Үндсэн зорилго минь өөр олж авсан мэргэжил маань тэс ондоо ч үзэж харсан зүйл минь, Халх Монголын халуун цусыг минь булгилуулж өөрийн эрхгүй үзэг шүүрхэд хүргэж энэ нийтлэлийг тэрлүүллээ. Албан ажлын томилолт аваад БНХАУ-ын Нийслэл Бээжингээс эхлээд Хятадын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрээр дамжин эх орныхоо зүүн өмнөд хэсэг дэх хилийн торгон зурвас хүртэлх хөндлөн гулд аяллыг долоо хоногийн өмнө хийсэн билээ. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхай маань хөгжиж бид баяжиж,бүтээн байгуулалт өрнөж байна гэж ярьдаг хүмүүс дахиад ийм үг хэлэхээсээ өмнө Хятадын нутаг дэвсгэррүү өнгийчихөөд дараа нь ярьж байхыг нийтлэлийнхээ эхэнд сануулчихая.
Эхний өдөр Улаанбаатараас нисэж Бээжинд буусан даруйдаа хурдны замаар давхиж, Хятадын дагуур ӨМӨЗО-ны Бугат хотод хэдхэн цагийн дотор хүрч очсоноор бүх зүйл эхэлсэн гэж болно. Энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөсөн,8 сая гаруй оршин суугчтай хөл хөдөлгөөн ихтэй үйлдвэрийн хот байна гэмээр өнгө төрх биднийг угтсан юм. Уг нь энэ хот 3 жилийн өмнө хүн ам нь 2 дахин бага, Хархорины дайны хөгжил буурай жирийн нэгэн тосгон байжээ. Тэгвэл өнөөдөр төмөр гангийн үйлдвэр ажиллаж, хүчин чадалтай ихтэй том цахилгаан станц нүргэлж, өндөр өндөр орон сууцнууд бүтэн хорооллоороо зэрэг зэрэг сүндэрлэж, хаашаа л харна тэнгэр баганадсан өргөгч кранууд ажиллаж байгааг та зургаас харж болно.
Ингээд тэр чигтээ шинэчлэгдэж буй Бугатыг орхиж, Хятадын хойд хилийн зүг, Ганц модны боомтыг зорьсон юм. Миний эх орны хилийн зурвас цаахна бий…
Хурдны замаар цаг товчилж явсаар боомт орохоос 150 км –ийн наана байгуулагдсан Нүүрсний угаан баяжуулах үйлдвэрээр зорьж орсон юм. Сүүлийн үеийн технологийн дэвшилийг нэвтрүүлсэн энэ шинэхэн баяжуулах фабрикийг Тавантолгойн нүүрсийг баяжуулахад зориулан барьжээ. Үүнийг би биш үйлдвэрийн ажилтан хэлсэн юм. Түүхий эдээ хаанаас нийлүүлдэг болохыг аяллын багийнхан лавлахад Монгол Улсын Өмнөговь аймгаас экспортлодог гэж.
Ингэж л Монголын уул уурхайг дагасан бүтээн байгуулалт нь Монголдоо биш, Хятадад хилээс цаахнатай хэдхэн километрт буцалж байгаа нь айх, гайхахад хүргэсэн юм. Тэгтэл Хятадуудын бодлого үүгээр дуусаагүй байжээ. Ганц модны боомтын орчимдоо дахиад яг үүн шиг нүүрс угаан баяжуулах үйлдвэрийн район хэдийнэ сүндэрлүүлсэн байлаа. Район нэг бүр нь дотроо 3-5 баяжуулах хэсэгтэй нэг нь жилдээ 5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтайг нэгтгэвэл будаг нь ч хатаагүй байгаа энэ хоёр дүүрэгт ганцхан жилийн дотор 50 сая тонн Тавантолгойн нүүрс угаагдах болж байна.
Хятад улсад Тавантолгойн уурхайгаас авсан нүүрсийг баяжуулж байгаа процесс
Шанагадах ч нөөцгүй хирнээ хятадууд 10,10-аар нь баяжуулах үйлдвэр байгуулсныг хараад 100 жилдээ ч шатаагаад дуусахгүй хар алттай Монголынхоо өмнөөс Яагаад бид энэ бүтээн байгуулалтыг өөрсдөдөө зориулж хийж болохгүй гэж харуусах сэтгэгдэл төрж байлаа.
Баяжуулах үйлдвэр харж баахан бачимдсан нь Ганц модны боомтод очсонтой харьцуулахад бага хэрэг гэдгийг тэрхэн үедээ хэрхэн мэдэх билээ. Эх орны минь торгон хил дэх Гашуун сухайтын боомттой хиллэдэг Ганц модны боомтод Бугатаас илүү бүтээн байгуулалт, өрнөж байна. Шар шороо боссон элсэн цөл эзгүй талд бүтэн хот хүнтэйгээ хамт нүүгээд ирээ юу гэмээр. Энд тэндгүй барилгажилт, өндөр барилгуудыг эвлүүлдэг тоглоом шиг өрөөд байна уу гэлтэй. Хаашаа харна зөвхөн ажил хийж байгаа дотор иргэд, барилгын материал ачсан ачааны том машинуудын сүлжилдээн. Энд юу болоод байгааг, яагаад ингэж бүтээн байгуулалт, юунд зориулагдаж өрнөөд байгаа гэсэн олон асуултууд толгойд ээлж дараагаараа орж ирсээр. Тэгээд асуултуудынхаа хариуг олж авахаар шулуудан явлаа. Хятадын хойд хэсэгт Монгол Улсын урд хэсгийн хил залгаа Гашуун сухайтын боомтын ердөө урдхан хэсэгт 1 км хүрэхгүй зайд Хятадын дахин нэг шинэ дүүрэг худалдааны хот сүндэрлэх гэж байгаа нь хэдийнэ тодорхой болжээ. Манайхны хэлдгээр Замын Үүдийн боомттой залгадаг Хятадын Эрээн хоттой адил нэг хот бий болж байна. Сонирхолтой нь энэ шинэ хот нь Хятадын өөрийн дотоодын эх үүсвэрээр хөгжих биш Монголын Оюутолгой, Тавантолгойгоос олборлож буй ашигт малтмалын олборлолтыг хүлээн авч түүнийг цааш нь эдийн засгийн асар өндөр эргэлтэд оруулахаар бэлтгэж буй Хятадын засгийн газраас явуулж буй бодлогоор баригдаж байгаа шинэ хот юм. Үүнийг тэнд ажиллаж амьдарч байгаа хятадууд ч ам дамжин ярьж байлаа. Одоогоор тэр шинэ хотод Монголын Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж байгаа 10000 орчим том оврын автомашин байна. 10,000 жолооч нь гэр бүлийнхнээ авчирч шинэхэн хотдоо хэдийнэ суурьшаад байна. Хэдхэн жилийн өмнө элсэн тал байсан газарт асвольтон хучилттай 8 эгнээ хар замаар хүнд даацын нүүрсний автомашинууд давхилдаж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний төгсгөл нь харагдахгүй худалдааны урт гудмууд шинээр сүндэрлэчихээд байна.
Оюутолгой,Тавантолгойн бүлэг ордуудын олборлолт 100 хувийн хүчин чадлаараа ажиллаагүй дөнгөж эхлэлийн шинжтэй байгаа энэүед л Хятадууд бэлтгэлээ өмнөтгөн базаагаад байна. Энэ хооронд улам батжина гээд төсөөлөөд үздээ. Ингээд хөгжлийн хурд нь хэзээ ч гүйцэгдэхээргүй болсон шинэхэн хот Монголын Гашуун сухайтын хилийн цаана сүндэрлэх нь тэр.
Гэтэл Монголын тал, Монголын нутаг дэвсгэр дээр юу хийгдэж байна. Зөвхөн жишээ аваад хэлэхэд, Монголын хилийн боомт, Хилийн заставийн нэг цагаан барилга, энд тэндгүй зогсоол байхгүй нүүрс зөөврийн хүнд оврын машинууд хил нэвтрэх ээлжээ хүлээн зогсцгооно. Баялгийн эзэн монголчууд маань хүний нутагт өөрийн хар алтаа үнэгүй шахам хүргэж өгөхөөр уудам тэгш талаа нөхөн сэргээгдэхгүй болтол нь талхалж байна. Харин Дэлхийд даанслагдаж,олны хараанд өртсөн том ордуудын орчимд хэдэн монгол гэр,сендвичэн оромжуудаас өөр бүтээн байгуулалт өнгөрсөн 5 жил дотор хийгдээгүй байгаа нь хэн бүхний нүдэнд ил. Өөрчлөгдөж байгаа зүйл гэвэл алт, зэс нүүрсний нөөц л дундарч байна.
Өвөг дээдсээс уламжилж үлдээсэн хэмжээлэшгүй баялгийн эзэд монголчууд бидний өнөөгийн төрийн бодлого ашиг малтмалгүй хирнээ хүний юмаар хэрхэн хөрөнгө босгох тухай эртнээс бодож боловсруулан хөдөлж буй дотор ардын ухаантай харьцуулахад ийм байдалтай байгааг аяллын турш харсаар сэтгэл сэмрэн эх орондоо ирсэн минь энэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.