Хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэг энэ сарын 25-нд Сүхбаатар дүүргийн X хороонд гарчээ. Тодруулбал, тус дүүргийн X хороонд байрлах гуравдугаар байранд оршин суух 36 настай эрэгтэй Э-г урьд нь тус хороонд оршин суудаг байсан 24 настай С.Батбаяр гэр рүүгээ орж явахад нь цээжин тус газар хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Улмаар С.Батбаяр нь хэргийн газраас зугатаасан аж. Энэ хүн амины хэрэг 22.00 цагийн үед гарсан бөгөөд Шуурхай удирдлагын төвийн 102, 103 дугаарт утсанд хэргийн талаарх мэдээллийг иргэд өгсөн байна. Мэдээллийн дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн хоёрдугаар хэлтсийн нэгдүгээр тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Ганбаатар, цагдаагийн ахмад Б.Энхтамир нар шуурхай ажиллаж хэргийн газраас оргон зайлсан сэжигтнийг барьж тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн аж.
Улмаар хүний амь насыг санаатай хөнөөгөөд хэргийн газраас оргон зайлсан сэжигтнийг хэрхэн эрэн сурвалжилж барьсаныг тодруулахаар эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Ганбаатар, цагдаагийн ахмад Б.Энхтамир нартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ хэргийн дуудлагыг хэдэн цагт хүлээн авсан бэ. Хэргийн газар дээр очиход нөхцөл байдал ямар байв?
-Сүхбаатар дүүргийн иргэн Э оршин суудаг орон сууцныхаа орцонд хутгалуулсан дуудлагыг 22.33 минутанд хүлээн аваад хэргийн газар дээр шуурхай очсон. Тэгэхэд хохирогч Э цээжиндээ хутгалуулсан байдалтай гэртээ орсон байсан. Харин сэжигтэн нь хэргийн газраас зугатаасан. Хэрэг үйлдэгдсэн газарт их хэмжээний цус тогтсон байсан.
-Хохирогчийн гэрт хэрэг гарах үед хэн байсан бэ?
-Өндөр настай аав ээж нь л байсан. Өөр хүн харагдаагүй.
-Хэргийг хаанаас ямар үзүүрээс эхлэн шалгаж эхэлсэн бэ?
-Бид ойр орчмын айлуудаас хэргийн талаар асууж тодруулсан. Тэгэхэд сэжигтэн С.Батбаяр нь өөрийн танил Ш-ын гэрээс согтуудаа хутга аван гараад Э-гийн хойноос хөөж гэртээ орохоос нь өмнө хутгалсан гэдгийг Ш-ээс олж мэдсэн.
-Сэжигтэн С.Батбаяр болон гэрч Ш хоёр нь бие биенийгээ таньдаг байсан юм болов уу?
-Энэ хэргийн гэрч Ш болон хохирогч Э, сэжигтэн С.Батбаяр нар нь нэг байрны оршин суугчид тул бие биенийгээ мэддэг байж. Гэхдээ Сэжигтэн С.Батбаяр нь өөр байр руу нүүсэн байна. Тэгээд хуучин танилуудтайгаа уулзсан аж. Мөн тэд уулзаад Ш-ын гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн аж. Ингэхдээ хоорондоо маргалдаж нэгнийхээ аминд хүрчээ.
-Яг юунаас болж муудалцсан юм бол?
-Сэжигтэн С.Батбаярын авч явсан газыг хохирогч Э “Хуурамч. Муу газ байна” гэж хэлсний төлөө С.Батбаяр ундууцаж “Ална” хэмээн занаж байсан гэсэн. Удалгүй хохирогч Э гэр рүүгээ явахаар гарсны дараа удалгүй С.Батбаяр Ш-ын гэрээс хутга аван гүйн гарч Э-г хутгалсан байна.
-Сэжигтэн С.Батбаярыг хаана нуугдаж байхад нь олж илрүүлсэн бэ?
-Сэжигтэн С.Батбаярын шинэ гэрийн хаягийг тэр хавийн оршин суугчид мэдэхгүй байсан. Тиймээс түүнийг хараад таних гэрч Ш-ыг дагуулан ойр орчмоор хайсан. Мөн Ш-ын хэлснээр очих магадлалтай С.Батбаярын найз А-ын гэр рүү явсан. Тэгэхэд А-ын гэрийн үүдэнд сэжигтэн С.Батбаяр хоёр залуутай муудалцаад зогсч байсан юм. Тэгээд гэрч Ш түүнийг олж хараад бидэнд зааж өгснөөр С.Батбаярыг баривчилсан.
-Энэ үед С.Батбаяр зугатаахыг завдсан уу?
-Зугатаахыг завдаж эсэргүүцсэн ч бид түүнийг саатуулж баривчилсан.
-Та нарыг баривчлах үед сэжигтэн С.Батбаяр таньдаг хүнийхээ аминд хүртлээ согтолтын байдалтай байсан юм уу?
-Тийм ч их согтолттой байгаагүй. Сэжигтэн С.Батбаяр эдгэшгүй өвчтэй аж. Тэгээд л хэн нэгэнтэй маргалдаж муудалцвал “Чамайг ална. Хууль байгаад ч надад үйлчилж чадахгүй. Би удахгүй үхэх хүн” гэж бусдыг айлган сүрдүүлдэг байсан байна. Улмаар ийнхүү хүний аминд хүрсэн байгаа юм.
-Хэрэг үйлдэхдээ согтуу байж. Хэргээ хүлээх болов уу?
-Сүүлд ирсэн мэдээллээр С.Батбаяр нь хүний амь насыг санаатай бүрэлгэснээ хүлээсэн гэсэн.
Л.ХИШИГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 27, 2012 9:13:31 am )
Aztai 2 baagii tsol nemeh n dee
-
Anonymous (September 27, 2012 9:25:43 am )
sh helsen sh zaaj ugsun gd l baihiin medeelel ugch bgaa hvniig ingej hamaagvi zarlaad bh ym bl hergiin gerech blh hvn oldohuu
-
Anonymous (September 27, 2012 10:32:34 am )
TSOL NEMNE NEMNE YALTCHGUI
3 Comments