antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Хөрөнгө луйвардах гэмт хэрэг гэж ажлын хэсэг дүгнэжээ

нийтлэсэн Admin

-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ДЭЛГЭЖ БАЙНА-

Зоос банкинд зориулж Засгийн газраас гаргасан 100 тэрбум төгрөгийн бондын асуудлыг УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгасан билээ. О. гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан нь сүүлийн үед шуугиан болоод байна. Тиймээс тус ажлын хэсгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“2009 онд Зоос банкны санхүүгийн байдал муудаж, Монголбанкнаас хийсэн шалгалтаар өөрийн хөрөнгө нь бүрэн хэмжээгээр дутсан (41,4 тэрбум төгрөг) дүгнэлт гаргасан юм. Зоос банкинд байршсан иргэдийн хадгаламжийн мөнгийг сааталгүйгээр төлбөр хийх, банкны салбарт төлбөрийн саатал гаргахгүй зорилгоор Засгийн газар 100 тэрбум төгрөгийн түр хугацааны санхүүжилт хийхээр Засгийн газрын бонд гаргах хүсэлт УИХ-д оруулж батлуулсан. Засгийн газрын бонд нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлөгдөж, төсвийн орлогоор хаагддаг тул аль болох яаралтай, үнийн дүн, хүү болон бусад шимтгэлд ямар ч хөнгөлөлтгүйгээр хаагддаг олон улсын практик байдаг. Иймээс энэ бондын эсрэг барьцаанд ирэх Олон овоотын ордын өр, лицензийн хамт нээлттэй зах дээр ил тодоор борлогдож төсвийн (бондын) өр түргэн шуурхай хаагдах ёстой байтал одоо болтол төлөгдөөгүй төсвийн цоорхой байсаар байна. Зоос банкийг муутгасан хэд хэдэн гол зээлдэгч байгаагийн нэг нь Өмнөговь аймаг дахь “Олон овоот”-ын алтны төсөл, үйлдвэр байлаа. Энэ төсөлд Зоос банкнаас 59,4 тэрбум төгрөгийн зээл олгосон байв. Олон-Овоот төсөлд Монгол газар, “Жаст” хоёр компани хамтран хөрөнгө оруулалт оруулж, төлбөрийг хугацаанд нь хийж чадаагүй нөхцөлд барьцааг ил тодоор зах дээр борлуулж орлогоор нь хаах ёстой байсан. “Жаст” групп ХХК нь 117 дугаар батлан даалтын гэрээгээр “Олон-Овоот гоулд” ХХК-д олгогдсон зээлийн өөрт ногдох хэсэг болох 11.4 сая ам.долларт баталгаа гаргаж түүнийгээ 2009 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор төлөх ёстой байтал чадаагүй.

Чадваргүй болсон хоёр компанийн нэгд сунгалт хийж хөнгөлөлт олгож төсвийн их хэмжээний хөрөнгийг ашиглуулж байгаа нь яагаад ч шударга ёсонд нийцэхгүй. Олон улсын санхүүгийн зах зээлийн туршлагыг харахад иймэрхүү банк хүндрэлд орсон тохиолдолд зээлийн болон бусад төлбөрөө хугацаанд нь хийгээгүй компани, барьцаанд байгаа төслийг нээлттэй зах дээр ил тодоор дуудлага худалдаагаар борлуулаад орлогоор нь банкны зээлийг хаах, банк нь дампуурсан нөхцөлд иргэдийн хадгаламжийг төлдөг журамтай байдаг. Монгол Улсад ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинтой. Төсвөөс зээл санхүүжилт авсан нөхцөлд төлбөрийг ямар ч хөнгөлөлт сунгалтгүйгээр хийлгэх зарчимтай байдаг. Даатгал, Ард, ХОТШ банкийг дампуурахад Засгийн газар, Монголбанкнаас бүх барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор дуудлага худалдаа хийж, иргэдийн хадгаламжийг олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын нөхцөлд мөн л бүх хөрөнгө барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор борлуулж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн олгож байгаа. Гэтэл Зоос банкинд төрөөс 100 тэрбум төгрөгийн бонд босгож, алдагдал өөрийн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлсэн ч битүүмжилж хураах ёстой байсан Олон-Овоот төсөл учир битүүлгээр хувийн компанид шилжсэн байна. (Засгийн газраас бондоо Монголбанкинд борлуулах саналын бичгийн хуулбарыг хавсаргав). Гэвч энэ нь саналын бичиг биш хууль эрх зүйн хүчин төгөлдөр бүхий гэрээ контракт байх ёстой баймаар.

Засгийн газрын дэргэдэх Ашигт малтмалын агентлаг мөн л учир битүүлгээр “Монгол газар” компанийн мэдэлд байсан Олон-Овоот алтны ордын лицензийг өөр хувийн компанийн болох “Олон-Овоот гоулд” гэдэг компанид шилжүүлсэн нь хөрөнгө луйвардах эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг болсон. Хууль эрх зүйн үндэслэлгүйгээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг дур мэдэн өөр компанийн мэдэлд шилжүүлэх гэдэг нь гэмт хэргийн шинж чанартайгаас гадна Монгол төрийн зохицуулалтад итгэл алдуулах хамгийн муу үр дагавартай тул үүнийг нарийвчлан шалгаж буруутанд хариуцлага тооцох шаардлагатай. Бондын төлбөрийг хийлгүй удааж төсөвт хүндрэл учруулсан тул УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2011 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газар, Монголбанкинд бондын барьцааг хууль, зохицуулалтын дагуу төрийн мэдэлд авч баримтжуулж баталгаажуулах тоот явуулсан. (Хавсралт ¹3

Үүний дагуу Монголбанк Олон-Овоотын барьцааг 2011 оны дөрөвдүгээр сард баримтжуулж баталгаажуулсан хариуг УИХ-д мэдээлсэн болно. Монгол Улсын Сангийн сайдын 2\1896 тоотыг хавсаргав.)

Төсвөөс, Монголбанкнаас зээл, санхүүжилт олгосон бол дээрх арга хэмжээг нэн даруй 2009 оны арваннэг, арванхоёрдугаар сард авч хэрэгжүүлэх ёстой байлаа. Гэвч хожимдож 2011 оны дөрөвдүгээр сард хийж байгаа нь арга буюу УИХ-ын шаардлагаар алдаагаа хүлээн зөвшөөрч залруулж байна. Хэрэв хууль зохицуулалтын дагуу барьцаанд байгаа хөрөнгийг худалдсан бол Зоос банкны өөрийн хөрөнгө (41.4 тэрбум төгрөг) бүрдэж, дампуурах ёсгүй байсан. Зоос банкны олон зуун Монголын болон гадаадын хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй байв. (Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтийг хавсаргав.)

Ажлын хэсэг бондтой холбогдох асуудлыг шалгаж судлаад дараахь саналуудыг оруулж байна.

1.Бондын барьцаанд байгаа өрийг нээлттэй зах зээл дээр ил тодоор 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор борлуулж, төсвийн хөрөнгийг яаралтай эргүүлэн төлөх үүргийг Засгийн газарт өгөх

2.Лицензийн шилжүүлэлтийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр (хуйвалдаанаар) хийсэн Ашигт малтмалын агентлагийн хариуцах албан тушаалтанд 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор хариуцлага тооцож эргэн УИХ-д мэдээлэх

3.Барьцааг борлуулж Зоос банкны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” гээд ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Х.Баделхан, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар гарын үсгээ зуржээ. Ажлын хэсэг дүгнэлтдээ “Зоос” банкнаас “Монгол газар” болон түүний холбогдох компаниудад олгосон зээлийн талаар товч танилцуулгыг хавсаргасан байв.

Үүнд дурдсанаар “Монгол газар” болон “Жаст” компанийн Зоос банкинд төлөх өрийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр зээл болгон нэгтгэх шийдвэрийг 2006 оны зургадугаар 29-ний өдөр гаргажээ. Монгол газар, Жаст компани, “Зоос” банкныхан уулзаж ийм шийдэлд хүрсэн байдаг юм байна. Ингээд “Монгол газар”, “Жаст” компанид хамаарах нийт 41 тэрбум 140 сая төгрөгийн зээл болон бусад авлагыг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээрх зээл болгосон хэрэг. Тус компани жилийн 14.4 хувийн хүүтэй таван жилийн хугацаатай “Зээлийн өр шилжүүлэх гэрээ”-г “Зоос” банктай байгуулсан байх юм. Гэрээ байгуулахдаа Голдман сакс банкинд барьцаалсан хөрөнгийг суллаж “Зоос” банкинд шилжүүлэх, Зоос банкны барьцаанд байгаа хөрөнгийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр шилжүүлсний дараа барьцааны гэрээг шинэчлэх нөхцөлийг тусгасан байж. Тухайн үед “Зоос” банкны барьцаанд “Монгол газар” компани болон түүнд хамаарах аж ахуй нэгж, байгууллага байжээ. Мөн иргэдийн зээлийн барьцаанд нийт 22 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хадгалагдаж байсан аж. Түүнчлэн олон тооны тоног төхөөрөмжөөс гадна “Жаст” компани болон түүнд хамаарах аж ахуй нэгжийн нэр дээрх газар эзэмших хоёр бичиг,  “Говь сор” үйлдвэрийн барилга, Дорнод аймгийн махны үйлдвэрийн барилга, “Агро эко” компанийн барилга гэх мэтчилэн олон зүйл Зоос банкны барьцаанд байсан юм байна.

Гэвч удалгүй “Зоос” банкинд томилогдсон гадны удирдлагууд “Олон-Овоот гоулд” компанитай байгуулсан зээлийн өр шилжүүлэх гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Учир нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, “Зоос” банкны зээлийн түвшингээс хэтрүүлж, Банкны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцлахаар болжээ. Энэ мэдэгдлээ 2009 оны наймдугаар сард “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нарт хүргүүлсэн боловч заасан хугацаанд нь хариу ирүүлээгүй. Эндээс бүх асуудал үүссэн тухай нарийн баримтуудыг ажлын хэсгийнхэн танилцуулгад өгүүлсэн байв.

Я.МӨНГӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car