Ардчилсан засаг ажлаа хиймээр юм гэж иргэд бухимдаж байна.
Шинэ засгийн бүтцийг томилох асуудалд бүхэл бүтэн долоо хоногийн ажлаа зарцуулсан УИХ өчигдөр арай гэж бүтэц, бүрэлдэхүүнийхээ хуулийг баталлаа. Одоо Засгийн газрын сайдуудын томилгоо яригдаж эхэлнэ. Тэднийг гаднаас томилно, тэр хүн чинь ашиг сонирхлын зөрчилтэй, энэ салбарыг ажиллуулах чадваргүй гэх мэт шальдир бульдир асуудлаар төрийн ажил дахиад саатах юм биш биз, Ерөнхий сайд аа. Цаана чинь амьдрал хэцүүдлээ. Хэзээ мөдгүй өвөл болох нь. Намрын хадлан тэжээл юу болж байгаа нь ч мэдэгдэхгүй юм. Халуун зунаар эхэлсэн хэрүүлээ намаржин үргэлжлүүлээд, удахгүй өвөл болоход хотын утаа, униар бахь байдгаараа байх бололтой. Одоо хэдэн яамны сайдаа томилох гэсээр бас хэдэн өдөр үрэх вэ.
Ерөнхий сайд нь томилогдоод бүтэн долоо хоног өнгөрч байхад засаг бүрдэх ажил дөнгөж талдаа орж байгаад сонгогчид бухимдаж байна. Фракциуд нь сайдын суудлаа хувааж авахын тулд цаана, наана нь хор найруулж, намын даргынхаа үгэнд орохгүй гэдийх болсон гэх сураг дуулдаж эхэллээ. Үнэхээр тийм зүйл болоод байна уу. Улс төрийн соёлыг үлгэрлэн үзүүлэх намууд “жижигхэн” асуудлаар хөөцөлдөж тоглосоор байтал юу, юугүй намрын сэрүү уначихлаа. Хуулиар ярихаар бүлэг болоогүй ч амьдрал дээр бүлэг нь үнэн юм бол МАН-ын 25-аа бүлэг болгоод, төрийн ажлаар тоглохгүй урагшаа явуулбал яасан юм бэ. Уг нь 25 гишүүний үг олонхид нөлөөлөхгүй гэсэн биз дээ. МАН-д зориулж “ухардаг хууль” баталснаас л арай дээр санаа болов уу. Нэг нам нь дэмжихгүй гэж гэдийхээр нөгөө хэддээ очиж тайлбарлах гэж Ерөнхий сайд маань гурван намын бүлэг дамжиж хэссээр байтал бүтэн долоо хоног өнгөрч, төр засаг эзэнгүй айл шиг болж байна. Яамдын тоо нэмэгдсэн нь хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх гэсэн асуудал уу, эсвэл хагарсан шаазан шиг болсон фракциудынхаа эвийг олж, бялууг нь хуваах гэж цаг алдаад байна уу.
АН дотроо олон фракцитай. Тэд будаан дээрээ зодолдохгүй эвтэй найртай сайдаа хуваасан сураг дуулдаад байсан. Гэтэл асуудал арай өөр бололтой юм. Нэг нэгийнхээ өрөөнд бүгчихээд хор найруулах болсон фракцийнхан олдсон сайдынхаа суудлыг чамлаж, илүү ихийг хүсэх болсон гэж байна. Энэ үнэхээр үнэн үү. Ямартай ч намын даргын зангаргийг харуулж, олон фракцийнхаа учрыг олж төр засгаа түргэхэн төвхнүүлье. Ядахад яр гэгчээр хамтарсан засагт орж ажиллана гэж ам тангаргаа өргөсөн “Шударга ёс” эвслийнхэн дотроо хагаралдаж эхэлсэн сурагтай. МАХН-ын дарга Н.Энхбаярыг “золионд гаргаж” албан тушаалаар амаа таглуулсан намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарынхаа эсрэг залуу гишүүд нь хор найруулж эхэлсэн гэнэ. “МАХН-д залуучуудын “Улаан сарнай” жигүүр ургаж, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын удирдлагуудын албан тушаал, эрх мэдлийн төлөө намынхаа эрх ашгийг хойш тавьсан үйлдлийн эсрэг тэмцэхээр болсон байна. Намынхаа удирдлагуудын байр суурьт шүүмжлэлтэй хандаж буй залуусын хөдөлгөөн ажил хэрэг болж, улмаар үр дүнгээ өгч эхэлжээ.
Тэдний санаачилга, шаардлагаар МАХН-ын бага чуулган энэ сарын 25, 26-нд хуралдаж, МАХН-ын зарим гишүүд дэмжигчид намынхаа хэсэг бүлэг хүмүүсийг бусад нам, хүчинтэй хуйвалдан зөвшилцөл нэрийн дор хуйвалдаан зохион байгуулж байгаа хэмээн хардаж, тэдний эсрэг тэмцэл хийхээр болсон” гэх мэдээллүүд ар араасаа цахим хуудсаар тарж эхэллээ. “Улаан сарнай” жигүүрийнхэн Н.Энхбаяр даргаа өмгөөлж, нам дотроо хагараад эхэлбэл яасан, ийсэн хамтарсан засаг болох гэж байгаа сурагтай. Олонхийн ажлыг чөдөрлөж, засаг байгуулах ажилд хамгийн гол саад болох зүйл нь эвслийн хагарал юм биш үү гэж хардах боллоо. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жигүүрийн бүлэглэлд намын залуу гишүүн болох экс Ерөнхийлөгчийн туслах Б.Тулга, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын төлөөллүүд багтаж байдаг сурагтай.
Төрийн ордонд сэмхэн хуралдаж, дээгүүр доогуур хор найруулж гүйлдэж эхэлсэн “Улаан сарнай” жигүүрийн бүлэглэл хэзээ мөдгүй цахиур хагална гэх болжээ. Намын даргыг маань суллахгүй бол манайх хамтарсан засгаас гарлаа хэмээн сүрдүүлэг хийсээр гайгүйхэн хэдэн яамдын сайдыг аваад байтал, гай газар дороос гэгчээр эвсэл нь хагарч эхэлж байгаа юм биш үү гэсэн хар төрөөд эхэллээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ярьж эхэлсэн цагаас л энэ яамыг манайх, тэр салбарт нь үүнийг өгсөн нь дээр, манайх бага, танайх их, энэ асуудлыг ойлгохгүй байна, тайлбар авмаар байна, манайд тэр суудлыг өг, бид тэдэн байнгын хороог авна гэх зэргээр шантаажлахдаа шантаажилж, эрхэлж тунирхсаар байтал эвсэл нь дотроо хагаралдаж эхэлсэн юм биш үү.
Нэг намын хагарлаас илүүтэй төр засгийн ажил чухал болохоор хагарч бутрах, хариуцлага тооцох асуудлаар төрийн ажил гацахгүй болов уу. Хурдхан шиг яамдаа байгуулж улсаа хөгжүүлж, сонгогчдоо өөд татах ажилд яарахгүй бол цаг хугацаа талийж байгааг би биш иргэд хэлж байгааг дуулгая. Ямар төр, засагтай болох вэ гэж иргэд нүдээ ширгэтэл хүлээж байна. Ингэхээр төр төвхнүүлэх ажилдаа анхаарлаа хандуулж намын ажлаа хойш тавьсан нь дээр болов уу. 18 сайдтай ажиллаж болоод байсан төр засаг 19 сайдтай боллоо гээд чанарын ялгаа огт гарахгүй. Тэгэхээр сайдуудаа хурдан томилж, салбарынх нь ажлыг хийлгэе. Утаа униар, зам харгуй, уул уурхайн асуудал хэцүүдлээ. Төр төвхнөхийг хүлээсээр төрийн албан хаагчид нь ажлаа хийхээ больсон гэж иргэд бухимдаж байна. Ардчилсан Ерөнхий сайдын “гэр бүл” хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах вэ гэдгийг иргэд нүдээ ширгэтэл хүлээж байна шүү, Ерөнхий сайд аа.
Б.Өнөртогтох
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 22, 2012 9:33:09 pm )
Shine zasgiin gazart amjilt husie Ta buhnii hiih shinetgel amjilttai bolj bidnii amidral deeshlene
1 Comment