэвч өсч буй энэ хэрэглээг яаж хангах вэ. Мөнөөх л “Роснефть”-ээсээ бадар барьсан хэвээр байх уу.

Кремль ирэх онд “Роснефть”- ээ хувьчлахаар шийдвэрлээд байгаа. Энэ нь Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлд нөлөөлж л таарна. Өөр нэг юм гэвэл дэлхий нийтэд газрын тосны нөөц нэмж тогтоогдохгүй байна. Хэрэв өнөөгийн хэрэглээ, технологи энэ янзаараа байх аваас 30-40 жилийн дараа газрын тосны нөөцөө шавхах магадлал бий. Тиймээс нөөцтэй улс орнууд үлдсэн нөөцөө үнэ хүргэж борлуулахыг хичээдэг болоод байна. Тэр дундаа ОХУ ийм бодлогыг тууштай баримтлагч. Тус улс түүхийн нефтийн олборлолтоороо дэлхийд хэдийнэ тэргүүлж эхлээд байна. Энэ мэт газрын тосны нийлүүлэлтэд монголчуудын халаасыг гүвэх, дуулгавартай байлгах хүчин зүйлүүд хаа сайгүй хангалттай байна. Бид АНУ шиг цэрэг армийн хүчээр газрын тосны хэрэглээгээ хэвийн байлгаж бас чадахгүй. Тэгэхээр гарц хаана байна вэ. Гарц бол ганцхан л байгаа.

Тэр нь айлаас эрэхээр авдраа уудлах зарчмаар дотоодынхоо нөөц боломжоор газрын тосны хэрэглээгээ хангах явдал. Гэхдээ энэ бол зүүд зэрэглээ бус, бодит боломж. Хэрэглээгээ хангаад зогсохгүй экспортлогч орон байж чадна. Хөрсөн дороо эрдэнээр дүүрэн нутаг гэвэл Монгол орон. Тэр дунд газрын тос хэмээх хар алт ч бас байгаа юм байна. Үүнийгээ ч олборлодог, бүр байчихаад гадагш нь гаргадаг. Энэ өнцгөөс нь харахаар зөвхөн импортлогч бус бас экспортлогч юм байна аа гэж ойлгогддог.

Манай улсын газрын тосны салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 96 орчим хувийг БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг”, мөн “Доншен” хэмээх хоёр компани дангаараа оруулжээ. Дорнодын Тамсагийн сав газраас нефть олгойдож, анхны Ерөнхийлөгч дээлээ мялааж байсан тэр цагаас хойш түүхий нефть эх орны дорнод хилээр урд хөрш рүү урссаар байгаа. Энд хятадууд 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 178 сая тонн түүхий нефтийн нөөц бүртгүүлсэн гэх мэдээлэл байдаг. Харин Зүүнбаянд хайгуул олборлолт хийж байгаа “Доншен” компанийн нийт хөрөнгө оруулалт нь 150 сая ам.доллар гэдэг ч илрүүлж бүртгүүлсэн нөөц нь 24 сая тонн гэж дуулддаг. Дээрх бүс нутгуудаас өнгөрсөн хугацаанд хэчнээн тонн түүхий нефть олборлосон нь тодорхойгүй. Харин жилд олборлох хэмжээг жишихийн тулд 2010 онд гэхэд л 300.0 мянган тонн түүхий нефть олборлож үүнээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын талд 75.0 мянган тонн ногдсон гэсэн баримт байна. Үүнийг нэг их биш хэмээн албаныхан чамладаг. Тэд хөмсөг зангидаж, чухал царайлж байгаад ингэж мэдэмхийрдэг болохоор газрын тосны хэрэглээндээ гаднаас гар тосохоос өөр зам алга юм байна гэсэн ойлголт суугаад байдаг. Харин чамлахаар чанга атга гэдэг үгийг тэдэнд дахин сануулах нь зөв байх.

Өөрийн гэсэн газрын тостой болох мөрөөдөлд эхлэн тулгардаг нэг “БОЛОХГҮЙ” нь энэ.

Одоо тэгвэл гарц хаана байна. Нэг боломжит хувилбар нь нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох явдал. Ялгаагүй түүхий нефтийн хувьд бас л хараат шуу дээ гэж дал мөрөө хавчигсад эрх мэдэлтнүүдийн дунд цөөн бус бий. Гэвч асуудалд өөдрөг үзлээр хандах хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшлийнхэн чадна. Харамсалтай нь төр засгаас тэднийг дэмжихдээ дэндүү хойрго талдаа. Тодорхой хувийг нь төр эзэмшинэ гэж мугуйдална, элдэв нөхцөл болзлоор нээнтэглэнэ. Хамгийн чухал нь гүйх нохойд гүйхгүй нохой саад хийж болохгүй шүү дээ. Өмнөх Засгийн үед ЭБЭХ-ний яаманд хандаж нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар долоон компани саналаа ирүүлсэн байдаг. Тухайлбал “Монгол Сэкию”, “Хэт”, “Сүмбэр ойл” “Сод Монгол” гэхчлэн. Тэдгээрээс “Монгол Сэкию” компани гэхэд жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийг Дарханд байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлээ ирүүлсэн байна. Энэ бол дотоодын нийт хэрэглээг хангах хэмжээний хүчин чадал юм. Ийм үйлдвэрийг байгуулахад 600 сая ам.доллар хэрэгтэй байдаг аж. Түүнчлэн “Хэт” компани 100-500 мянган тоннын хүчин чадалтай дунд хэмжээний үйлдвэрийн санал ирүүлсэн байх жишээний. Энэ долоон компаниас тавынх нь санал тухайн үед дэмжигдэж байсан ч тэгсхийгээд мартагдсан. Хожим сонсохнээ “Хэт” мэтийн бэлээхэн бэлтэй чадалтай төслүүд дэмжигдээгүй орхигдсон байх юм билээ. Харин “Монгол Сэкию” Дарханд, “Сод Монгол” Сайншандад үйлдвэрийн шаваа тавьсан гэх мэдээлэл байдаг.

Уг нь урьд Засгийн үед ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүүгийн хэлж байснаар бол нефть боловсруулах эдгээр үйлдвэрүүд түрүүчээсээ энэ оны эцэс, ирэх оны эхээр ашиглалтад орохоор байсан билээ. Харамсалтай нь сураг ажиг алга. Мөрөөдөл мөддөө биелэхгүй янзтай. Монгол газрын тосны мөрөөдөл гацах хоёр дахь шалтгаан энэ байв.

Дашрамд тодотгоход анх яаман дээр дэмжигдэж байсан нефть боловсруулах таван үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын жилийн хэрэгцээт 1.5 сая тонн шатахууны 70 орчим хувь буюу нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж байсан юм.

Газрын тосны хэрэглээн дээр бусдын гар харахгүй байх гурав дахь бүр ч шилдэг хувилбар бас буй. Хэрэв энэ хувилбар жинхэнээсээ ажил хэрэг болбол дотоодынхоо хэрэгцээг байтугай хангаад гадагш нь илүүчлэх бүрэн боломжтой. Тэр нь хүрэн нүүрс болон шатдаг занараас газрын тосны бүтээгдэхүүн гарган авах технологи. Технологийн хувьд бол шинэ зүйл биш. Занараас бүр 100 жилийн тэртээ анх нефть гарган авч байсан бол, одоо Бразил, Хятад зэрэг улс хүрэн нүүрснээс нефть нэрэх бодлогыг түлхүү барьж байх жишээний. Монголд, ямар байхгүйн гачлан гэж байх биш. Шатдаг занарын 80 гаруй орд байдаг гэсэн мэдээ байна. Хүрэн нүүрс бол хөлөөр хөглөрч байдаг гэвэл хэтрүүлэг болмооргүй элбэг.

Уул уурхайн эдгээр түүхий эдээс нефть нэрэх судалгааг MCS болон МАК гэсэн үндэсний компаниуд хэдийнэ хийж эхэлжээ. Хүрэн нүүрсийг хийжүүлээд зарим хэсгээр нь уурын турбин хосолсон цахилгаан эрчим хүч гаргаж авахаас гадна нөгөө хэсгээр нь нефтийн бүтээгдэхүүн гарган авч болно. Ер нь ийм аргаар үйлдвэрлэж буй эрчим хүч хийгээд нефтийн бүтээгдэхүүнийхээ орлогоор монголчууд 40-50 жил хангалуун сайхан амьдрах боломжтой гэсэн бодит тооцоо ч байдаг гэсэн. Ганцхан тодруулга хийхэд 2-3 тонн хүрэн нүүрснээс нэг тонн нефть гарган авах боломжтой гэж байна. Боломж бол байгаа биз. Харин шатдаг занарын тухайд бүрэн дүүрэн судалгаа хараахан алга гэнэ.

Иймэрхүү байдлаар гарган авсан нефть нь импортынхоос хавьгүй хямд үнэтэй байна гэсэн тооцоог ч мөн хийжээ. Манай улс эдүгээ АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронтой ойролцоо жижиглэнгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Гэсэн хэрнээ монголчуудын амьдралын түвшин, орлого зарлага нь хэд билээ дээ. Хамгийн ядуу хэрнээ хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг гэвэл хэрээс хэтэрсэн болохгүй байх. Эндээс харагдаж байгаа өөдрөг дүр зураг бол монгол¬чууд эрчим хүчний экспортлогч байх бүрэн боломжтой гэсэн гэсэн төсөөлөл. Хятад Өмнөд Солонгос, Япон гэхчлэн эрчим хүчний бэлээхэн том хэрэглэгчид хаяа дэрлэн оршиж байна. Энэ бол бидний бас нэг давуу тал болно.

Эцэст нь “Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн сануулгыг дахин давтмаар байна. Боломж, бололцоо аль аль нь бидний гарт байна. Ийм бэлээхэн боломжоо ашиглаж чадахгүй бусдын гар харна гэдэг бол “загасчны морь усгүй” гэдэгтэй утга нэг бууж байна. Монголчуудын хар алтны эрин эхлэх цаг хол биш, ойр байгаасай.

П.Булган

Эх сурвалж: Өдрийн шуудан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 15, 2012 4:47:49 pm )

    эрх чөлөөг мэдрэе гэвэл ямарч үнээр хамаагүй өөрийг невьфт болвсруулдаг үйлдвэртэй бол

  • Anonymous (December 17, 2012 7:42:52 pm )

    íåôòü ¿éëâýðëýæ ÷àäâàë ñàéí ë áíà

antalya rent a car