
Х-Түц хамтлагаас гарсны дараа багагүй хэл ам, шүүмжлэлд өртсөн жүжигчин Батааг уран бүтээл, амьдрал, үзэл бодлынх нь талаар ярилцахаар урилаа.
-Налгар сайхан зуны улирал ард үлдэж намар цаг хаяанд ирлээ. Сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Солонгосын дуучин PSY-ийн дуулсан “Gangnam Style” дуу хөгжмийн ертөнцийг болон интернетийг байлдан дагуулаад байна. Монгол хувилбарыг нь Мөрөөдлийн театрын залуус чадварлаг дуурайсан харагдсан?
-“Амьдрал өөрөө бэлэг” тоглолтынхоо рекламыг тэгж хийсэн юм. Өөр өөртөө тохирсон дүр дээрээ ажилласан. Цахим хуудаст тавигдсанаас нь хойш олон хүн үзэж эерэг сэтгэгдэлүүдийг үлдээсэн байна лээ. Уран бүтээлч хүнийг хамгийн ихээр цэнэглэдэг зүйл бол урмын үг, халуун алга ташилт шүү дээ.
-“Монгол ганган стайл”-ыг үзсэн. Та чинь мундаг бүжигчин юм байна. Нууц авьяас уу?
-Миний бүжиглэх гэж юу байхав дээ. / инээв / Зүгээр л элэглэл шүү дээ. Солонгос клипийг нь яг дуурайхыг хичээсэн. Бид их азтай. Манай Шагай тэр солонгос дуучинтай дэндүү адилхан байсан. Анх клипийг нь үзээд л дуурайя гэж шийдсэн. Бас цахилгаан шатанд бүжиглэж байгаа залуутай нь манай Батууш төстэй санагдсан. Эрхэмээ маань саунд байдаг бүдүүн залууг дуурайя гэж ярилцаж байгаад л хийцгээсэн юм. Тэр видео үзэгчдэд хүрч чадсанд нь сэтгэл хангалуун байгаа. Аливаа уран бүтээлийг хийхдээ чин сэтгэлээсээ хандаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгж чадвал амжилт дагуулна.
-“Мөрөөдлийн театрт” ороод багагүй хугацааг үдлээ. Шинэ хамт олон, шинэ уран бүтээл гээд л ажил ихтэй байх шиг. Анхны уран бүтээлүүд чинь үзэгчдээс өндөр үнэлэлтийг авч чадсан болов уу?
-Өнгөрсөн өвөл “Ээжийн дайсан” хэмээх бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино хийсэн. Миний хувьд” Мөрөөдлийн театрт” ороод ажилласан анхны уран бүтээл. Өөрөө гол дүрд нь тоглож ,мөн продюсер болон туслах найруулагчаар нь ажилласан. Ихээхэн хүч хөдөлмөр шаардсан уран бүтээл болсон. Нээлтээ хийснийхээ дараа багагүй хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж чадсан гэж бодож байгаа. Дараагаар нь СГЗ Ш.Гүрбазарын зохиол Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар “Хайртай бол эргэж хараарай” хэмээх оюутан залуучуудад зориулсан, хайр дурлалын сэдэвтэй, инээдмийн уянгын жүжгийг тавьсан. Шинэ хамтлаг, шинэ театр, шинэ тайз, шинэ үзэгчид гээд бүх зүйл шинэ байлаа. Тиймдээ ч залуу жүжигчид маань ч шинэ сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлж, шинийг мөрөөдөж, итгэл төгс, чин сэтгэлээсээ дүрээ бүтээж дотор нь амьдарч чадсан болохоор “Тусгаар тогтнолын ордонд” 20 гаруй хоног тоглогдохдоо үзэгчдээр дүүрэн байлаа.
АЯА ЭГЧИЙГ ҮЗЭГЧИД САНАСАН БАЙХ
-Солонгост болсон олон улсын театрын Азийн фестивальд оролцоод ирсэн гэж сонссон?
-Энэ фестивальд “Мөрөөдлийн театрынхан” бүрэлдэхүүнээрээ оролцсон. Хятад, Сингапур, Малайз, Вьетнам, Япон гээд дэлхийн өндөр хөгжилтэй орноос уран бүтээлчид оролцсон. Бидний хувьд эх орныхоо театрын урлагийг сурталчлах, мөн харилцан туршлага судлах, дэлхийн бусад орнуудын театрын урлагтай танилцах гээд маш том боломж олдсонд баяртай байгаа. Энэ дашрамд бидэнд гүүр болж тусалж дэмжиж байсан МУГЖ С.Сарантуяа эгчдээ баярласнаа илэрхийлье.
-Өндөр хөгжилтэй орнуудын театрын урлагтай харьцуулахад манайх ямар төвшинд хөгжиж байгаа юм шиг санагдсан бэ?
-Тухайн улс орны театрын хөгжил жүжигчидтэй нь шууд холбоотой байдаг. Манай драмын театрын хувьд олон сайхан авьяастай, чадварлаг уран бүтээлчидтэй. Тиймээс удахгүй дэлхийн тавцанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн фестивальд оролцож байх хугацаандаа Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулж “Хайртай бол эргэж хараарай” жүжгээ толилууллаа.
-Харьд суугаа монголчууд маань эх орон элгэн саднаа их санасан байдаг. Та бүхнийг халуун дотноор хүлээж авсан уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр халуун дулаан сэтгэлээр хүлээж авсан. Амьдралын эрхэнд харь оронд хөдөлмөрлөж, сурч боловсорч байгаа элэг нэгт ахан дүүсдээ багахан ч гэсэн сэтгэлийн дэм өгсөн байх гэж найдаж байна.
-Сүүлийн үед Мөрөөдлийн театрынхан хошин жүжиг тавихаар бэлтгэж байгаа гэж сонссон?
-Мөрөөдлийн театрын намар цагийн уран бүтээлийн нээлт ”Амьдрал өөрөө бэлэг” шоу драм болох юм. Хоёр өөр зохиолчтой, хоёр өөр зохиол, хоёр өөр найруулагчтай, тэгсэн мөртлөө инээдмийн. Энэ шоу тоглолтоос үзэгчид хоёр өөр ертөнцийг харах болно. Найруулагчаар нь УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар мөн кино найруулагч Миеэгомбо нар ажиллаж байгаа. Энэ сарын 20-ноос Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглож эхэлнэ.
-Хошин урлагийн ертөнцөд олон хамтлаг хүч үзэж байна. Танай тоглолт юугаараа давуу байх вэ. Үнэхээр тэднээс ялгарч чадах уу?
-Шинэ хамтлаг учир өөрсдийн өнгө төрх, онцлогийг тодорхойлох нь хамгийн чухал. Бидний хувьд “шоу драм” гэсэн урсгалыг бий болгосноо энэ удаагийн тоглолтоороо харуулна. Шоу гэхээр уншигчид маань ойлгож байгаа байх. Үзэгчдийг хөгжөөх, урлагийн бүх төрлийг багтаасан, дуутай бол дуутай, бүжигтэй бол бүжигтэй байдаг. Харин драм гэхээрээ тодорхой эхлэл, өрнөл, төгсгөл, тайлалтай байдаг. Энэ хоёр урсгалыг нэгтгэж уран бүтээл болгож чадсанд энэ удаагийн тоглолтын гол онцлог оршиж байгаа.
-“Амьдрал өөрөө бэлэг” шоу драмд жүжигчин Алтанцэцэг эгч урилгаар тоглож байгаа. Та бүхний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Бидний саналыг маш сайхнаар хүлээж авсан. Нэгэн үеийн хошин урлагийн өнгө төрхийг тодорхойлж явсан асар их авьяас, туршлагатай уран бүтээлч эгчтэйгээ нэг тайзан дээр тоглох гэж байгаа нь залуу жүжигчид бидний хувьд нэр төрийн хэрэг. Аяа эгч маань сүүлийн долоо, найман жил тайзан дээр гараагүй. Үзэгчид санасан байх.
-Та ер нь “Х ТҮЦ”- ээс яагаад гарчихсан юм бэ?
-Энэ талаар хэвлэлийнхэнд хангалттай ярьчихсан болохоор уншигчид мэдэж байгаа байх гэж бодож байна. Одоо яриад яахав дээ.
ӨӨРИЙГӨӨ ЖҮЖИГЧНЭЭС ӨӨРӨӨР ТӨСӨӨЛЖ ЧАДДАГГҮЙ ЮМ
-Уран бүтээлч хүний хувьд хамгийн аз жаргалтай бас хамгийн хэцүү үе хэзээ байдаг вэ?
-Амархан зүйл гэж байдаггүй. Шантрах үе гаралгүй л яахав. Гэхдээ шантарч, цуцсан сэтгэлээ даваад ялаад гарах нь л жинхэнэ уран бүтээлч хүний аз жаргал байдаг байх.
-Суваг солихоор л таны тоглосон рекламнууд. Ер нь сурталчилгааны санал их ирж байна уу?
-Яахав байна аа байна /инээв / Тэр болгонд богино хугацаанд тухайн албан байгууллагын онцлогийг гаргасан чанартай бүтээл хийгээд өгчих юмсан л гэж хичээдэг.
-Хамгийн анх бүтээсэн дүрийнхээ тухай яриач?
-Анх “Х-ТҮЦ” продакшнд ороод “Хориотой жүжиг”-ийн Дэмбээгийн дүрийг бүтээж байлаа. Тиймээс энэ дүрдээ хайртай. Харин киноноос мөн л “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Миний хөрш чөтгөр”-ийн Буджавын дүр.
-Урлаг гэдэг энэ том айлаас та юуг олж авсан гэж боддог вэ?
-Мэдээж их олон зүйлийг сурч авсан. Хамгийн түрүүнд хүн байхын утга учирт суралцсан гэж бодож байна. Өөрийгөө жүжигчнээс өөр мэргэжилтэйгээр одоо болтол төсөөлж чаддаггүй. Тэгтлээ урлагт татагдаж, хайртай болсон. Миний өдий зэрэгтэй ажиллаж, хийж бүтээх гэж хичээж яваа минь урлагийн л буян.
-Урлагийн ертөнцөд тодорхой байр суурь, өөрийн гэсэн орон зайг нэгэнт дархалчихлаа. Цаашдын зорилгыг тань асуумаар байна?
-Мөрөөдлийн театраа илүү амжилтад хүргэхийг л зорьж байна. Бидний хувьд нэг жил ч болоогүй залуу хамтлаг. Хийж бүтээх их зүйл байгаа. Дахиад таван жил хүмүүсийн хэлдгээр жинхэнэ ажлын машин шиг зүтгэчих юм бол өнөөдрийн зах зээлд тодорхой байр сууриа эзэлчих болов уу гээд л хичээж явна даа.
ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА ЗАМ ДЭЭР УЧИРЧИХСАН
-Таныг үзэгчид жүжигчин гэдэг талаас нь дэндүү сайн мэднэ. Хувь хүн талаасаа өөрийгөө хэдхэн үгээр тодорхойлвол?
-Эгэл ардын хүү л юм даа. Хүн шиг л хүн байхыг хичээж явна.
-Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн цагаахан үе байдаг. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага болохоор эрх өссөн үү?
-Мэдээж бусад хүүхдүүдийн адил аав ээж, ах эгч нарынхаа хайр халамжинд өссөн.
-Жүжигчин гэдэг мэргэжил таны туйлын мөрөөдөл байсан уу?
-Гэнэтийн сонголт байсан. Яагаад ч юм гэнэт л жүжигчин болохоор шийдсэн. Арван жилд байхдаа дуулж бүжиглэдэг урлагийн үзлэгт ордог л хүүхэд байсан. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ харамсч байсан удаагүй.
-Гэр бүл гэдэг хүний амьдралын утга учир, аз жаргал байдаг. Таны хувьд хэр сайн аав бэ. Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж чадаж байна уу?
-Хүссэн хэмжээгээрээ хангалттай цаг зав гаргаж чаддаггүй. Уран бүтээлч хүний амьдрал хэцүү шүү дээ. Хөдөө орон нутгаар тоглолтонд явна, ихэвчлэн орой тоглолттой байдаг гээд л. Гэхдээ болж өгвөл л цаг гаргах юмсан, хамт байх юмсан, сайн аав байх юмсан гэж хичээдэг.
-Охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Эрдэм мэдлэгтэй сайн хүн болоосой л гэж хүсдэг.
-Урлагийн хүн болох авьяас мэдэгдэж байна уу?
-Дуулж бүжиглэнэ ээ /инээв/. Мэдээж авьяасыг нь хөгжүүлж, дэмжинэ. Гэхдээ эцсийн сонголтыг том болоод өөрөө л хийг. Тэр үед нь охиныхоо хүслийг хүндэтгэнэ дээ.
-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байсан бэ?
-Заяаны хань зам дээр гэдэг шиг л учирсан гэж боддог.
-Уран бүтээлч хүний гэргий байна гэдэг асар их тэвчээр шаарддаг байх. Эхнэрийнхээ талаар яриач?
-Миний өдий зэргийн амжилттай яваа нь ханьтай минь салшгүй холбоотой. Ар гэртээ санаа зовохгүй сэтгэл амар байж чадвал тэр уран бүтээлчээс чанартай уран бүтээл гардаг. Орой ажлаасаа тараад ирэхэд өөдөөс халуун хоол цай бариад, инээгээд угтдаг ханьтай байх сайхан шүү дээ.
-Хайр ба хардалтыг юу гэж боддог вэ?
-Аль аль нь байх ёстой л гэж боддог. Тэгэхдээ хардалт гэдэг бол цаг хугацааны зүйл.
-Орчин үеийн залуус хайрыг мөнгөн дээр тогтдог гэж боддог болчихож. Энэ талаар залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Хайр гэдгийг чин сэтгэлийн дуудлага гэж би боддог. Хийж байгаа уран бүтээлээрээ ч эд мөнгөнөөс илүү сэтгэл чухал байдаг юм шүү гэдгийг харуулж залуустаа ойлгуулахыг хичээдэг. Эд мөнгө, эрх мэдэл харж сонгосон амьдрал хэврэг байх нь мэдээж. Залуустаа хандаж хэлэхэд зузаан түрийвч биш ирээдүйг нь харж сэтгэл зүрхээ сонгож зөв сонголт хийгээрэй л гэж захимаар байна.
-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ? Үнэ цэнэ нь юундаа оршдог юм бол?
-Жаргалтай үед нь хамт байж, баяр баяслыг нь хуваалцах, зовсон үед нь мөрийг нь түшээд нулимсыг нь арчих, амьдралын ямар ч сорилтонд эргэж буцалгүйгээр хамт байж чадах л тэр жинхэнэ найз байх. Би ч гэсэн өөрөө тийм л найз байхыг хичээдэг.
-Таны хамгийн сайн найз мөн амьдралын ямар ч үед өөрийг тань орхиогүй нь хэчнээн байгаа вэ?
-Зөндөө л байлгүй яахав. Одоо хэнийг нь гэж хэлэхэв. Бусад нь гомдчих байлгүй /инээв/. Найзууддаа үргэлж миний хажууд байдагт нь баярлаж, та нараараа бахархаж явдаг шүү гэж хэлмээр байна.
-Амьдралыг ямар нэгэн өнгөөр тодорхойлбол энэ амьдрал ямар өнгө юм бол?
-Амьдралыг эхийн сүү шиг цагаан байгаасай л гэж хүсдэг.
-Таны муу зуршил?
-Тамхи татдаг.
-Аялах дуртай дуу.
-Орчин үед хит болж байгаа бүх л дууг өөрийн мэдэлгүй л аялчихсан байдаг.
-Дуртай амттан.
-Шөлтэй хоолонд л дуртай даа.
-Хэр үрэлгэн бэ. Өдөрт хэрэглээндээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Мөнгө үрэх дургүй. Хүний мөнгөний хэрэгцээ өдөр, өдрөөр өөр байдаг. Тиймээс яг тэд гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өдөртөө унаа, хоолны мөнгөө хэрэгцээтэй мөнгөтэйгээ аваад л гардаг даа.
Ч.Гантулга
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 12, 2012 11:41:48 am )
Aylah durtai gej bhad Tes hundlun oilgoson bna dAa
1 Comment