Монголын төр С.Зориггүй 14 жил буюу 5110 хоногийг үдлээ. Жил жилийн энэ л өдөр түүнийг санан дурсдаг. Түүнийг бусдын гарт амь үрэгдсэн тэр өдрөөс хойш эхлэн улс төрчид хувь хувьдаа мэдэгдэл хийж буруутныг эрэлхийлж байлаа. Тэр дундаа АН-ынхан УИХ, Засгийн газарт цөөнх байхдаа алуурчныг өөрсдөөсөө биш бусдаас эрж, үүнийгээ улстөржүүлэн ярьж байв.
Үүний нэг тод жишээ Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн цахим хаягтаа “”С.Зоригийг алагдсаны маргааш өглөө Төв шуудангийн өмнөх намынхаа байранд очиход хэдийнэ уур хилэндээ шатсан 2000 орчим хүн, замын уулзварыг битүү бүрхэн цуглачихаад байж ядаж байлаа. Хүмүүс “Хувьсгалт нам Зоригийг маань алсан, Багабанди алсан, Хувьсгалт намын цагаан байр руу дайръя” гэх зэргээр хашгиралдаж байв. Хажууд минь зогссон зарим хүн “Үүл ээ, одоо Хувьсгалт намыг зүйл дуусгадаг цаг, олон түмнийг дагуулаад дайраач” хэмээн чихэнд шивнэлдэж байлаа. Хилэгнэсэн олон түмний үйл хөдлөл надаас шалтгаалж, тэд миний командыг хүлээж байлаа. Тэгэхэд би олон түмэнд хандаж “Бид, энэ аймшигт хэргийг үйлдсэн эзэн олдоогүй байхад нийтийн хүчирхийллийг гааруулах юм бол гэмт этгээдэд бүр таатай юм болж, түүнийг олж чадахгүйд хүрнэ” гэж хэлээд тайван байхыг уриалсан юм. Цугласан олон ч миний санааг ойлгон хүлээж аваад зугуухан тарцгаасан билээ.
Хэрэв би “Тэгье, дайръя” гэж хэлсэн бол Хувьсгалт намын цагаан байр тэр үед шатах байсан биз ээ” хэмээн бичиж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монголын цагдаа, шүүх, тагнуулын байгууллагын ур чадвар, үйл ажиллагааны бодит үнэлэмжийг харуулах ажил бол яах аргагүй С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг илрүүлэх. Хэрэг илрэхгүй удах тусам манай хууль хүчний байгууллагуудын ур чадвар дутмаг, ажиллаж чадахгүй байна, эсвэл аль нэг улс төрийн хүчний захиалга, даалгаврын нөлөөнд байдаг гэж хардахаас аргагүй” хэмээн ярьж байсан нь цагаан цааснаа дурайж байна. Тэгвэл өнөөдөр АН-ынхан засаг барилаа. Одоо тэдэнд хардаж сэрдээд байсан нөхдөө барьж аваад шалгаж гэм буруутай эсэхийг нь тогтоох боломж дүүрэн байна. Харин тэдэнд ингэх зориг зүрх бий болов уу. Эсвэл цөөнх үедээ ард түмний итгэл, сэтгэлээр тоглох шоу нь байсан юм уу.
Хүн амины хэрэг илрүүлэлтээрээ дэлхийн түвшинд хүрсэн гэгддэг манай цагдаа энэ хэргийн талаар өдгөө хүртэл ямар ч сэжүүр гаргаж чадахгүй байгааг эх сурвалжууд баталдаг. Монголын ардчиллын бэлгэ тэмдэг болсон энэ эрхмийг алсан, алахыг захиалсан этгээдүүд бидний дунд хөл нийлүүлэн алхаж яваа. Хэрэг хэзээ шувтрахыг хэн ч мэдэхгүй. Ажлын хэсгийнхэн сэжигтэй гэсэн хэд, хэдэн хүнийг барьж, асууж шалгаасан ч ямар ч ахиц гарахгүй байгааг учир мэдэх нэгэн өгүүлж байна. Олон улсын парламентын хурал энэ хэргийн талаар жил болгон хэлэлцдэг бол манайд харин дурсах шахуу юм болоод өнгөрдөг нь нууц биш. С.Зориг бол ардчиллын бэлгэ тэмдэг. Харин ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсон энэ үед илрүүлэхэд бүх талаас нь туслалцаа үзүүлэх байх гэсэн найдлагыг олон хүн өгч байгаа. Итгэл найдвар биелэгдэх эсэх нь оньсого хэвээр. Хэрэв хэрэг шуударвал манай улсын нэр хүнд дэлхийн тавцнаа “торойх” боломж олдоно.
Нөгөө талаас алуурчдыг олохгүй байгаа нь цагдаагийн муугийнх биш, харин түүний үхэл “бүгд”-ийн эрх ашигт нийцээд байгаад учир оршино. “Бүгд” гэдэгт эрх мэдэлд хүрч амжсан эсвэл ашиг сонирхол нь С.Зоригийн үзэл баримтлалтай харшилдаж байсан зарим хүний тухай өгүүлэх юм. Түүний хэргийг илрүүлэхийг хүсэхгүй хэн нэгэн та бидний дунд байж болно. Гэхдээ хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Муу санаа эзнээ отдог учраас үйлийн үрээр түүний аминд хүрсэн, хүрэхийг захиалсан хэн бүхэн шангаа хүртэж л таарна. Харин тэр хугацаа хол уу, ойр уу гэдэг тодорхойгүй. Олон нийтийн итгэл найдвар мөхөж буй энэ үед АН-ынхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээрээ дамжуулан хууль хүчний байгууллагыг хүч хавсарган хөдөлгөж хэргийг илрүүлэх боломж байна. Хэргийн талаарх таавар, баримт нь үл мэдэгдэх зүйл ярьж, бичиж явсан Э.Бат-Үүл, Шаабар буюу Ш.Батбаяр нар өөрт байгаа баримтаа дэлгэж хэргийг нэг тийш болгох нь АН тэргүүлж буй энэ цаг хугацаа. Гэхдээ АН-ынхан хэргийг илрүүлэхэд хүчин зүтгэнэ гэж итгэхэд бэрх. Эргэлзээ ч их байна. Ингээд С.Зоригийг хөнөөсөн алуурчны мөрөөр ажиллаж байсан цагдаагийн албан тушаалтнууд алба буурч, зарим улс төрч албан тушаал ахьсан тухай өгүүлье.
ХЭРГИЙГ МӨРДСӨН, СЭЖИГЛЭГДСЭН НӨХӨД ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ
-С.Зоригийн гэрт малгайгаа орхин гарсанаараа сэжигтэн болж хэсэг хугацаанд хоригдоод гарсан Э.Бат-Үүл өнөөдөр Улаанбаатар хотын захирагч боллоо.
-Цагдаагийн хурандаа Н.Ганболд хэрэг гарах үед Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Хэрэг илрүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах ажилд гар бие оролцож байсан хүний нэг. Гэвч түүнийг хэргийн газар 200 гаруй хүн оруулж нотлох баримтыг тарамдуулах ажлыг гүйцэтгэсэн гэх шүүмжлэл бий. Түүнийг өдгөө Авлигатай тэмцэх газрын даргын албанд дэвшүүлэн ажиллуулж байна.
-ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболдыг 1998, 2001, 2008 онд гурван удаа албан тушаалаас нь халж, 2001-2006 онд Бээжинд суулгаж байгаад буцаж ирэхэд нь Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилсон. Одоо 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ял эдэлж байна
-Бригадын генерал А.Дулаанжаргалыг ЦЕГ-ын харьяа ЭЦГ-ын даргын ажлаас 1999 онд халж Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллуулж байсан. Харин ЦЕГ-ын дарга болох магадлалтай байхад нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрчилж, БНСУ-д консулын газрын даргаар томилсон.
-Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан мөрдөгч цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээ агсныг 1998 онд албанаас нь хүчээр өөрчилж, ИБМУТ-д тасгийн даргаар томилсныг тэр зөвшөөрөөгүй. Тэгээд арга буюу улсын прокурорын газарт ажиллаж байгаад 2005 онд зуурдаар амиа алдсан юм.
-Цагдаагийн хурандаа З.Төрмандах ЭЦГ-ын орлогч дарга, ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байхад нь 2001 онд албанаас өөрчилж, Цагдаагийн академид тэнхимийн эрхлэгчээр томилж, улмаар 2010 онд 45 насанд нь тэтгэвэрт гаргасан байна. Мөн АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Д.Сундуйсүрэн албан тушаалын хэргээр Ч.Сангарагчаатай хамт ял сонссон нь тухайн үед НЦГ-ын дэд дарга, ажлын хэсэгт ажиллаж байсантай холбоотой гэх хардлага бий.
-Хошууч генерал М.Ганболд дээрх ноцтой хэрэг үйлдэгдэх үед ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2001 оноос Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 оноос ЦЕГ-ын даргаар томилогдон ажилласан юм. Гэтэл тодорхой шалтгаангүйгээр 2008 онд түүнийг албан тушаалаас нь өөрчлөөд, эргэж цагдаагийн байгууллагад оруулахгүй өнөөг хүрэв.
– Хэрэг илрүүлэх ажлын амин судсыг барьж байсан тэр үеийн ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг 1999 оны арваннэгдүгээр сард ажлаас нь халсан. Тэр цагаас хойш түүнийг цагдаад ойртуулаагүй. Тэр ч бүү хэл, түүнийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын албанаас буулгасан нь улс төрийн өөр зорилго байхыг үгүйсгэмгүй юм.
-Гэмт хэрэг илрүүлэх ажлын асар их туршлагатай, нэгэн үед Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа М.Ганхүүг ШШГЕГ-т шилжүүлсэн.
-Ажлын хэсэгт чухал үүрэг гүйцэтгэж байсан ЭЦГ-ын дэд дарга Л.Батбаяр, хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Д.Базаргүр нар ажлын хэсэгт жил гаруй ажиллаад учир битүүлэг байдлаар ажлаасаа халагдсан. Тэр цагаас хойш тэд энгийн ард болж, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж буй сурагтай.
-Тэр үеийн УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, гавьяат хуульч, хурандаа С.Дамдин нарыг хол ойрын элдэв дарамт шахалтад оруулж байгаад тэтгэвэрт нь гаргасан гэж учир мэдэх хүмүүс нь ярьдаг. Д.Алтангэрэл нь өдгөө нэгэн хувийн сургууль байгуулаад захирлаар нь ажиллаж байна. Түүнээс хэргийн талаар асуухад “Би ажлаасаа чөлөөлөгдсөн хүн. Элдэв юм яривал өөрөө хэрэгт орно” хэмээн нэг ч үг цухуйлгахаас эмээж буй. Өдгөө С.Зоригийн хэргийг мөрдөх Ажлын хэсэг ганцхан ЭЦГ-т бий. Харин ТЕГ дахь Ажлын хэсгийг татан буулгаад багагүй хугацаа өнгөрч байна.
ХЭДЭН ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БОЛ…
Аллага гарснаас хойш 2000 оныг дуустал нийтдээ 12 хүнийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр их, бага хэмжээгээр сэжиглэж Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулж байсан гэдэг. Тухайлбал, н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар, “ард” Батсүх, Францаас хулгайлан авчирсэн Д.Энхбат гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэдний дунд УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авилга авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Бат-чулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн. Мөн улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдэл хийж байв. Бас одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай.
НОТЛОХ БАРИМТУУД АЛГА БОЛОВ
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд яах аргагүй далд гар саад болоод байгаа мэт. Үүний нотолгоо нь хэргийн нотлох баримтууд ар араасаа алга болж байсан явдал юм. Ийм өндөр авсан, нийгэмд тийм их хүлээлт үүсгэсэн хэргийн нотлох баримт ар араасаа зүгээр ч нэг алга болохгүй нь тодорхой. Ингэхэд ямар ямар баримтууд алга болов.
1.Парапсихологийн шинжилгээ
-Энэ нь талийгаачийн нүдэнд хамгийн сүүлд үлдсэн дүрс бичлэг юм. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний үед алдагдсан гэдэг.
2.Хэргийн газрын хурууны хээ
-Хэдийгээр “Ардчилсан холбоо” эвслийн нөхдүүд ороод хэргийг баллуурдчихсан гэдэг ч цагдаа нар хэрэгтнийг тогтоох гарын хээг олсон гэдэг юм билээ. Энэхүү гарын хээг тухайн үеийн 18 аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэгтнийг эрэн сурвалжлуулахаар илгээсэн ч тус нотлох баримт аймгуудын Цагдаагийн хэлтсээс нэгэн зэрэг алга болсон.
3.Хавтаст хэргийн гол баримтууд
-УМБГ-ын дарга Д.Алтангэрэлийн ахалсан ажлын хэсгийн үед хавтаст хэргээс чухал баримт бичгүүд алга болсон талаар шуугисан. Энэ талаар цагдаагийн байгууллагын удирдлагууд үгүйсгээд л өнгөрөөсөн. Энэ тухай Д.Алтангэрэл даргаас асуусан ч “Энд андуурал гарсан байсан. Ажлын хэсгийнхэн хавтаст хэргийг дугаараар нь биш наана цаана холиод үдчихсэн байсан” хэмээн хариулж байв.
4.ТЕГ-аас хүртэл баримт алдагдав
-Хавтаст хэрэг ТЕГ-т шилжээд удаагүй байтал хавтаст хэргээс чухал баримтууд дахин алга болсон гэсэн чимээ ард иргэдийн дунд тархсан. Хэргийн дагуу шалгаж үзээд ТЕГ-ын тусгай архивын дарга асан, дэд хурандаа Д.Тод гэртээ нуусан байсныг илрүүлж байжээ. Ийнхүү “Ардчиллын алтан хараацай” С.Зориг агсныг хөнөөсөн этгээдийг 5110 дахь хоног дээрээ хайж байна. Гэвч даравч дардайх, булавч бултайх үнэн гэж бий. Энэ хэргийн ээдрээ тайлагдана гэж монголчууд 14 жил хүлээлээ. Дахиад хэдэн жил хүлээх юм бол.
Д.Болормаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 02, 2012 11:03:17 am )
elbegee terguutnii hiisen ajil gedeg ni todorhoi shdee
-
Anonymous (October 02, 2012 11:11:01 am )
АН ын цэвэр асуудал шүү дэ одоо ч гаргахгүй л дэ
-
Anonymous (October 02, 2012 12:36:01 pm )
Umhii geed hoshnogoo uhaad haychihsan hun ta nar haana harsan yum be??????????????????
-
Anonymous (October 02, 2012 12:47:05 pm )
odoo ene nohoduud l medne
-
Anonymous (October 02, 2012 4:22:10 pm )
ХЭРГИЙН ЭЗНИЙГ ОЛЖ БАЙСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ,ЯАГААД БОЛЬЧИХВОО,МАЛГАЙН ЭЗЭН ХЭН БЭ?
-
Anonymous (October 02, 2012 5:51:38 pm )
ЭЛБЭГЭЭ, БААТАР БАТҮҮЛ НАР БАЙХАД ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙХАА ДАА
-
Anonymous (October 02, 2012 5:52:42 pm )
ЭЛБЭГЭЭ, БААТАР БАТҮҮЛ НАР БАЙХАД ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙХАА ДАА!!!
8 Comments