Хүн дайрч амь насыг нь хохироосон хэмээн ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид ял эдлэж буй Ренчиннямын
Эрдэнэтөгсийн талаар манай сонин мэдээлж байсан. Харин уг хэргийн талаар тодруулахаар Налайх дүүргийг зорьсон юм.
Авлига авсан ч аваагүй гэнэ
Хамгийн түрүүнд тус дүүргийн цагдаагийн хэлтэс орж хэргийг мөрдөн байцаасан Мөрдөн байцаах газрын цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэтэй уулзлаа. Тэрбээр ерөөндөө хоёр хүнийг байцааж байв. Хэсэг хүлээсний дараа түүний өрөөнд орж зарим зүйлийг тодруулахаар учир явдлаа хэллээ. Гэтэл тэрбээр ямар нэгэн тайлбар хэлэхийг хүссэнгүй. Түүгээр ч үл барам “Намайг өрөөндөө байхгүй байсан, нэг бол уулзсангүй” гэж бич хэмээн ундуйцав. Тэгэхээр нь ял эдлэж буй Р.Эрдэнэтөгс болон түүний гэр бүлийнхэн таныг авлига авч жинхэнэ гэм буруутныг шалгаагүй гэж хардаж байгаа. Тиймээс энэ тал дээр хариулт өгөхийг түүнээс хүсэв. Тэгтэл “Би авлига авсан ч аваагүй гэнэ.
Аваагүй байсан ч аваагүй л гэнэ. Тэгээд ч шалгадаг газар нь шалгана биз” гээд ер дуугардаггүй. Цагаагийн хэлтсээс гараад Ш.Нямдорж прокурорыг хайв. Гэтэл ээлжийн амралтаа авсан тул өрөөндөө байсангүй. Түүнчлэн гар утас нь холбогдох боломжгүй байв.
Ингээд хорих 411 дүгээр ангид ял эдлэж буй Р.Эрдэнэтөгсийн ээж аавтай уулзахаар гэрт нь очив.
МАНАЙ ДҮҮРЭГТ ЦАГДАА, ПРОКУРОРЫН АЖИЛ ШУДАРГА БУС ШИЙДЭГДЭЖ БАЙНА
Р.Эрдэнэтөгсийн аав Г.Ренчиннямаас тухайн хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Таны хүүг хэрэгт холбогдуулан шалгаж байхад мөрдөн байцаагчтай нь уулзаж байсан уу?
-Мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ их завгүй хүн шиг санагдсан. Надтай уулзах нь бүү хэл хүүг маань байцаахдаа дандаа шөнө оройн цагаар дуудаж байцаалт авдаг байв. Мөн яг гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг ёс зүйгүй байцаалт авдаг байсан. Тиймээс бид хуулийн дагуу өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөн байцаагчаа солиулахыг хүссэн. Тэгтэл Д.Ган-Эрдэнэ хэргийг эргэнэ гэж айгаад ерөөсөө боломж олгоогүй.
-Нэг ширхэг дугуйны боолтноос болоод энэ хэрэг эргэсэн гэсэн. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Хэрэг гарснаас хойш олон хоногийн дараа гэнэт машиныг нь үзлэгт оруулсан. Дээр нь олон хоног журмын хашаанд байлгаж байгаад үзлэгт оруулсан. Ингэхдээ манай дүүргийн харъяаллын газарт биш өөр дүүрэгт танил талаараа машиныг нь үзлэгт оруулсан байна лээ. Түүнчлэн машин нь журмын хашаанд байхад 49 мянган төгрөг тушаасан. Гэтэл мөнгө төлсөн баримт ч байгаагүй.
-Танай дүүрэгт энэ мэт хэргийг үнэн зөвөөр тогтоож байгаагүй тохиолдол бий юү?
-Мөрдөн байцаагч Д.Ган-Эрдэнэ болон прокурор Ш.Нямдорж нар нийлэн олон хэргийг шалгаж шийддэг. Ингэхдээ унагах хүнээ унагаж, аврах хүнээ авардаг. Өөрөөр хэлбэл энэ хоёроос болоод ял эдэлсэн хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч айгаад хэлдэггүй. Манай дүүрэгт цагдаа прокурорын ажил танил тал, найз нөхдийн хүрээнд шударга бус шийдэгдэж байгааг онцолмоор байна.
-Нийслэлийн шүүх дээрх хэргийг яагаад хэвээр нь шийдсэн гэж та бодож байна?
-Нийслэлийн шүүх хэргийг Дээд шүүх рүү дамжуулдаг зүгээр л нэг дамжлага юм байна. Хэргийг шүүх хурлын үеэр нэг уншиж танилцуулсан. Тэрнээс өмнө албан тасалгаандаа хэргийг зүгээр л хадгалдаг юм байна.
-Танай хөгшний бие үе, үе өвддөг юм байна. Харин таны бие ямар байна даа?
-Би цөсний чулуутай. Нийслэлийн шүүхээс өмнө хагалгаанд орох ёстой байсан. Одоо мөнгөний боломж тааруу байгаа тул тэсээд л явж байна. Зарим үед хөгшин бид хоёр зэрэг өвддөг. Тэгээд л хүүхдүүдээ дуудаж сандаргадаг.
Манай сонин энэ хэргийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах зорилгоор Налайхыг зорьсон боловч бидэнд энэ хэргийн талаар хариулт өгөх албаны хүн олдсонгүй. Дашрамд дурдахад Р.Эрдэнэтөгсийн хэргийг есдүгээр сарын эхээр Дээд шүүхээр шийдвэрлэх аж. Одоогоор шүүхийн тов гараагүй байна.
Л.АЛТАНХИШИГ
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 27, 2012 11:32:52 pm )
Дээд шуух ч бас л ялгаагуй! Оровдмоор новшнууд в дээ. Бугдийг нь овоолж байгаад шатаавал нэг цэвэршинэ.
-
Anonymous (August 28, 2012 8:26:05 am )
shuuh iin ene baliar hognuud ugaasa oorsdoo avilgad orootsoldson shudarga bus hogiin ymnuud bdin
2 Comments