-С.БАЯРЫН НӨМӨР НӨӨЛГӨНД ТЭР АЛЬ ХЭДИЙНЭ ОРОСУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН-
“Жаст групп” Олон овоотын лицензийг ямар замаар авсан бэ. Үүнээс улбаалан “Зоос” банк хэрхэн дампуурах болсон зэрэг асуудлууд энэ намрын гол сенсааци болж байна. “Жаст групп” хэд хэдэн шалтгаанаар “Зоос” банкны дампууралд буруутай хэмээн УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үзэж “Хөрөнгө луйвардах гэмт хэрэг” хэмээн дүгнэсэн нь бий. Энэ дүгнэлтийг тус группын захирал Ш.Батхүү үгүйсгэж, телевизээр мэдээлэл хийсэн ч түүний хууль бус үйлдлүүдийн талаар ярих хүн олон байна. Тэдний нэг нь “Монгол шуудан” банкны хувь нийлүүлэгчдийн нэг П.Цэцэгээ. Түүнтэй ярилцлаа.
-“Жаст групп”-ын захирал Ш.Батхүүг хууль бус ямар үйлдэл гаргасан гэж үзэж байгаа юм бэ?
-Нэгдүгээрт “Монгол шуудан” банкны таван гол хувь нийлүүлэгчтэй хувьцаа худалдан авах гэрээг “Жаст групп” 2009 оны есдүгээр сарын 27-нд хийсэн байдаг. Нийтдээ найман тэрбум төгрөгөөр хувьцаа худалдан авах гэрээ юм. Энэ гэрээнд гарын үсэг зурснаас нэг хоногийн дараа Д.Оюунжаргал гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн.
-Д.Оюунжаргал гэдэг чинь хаана ямар ажил эрхэлдэг хүн билээ?
-Энэ хүн тухайн үед “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тус банкны ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Д.Зоригтын төрсөн дүү. Уг нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийхэд банкны хувь нийлүүлэгчидтэйгээ худлаа ч гэсэн хуралдаж хамтран шийдэх ёстой. Учир нь бид энэ банкийг байгуулагдахаас эхлээд 17 жилийн турш хамт байж, босголцсон. Энэ утгаараа сайн мууг нь гадарлах хүмүүс. Гэвч хууль бусаар дээрх гэрээг бидэнд мэдэгдэлгүй хийсэн. Эндээс л “Жаст групп”-ынхны “Монгол шуудан” банкийг “Хадгаламж” банктай нэгтгэх хор найрагдаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Жаст групп”-ын Ш.Батхүү хоёр бол улс төрийн хоёр намыг нийлүүлээд МАНАН гэдэг шиг л болсон хүмүүс. Д.Зоригтын банкаар гараа угаасан хамаг булай луйврыг далдалж Ш.Батхүү хууль бусаар хувьцаа худалдан авах гэрээ хийж банкийг нь авчихаж байгаа юм.
Ингэснээрээ “Жаст”-ын Ш.Батхүү Д.Зоригтын хамаг муу луйврыг далдалж угааж байна гэсэн үг. Гэрээ хийснийхээ дараа “Хадгаламж” банк, “Монгол шуудан” банк хоёр нэгдлээ” гээд хэвлэлд гарсныг санаж байгаа байх. Хоёр банк нэгдэхийг Монголбанк зөвшөөрөөгүй. Гэсэн ч “Монгол шуудан” банкийг хүч хэрэглэж “Жаст” авсан. Хоёр банк нэгдэх нэрийн дор актив, пассив хөрөнгүүдийг нь “Хадгаламж” банк авчихсан. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа юм. Банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг зүгээр нэг компани орж ирээд хийчихдэг асуудал биш байхгүй юу.
-Тэгэхээр “Жаст групп” хууль бус ямар ажил хийсэн юм бэ?
-Жаст “Хадгаламж” банкийг 2009 онд худалдаж авсан. Ингэхдээ менежментийн гэрээгээр авсан гэж байгаа. Ямар ч тендер зарлаагүй атлаа банкны салбарт ажиллах туршлагагүй ийм компанид “Хадгаламж” банкийг менежментийн гэрээгээр өгсөн байгаа юм.
2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин манай улсад айлчлах үеэр ОХУ-ын Засгийн газраас манайд хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ мөнгийг “Хадгаламж” банкинд байршуулсан. Тэгэхэд тус банк аль хэдийнэ Ш.Батхүүгийнх болчихсон байв.
-Хэдий хэмжээний хөнгөлөлттэй зээл байсан юм бэ?
-Тухайн үед хэвлэлээр бичигдэж байсан. Одоо яг хэд байсныг нь би сайн санахгүй байна. Засгийн газрын хэлэлцээрээр олгосон зээлийг яагаад ганцхан банкинд байршуулж байгаа юм бэ. Энэ зээлийн хүүг хэн төлж байгаа юм. Зээлийг Монгол Улсын хөгжилд л зарцуулах ёстой. Тэр тусмаа газар тариалан хөгжүүлэх чиглэлийн ажилд зарцуулах нөхцөлтэй байсан.
“Хадгаламж” банк “ЭМ-DU секьюритиз компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Энэ компани нь гадаадын буюу Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Ийм байтал “Жаст групп” “Хадгаламж” банкийг 100 хувийн үндэсний банк гээд зарлаад байдаг. Бодит байдал дээр асуудал ийм хол зөрүүтэй байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ компани гадаадын буюу Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэж бичигдсэн байгаа. Энэ компани “Хадгаламж” банкинд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
-“Жаст групп” тэгэхээр оросуудын төлөө ажилладаг компани гэж хэлж, байгаа хэрэг үү?
-Энэ бол тодорхой зүйл шүү дээ. Ш.Батхүү аль хэдийн оросуудын халаасанд орчихсон хүн. Энэ хүн Олон овоотыг өөрийн болгох гэж улайрч “Голдман сакс” банкны барьцаанд байсан энэ уурхайн лицензийг Ашигт малтмалын газраас шинээр гаргуулан авсан. Лиценз барьцаалагдаж байсан банкуудыг өөрийн болгох гэж ямар зоригтой алхам хийж байна вэ. Зоригтой алхам гэхээсээ илүүтэй луйвар. Ийм луйврыг энэ хүн ганцаараа хийх үү, үгүй. Түүнийг хаацайлдаг дэмждэг хүн байна.
-Тэр хүн хэн бэ?
-Ерөнхий сайд асан С.Баяр гэдгийг бүх л хүн мэдэж байгаа шүү дээ. С.Баярын нөмөр нөөлгөнд Ш.Батхүү аль хэдийнэ оросуудын гар хөл болсон. Тэгэхээр түүнд айх ичих зүйл алга. Дуртайгаа хийж байна. Алтны орд авахын төлөө бүхэл бүтэн банкийг дампууруулж, Засгийн газраас гаргасан 100 тэрбум бондыг нь авчихсан байна. Тэр нь Төрийн банкны данснаас хэний компани руу орсныг хөөгөөд үзвэл их зүйл гарна. Харамсалтай нь хуулийнхан энэ бүх луйвар нүдэн дээр нь байж байхад шалгаж, тогтоож чадахгүй байна. “Жаст групп” одоо булхайгаа далдлахын тулд өдөр тутмын хэвлэлд төлбөртэй ярилцлага өгөөд саяхан Олон овоотын уурхай руугаа сэтгүүлчдийг авч явсан байна. Мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэж бодож байгаа бололтой. Ийм л эрүүл бус бизнесмэнүүд олширвол нийгэм доройтно. Хууль бус зүйл хийснийхээ төлөө мэдэгдэл гаргаад “Би буруугүй гээд суух” зориг, ичих булчирхай тэр хүнд байна гэдэг хамгийн харамсалтай. Анх Олон овоотыг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр тэр хоёр хамтран “Олон овоот гоулд” гэсэн компани байгуулж 50:50 хувиар эзэмшиж байсан. Энэ үедээ тэд банкинд лиценз барьцаалаад тэрбум тэрбумаар нь авсан. Энэ хоёр хүн хоёулаа хариуцлага үүрэх ёстой.
-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. “Жаст групп” “Монгол шуудан” банкийг авах шалтгаан нь юу байсан юм бэ?
-Олон овоотын лицензийг барьцаалж зээл өгсөн банкуудын нэг нь “Монгол шуудан”. Хэдий хэмжээний зээл авсан нь нууцлагдмал байдаг. Бидний олж мэдсэнээр 1.2 тэрбумын зээл гэж сонсож байсан. “Жаст групп”-ын Ш.Батхүү өөрөө банкны салбарт 23.5 тэрбум Төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй хүн. Тэр зээлтэй байгаа банкуудыг өөрийн болгож зээлээ дарах гэсэн л хүн.
Ер нь банкны санхүүгийн байдал муудлаа л гэдэг. Яагаад мууддаг юм бэ. Олигархиудаас болж мууддаг. Тэд барьцаа хөрөнгөтэй зээл хүсээд ирдэг. Тэгэхээр нь банк зээлдэг. Гэвч зээлээ хугацаанд нь төлдөггүй. Жишээлбэл таван жилийн өмнө авсан арван тэрбум төгрөг таван жилийн дараа төлөх төгрөг хоёр шал өөр шүү дээ. Нэгдүгээрт нь цаг хугацаагаар хожно. Хоёрдугаарт олон жилээр төлөхгүй явж байгаад төлөхөөр “зээлээ төлсөн байна” л гэж гардаг. Үнэн хэрэгтээ энэ хооронд банк нь санхүүгийн асуудалд ордог. Ийм нөхцөлд хэн нэгэн олигархи нь банк дампуурлаа гэж хэлээд нөгөөх нь авдаг. Уг нь бол тухайн банк барьцаа хөрөнгөө борлуулаад сэргэх боломжтой.
-Тэгээд Ш.Батхүүгийн эцсийн зорилго юу юм бэ?
-Олон овоотын лиценз “Анод”, “Зоос”,”Монгол шуудан” банкуудад барьцаалагдсан. Иймд Олон овоотыг барьцаалсан банкуудыг авч тус уурхайг чөлөөлж өөрийн болгох гэсэн Ш.Батхүүгийн зорилго тодорхой байгаа биз дээ.
-Олон овоот тэгэхээр олон тонн алтны нөөцтэй болж таарч байгаа юм биш үү. Уг нь 100 тонн гэж байсан. Гэтэл өдөр тутмын нэгэн сонин Эрдэс баялгийн нөөцийн санд 18.5 тоннын нөөцтэй гэсэн байх юм?
-Эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэгдсэн энэ тоо нөөцийг бүрэн тогтоогоогүй нь тодорхой. Дахиж хайгуул, өрөмдлөг хийхээр юу болох вэ. Энэ бол зөвхөн цаасан дээр харагдах тоо. Банкуудыг нэгтгэж авах зохион байгуулалттай ийм зүйлийг Ш.Батхүү хийгээд байхад Монголбанк хяналт тавин ажиллаж чадахгүй байна. Улс төр бизнесмэнүүдийн хооронд тэр нь яах бол, энэ нь яах бол гэж Монголбанк савчаад байна шүү дээ.
-Монголбанкинд “Жаст групп” хүсэлт тавьж “Монгол шуудан” банкны актив, пассив хөрөнгийг шилжүүлж авъя” гэсэн хүсэлт тавьж байсан. Тэгээд яахаараа актив, пассив хөрөнгийг нь “Хадгаламж” руу шилжүүлчихдэг юм бэ?
– “Хадгаламж”, “Монгол шуудан” банк хоёрыг нэгтгэх зөвшөөрөл Монголбанкнаас өгөөгүй. Иймд бид шүүхэд хандсан. Мөн “Жаст групп”-ын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудлаар гомдол гаргасан. Гурван шатны шүүхээр хоёр удаа ялсан. Бидний гаргасан нэхэмжлэлийг “үндэслэлтэй байна” гэж шүүх баталгаажуулсан. Мөн банк нэгдэх процесс хууль бус гэдгийг ч тогтоож өгсөн.
Түүний өрийн судалгаа
Г.ЯЛГУУН
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 25, 2011 5:06:16 pm )
Muusain luiwarchid. Hadgalamj bank genet l tomrood l buun HAAN-aas huugdsun yunmuud udirdlagad ni orchihson tomrood bsan yum aa. Ingej l ard tumniig luiwardaj bsan bn shuu dee. Shuuhdeed shoron luu luiwarchdyig yawuultsgaaya
-
Anonymous (October 25, 2011 9:40:29 pm )
heden bankig dampuuruulaad zabshdag uasan oboo gar be,ih urt gartai hun bna daa ,buleglel baij taarna,ene ulcad jini tur,huuli,huchnii baiguullaguud bgaa bailgui dee nudee boolgoson um shig bna gej ulc ih oron muhuhiin dohio doo haramsmaad um.Bathuu gej ene hunii shunal uu,ard ni bgaa aimaar hubalznuudin shunal uu,hed naslana gej ingej amidardag bna aa.UIHIn gishuun nuhur ZORIG t ta ard tumniig tuluulun ih hurald suuj bgaa baij bucdig iim hertsgiigeer luibardaj bna aa.Ih l hurungutei hun gesen uaj olj absan um bol doo,olj hurimtluulsan zam ni todorhoi um bna aa,burhan neg udur shuune dee,amid abahin jargalaas erlegt ojood shuulgeh jini hamgiin ih tom jargal jini baih bolno doo,bankhi hubitsaa ezemshigjdiin mingiig gargaj uguh heregtei dee gantsaaraa ih tsadah ih ocoltoi doo.
2 Comments